sonin.mn
Монгол Улсын Донорын тухай хуульд “Бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа өгөгч иргэнийг цусны донор гэнэ” хэмээн тодорхойлсон байдаг. Тэдний ганцхан удаа бэлэглэсэн 350-400 мл цус гурван хүний амийг авардаг гээд бодохоор цусны донорыг “амьдрал бэлэглэгч” гэж өргөмжилсөн ч багадах билээ. Улаанбаатар хотод Цус судлал, сэлбэлтийн үндэсний төвийн харьяа гурван салбар ажиллаж байна. Тэдгээрийн нэг “Сүхбаатар” цус цуглуулах төвд энэ долоо хоногийн эхний өдөр очиж, цус цуглуулах ажлын явцыг сонирхлоо. Тус төвийн хаалгаар ороход шилэн хоргоны цаана суух хүлээн авагч бидэнд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг танилцуулж, гадуур хувцасны ариутгал хийх сувгаар оруулсны дараа нэг удаагийн гялгар улавч өмсүүлж, дотогш нэвтрэхийг зөвшөөрсөн юм. “Сүхбаатар” цус цуглуулах төв нь донороос цусыг нь авах, орчин үеийн 30-аад тоног төхөөрөмжтэй боловч цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлыг сулруулсан анхны өдөр болохоор хөл хөдөлгөөн багатай байлаа. Тус төвд цусаа өгсөн эрчүүд голдуу хэдэн донор хана дагуулан байрлуулсан зөөлөн сандалд тухлан, цай кофе ууж сууна. Бид шалан дээр зурж тэмдэглэсэн сумыг дагаж явсаар тус төвийн технологич, их эмч Г.Цэндбаярын өрөөнд тулж очлоо. Сургуулиа төгсөөд хэдэн жил Яаралтай тусламжийн төвийн дуудлагын эмчээр ажиллаж байсан залуу боловсон хүчин “Сүхбаатар” цус цуглуулах төвд ирээд хоёр жил гаруй болж байгаа гэнэ.
 
 
“Манай төвд 26 мянга гаруй донор бүртгэлтэй байдаг. Тэд маань хэн ч шахаж шаардаагүй байхад өөрсдөө сайн дураараа ирэх юмуу биднийг очиход ямар ч тохиолдолд цусаа өгөхөд бэлэн байдаг нь сайхан санагддаг” гэж Г.Цэндбаяр эмч яриагаа эхэлсэн юм. Цусны донор болох, цусаа бэлэглэх нь иргэний сайн дурын асуудал боловч нэлээд өндөр шаардлага, шалгуур тавьдаг байна. Тухайлбал, элэгний В, С вирустэй нь тогтоогдсон, сүрьеэгээр өвчилж байсан, хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг, ямар нэг өвчний улмаас эмчийн хяналтад байдаг, ижил хүйстэн, биеэ үнэлэгч зэрэг эрсдэл бүхий зан үйлтэй хүн цус нийлүүлэгчийн “торгон хил”-ийг хэзээ ч алхах боломжгүй байдаг аж. Мөн биед ямар нэг зовиуртай байх, аливаа шалтгаанаар эм, тариа хэрэглэж байгаа, шивээс болон гоо сайхны мэс ажилбар хийлгээд хагас жил болоогүй, шүд авахуулсан болон эмчлүүлснээс хойш 10 хоноогүй нөхцөлд цусаа өгөхийг эрс хориглодог байна. Архи, согтууруулах ундаа хэрэглэснээс хойш 72 цаг өнгөрөөгүй, сарын тэмдэг ирсэн болон дууссанаас хойш гурав хоноогүй нөхцөлд бүр ч хатуу хориг тогтоож, цус авахаас татгалздаг гээд ямарваа сөрөг нөлөөллөөс ангид байж, гагцхүү эрүүл хүний эрүүл цусыг хуримтлуулах нь Цусны төвийнхний эрхэм зорилго байдаг гэдгийг мэргэжлийн хүмүүс тодотгож байлаа.
Харин тухайн өдөр цус өгөх иргэн нь зургаан цагаас дээш хугацаанд унтаж амарсан, шингэн зүйлийг ердийнхөөс илүү хэрэглэж, өөх тостой хоолноос татгалзсан байх шаардлагыг тавьдаг юм байна. Ер нь хатуу шалгуур тавьдаг бөгөөд эдгээрийг асуумж бөглүүлэх замаар урьдчилан тандаж мэдэхээс гадна өндөгнөөс цусны шинжилгээ авч баталгаажуулдаг аж. Цус авах ажиллагааг эрүүл ахуйн халдвар хамгааллын өндөр түвшинд явуулж, цусаа бэлэглэсний дараа доноруудад цай, кофе өгч, сувилагчийн хяналт дор 10-аас доошгүй минут амраадаг юм байна.
 
 
Хүний цусыг О. А. В. АВ гэж үндсэн дөрвөн ангилалд хамруулах бөгөөд резус буюу 99 хувийн эерэг, ганцхан хувийн сөрөг агууламжтай онцгой төрлийн цус байдаг аж. Ийм бүлгийн цустай хүн маш ховор байдаг учраас тэднийг онцгойлон хяналтад байлгадаг талаар Г.Цэндбаяр эмч ярьж байлаа. Сүүлийн үед коронавирусийн цар тахал дэгдэж, тархалт хүрээгээ тэлсэнтэй холбогдуулан УОК-оос хөл хорио тогтоосноос иргэдийн зорчих хөдөлгөөн багасаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зөрчсөний улмаас осолдох, бэртэж гэмтэх иргэдийн тоо мэдэгдэхүйц багассаны дээр төлөвлөгөөт хагалгаа, мэс заслын эмчилгээ хязгаарлагдсан тул цусны эрэлт тодорхой хэмжээгээр багассан байна. Тиймээс цусны нөөц бэлтгэх тулгамдсан асуудлаас бага боловч ангижирсан аж. Тэгээд ч цусны нөөцийн багагүй хувийг бүрдүүлдэг оюутан залуусын тоо эрс цөөрчээ. Энэ талаар мэргэжлийн хүн хэлэхдээ “Бид суралцагч оюутан, цэргийн алба хаагчдаас явуулын лабораториор цусыг нь цуглуулдаг. Одоогийн оюутан залуус маш сайхан ухамсартай болчихсон болохоор манай ажилд идэвх санаачилгаараа, анги хамт олноороо оролцдог юм. Нэг удаа 17 нас хүрсэн өдрөө оюутан залуу өөрийн сайн дураар ирж цусаа бэлэглэж байсныг би ер мартдаггүй” гэж халуун дулаан сэтгэгдлээ хуваалцсан юм. Мөн аливаа хүний ямар ч бүлгийн цусыг сайн муу гэж ялгаварлахдаа биш, гагцхүү хүрэлцээ хангамжийн асуудал л чухал байдгийг онцолж байлаа.
 
“Цусаа өгөх нь ядарсан нэгний орлого олох нэг арга мэтээр ярьдаг, ойлгодог зарим хүн байдагт би хувьдаа харамсдаг. Энэ бол цэвэр хувь хүний ухамсарт үйл ажил гэж ойлгож, цусаа хандивладаг болсоор гурван жил өнгөрч байна. Дээрх хугацаанд 10-аад удаа цусаа бэлэглэсэн” гэж нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн донор бидэнд хэлсэн. Үнэхээр цусаа байнга өгдөг хүн бусадтай харьцуулахад зүрх судас, хавдрын өвчлөлд өртөх магадлал эрс бага байдгийг анагаахын шинжлэх ухааны судалгаа, бодит тоон үзүүлэлтээр баталсан байдаг аж. Нөгөө талаар цус нь маш хурдан эргэж төлждөг эс юм. Донор хүн нэг удаад 350-400 мл цусаа өгсний дараа шингэн зүйл ахиу ууснаар 48 цагийн дотор цусны эзлэхүүн (хүний биед таван литр цус эргэлдэж, 1.5-2 литр нь нөөцөд хадгалагдаж байдаг) хэвийн байдалдаа орж, өдөр тутмын ажил амьдралаа үргэлжлүүлэхэд ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүйг мэргэжилтнүүд баталсан байна. Тиймээс эрэгтэй хүн гурван сар, эмэгтэйчүүд хоёр сар тутамд цусаа өгөхийг зөвшөөрдөг. Гэхдээ 350-400 мл цусыг нэг удаа өгөхөд түүнээс гаргаж авсан ийлдэс, цусан бүтээгдэхүүн гурван хүний эрүүл мэндийг сайжруулж, амь насыг нь авардагтай харьцуулахад үнэлэмж нь хэтэрхий бага санагдсан. Тухайлбал, эрүүл саруул бие организмтай, хамгийн сайн чанарын цустай иргэн 25-30 удаа цусаа бэлэглэсний дараа “Хүндэт донор” хэмээх эрхэм алдрыг хүртэх боловч эрүүл мэндийн аль ч байгууллагад дараалалгүй үйлчлүүлэх, нийтийн унаагаар үнэгүй зорчих, жилдээ нэг удаа амралт сувилалд төлбөргүй амрах эрхийг л эдэлдэг байна. Тиймээс “амьдрал бэлэглэгч” ачит доноруудын амьд эс, халуун цусны үнэ цэнийг өсгөх хэрэгтэй юм даа гэх бодол өөрийн эрхгүй төрж байлаа.
 
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин