sonin.mn
Иргэн Д.Мөнх-Эрдэнийн хэргийг Улсын Дээд шүүхээр 9 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэхийг шаардаж АН-ын Хүний эрхийн хорооноос мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэд: "Монгол Улсын Үндсэн хуульд иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Бүгд мэддэг, ярьдаг. Харамсалтай нь өдөр ирэх тутам хувь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх хумигдаж байна. Иргэн Д.Мөнх-Эрдэнийн хувьд нийгэмд болохгүй байгаа зүйлсийг өөрийн цахим хуудсаар шууд дамжуулалт хийж ярьж байсан.
 
 
Гэтэл зарим хүн энэ Д.Мөнх-Эрдэнэ арай их яриад байсан юм гэж байна. Энэ нь бид дарангуйлалд дасаад байгааг харуулж байна. Юм яриад, үзэл бодлоо илэрхийлэх юм бол шүүхээр орж, ял авдаг болсон. Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө ял авсан Д.Мөнх-Эрдэнийн хэргийг хэрхэн шийдэгдэх вэ? гэдгийг ард түмэн анхааралтай ажиглаж байна.
 
 
Авилга албан тушаалын хэрэгтэй хүмүүсийн хэргийг 3 шатны шүүхээр шийдэж болоод, иргэн Д.Мөнх-Эрдэнийн хэргийг Давж заалдах шатны шүүхээр оруулсан болоод орхиж болохгүй. 1937 онд 40 мянган хүнийг шүүхийн шийдвэргүй буудсан. Өнөөдөр арай буудчихгүй байна. Хэрэв Монголд ардчилал ялаагүй 1937 он шиг байсан бол коммунистууд Д.Мөнх-Эрдэнийг аль хэдийн буудчихсан байх байлаа. Аль нэг намын гишүүн байхаас үл хамаарч шударга шүүхээр шүүлгэх эрх хүн бүрт байх ёстой. Д.Мөнх-Эрдэнэ АН-ын гишүүн учраас шударга шүүхээр шүүлгэж чадахгүй байна. Д.Мөнх- Эрдэнэ бол Монголын ард түмний хэлэхийг хүссэн эрх баригчдын бузар булхайг хэлсэн. Д.Мөнх-Эрдэнийн амаар дамжуулж ард түмэн гаргасан юм. Тэгж дүгнэж байгаа.
 
Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, монголын ард түмний үгийг өөрийн амаар дамжуулж хэлснийх нь төлөө Д.Мөнх-Эрдэнийг хэлмэгдүүлж болохгүй. Шүүхийн хараат бус байдлыг хүндэлж байна. Шүүх хараат бус байсныхаа төлөө шударга байх ёстой. Монгол хонгил гэдэг зүйл үнэхээр үйлчилж байна. Гэхдээ Дээд шүүхэд шударга хүмүүс бас байгаа. Тэр шударга хүмүүс үнэнийг зоригтойгоор шүүж, үнэнийг олж тогтоогоосой.
 
 
Дээд шүүх хуралдаанаа яаралтай хийж, Д.Мөнх-Эрдэнийг цагаатгах ажлыг зохион байгуулах шаардлагатай. "Шударга 5"  нэртэй болсон хүмүүс талбай дээр жагсаж, Монголын ард түмний итгэлийг авч төрд орсон. Эдгээр хүмүүс өнөөдөр юу хийж байна вэ?
 
 
Өөрсдөө үзэл бодлоо илэрхийлэх болхоор талбай дээр гарч, гэр барьж, олон хүний эрхийг зөрчиж байсан хүмүүс монголчуудын үзэл бодлыг аймшигтайгаар зөрчиж байна. Ганц Д.Мөнх-Эрдэнэ биш өөр олон залуучууд хонгилоор орж байна. Хэдэн их наядаар хулгай хийсэн улстөрчид нь биш, хэрэг хийгээгүй залуус олноороо шорон руу ачигдаж байгаа нь Монголын эмгэнэл болчихлоо." гэв.
 
 
М.Чой