sonin.mn

Тушаал шийдвэр, цаг наргүй алба, дэг журам-энэ бол цэргийн хүний амьдрал. Зарим эрчүүд ч энэ замыг сонгохоос зайлсхийдэг бол нэгэн бүсгүй хүсэл мөрөөдлөө дагаж сэтгэл шулуудан энэ амьдралд хөл тавьжээ. Тэрээр зөвхөн хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлээд зогсохгүй, мөрдэс нэгт эрчүүдтэйгээ эн зэрэгцэж Зэвсэгт хүчний түүхэн дэх хугацаат цэрэгтэй ажиллаж буй анхны эмэгтэй ротын захирагч болсон байна. 


Энэ удаагийн дугаартаа хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн болон Алтан гадас одонт Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн Холбооны батальоны цахилгаан холбооны ротын захирагч ахмад Б.Нангидтай уулзаж ярилцлаа.


Цэргийн хүний амьдрал хатуу, цаг наргүй, тогтоосон цагт, заасан газар бэлэн байх ёстой, хувь хүний эрх чөлөө хязгаарлагдмал гэдгийг бид мэднэ. Энэ нь зарим эрчүүдийн хувьд ч уг зам мөрийг хөөхөөс татгалзах шалтгаан болдог. Харин таны хувьд бүсгүй хүн, энэхүү мэргэжлийг сонгоход юу нөлөөлөв?


-Намайг ерөнхий боловсролын сургуулиа дүүргэдэг жил Өвөрхангай аймгийн хэмжээнд ҮБХИС-ийн эмэгтэй сонсогч элсүүлэх ганцхан хуваарь ирсэн. Хуваарь дуудахад 30 хүүхэд тэнцчихсэн. Аль есдүгээр ангиасаа л цэргийн дүрэмт хувцасны зургийг утасныхаа дэлгэцэн дээр байршуулж, харах болгондоо цэргийн хүн болно доо гэж мөрөөдөж явсан болохоор ҮБХИС-д элсэж чадахгүй байх вий гэхээс их айж билээ.


Аз болоход оноо тэнцсэн хүүхдүүдийг есдүгээр ангийн боловсролын гэрчилгээний дүнгээр нь жагсааж би нэгээр гарч ирж хүссэн сургуульдаа орсон. Сурлага хөдөлмөрөө гээлгүй, алтан дундаж явсны минь шагнал гэж тухайн үед бодож билээ. Тэр үед манай гэр бүлд цэргийн хүн байгаагүй. “Шинэ салхи оруулна” гэдэг шиг нэгэн шинэ үеийг гэр бүлдээ гаргаж ирье гэж шийдсэн нь тэр.


Сонсогч нас бол цэргийн хүний хувьд мартагдашгүй он жилүүд байдаг...


-Анхны жагсаалын бэлтгэл, анхны карантин, анхны марш гээд бүгд л сэтгэлд тод үлджээ. Тухайн үед хугацаат цэргийн албаны дайчид, Ахлагчийн сургууль, Цэргийн дээдийнхнийг, сонсогчийн батальоны цэргийн албаны дарга нар маань өдрийн гүйлтийн үеэр хооронд нь уралдуулдаг байсан. Манай онд 10 гаруйхан эмэгтэй сонсогч байсан. Эмэгтэйчүүдийнхээ нэр нүүрийг гаргана шүү хэмээн боддог байсандаа ч тэр үү, өөрийгөө их дайчилдаг байж билээ.


Багын шартай хүүхэд байсан болохоор дундуур гүйх эсвэл жагсаалаас гарахгүй гүйх нь сонин биш. Түрүүлэх л зорилготой. Жаахан цээж давчдаад ирэхийн цагт орилж өөрийгөө зоригжуулаад л гүйдэг байв. Одоо бодоход бүтэн нэг цагийн турш холын зайн гүйлт хийж, тэр олон залуусын толгойд гүйнэ гэдэг их л хор шар байж дээ гэж бодогддог. 



Хөгжилтэй, дурсамжтай тохиолдол их байсан байх


-Сонсогч нас бол цэргийн хүний хувьд хамгийн нандин он жилүүд. Сонсогч нар дөрөвдүгээр курстээ цэргийн удирдах чадварын дадлагыг нэгтгэл, ангиудад хийдэг. Тухайн үед би Зэвсэгт хүчний 013 дугаар ангидаа томилогдож хугацаат цэргүүдтэй ажиллаж байлаа.


Нэг өдөр жижүүр “Анги номхон” командаар захирагчид илтгэл өгөхөд би түүнийг нь сонсолгүй гал тогооноос цэргүүдээ авч гарч ирээд “Цэргийн байр руу нэгийн цуваагаар гүйгээд” марш команд өгч түүгээр нэг сүр дуулиан болсон түүхтэй. Захирагч намайг харчхаад “Энэ хаанахын том дарга вэ” гэж билээ.


Сүүлд дадлагаа хийж дуусаад ангийн захирагчаар гарын үсэг зуруулахаар ороход “Намайг хороонд номхон команд өгсөн үед хүн хөдлөх нь битгий хэл ялаа ч нисдэггүй юм, чи л хөдөлсөн шүү” гэсэн. Энэ түүх маань цааш даамжирч ангийн хамт олноо нэг хэсэгтээ л ярих зүйлтэй болгосон доо.


Таны хувьд хугацаат цэргийн алба хаагчидтай ажиллаж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний анхны эмэгтэй ротын захирагч гэсэн. Эмэгтэй цэргийн алба хаагчийн хувьд ховор тохиох хувь тохиол шүү дээ


-2019 онд ҮБХИС-ийг дүүргээд Холбооны ууган хороо болох Зэвсэгт хүчний 013 дугаар ангидаа томилогдсон. Өнөөг хүртэл ажиллах хугацаандаа бүлгийн дарга, салааны захирагч гэх шат дараалсан албан тушаалуудад ажиллаж байгаад 2022 онд Холбооны батальоны Цахилгаан холбооны ротын захирагчаар томилогдож өнөөг хүртэл албандаа тууштай ажиллаж байна.


Миний хувьд хугацаат цэрэгтэй ажилласан анхны эмэгтэй ротын захирагч гэдгээрээ онцлог байх. Түүнээс байнгын бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан, өдгөө ажиллаж байгаа эмэгтэй ротын захирагч нар бий. 


Эмэгтэй хүн рот ахлаад явж чадах уу, тэр олон залуусыг манлайлж атгасан гар шиг зангидаж чадах болов уу гэдэгт зарим хүн эргэлзэж байсан байх?


-Дөнгөж 18 нас хүрээд цэргийн албаны тухай “А” ч үгүй цэрэгт татагдан ирж буй цог золбоо дүүрэн залуусыг гардаж аваад ахалж явна гэдэг бол эмэгтэй цэргийн алба хаагч бүрт олдохгүй боломж. Маш том үүрэг хариуцлага. Ротын захирагч хүн бол цэргийн албаны тухай бүхий л талын мэдлэг, чадвартай байх ёстой гэж дарга нар маань зааж сургасан.


Энэ ч үүднээсээ алхам тутамдаа өөрийгөө хөгжүүлж, манлайлагч байхыг хичээдэг. Анхандаа эмэгтэй ротын захирагч гэдэг утгаар нь ажил мэргэжлээ хэрхэн явуулж байна гэж сонирхож хардаг байсан. Харин ажлын явцад байнгын бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчдынхаа итгэлийг нь олж, жинхэнэ хамт олон болж чадсан. Хугацаат цэргийн алба хаагчидтай ажилласнаар миний ойлгосон зүйл бол итгэл, хүндлэл гэдэг тушаалаар бус хамтдаа зовж, хамтдаа ялсан үед л бий болдог зүйл болохыг ухаарсан.



18 нас гэдэг бол эрчүүдийн хувьд боловсорч гүйцээгүй гэнэн томоогүй үе шүү дээ. Эмэгтэй гэдэг утгаараа ажил мэргэжлээ явуулахад ямарваа нэгэн саад бэрхшээлтэй тулгарч байв уу?  


-Тийм зүйл байхгүй ээ. Эрчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд илүү зөөлөн аливаа зүйлийг арга эвээр учрыг нь олохыг хичээдэг. Энэ нь зарим үед сул тал болдог нь ч үнэн. Битгий зөөлөн бай, чамд дийлдэхгүй шүү гэж зөвлөх хүмүүс ч цөөнгүй.


Гэлээ гээд цэргүүддээ би хатуу ширүүн хандахыг урьтал болгодоггүй. Харахад хэдий том сайхан залуус боловч дотроо нялхаараа байгаа нь анзаарагддаг. Сууж, босохоосоо авхуулаад эрх чөлөөгөө хумиулаад ирэхээр залуус эхэндээ хямрах үе байдаг.


Энэ бүрийд нь эгч шиг нь, ээж шиг нь зөвлөхийг хичээдэг, зэмлэх ч үе байна. Аав ээж минь надад тууштай, үнэнч байхыг зааж сургахаас гадна хүнийг хайрлахыг бас зааж өгсөн. Бүгд л анх удаа амьдарч байгаа, бүгд л амьдралаас их бага хэмжээнд суралцаж яваа хүмүүс тийм болохоор “ухамсартай” нь тулж ажиллахыг хичээдэг. 


Хугацаат албаны дайчдад ч нэлээдгүй амар байдаг байх даа


-Цэрэгт эмэгтэй дарга байдаг гэж ерөөсөө бодоогүй гэж их хэлдэг. Өдөр бүр хамт байхаар аав ээж шиг нь болчихдог. Зэвсэгт хүчинд зохион байгуулагдаж буй тэмцээн уралдаануудад оролцох, ээлжийн амралт авах зэргээр хааяа дайчдаасаа холддог.


Хэд хоноод л би ч тэднийгээ санана, тэд маань ч намайг санадаг юм шиг байгаа юм. Яваад ирэхээр “Даргаа бид таны хэлснээр зөрчил, дутагдал гаргаагүй, хийх ёстой зүйлээ хийгээд байж байсан” гээд л инээгээд угтдаг. Зарим хүмүүс цэргийн албыг эмэгтэй хүнд, хэцүү алба гэдэг л юм. Гэсэн ч миний хувьд дуртай зүйлээ хийж байгаа болохоор түүртэх зүйл байдаггүй. Цэргүүдээ хараад л урам зориг дүүрэн болдог доо.


Цаашдын зорилго тань юу вэ?


-Ротын захирагчаар ажиллаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Удахгүй албан тушаалын хугацаа дуусна. Цаашдын зорилгын хувьд өөрийгөө хөгжүүлэх талаар олон зүйлийг боддог ч цэргүүдээсээ сална гэхээр гунигтай байдаг юм (инээв). Одоогоор би долоон ээлжийн хугацаат цэргүүдийг халсан байна. 


Цэргийн дарга болгонд өөрийн гэсэн үргэлж хэлдэг, бусдад зөвлөдөг үг байдаг шүү дээ. Таны хувьд?


-Би залуустаа хүн чанартай бай, хүн хайрладаг бай. Хүн хайрлаж чадахгүй хүн эх орноо хайрлана гэж хэзээ ч байхгүй гэж үргэлж захидаг. Биеэ зас, гэрээ зас, төрөө зас гэдэг. Цэргийн алба бол энэ ухааныг нэг дор сургадаг тийм л газар. Цэргийн албанд татагдан ирсэн залуус орчноо сольж шинэ хүмүүстэй танилцаж, алхам бүртээ шинэ сорилтуудтай тулгардаг.


Үүнийг даваад туулаад ирсний ар дээр өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг, олны дунд биеэ зөв авч явах, хүний арга эвийг олж сурах гэх мэт энгийн мөртлөө амьдралд хэрэгтэй, аав ээжээсээ сурч мэдээгүй зүйлсээ ухаардаг. Ер нь аавын мөнгийг үрээд, ээжийн хоолыг идээд явахад амьдрал амархан байж дээ гэдгийг залуус цэрэгт ирээд тултал ухамсарлаж, аав ээжийгээ хайрлаад, өөрийгөө шинээр таньж мэдээд буцдаг.


Ингээд бодохоор цэргийн алба гэдэг залуусыг дан ганц эх орноо батлан хамгаалах чадварт сургахаас гадна амьдралд хөл тавьж айл гэр тэргүүлээд, цаашлаад төр түших нэгэн болох суурийг бэлддэг газар гэж боддог. 



Цэргийн хүн болсноор өөрөөрөө хамгийн их бахархаж байсан үе хэзээ вэ?


-2021-2022 онд БНӨСУ-д явагдаж буй “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальонд холбоочин албан тушаалд үүрэг гүйцэтгэсэн. Энх тунх, амар тайван, эрх чөлөөний илэрхийлэл болсон эх оронд амьдарч байгаагаа тэнд очоод ухаарсан.



Хэдий цэргийн хүн ч гэлээ тэр бүхнийг харахаас өмнө эх орон, тусгаар тогтнол, эв нэгдэл гэдэг ямар их үнэ цэнээр олддог гэдгийг сайн ухаж ойлгоогүй байсан юм билээ.



Хол, ойрын эргүүлд явж байх үед ард иргэдийн амьдрал аж ахуйг харахад нүд халтирам. Хаашаа л харна гар сунгасан, юм гуйсан хүүхдүүд. Уух цэвэр усгүй, идэх хоолгүй, эрхлэх ажилгүй, сурах сургуульгүй, эмчлүүлэх эмнэлэггүй. Тэр орчинд улс орны ирээдүй болсон хүүхдүүд аугаа мөрөөдлийг тээж сайн сайхан хүн болно гэдэг бараг л боломжгүй санагдсан.


Харуулын цэг дээр ирж цэргийн алба хаагчидтай ярьсаар байгаад монгол хэлийг төвөггүй сурчихсанаас харахад мангар тэнэг хүмүүс биш. Эрчүүд нь цэрэг, эмэгтэйчүүд нь эмч болно гэж ихэнх нь хэлдэг. Эрчүүд нь цэрэгт татагдвал хүнд дээрэлхүүлэхгүй, эмэгтэйчүүд нь эмч болбол мөнгө их олно түүнтэй холбоотой. Үүнтэй харьцуулаад харахаар бид ямар сайхан газар амьдарч байгаа юм бэ гэдгээ ухаардаг. Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн нь цэргийн хүн болсны минь бахархал, цэргийн хүний хувьд өөрийгөө нэг шат ахиулсан үйл явдал болсон доо.  


Цэргийн хүн болохоор сонирхож байгаа дүү нар болон өдгөө суралцаж буй сонсогч нарт хандаж хэлэх үг...


-Тууштай байгаарай, албандаа үнэнч байгаарай. Хичээсэн хүнийг амьдрал эргээд заавал шагнадаг шүү гэж хэлмээр байна.


Цаг гаргаж бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсье


-Намайг урьж оролцуулсан танай хамт олонд мөн маш их баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. 



Дээрх ярилцлага бол зөвхөн нэг бүсгүйн сонголтын тухай биш. Энэ бол зориг, тэсвэр тэвчээр, өөрийн мөрөөдөлдөө үнэнч байх тухай түүх. Цэргийн гутлын мөр нь түүний хувьд хүнд биш, харин бахархлын жим болжээ. Мянга мянган харчуулаас тодорч эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа нэр хүндийг өргөж яваа түүнийг харсан хэн бүхэн “Эмэгтэй хүн ч хүсвэл бүхнийг чадна” гэдэг итгэлтэй харих нь гарцаагүй биз.



Дэслэгч Ө.Насантогтох

Эх сурвалж: "Соёмбо" сонин