sonin.mn

ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 9 /NASA/. Ангараг гаргийг судлах хүн төрөлхтний ирээдүйн үйл хэрэгт бэлтгэхэд туслах зорилгоор Техас муж улсын Хьюстон хот дахь Жонсоны нэрэмжит сансрын төвд 3D принтерээр “хэвлэсэн” орчинд дөрвөн сайн дурын ажилтан нэг жилийг өнгөрөөнө гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /НАСА/ даваа гарагт мэдэгджээ.


АНУ-ын Агаарын цэргийн хүчний туршин нисгэгч Росс Элдер, Америкийн сансрын хүчний хурандаа, эмч Эллен Эллис, судлаач, инженер Мэттью Монтгомери, техникийн мэргэжилтэн Жеймс Спайсер нар 158 хав.дөр.м талбай бүхий 3D принтерээр хэвлэсэн “Mars Dune Alpha” нэртэй орчинд ирэх 10 дугаар сарын 19-нөөс эхлэн 378 хоногийн хугацаанд үүрэг даалгавруудыг гүйцэтгэх ажээ.


Туршилтын үеэр багийнхан хязгаарлагдмал нөөц, тоног төхөөрөмжийн эвдрэл, харилцаа холбооны саатал, тусгаарлалт, түүнчлэн хөлгийн гаднах үйл ажиллагаа зэрэг бодит сорилтуудтай тулгарна. Эдгээр нь НАСА-д эрсдэлийг үнэлэх, сансрын урт хугацааны судалгааны стратеги боловсруулахад туслах зорилготой юм.


Оролцогчид Ангараг гараг дээр алхах, хүнсний ногооны талбай бий болгох, Ангараг гараг ​​болон сансар огторгуйн гүнийг судлахад зориулагдсан технологиудыг турших зэрэг даалгавруудыг гүйцэтгэнэ гэж НАСА мэдээлжээ.


Энэхүү төсөл нь Ангараг гараг руу ирээдүйд хийх НАСА-гийн нислэгийн өмнө сансрын нисгэгчдийн​​ эрүүл мэнд, гүйцэтгэлтэй холбоотой тодорхой хүчин зүйлсийг үнэлэх зорилгоор 3D принтерээр хэвлэсэн орчинд хэрэгжүүлэх хөтөлбөрийн нэг хэсэг ажээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг