
ОТТАВА, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /DW/. Канадын Ерөнхий сайд Марк Карнигийн Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна гэж тус улсын CTV, CBC News телевиз мэдээлжээ. Санал хураалт дууссан боловч санал авах байрууд хамгийн сүүлд хаагдсан баруун нутгийн Бритиш Колумб мужийн дүнгээс сонгуулийн эцсийн дүн шалтгаална.
Либерал нам олонх болоход шаардлагатай 343 суудлын 172 суудлыг хараахан авч чадаагүй байна гэж CBC мэдээлжээ. Тодруулбал, либералууд 133 суудал авснаар тэргүүлж байгаа бол консервативууд 93 суудал авсан байна.
Ингэснээр Ерөнхий сайд асан Жастин Трюдо энэ оны нэгдүгээр сард огцрохоос өмнө унаад байсан либералуудын нэр хүнд дахин сэргэж буйг харууллаа. Канадын парламентын ээлжит бус сонгуульд 29 сая орчим хүн санал өгсөн байна. Зургаан цагийн бүстэй тус улсад Атлантын далай дахь Ньюфаундленд, Лабрадор мужид санал авах байрууд хамгийн эхэнд нээгджээ. Одоогийн Ерөнхий сайд, Либерал намын дарга Марк Карни Консерватив намын Пьер Пойлевретэй өрсөлдөж байгаа юм. Тус улс амьжиргааны өртөгтэй холбоотой хямралтай тулгарч байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп татвар ногдуулна гэж сүрдүүлсэн нь тус улсын эдийн засагт улам хүнд цохилт болох төлөвтэй байна.
Канадын экспортын 75 хувийг АНУ эзэлдэг тул хоёр улсын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүчин чармайлтаа эрчимжүүлнэ гэж хоёр нэр дэвшигчийн хэн хэн нь амлажээ. Түүнчлэн Канад улсыг АНУ-ын 51 дэх муж улс болгох тухай Д.Трампын мэдэгдэл сонгуулийн кампанит ажлын явцад тодорхой нөлөө үзүүлсэн байна.
Д.Трамп мөн сонгуулийн өдөр уг мэдэгдлийг дахин хийсэн юм. Харин Канадын Ерөнхий сайд М.Карни энэхүү санааг няцаасаар иржээ. Түүний өрсөлдөгч П.Пойлевре ч мөн адил байр суурийг илэрхийлж, Канадын сонгуульд оролцохгүй байхыг АНУ-ын Ерөнхийлөгчид уриалсан байна. Канадчуудын дийлэнх нь АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалзах, өмнөд хөршдөө өнгөрүүлэхээр төлөвлөж байсан амралт аяллаа цуцлах зэргээр Д.Трампын гаргаж буй хандлагад эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ удаагийн сонгуульд 7.3 сая сонгогч урьдчилж саналаа өгсөн нь дээд үзүүлэлт болжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Канад Альяскийг уугуул индианчуудад өгөх юмсан.