sonin.mn

МАДРИД/ЛИСБОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /Reuters/. Цахилгаан эрчим хүч тасарсны улмаас Испани, Португалд нисэх онгоцуудыг газардуулж, нийтийн тээвэр, эмнэлгүүдийн үйл ажиллагааг зогсооход хүрсний дараа даваа гаргийн оройноос Иберийн хойгийн зарим хэсэгт эрчим хүчийг сэргээж эхэлжээ.


Испанийн Дотоод хэргийн яам үндэсний хэмжээнд онцгой байдал зарлаж, эмх журмыг сахиулахын тулд 30 мянган цагдааг орон даяар байрлуулсан байна. Хоёр улсын засгийн газар мөн яаралтай хуралджээ. Европт цахилгаан хангамж ийм өргөн хүрээтэй тасалдах нь маш ховор байдаг.


Цахилгаан тасарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Португалын тал саатал Испанид үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа бол Испанийн зүгээс Францтай холбогдсон шугамд гарсан доголдолтой холбоотой байж магадгүй хэмээн мэдэгдсэн байна. Португалын Ерөнхий сайд Луис Монтенегрогийн хэлэхдээ, цахилгаан тасалдлын шалтгаан цахим халдлага байсан гэх “ямар ч нотолгоо байхгүй” гэж мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан байж болзошгүй гэсэн цуу яриа тархаж, мөн Испанийн Ерөнхий сайд Педро Санчес НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй энэ асуудлаар ярилцсан гэж мэдэгджээ.


П.Санчесын мэдэгдсэнээр, таван секундийн дотор 15 ГВт-ын цахилгаан эрчим хүч тасалдсан нь үндэсний хэрэгцээний 60 хувьтай тэнцэж байна. Техникийн мэргэжилтнүүд ийм гэнэтийн цахилгаан тасралтын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гэж тэрбээр хэлээд, урьд өмнө тохиолдож байгаагүй гэдгийг нэмж хэлжээ.


Португалын цахилгаан түгээх сүлжээний оператор REN компанийн ТУЗ-ийн гишүүн Жоао Консейсао сэтгүүлчдэд мэдээлэхдээ, цахилгаан хүчдэлийн маш том хэлбэлзэл эхлээд Испанийн эрчим хүчний системд гарсны дараа Португалын системд нөлөөлсөн байх магадлалтайг үгүйсгээгүй байна. “Үүнд мянга нэгэн шалтгаан байж болно, иймд шалтгааныг тогтооход эрт байна” гэж тэрбээр хэлээд, REN Испанийн талтай холбоотой ажиллаж байгааг дурджээ. Харин Испанийн цахилгаан түгээх сүлжээний оператор REE компани Францтай холбогдсон шугамд гарсан доголдолтой холбоотой байж магадгүй гэж мэдэгдсэн байна. Францын зарим хэсэгт мөн хэсэг хугацаанд цахилгаан тасарчээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг