sonin.mn
УИХ дахь МАН-ын бүлэг  мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд : “Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гарч буй санал шүүмжийн дагуу УИХ дахь МАН-ын бүлгээс уг асуудлыг нягталж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. Энэ асуудал хоёр өөр хуулийн төсөлд орсон саналыг хольж хутгаж, нийтэд мэдээлснээс үүдсэн байна гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийг 2 дахь хэсэгт оруулсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой саналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гаргаагүй нь хуралдааны тэмдэглэл, материалаас тодорхой болсон. Хууль зүйн байнгын хорооны 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн мягмар гарагийн хуралдаанаар,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд төслийн 31.13 дах зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулах санал гаргасан байна. Харин 2017 оны тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ажлын багийн гаргасан саналын дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно, яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан тохиолдолд, хөөн хэлэлцэх хугацааг оргон зайлсан хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсоож, уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно гэсэн өөрчлөлт оруулсан байна.
 
Энэ өдөр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нь гэр бүлийн хүний эрүүл мэндийн шалтгаанаар, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй нь ирцийн бүртгэл, чуулганы хуралдааны тэмдэглэлээс тодорхой байна.
 
Иймд дээрх саналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гаргасан мэтээр олон нийтэд ташаа мэдээлэл тарааж байгааг МАН-ын бүлгээс залруулах нь зүйтэй хэмээн үзэж байна” хэмээсэн байв.
 
Энэ мэдэгдэлд нэгэн илт худал өгүүлбэр байгаа нь анхаарал татна. Энэ нь "Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гарч буй санал шүүмжийн дагуу УИХ дахь МАН-ын бүлгээс уг асуудлыг нягталж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. Энэ асуудал хоёр өөр хуулийн төсөлд орсон саналыг хольж хутгаж, нийтэд мэдээлснээс үүдсэн байна гэж үзэж байна" гэсэн хэсэг юм.
 
Энэ бүхэн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан цуу яриа биш МАН-ын Хяналтын ерөнхий хороо гэгчийнх нь гаргасан шийдвэрийн албан ёсны үндэслэл билээ.
 
Бүр тодруулбал Д.Батбаатар гэх даргатай МАН-ын Хяналтын Ерөнхий Хороо ИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн “Хөөн хэлэлцэх хугацаа”-г тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан гэсэн үндэслэлээр таван жилийн турш түүнд МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан юм.
Гэвч МАН-ын Удирдах Зөвлөл хуралдан, уг шийдвэрийг хэрэгжүүлэхгүй гэж шийдсэн бол өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг нь уг шийдвэрийн үндэслэлийг нь ч огт бодитой бус гэж дүгнэж буй нь анхаарал татна.
 
Өөрөөр хэлбэл МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Д.Батбаатар гэх хүн МАН-ын албан ёсны удирдлагуудтай уялдаа холбоогүй ажиллаж буй бололтой.
 
Илт өдөөн хатгасан шинжтэй, МАН дотор зохиомол асуудал үүсгэж, УИХ-ын гишүүдийг муудалцуулсан үйлдлийг МАН-ын Хяналтын Ерөнхий Хороо, түүний дарга Д.Батбаатар яагаад хийгээд байна вэ? Түүний ард ямар нэг улс төрч,  хэн нэгэн эрх ашиг сонирхол бүхий этгээд байгаа юм биш биз?
Д.Батбаатар нь хувийн ашиг сонирхол ихтэй нэгэн бөгөөд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэн 50 мВт-ын нарны цахилгаан станц барих төслийн санаачлагч, “Moshea eco energy” ХХК-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ.
 
Мөн Монгол төрийн түүхэн дэхь хамгийн хариуцлаггүй байдлын жишээ болох "Азийн Чоно" нэртэй архины хордлогын үед Мэргэжлийн Хяналтын Газрын даргаар ажиллаж байсан байдаг.
 
Юутай ч Д.Батбаатар ямар учиртай МАН-ын Удирдах Зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэгтэй огт уялдаагүй, өдөөн хатгасан шинжтэй үйлдэл хийж буй нь одоогоор тодорхойгүй байна.
 
П.Энхмандах