
БАНГКОК, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. Тайландын Дээд шүүх Ерөнхий сайд асан Таксин Чинаватыг 2023 онд хорих ялыг зохих ёсоор эдлээгүй гэж үзэн түүнд нэг жилийн хорих ял оноох шийдвэрийг мягмар гарагт гаргажээ.
“Т.Чинаватыг эмнэлэгт хүргэсэн нь хууль бус байсан, өөрийнх нь өвчин нэн яаралтай асуудал биш гэдгийг шүүгдэгч мэдэж байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нь хорих ял эдэлсэнд тооцогдохгүй” гэж шүүхийн тогтоолд дурдсан байна. Улмаар түүнийг нэг жилийн хорих ялыг эдлүүлэхээр Бангкокийн цагдан хорих ангид аваачих тушаал гаргажээ.
Т.Чинават 15 жилийн турш цөллөгт байсан бөгөөд 2023 онд Тайландад буцаж ирэх үед нь эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгасан байна. Улмаар 76 настай түүнд оноосон найман жилийн хорих ялыг хаан Маха Вачиралонгкорн нэг жил болгон бууруулж, зургаан сар эмнэлэгт хэвтсэнийх нь дараа өршөөлөөр суллажээ.
Тэрбээр хорих ялын дийлэнх хугацааг эмнэлэгт өнгөрөөж, хорих ангид нэг ч хоноогүй нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, "онцгой эмчилгээ хийлгэсэн" гэх шүүмжлэлийг дагуулсан байна. Түүнчлэн тэрбумтны эмнэлэгт байх хугацааг зориудаар сунгасан гэж шүүх мэдэгджээ.
Шүүхийн шийдвэр гарсны дараа Таксины охин, Ерөнхий сайд асан Пхетхонгтарн Чинават мэдэгдэхдээ, өөрт нь ял оноосныг үл харгалзан түүний “сэтгэл санаа сайн” хэвээр байна гэжээ. Т.Чинават шүүхийн шийдвэр гарахаас хэд хоногийн өмнө Дубайд гэнэт очсоныхоо дараа Бангкокт даваа гарагт эргэн ирсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0