sonin.mn

РОМ, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /AFP/. Дэлхийн номер нэг теннисчин Янник Синнер өөрийн нэрэмжит “боловсрол, спортоор дамжуулан хүүхдүүдийг хөгжүүлэх” сан байгуулснаа даваа гарагт мэдэгджээ.


Тэрбээр сэргээшийн шинжилгээний хариу нь эерэг гарсны улмаас тэмцээнд оролцох эрхээ гурван сараар хасуулсныхаа дараа бэлтгэлдээ эргэн орсноосоо хойш зургаа хоногийн дараа дээрх мэдэгдлийг хийж байна. 


Янник Синнерийн нэрэмжит сан нь Итали болон хилийн чанадад спорт болон боловсролыг хойч үедээ илүү хүртээмжтэй болгох зорилго бүхий спортын хөтөлбөр, сургуулийн төсөл, олон нийтийн санаачилгуудыг дэмжин ажиллах ажээ. “Миний хувьд хүүхдүүд, залуу тамирчдыг дэмжих нь нэр төрийн хэрэг юм. Спорт надад сахилга бат, тэсвэр хатуужил, өөртөө үнэнч байх эр зориг гээд үнэлж баршгүй хичээлүүдийг заасан. Үүнийгээ бусадтай хуваалцах нь зүй ёсны хэрэг гэж би хувьдаа бодож байна. Бид энэхүү үйл хэргээрээ дамжуулан хүүхдүүдэд зөвхөн спортод төдийгүй амьдралд ямар зүйлс боломжтой байдгийг харуулахыг хүсэж байна” гэж Я.Синнер хэлжээ. 


Тус санг Я.Синнерийн менежер Алекс Виттур удирдах бөгөөд “Формула-1” группийн гүйцэтгэх захирал Стефано Доменикали захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд багтах ажээ.


Өдгөө 23 настай, Италийн теннисчин Я.Синнер 2024 оны гуравдугаар сард өгсөн сэргээшийн шинжилгээний хариу нь эерэг гарсны дараа тэмцээнд оролцох эрхийг нь гурван сараар хасах шийдвэрийг энэ оны хоёрдугаар сард хүлээн зөвшөөрснөөсөө хойш талбайд гараагүй байгаа юм. Их дуулгад гурван удаа аваргалсан түүний эрхийг хасах хугацаа энэ сарын 4-нд буюу Ромын нээлттэй тэмцээний өмнө дуусах юм. Тус тэмцээн энэ сарын 7-18-ны өдрүүдэд болно.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг