Ирэх 2020 онд дэлхийн эдийн засагт их хямрал нүүрлэнэ гэх айдас болгоомжлол алгуур сарниж эхэллээ. Учир нь, АНУ-ын эдийн засаг сэргэж, Бээжин, Вашингтон хоёр худалдааны дайнаа зогсоох талаар урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрч, Брекситийн үйл явцад ахиц гарлаа. Дэлхийн улс орнууд хямралаас зайлсхийж чадсанаар металлуудын үнэ, тэдгээрийн дотор манай улсын эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлж байдаг зэсийн үнэ өснө гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлж эхэлжээ.
Хамгийн сүүлийн таатай мэдээг дуулгахад, даваа гарагт Нью-Йоркт хийсэн фьючерс хэлцлээр /3 дугаар сард нийлүүлэх/ нэг тонн зэсийн үнэ 6314 долларт хүрсэн нь сүүлийн 8 сарын хугацаан дахь хамгийн өндөр ханш юм. Металлын хамгийн том гурван бирж болох Нью-Йорк, Шанхай, Лондоны биржүүдээр арилжаалагддаг зэсийн агуулах дахь нөөцийн хэмжээ 2019 оны 7 дугаар сараас хойш 37 хувиар буюу 300 мянган тн-оор багассан /дэлхийн нийт хэрэглээний 1,2 хувь/ нь ийнхүү үнэ өсөхөд нөлөөллөө.
Түүнчлэн даваа гарагт АНУ-ын Сангийн яам Хятад улсыг “валютын манипуляци хийгч улсуудын жагсаалт”-аас хассаны дараа хоёр тал худалдааны хэлэлцээрийн эхний үе шатны тохиролцоонд гарын үсэг зурсан нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлсөн нь тодорхой. Үүнээс үүдэн дэлхий даяар олборлож буй зэсийн тал хувийг нь хэрэглэдэг Хятад улсад эрэлт 2,6 хувиар өснө гэсэн таамгийг дэлхийн нэртэй шинжээчид дэвшүүлж байна.
Өөдрөг таамаглалууд
Голдман Сакс банкны шинжээчдийн дэвшүүлж буй таамгуудыг хамгийн өөдрөг нь гэж үзэж болно. Ялангуяа зэсийн хамгийн том хэрэглэгч болох Хятад улс дэд бүтцийн салбараа дэмжиж, шинэ оны эхний улиралд цахилгаан шугам сүлжээнд үлэмж хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлөхүйц томоохон хүчин зүйл мөн.
Америкийн өөр нэгэн хөрөнгө оруулалтын банк болох Jefferies Голдманы адилаар өөдрөг таамаглал дэвшүүлж байна. Тус банкны шинжээчдийн үзэж байгаагаар, одоогийн нийлүүлэлтийн хэмжээ нь мөчлөг дагасан эрэлтийн бага хэмжээний өсөлтийг ч хангаж чадахааргүй ажээ.
Чилийн Эдийн засгийн сайд Лукас Паласиос-ын үзэж байгаагаар, Америк, Хятад хоёр худалдааны эвлэрэл тогтоосон нь зэсээс асар их хамаардаг Чилийн эдийн засагт маш чухал ач холбогдолтой. Жишээлбэл, зэсийн үнэ ганцхан доллароор өсөхөд л Чилийн эдийн засагт орох мөнгөний хэмжээ 40 сая доллароор нэмэгддэг байна.
Дэлхий дээрх хамгийн том зэсийн уурхай - Чукикамата, Чили улс
Өнгөрсөн онд зэсийн үнэ унасан нь эрэлт нийлүүлэлт гэхээсээ илүүтэй Хятад-Америкийн худалдааны маргаанаас шалтгаалсан нь үнэн. 1 дүгээр сарын 15-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Хятадын шадар сайд Лю Хэ нар “худалдааны дайн” дууссаныг зарласны дараа зэсийн үнэ 2,83 доллар/фунт болж өссөн болохыг Чилийн Уул уурхайн сайд Бальдо Прокурика онцлоод “хэрвээ Хятад, АНУ хоёр тохиролцоогоо яг таг мөрдөж, улмаар 2 дахь шатны хэлэлцээрт гарын үсэг зурах аваас цаашдаа үнэ 3 долларт хүрнэ” гэсэн таамгийг дэвшүүллээ. Өөрөөр хэлбэл, нэг тонн зэсийн үнэ 6600 доллароос давна гэсэн үг. Хятадын удирдлага цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэд татаас олгоно гэдгээ мэдэгдсэн нь Чилийн экспортын гол бүтээгдэхүүнүүд болох зэс ба литийн үнэ өсөхөд нөлөөлөх нь эргэлзээгүй.
Зэсийн үнэ өснө гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэж буй өөр нэгэн шалтгаан бол Швейцарийн Glencore компани Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь зэс, кобальтийн Мутанда гэдэг уурхайгаа 2 жилийн хугацаанд хаах шийдвэрийг өнгөрсөн оны эцсээр гаргасан явдал юм. Хаах болсон шалтгаан нь тус уурхай удаан хугацааны хэтийн төлөвт эдийн засгийн хувьд ашиггүй байхаар тооцоо гарчээ. Мутанда уурхай 2018 онд 200 мянга орчим тонн зэс олборлож байсан аж. Энэ тухайд хөрөнгө оруулалтын “Морган Стэнли” банкны шинжээч Сюзан Бэйтс хэлэхдээ “Мутанда уурхай хаагдсан, Хятадын агуулахууд дахь металлын нөөц 122 мянган тонноор багассан зэрэг шалгаанаар зэсийн үнэ 2020 онд 6450 доллар/тн болж өснө” гэлээ.
Мутанда уурхай
Энэ онд нөөц багасч, нийлүүлэлт буурч, эрэлт өссөнөөр “зэсийн жил” болно гэдгийг Уоллстрит дэх гол банкууд болох Goldman Sachs, Morgan Stanley, Bank of America, Citigroup болон Jefferies онцолж байна. Түүнчлэн International Wrought Copper Council гэдэг олон улсын байгууллагын таамаглалаар, энэ онд зэсийн дэлхийн зах зээл дэх эрэлт-нийлүүлэлт тэнцвэржиж, эрэлт 24,2 сая тоннд хүрч 1,2 хувиар өсөх бол олборлолт 24,19 сая тонн болох ажээ.
Дүн шинжилгээний Capital Economics компанийн төсөөлж буйгаар, 2020 онд алт, цагаан алт зэрэг үнэт металлуудын үнэ төдийлөн өсөхгүй бол зэсийн эрэлт эрс нэмэгдэхээр байна. Ингэснээр 2021 онд үнэ 7500 долларт хүрч, улмаар Оюутолгойн гүний уурхай ашиглалтанд орох үед буюу 2025 онд 10 мянган долларт хүрнэ гэсэн “хэт өөдрөг” таамаглалыг дэвшүүлжээ.
“Гутранги” таамаглал
Харин олон улсын чансааны Fitch агентлагийн салбар болох Fitch Solutions компани “2022 оноос нааш зэсийн үнэ нэмэгдэхгүй, үнэ яг одоо өснө гэж үзэхэд арай эрт байна” гэсэн харьцангуй “гутранги” гэмээр таамгийг дэвшүүлжээ. Харин 2022 оноос хойш л дэлхийн зах зээлд хомсдол үүсч эхлэх ба энэ нь нэг талаас Энэтхэгт хэрэглээ өсч, цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл эрчимжихтэй холбоотой. Экологийн шаардлагууд улам чангарснаар улс орнууд бензин, дизелийн түлшээр ажилладаг автомашинаас татгалзах үйл явц эрчимжиж, цахилгаан автомашины үйлдвэрлэл нэмэгдэх учраас зэсийн эрэлт гарцаагүй өснө. Жишээ татахад, нэг цахилгаан автобус үйлдвэрлэхэд 300 кг зэс, 1 мегаваттын хүчин чадалтай нэг салхин сэнс хийхэд 9 тонн зэс ордог байна.
Дашрамд сонирхуулахад, дэлхий даяар олборлож буй зэсийн 30 орчим хувийг барилгын салбарт, 25 орчим хувийг цахилгаан шугам сүлжээнд, 25 орчим хувийг тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон бусад хэрэглээний бараа үйлдвэрлэхэд, тус бүр 10 хувийг хүнд машин ба тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхэд ашигладаг байна. Цахилгаан автомашин ба шинэ загварын гэр ахуйн техник хэрэгслийн үйлдвэрлэл эрчимтэй өссөнөөр зэсийн эрэлт нэмэгдэж байгаа хэдий ч барилгын ба аж үйлдвэрийн салбар нь зэсийн зах зээлийн өсөлтийн эрчмийг тодорхойлсон хэвээр байна. Дэлхий даяарх зэсийн батлагдсан нөөц 600 сая орчим тонн байгаа нь өнөөгийн хэрэглээгээр тооцвол 25-30 жилийн хангалттай хүрэлцэх юм.
Эцэст нь дүгнэхэд, Fitch Solutions-ийх шиг хамгийн “гутранги” таамаглалаар ч гэсэн зэсийн үнэ ойрын жилүүдэд өснө гэдэг нь тодорхой боллоо. Ямартаа ч дунд хугацаанд зэсийн эрэлт нэмэгдэх таатай төлөв ажиглагдаж байна.
Зах зээлийн 29 гол шинжээчийн хийж буй таамаглалаар, 2020 онд 191 мянган тонн зэсийн хомсдол үүссэнээр жилийн дундаж үнэ 6050$/тоннд хүрч өсөх ажээ. Харин урт хугацаандаа үнэ 7165 долларт хүрнэ гэсэн нь металлын зах зээлд томоохон сэргэлт гарах найдварыг төрүүлж байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0
Зэсийн үнэ өсвөл миний муусайн Монголчуудад л хэдэн доллар арай илүү орж ирэх юмдаа. Буянаараа л өсөг дээ
Ерөөлөөр болог
хулгайч минь оюу толгой бага бандийн гар хөл үү чиний шээс уух юм уу оюу толгойн шээс уух юм уу монголын ард түмний уур битгий хүргээрэй чиний оюу толгойгоос авдаг зуун мянган доллар улсаа худалдсаны төлбөр шүү чи төлбөрөө өх л болно
ene galzuu soliotoi ork lalar ugluu emee uugaaguin baih daa....
өсөлт саарна
өсөлт саарна
өсөлт саарна