sonin.mn
Авьяас хөдөлмөрөөрөө алс холын оронд ч гялалзаж яваа монголчуудтай бид цахимаар холбогдон ярилцаж байгаа билээ. Энэ удаа төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Э.ШҮТЭЭНИЙГ ярилцлагын зочноор урилаа. Жааз урсгалаар хөгжмийн бүтээл хийхийн зэрэгцээ мэргэжлээ дээшлүүлж байгаа тэрбээр Герман руу сурахаар явжээ. Цар тахлын улмаас сургалтын үйл ажиллагаа зогсоод байгаа ч Э.Шүтээн энэ цагийг ашиглан цомгоо гаргахаар зорьж яваа юм.
 
-Яг одоо мэдэрч, бодож байгаа зүйлээс тань асууж ярилцлагаа эхэлье. Та одоо юуны тухай бодож байна вэ?
 
-Дараагийн бичих бүтээлүүдийн санаан дээр төвлөрөөд явж байна. Сая жааз хамтлагт зориулсан бүтээл бичсэн. Одоо бол утсан хөгжмийн дөрвөл хамтлагт зориулсан бүтээл бичнэ гэж төлөвлөж байна. Эхлээд санаагаа боловсруулж, дараа нь жижиг хэсгүүдэд нь анхаарч ажиллах болно. Миний хувьд заримдаа шинэ санаагаа бодож боловсруулахдаа хугацаа их шаарддаг талтай.
 
-Харин манай сонины уншигчид та болон таны хамтран ажилласан багийн ачаар шинэ долоо хоногийг сайхан мэдээгээр эхлүүллээ. Жааз хөгжимчдийн олон улсын уралдаанд оролцоод ямар шинэ мэдлэг олж авсан бэ?
 
-Багаар ажиллах болон багийн гишүүдээ зөв бүрдүүлэхэд анхаарч, олон зүйлд суралцаж туршлага хуримтлууллаа. Саяын тэмцээнд би зөвхөн өөрийн зохиосон бүтээлүүдээр оролцсон. Хамтлагийн ахлагч бусадтайгаа яаж зөв харилцах, илэрхийлэх гээд байгаа санаагаа хэрхэн зөв ойлгуулах, тайзан дээр намайг дэмждэг хүмүүстэй хамт байхад ямар байдгийг мэдэрлээ.
 
-Хөг аялгууг өнгөтэй зүйрлэвэл, хөгжимчин хүн өдөр болгон шинэ бүтээл туурвихыг хичээдэг. Энэ төсөөллөөр та жааз хөгжмийг ямар өнгөтэй зүйрлэх вэ. Яагаад?
 
-Жааз хөгжимд бүх өнгө бий. Жишээ нь, миний зохиосон хөгжмийн бүтээлийг хөгжимчин тоглохдоо өөрийн болгож тоглоно. Дараа нь өөр хүн тоглоход ч түрүүчийнхээс өөрөөр тоглох жишээтэй. Тиймээс л жааз хөгжмийг олон өнгөтэй гээд байгаа юм.
 
-Шинэ хотод шинэ мэдрэмжээр урин хаврыг угтах гэж байна. Олон зүйл төлөвлөж байна уу?
 
-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хөл хорио тогтоосноос хойш ямар ч тоглолтод оролцоогүй. Энэ цаг хугацааг ашиглан цомгоо бичүүлдэг юм бил үү гэж бодож байна. Би өнгөрсөн оны есдүгээр сард жааз төгөлдөр хуурч мэргэжлээр магистрын зэргээ хамгаалсан. Магистрын төгсөлтийн тоглолтод зориулж бичсэн зохиолуудаас цомог бүтнэ.
 
 
-Хэдийгээр олон улсад цар тахал дэгдсэн ч хөгжимчдийн хувьд энэ байдал дотоод дуу хоолойгоо сонсох, бясалгах боломжийг олгож байгаа болов уу?
 
-Коронавирус хүн бүрийн хувьд өөрөөр тусаж байна. Зарим хүний төлөвлөж байсан тоглолт цуцлагдаад ирэхээр сэтгэл санааны хямралд орж байгааг харлаа. Миний хувьд хийхийг хүсдэг ч амждаггүй байсан зүйлээ эхлүүлэх цаг хугацаа гарч ирж байна. Жишээ нь, хүсдэг байсан хөгжмийн зэмсэгтээ зориулж бүтээл бичихээр төлөвлөсөн. Ер нь аливаа зүйлийг өөдрөг талаас нь харахыг хичээж байна.
 
-Таныг Германд мастераа хамгаалж байгаа гэж ойлгосон. Ирээдүйд юу болохыг төсөөлшгүй. Гэхдээ та аль хэдийнэ зорилгоо тодорхойлсон байх. Бидэнтэй хуваалцаач?
 
-Тийм ээ, Германы Мюнхен хотын Хөгжим болон тайз урлагийн их сургуульд жааз төгөлдөр хуурч мэргэжлээр магистрын зэргээ өнгөрсөн оны есдүгээр сард хамгаалсан. Одоо жааз хөгжмийн зохиолч мэргэжлээр дахин магистр хамгаалахаар сурч байна. Уг нь энэ зун төгсөх байсан боловч коронавирусээс шалтгаалан ирэх өвөл болтол хойшиллоо. Үүний зэрэгцээ мэргэжил дээшлүүлэх ангид сурч байна. Ирэх зургаадугаар сард төгсөх юм. Ирээдүйд мэргэжлээрээ ажиллана гэж төлөвлөсөн.
 
-Монголын зах зээл хөгжимчдийн хувьд хязгаарлагдмал байдаг. Концертоо олон дахин тоглох боломж ч хомс. Харин барууны орнуудад, тэр дундаа Германд энэ байдал ямар байна. Танд мэргэжлээрээ ажиллах, ганцаарчлан ажиллах нөхцөл бололцоо хэр олдож байна вэ?
 
-Би цаашдаа хөгжмийн зохиолчоор ажиллах, тэр дундаа киноны хөгжмийн зохиол бичихийг хүсдэг. Тиймээс хөгжмийн зохиолчоор сурахыг мөрөөддөг ч одоохондоо төлөвлөөгүй байна. Хөгжмийн зохиол бичих нь намайг хамгийн аз жаргалтай болгодог. Тиймээс хөгжмийн зохиолчоор түлхүү ажиллах хүсэлтэй. Герман болон барууны орнуудын хөгжмийн ертөнц нэлээд эртнээс хөгжсөн учраас хөгжимчнөөр ажиллах боломж харьцангуй их юм шиг санагдсан. Монголтой харьцуулахад шинээр гарч ирэх гэж уран бүтээлчид цаг хугацаа их шаарддаг. Гэхдээ хичээж, хөдөлмөрлөсөн хүнд боломж их байдаг юм шиг санагдсан.
 
-Монгол Улсын ДБЭТ-ын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар таны аав. Хаан хуурыг сонгон суралцахыг аав тань зөвлөсөн үү?
 
-Хөгжимчин болоход өссөн орчин нөлөөлсөн. Гэхдээ тэдгээр хөгжмийн зэмсгээс яагаад төгөлдөр хуурыг сонгож суралцсанаа мэдэхгүй байна.
 
-Дурсамж болгон амттай биш л дээ. Гэхдээ хэзээ ч мартагдахгүй сайхнаас нь бидэнтэй хуваалцаж болох уу?
 
-Саяхан оролцсон олон улсын тэмцээнийг л хэлнэ дээ. Яагаад гэвэл, би Америкийн Берклийн сургуульд сурахыг хүсдэг байсан. Тэмцээнд амжилттай оролцсоноор дэлхийн хамгийн шилдэг жааз хөгжмийн энэхүү сургуулийн таван долоо хоногийн зуны сургалтад үнэгүй хамрагдах зардлаар шагнууллаа. Одоо бодоход ч гайхалтай санагдаж байна.
 
-Монголд төдийлөн хөгжөөгүй байсан жааз урсгалын ямар зүйл нь таны сэтгэлийг татсан юм бэ. Хөгжмийн энэ урсгалын гол төлөөлөгчдөөс хэнийг нь онцлох вэ?
 
-Хөгжмийн болон сэтгэлгээний эрх чөлөө, хөгжимчдөд олгож байгаа тоглогчийн эрх чөлөө нь миний сэтгэлийг үнэхээр их татсан. Би өмнө нь симфони найрал болон утсан хөгжмүүдэд зориулан зохиол бичдэг байсан. Одоо бол жааз хөгжимд зонхилдог хөгжмийн зэмсгүүдийн дуугаралт надад хүчтэй санагдаж байна. Хөгжим бүжгийн коллежид суралцаж байхад жааз хөгжимчин болоход нөлөөлсөн уран бүтээлч бол төгөлдөр хуурч Brad Mehldau юм.
 
-Та “The Jazz Train” хамтлагийн төгөлдөр хуурч. Тэдний талаар сонирхуулах мэдээ байна уу?
 
-Манай хамтлагийн гишүүдийн дөрөв нь Германд байна. Харин хамтлагийн нэг гишүүн Монголд ажилладаг. Хоёр жилийн өмнө л бид хамтлагаараа тоглосон. Тиймээс одоохондоо дуулгах шинэ мэдээ алга.
 
-Эцэст нь, цар тахлын бүүдгэр өдрүүдэд сэтгэл сэргээж, мэдрэмж хөглөх сайхан уран бүтээлийг уншигчдад маань санал болгоорой.
 
-Roy Hargrove-ийн Strasbourg St.Denis
 
-Ярилцсанд баярлалаа.
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин