sonin.mn
Монгол Улсын Засгийн газраас 100 хоног хийсэн ажлаа тайлагнах үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж С.Зоригийн аллагатай холбоотой асуудлаар Ц.Амгаланбаатар уг хэргийн захиалагчийг Э.Бат-Үүл гэж мэдүүлсэн хэмээн хэлсэн юм. Тэгвэл Ц.Нямдорж сайдын мэдээлэлтэй холбогдуулан Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өнөөдөр мэдэгдэл хийлээ.
Тэрбээр “2019 оны дөрөвдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж намайг С.Зоригийн хэрэгт холбоотой мэтээр гүтгэж байгаа хүмүүсийг олж өгч, үнэнийг тогтоож өгнө үү гэж хандсан. Хүсэлтийн хариуг Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга н.Билгүүнээс ирсэн. Хуулийн дагуу прокурорын байгууллагад шилжүүлсэн бичиг, УПЕГ-аас Нийслэлийн прокурорт шилжүүлсэн тухай албан бичиг ч ирсэн. Би өнөөдрийг хүртэл энэ хэргийн хариуг хүлээж байна.
Сүүлийн үед Ц.Нямдоржийн хачин авирыг хараад байхад тэр үед хүсэлтээ буруу хүнд хаяглаж явуулсан юм байна. Ялангуяа Ц.Нямдорж хэргийн захиалагчтай холбоотой юм биш байгаа гэсэн хардлага төрөх болсноо мэдэгдэж байна. Ингэж бодох гурван үндэслэл байна.
 
Нэгдүгээрт Ц.Нямдорж хууль зүйн яамыг 20 жил толгойлсон. Түүн шиг урт хугацаагаар энэ яамны сайд байсан хүн байхгүй. УИХ, Засгийн газрын гишүүн байсан хүн хэн ч бай хуульд захирагдах ёстойг маш сайн мэдэж байгаа. Гэтэл энэ хүн маш их сандарч, тэвдээд хуулийг уландаа гишгэж эхлээд байна. Өөрийгөө хуулиас дээгүүр тавих боллоо.
Хоёрдугаарт Ц.Нямдорж галзуу хүн шиг  ямар ч логик, авцалдаагүй  юм ярьдаг болсныг та бүхэн ч харж байгаа. Айл гэр шатааж, хүний амь хороосон алуурчны үгийг ХЗДХЯ-ыг 20 жил толгойлсон хүн өлгөж авчраад, ийм зүйл яриад сууж байж болох уу. Над шиг хуулиа мэддэг хүн Монголд байхгүй гэж ярьдаг хүн өөрөө гууль яриад хуулиа уландаа гишгээд байна. Үүнээс нь харахад сэтгэцэд нь юм бий гэсэн сэжиг төрөхөд хүрч байна. Баабар сэтгэц нь өөрчлөлттэй гэж бичиж байсан юм шүү.
Гуравдугаарт Ц.Нямдорж өөрийгөө хүний эрхийн төлөө ийм зүйл хийж буй гэж байна. Ц.Нямдорж хүний эрхийн төлөө биш хүний эрхийг чангалахын төлөө явдаг хүн. Эрүүдэн шүүх төхөөрөмжийг Ц.Нямдорж сайд байхдаа санаачлан оруулж ирж байсан.
Хэрвээ энэ хэргийн захиалагчтай Ц.Нямдорж холбоотой гэдэг миний хардлага үнэн байх юм бол С.Зоригийг бүрэлгэсэн хэрэг гаднын захиалгатай гэсэн үг. Ц.Нямдоржийг гадны тусгай албатай холбоотой гэдгийг тухайн үеийн тагнуулын байгууллагын удирдлагууд мэдэгдэж байсан. Ингэж мэдэгдсэнийхээ төлөө улсын нууц задруулсан хэргээр шоронд орж, ял сонссон. Тэр хүмүүсийг Ц.Нямдоржийг гүтгэсэн гэдгээр мөн ялласан. Ер нь өнгөрсөн хугацаанд Ц.Нямдоржийг шүүмжилсэн бүх хүн шоронд орсон байдаг шүү. Цаашид би С.Зоригийн хэргийг энэ өнцгөөс нь шалгаж үзэх шаардлагыг холбогдох газарт нь хүргүүлнэ” гэсэн юм.
 
Мөн тэрбээр хэлэхдээ С.Зоригийг бүрэлгэсэн хэргийг улсын нууцаас гаргана гэсэнч бүхэлд нь гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Нууцаас гаргаагүй хавтаст хэргийн материалыг Ц.Нямдорж өөрийн дураар ярьж байна. Нууцаас гаргах үгүйг Ц.Нямдорж шийддэг. Сайд хүн гэхээр Монгол Улсын хуулийг уландаа гишгэж болдог юм уу? Монголд хууль байдаг юмуу? Нямдорж байдаг юм уу?  
 
 
 
Сонгууль болгоноор МАН С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэж шоу хийсээр ирсэн. Одоо Ц.Нямдоржоор дамжуулж ээлжит гүтгэлгээ гаргаж тавьж байна. С.Зоригийн хэргийг улс төржүүлэх нь захиалагчийг олоход саад болно гэж анхнаас нь хэлж, ард түмнийхээ эрх ашгийн талд зогсож байсан ганц хүн нь би.
 
 
 
 
Би хэрэгтэй холбоотой олон зүйл яримаар байгаа ч хуулиар хориотой. Намайг байцаасан тэгээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэг хянах шалгах ажиллагаатай холбоотой ямар нэгэн зүйл хэлж болохгүй гэсэн. Гэтэл Ц.Нямдорж Засгийн газрын индэр ашиглаад хууль зөрчсөн үйлдэл хийгээд байж болж байгаа юмуу?. Хэргийг бүхэлд нь нууцаас гаргачих юм бол надад ч бас ярих юм их бий гэлээ.
Түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн хэлэхдээ шүүхээс гэм буруутайд тогтоогоогүй байхад энэ хэргийг хөндөж гаргаж ирж байгаа нь Ц.Нямдорж сайд өөрөө холбогдох хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн явдал юм. Миний үйлчлүүлэг өөрийн нэр хүндийг сэргээлгэхээр шүүх, холбогдох эрх бүхий байгууллагуудад хандана гэж мэдэгдсэн юм.