sonin.mn

Өнгөрсөн оны аравдугаар сард найзыгаа зургаан удаа буудан амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан ту­хай бид мэдээлж байсан. Талийгаач М.Эрхэмбаярыг түүний найз А.Мэндбаяр зургаан удаа буудаж аминд нь хүрсэн нь тогтоогдож сэжигтэн өөрөө ч хэргээ хү­лээсэн юм. Одоо­гоор уг хэр­гийн шүүх ху­рал болоо­гүй байгаа бөгөөд Налайх дүүргийн прокурорт хэргийг хянаж байна.

Хамгийн гол нь хэрэг гарс­наас хойш бүтэн найман сар өнгөрч байхад цагдаагийн байгууллага эл хэргийг үнэн зөвөөр нь шалгахгүй бай­на гэж талийгаачийн аав Д.Мөнхжаргал өчигдөр хэв­лэлийнхэнд бодит мэ­дээллийг өгсөн юм.

-Тухайн өдөр юу болсон юм бэ. Талийгаач таны хэд дэх хүүхэд байсан бэ?

-Ах нь гурван хүүхэдтэй, талийгаач миний том хүү­хэд байсан. Ууган хүүгээ алдчихаад найман сар болж байна. Миний хүүг зур­гаан удаа буудаж онц хэрцийгээр амийг нь хөнөөсөн. Хүүг маань зургаан удаа араас нь буудсан байсан. Ямар ч эрүүл хүн, хүнийг олон удаа буудахгүй биз дээ.

Тухайн үед мансууруулах бодис хэрэглэсэн байсан гэж үзэж байгаа. Хүүг маань нас барсаны дараагаар “Намайг Яармагийн атаман байсан.Миний хүү үе удмаараа дээрэмчиний хүүхэд бай­сан мэтээр ойлгуулсан” мэдээлэл их гарч байсан.

Харин миний хүүг буудсан А.Мэндбаяр болон түүний аав Н.Алтансүх нарыг гэм зэмгүй мэтээр бичиж байгаад маш их бухимдаж байна. Өнөөдрийг хүртэл би хулгай дээрэм хийж яваагүй юм шүү.

-Сэжигтэн хэрэг үйлдэх­дээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу?

-Сэжигтэн А.Мэндбаяр тухайн үед мансууруулах бодис хэрэглэсэн байсныг шалгаад өгөөч гэж зөндөө гуйсан. Сэжигтэнээс 1.5 мл/гр цус авсан байдаг. Гэвч тэр цус нь хүрэлцээгүй гээд шинжилгээ хийгээгүй. Мөн аппарат нь эвдэрсэн учраас шинжилгээ хийх боломжгүй гээд байсан.

Ганцхан А.Мэндбаярын цус­ны шинжилгээг хийхээр аппарат нь эвдэрчээд байгаа. Тэд нар энэ хэргийг дарах сонирхолтой байгаа нь илт харагдаж байна. Үнэхээр аппарат нь эвдэрсэн бол өндөр хөгжилтэй оронд аваа­чаад шинжилгээ хийл­гээд өгөөч гэж зөндөө гуйсан, хэн ч хэрэгсээгүй.

-Талийгаачаас шин­жил­гээ авахад ямар нэг хар тамхи, мансууруулах зүйл илэрсэн үү?

-Миний хүүгээс цус, шээс авч шинжилгээ хийсэн байдаг. Гэвч мансууруулах бодис, архи согтууруулах ундааны аль аль нь илрээгүй. Харин би удаа дараа тэр А.Мэндбаяр гэгчийг дахин дахин шинжлүүлэхийг хүс­сэн ч хуулийнхан олиг­той зүйл хийж өгөхгүй байна.

-Сэжигтэнг танай хүү­гийн найз байсан гэж яриад байгаа. Ер тэр хоёр дотно найзын холбоотой байсан юм уу?

-Хороололд ойролцоо амьдардаг байсан учир нэгнээ таньдаг бай­­­­сан. Учиргүй сайн най­­зууд бай­гаагүй. Бид А.Мэнд­баярыг хаана сур­гууль төгссөн, ямар хүн гэдгийг нь тогтоогоод өгөөч гэсэн хүсэлтийг олон удаа цагдаад өргөдөл өг­сөн.

Түүнч­лэн надад шал­гах шаард­­­лагагүй гэсэн ха­риул­тыг өгсөн. Миний ур­даас цагдаа нар “Та их азтай хүн шүү. Илэрхээргүй байсан хэрэг, илэрсэн” гэж хэлсэн. Үүнээс цаадахыг нь шалгаж чадахгүй байна. Гэхдээ А.Мэндбаяр гэгчийн аав Н.Алтансүх миний хүүг нэг удаа “чамайг заавал ална” гэж сүрдүүлж байсныг са­наж байна.

Тухайн үед би яагаад чамайг ална гэж байгаа юм гэж асуухад юу ч хэлээгүй. Гэвч тэр явдлаас хойш төд удалгүй хүү минь амиа алдчихсан. Найз нөхөд нь үүнийг гэрчлэх боловч цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөхгүй байна.

-Сэжигтэний аав Н.Алтан­­­сүхийн талаар та хэр сайн мэдэх вэ?

-Хүмүүсийн ярьж бай­гаагаар их л эрх мэдэлтэй хүн гэсэн. Н.Алтансүх нь УИХ-ын гишүүн асан О.Чулуунбатын найз гэсэн. О.Чулуунбатын найз гэхээрээ хууль үйлчилдэггүй юм уу. Эсвэл О.Чулуунбат гэгч аллага санхүүжүүлдэг болчихсон юм уу, ойлгохгүй байна. Яг үнэн хэрэгтээ Н.Алтансүх урд нь дөрвөн жил ял эдэлж байсан.

Энэ хүнд хууль үйлчилдэггүй. Хүү нь миний хүүг хө­нөөснөөс хойш нэг сарын дараа Н.Алтансүх “Цагаан хэрэм” гээд ресторан дотор бас л хүн рүү буу тулгасан гэсэн. Хажуу талд нь байсан хүмүүс бууг нь авч зогсоосон гэсэн мэдээллийг надад хүн өгсөн. Тэрийг нь шалгаад өгөөч гэсэн хүсэлт тавихад мөн шалгах шаардлагагүй гэсэн хариултыг бас л өгсөн.

-Ер нь хуулийнхан таны тавьсан хүсэлтийг авч үзэх­гүй байгаа гэж ойлгож болох уу?

-Ерөөсөө л шалгах шаард­лагагүй, тогтоохгүй гэж хаа­цайлсаар байна.

-Найз охиноосоо болж нэгнээ хөнөөсөн гээд байгаа. Та тэр охиныг нь таних уу?

-Тэр охиныг нь Ган­болдын Уянга гэдэг. А.Мэнд­баярын найз охин байсан, манай хүүтэй ямар ч холбоогүй.

-Энэ хэрэгт ямар зүйл ангиар хэрэг үүсгэсэн бэ?

-Эрүүгийн хуулийн 91.3 гэсэн зүйл анги буюу өш хонзонгийн сэдэлтэй хүн амины хэрэг гэдгээр хэрэг үүсгэсэн. Одоо прокурорын шатанд шалгагдаж байна.

Эх сурвалж: