sonin.mn

“Ардчилсан” Ерөнхийлөгч авлигач Н.Энхбаярын бурууг тогтоож, шударга ёсыг “зарлан тунхаглахаар” зорьсон шүүх хурал жамаараа хойшиллоо.
Түрүүчийн хурал ч “Шүүх хурлыг хойшлуулаач гэж би дахиж хүсэхгүй. Энэ бол эцсийнх нь...” хэмээх Н.Энхбаярын гуйлтаас хамаарсан гэвэл эндүүрэл. Ердөө Ерөнхийлөгчийн сонгууль улам бүр ойртож байгаа энэ үед өөртөө ашигтай нүүдэл хийх эрх дархаа “жиргээч шувуухай” Ц.Элбэгдорж хэрхэн ашиглах хүсэл таалал л Н.Энхбаярын шүүх хурлын хугацааг хойшлуулж, “урагшлуулахыг” тодорхойлж байна.


Өөрийгөө Чингэс хаан хэмээн итгэсэн шинжтэй загварын малгай, дээл ихэрлүүлэн цэнхэрлүүлсэн Ц.Элбэгдорж улсын баяр наадмаар гараа алдлан твиттерийн жиргээч бяцхан шувуухай шиг зогсохдоо ч Н.Энхбаяр гэдэг шүдний өвчинтэй байсан л даа.
Ц.Элбэгдорж болон Н.Алтанхуяг нар Н.Энхбаярт өртэй тул хамтарсан засгаа түүний эвсэлтэй байгуулж болох ч дараа жилийн яг энэ өдөр улсын баяр наадмыг дахиад нээж үг хэлэх хүсэл энэ л давжаа “жиргээч шувуухайн” зүрхийг хамгийн их донсолгосон нь лав.
Гүйцэтгэх засаглалынхаа тэргүүний өмнөөс ч “Шүүх засаглалыг та хүчрэх үү...” хэмээн бараг даапаалах шинжтэй асууж ч болдог Ерөнхийлөгчийн суудлынхаа том бас жаргалтайг давжаахан “жиргээч шувуухай” хачин их амталсан болохоор. Ц.Элбэгдорж Монгол Ардын Намаас санал чангааж Ардчилсан намд авчрахын тулд Н.Энхбаярыг “бүжиглүүлсэн”. Н.Энхбаярыг сайн “бүжиглэснийг” одоо шагнах өртэй.

 


Бас 2013 оны сонгуулийнхаа замаас зайлуулах хүсэлтэй. Он жилийн өмнөхийг сөхвөл 2004 онд Ц.Элбэгдорж Ардчилсан намынхаа эсрэг ажилласан ч “Эх орон-Ардчилал” эвсэл үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэгээд гудамжинд явсан Ц.Элбэгдоржийг Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нар хуйвалдан Ерөнхий сайд болгосон. Ц.Элбэгдоржийн улстөрийн замналыг эрс өөрчилсөн тэр хуйвалдаан өнөөдрийн Ардчилсан Нам, “Шударга ёс” эвслийн хамтарч Засгийн газар байгуулах хэлэлцээрт нэгэн өр, том шалтгаан бололгүй тас орхигдсон гэж бодохгүй байна.
Гэхдээ Ц.Элбэгдорж шиг залилангийн ажилдаа сийрэг толгойтой хүн Н.Энхбаярт өр төлөх нэртэй хуурч бас болно. Ямар ч байсан “Шударга ёс” эвсэл нь Засгийн газарт ороод ч Н.Энхбаярт хангалттай нүүр үзүүлэхгүй байж мэдэхийг Э.Бат-Үүл “Н.Энхбаяр сайд болвол ард түмэн Засгийн газарт салаавч үзүүлнэ...” хэмээн илэрхийлэв. Тийн Ц.Элбэгдорж хэлүүлэв.


Засгийн газраа бүрдүүлж дуусгах Ардчилсан намынхны таамаглаж багцаалдсан хугацаа буюу Ерөнхийлөгчдөө өгсөн захиалга нэг сар биш 14 хоног байлаа.
Ардчилсан намын Засгийн газар улмаар өөрийн дахин өрсөлдөх Ерөнхийлөгчийн сонгуулийн төлөв байдлыг үтэр түргэн харах давжаа “жиргээч шувуухайн” бачуурал ч энэ л хоёр долоо хоногийн хугацаагаар тодорхойлогдоно. Тэртээ наян сарын өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “УИХын сонгуулийн өмнө Монгол Ардын Намыг дотоодод нь сайн хагалж бутаргаарай...” хэмээн даалгавар өгч Н.Энхбаярт МАХН нэрээр улстөр хийх боломж хайрласан.


Эцсийн бүлэгтээ энэ нь Монголын улстөрд институци болсон цорын ганц Монгол Ардын Намыг устгах бодлого байлаа. Монгол Ардын Нам тэдний хүслээр устахгүй нь асуудал биш Ардчилсан намынхан сүүлчийн сонгуульдаа ямар ч хамаагүй үнээр ялахын тулд Н.Энхбаярыг хүртэл ашигласан нь Монголын төрд хохиролтойгоороо ард түмэн, сонгогч олонд хамгийн их хамаатай. Захиалга авсан Н.Энхбаяр сайн гүйцэтгэгч байсан.


Баяр наадмын өмнөх Н.Алтанхуяг, Г.Эрдэнэбат нарын “Шударга ёс” эвсэлтэй хамтрах мэдэгдэл “ардчилсан” Ерөн хийл өгчийнхөө “Н.Энхбаяр Монгол Ардын Намын саналыг хуваах үүргээ гүйцэтгэсэн учир түүнийг шагна...” гэсэн зарлигийн биелэл байв. Хэтэрхий сул, дорой ч Ардчилсан намын даргаар хамгийн удаан сууж буйнхаа хувьд Н.Алтанхуяг намаа ялуулаагүй гэхэд хэдэн суудал илүү авсан гэж нэр зүүхэд нь хамгийн их тусалсан Н.Энхбаярт өр төлөх ёстойгоо мэднэ.
Ардчилсан нам Ерөнхийлөгчийнхөө даалгавраар, хэлсэндээ хүрч Н.Энхбаярын энгэрийг товчилж, дээлийн тоосыг гөвж байна. Энэ бол эцсийн дүндээ яах аргагүй л сул, дорой гагц Н.Алтанхуягаас гарах улс орны нийтлэг эрх ашгийн үнэ цэнийг мэдэхгүй, түүнийг хамгаалахын төлөөх холын бодлогогүй араншин. Улстөрийн тогтворгүй байдал үүсгэх нь нөгөө талаасаа давжаа “жиргээч шувуухайд” ч ашигтай.


2013 онд дахин Ерөнхийлөгчөөр улиран сонгогдох цаашлаад дараагийн УИХ-ын сонгууль хүртэлх Ардчилсан намынхны “тэнэгрэлээр” Ерөнхийлөгчийн засаглал руу ч хөтлөх санаархал Ц.Элбэгдоржийн бас л нэг хувилбар хэмээн мөрийцөхөд бараг алдахгүй. Зургаан тэрбумаар Монгол Улсын 300 гаруй сумын гуравны нэг хэсэгт нь бага сургууль барьж байгуулж, хэчнээн ч залуу гэр бүлийг тэтгэж, цөөн хэдий ч охид хөвгүүдийг дэлхийн өндөр хөгжилтэй оронд суралцуулж болох. Ц.Элбэгдорж ч нэгэн цагт шүүгдэхдээ Н.Энхбаярын зургаан тэрбумаас лав олон илүү хөрөнгө, мөнгөний асуудалтай орооцолдсон байх нь тодорхой.


Тэгэхээр уг нь бол Н.Энхбаярын идсэн уусныг биш гэхэд Монголын төрийн өмчийг сулруулах, мөнгөтэй хүн л улстөр хийдэг тогтолцоог төрүүлж өлгийдсөнөөр нь түүнийг яллаж, шийтгэх л ёстой. Тэгэж гэмээнэ Ц.Элбэгдоржийг ч маргааш шүүхийн тавцанд ирэхэд мөн шударга яллаж, түүний дараагийн удирдагчийг шударга байлгах бяцхан ч болов найдвар сүүтэгнэнэ. Н.Энхбаярыг яллан “Шударга байцгаая” хэмээн жиргэснээ биелүүлсэн Ерөнхийлөгч болж харагдах нь ч Ц.Элбэгдоржийн ойрын улстөрд тун ашигтайсанж. Ямар ч л байсан Н.Энхбаяр их зантай байна.


Өмнө нь шүүх хурлын үеэр гадна бүчсэн дэмжигчид нь “Та ялна, та ялна” хэмээн хашгирахад гар наманчилан, “Шрек”-ийн муурын дүр үзүүлдэг байсан бол сая үл тоомсорлон одлоо.


Түүнд Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг хоёр өрөө төлөхийг мэдэрсэн, тохирсон байна. Гэхдээ “Зальдуулчихгүй л юмсан...”. Ерөнхийлөгч байсан тэрбээр Ерөнхийлөгч байхын илбэ шидийг хангалттай мэднэ дээ.

Б.ЭСЭН