sonin.mn
Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.БАЯРБАЯСГАЛАНТАЙ ярилцлаа.
 
-Монгол Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгаагаас ярилцлагаа эхлүүлье?
 
-Улсын хэмжээнд оны эхний дөрвөн сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 484 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 26.4 хувиар өссөн. Харин 3432 зөрчил шалгасан нь дээрх үетэй харьцуулбал 15.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй, хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн байж болзошгүй 14294 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
 
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь чухам юу байна?
 
-Гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан нь эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа байдаг. Өөрөөр хэлбэл, эрх мэдлийн харилцаанаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг гэж ойлгож болно. Ажилгүйдэл, архидалт, ядуурал гэх мэт зүйл бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхэд нөлөөлдөг. Түүнчлэн гэр бүлийн суурь хүмүүжил гол хүчин зүйл болдог. Олон улсын байгууллагуудаас багадаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж харж байсан хүмүүсийн 72-84 хувь нь хүчирхийлэл үйлдэгч болдог гэсэн судалгааны үр дүн байна.
 
-Хүчирхийллийн хэргийн дийлэнхийг архидан согтуурсан үедээ үйлдсэн байдаг. Архитай холбон үзэх хүмүүс их байдаг?
 
-Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргүүдэд судалгаа хийж үзэхэд нийт хэргийн 40 орчим хувийг архидан согтуурсан үедээ үйлдсэн байдаг нь үнэн. Тэгэхээр архи бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх суурь шалтгаан биш гэдэг нь харагдаж байгаа юм. Эсрэгээрээ энэ төрлийн нийт хэргийн 60 орчим хувийг эрүүл байх үедээ үйлдсэн байдаг нь харамсалтай.
 
-Бие махбодид хохирол учруулахаас гадна сэтгэл зүйн хүчирхийлэл гарах нь ихсэж байна уу даа?
 
-Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны, эдийн засгийн гэсэн дөрвөн хэлбэртэй байдаг. Аль ч хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн бай сэтгэл санааны хүчирхийлэлд давхар өртөж байдаг нийтлэг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, ямар ч хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн сэтгэл зүйн хувьд байнгын айдастай болж, хүчирхийлэл үйлдэгчийн зүгээс айлган сүрдүүлсэн, заналхийлсэн, дарамталсан үйлдэл давхар явж байдаг гэсэн үг юм.
 
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хүйсээр нь авч үзвэл?
 
-Ийм хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн иргэдийн 90 орчим хувь нь эмэгтэй, таван хувь нь хүүхэд, эрчүүд байдаг. Үүнээс үзэхэд гэр бүлийн хүчирхийллийн ихэнх хохирогч нь эмэгтэйчүүд байгаа ч нөгөө талаар эрэгтэй хүн ч гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэдэг нь харагдаж байгаа юм. Хүчирхийлэлд өртсөн, үйлдсэн иргэдийг насны байдлаар нь авч үзвэл ихэнх нь 25-39 насны залуу хүмүүс хохирсон, бас үйлдсэн байдаг. Үүний дотор гэр бүлийн хамаарал бүхий хүний биед хохирол учруулах буюу зодож цохисон гэмт хэргүүд ихэнх хувийг эзэлж байна.
 
-Цагдаагийн байгууллагад өдөрт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хэчнээн дуудлага, мэдээлэл ирдэг вэ?
 
-Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт хоногт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 100-150 дуудлага, мэдээлэл бүртгэгддэг. Хөл хорионы эхний өдөр буюу энэ сарын 10-ны өдөр гэр бүлийн хүчирхийллийн 182 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бол түүнээс хойш дээрх тооны дуудлага мэдээлэл байнга ирж байна.
 
-Хөл хориотой байгаа энэ үед хохирогчдод хэрхэн хүрч ажиллаж байна вэ?
 
-Гэр бүлийн хүчирхийлэл нь хаалттай хаалганы цаана, хайртай дотнын гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн дунд үйлдэгдэж, давтагддаг. Давтагдах тусмаа улам даамжирдаг онцлогтой гэмт хэрэг, зөрчил юм. Иймээс хөл хорионы үед хүчирхийлэл үйлдэгч, хүчирхийллийн хохирогч нар хаалттай хаалганы цаана хөл хорионд хамт байгаа нь хохирогчийн тусламж авах, хуулийн байгууллагад хандах оролдлого нь хумигдахаас урьдчилан сэргийлж, хөрш айлууд цаашлаад иргэн бүр гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх үүргээ биелүүлэхийг цагдаагийн байгууллага иргэдэд уриалан ажиллаж байна. Бид хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ, хамтарсан баг гээд мэдээллийг тарааж болох бүхий л сурвалжуудыг ашиглан иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байгаа. Мөн урьд өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн шүүхээр баривчлагдаж, эрүүгийн хэргээр ял шийтгэгдэж байсан түүнчлэн удаа дараа гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл өгч байсан айл өрхүүдэд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, халдвар, хамгааллын дэглэмээ сахиж, хүчирхийлэл үйлдэгч гэж бүртгэгдсэн иргэнтэй уулзан зөвлөгөө, мэдээлэл өгч байна.
 
-Хүчирхийлэлд өртдөг таван эмэгтэйн нэг нь цагдаагийн байгууллагад ханддаг гэсэн судалгаа бий. Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон иргэд цагдаагийн байгууллагад хандах нь бага байх шиг харагддаг?
 
-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын зарим нь хүчирхийлэлд өртөж байгаагаа мэддэггүй. Зарим нь мэдсэн ч өөрийн болон гэр бүлийн нэр төрөө боддог. Дахин хүчирхийлэлд өртөж, улам их өвдөлт шаналал мэдрэх вий гэдэг айдсаасаа болж, санхүүгийн хувьд ихэвчлэн хүчирхийлэл үйлдэгчийн хараат болсон байдаг учраас хуулийн байгууллагад ханддаггүй тал бий. Ийм учраас хүчирхийлэл урт удаан хугацаанд үргэлжилж улам даамжирсан байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн дээрх онцлогийг харгалзаж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан гээд хүн бүр “мэдээлэх” үүрэгтэй гэдгийг зааж өгсөн юм. Ер нь цагдаагийн байгууллагаас хүчирхийллийн бүхий л далд хэлбэрийг илрүүлэхэд иргэн бүрийн туслалцаа, мэдээлэл хамгийн их хэрэгтэй, ач холбогдолтой байдаг.
 
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах талаар ямар ажил зохион байгуулж байна вэ?
 
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнд үзүүлэх долоон төрлийн тусламж үйлчилгээг тодорхой заасан байдаг. Хохирогчийг түр хамгаалах байр эсвэл нэг цэгийн үйлчилгээний төвд юм уу төрөл садангийн хамгаалалтад өгч болдог. Энэ оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 1053 иргэнийг түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн хамгаалалтад авсан байна. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүд нь төрийн болон төрийн бус байгууллагуудын дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайлбал, эмнэлэг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хэлтэс, цагдаа болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хяналтад ажиллана. Хэрэв тухайн хүчирхийллийн хохирогч гэмтэж бэртсэн бол нэг цэгийн үйлчилгээний төвд, үгүй бол түр хамгаалах байранд хамгаалалтад авч ажилладаг гэсэн үг. Зарим тохиолдолд хүчирхийллийн хохирогч нар өөрсдийн төрөл садангийн хамгаалалтад орох хүсэлтээ тавих тохиолдол ч байдаг юм.
 
С.Ичинхорлоо
 
Эх сурвалж: "Монголын үнэн " сонин