sonin.mn
Монгол төрийг өнөөдөр хэн удирдаж байна вэ? Ерөнхийлөгч үү? Үгүй юм аа. Үндсэн хуулинд зааснаар бол түүнд улс орныг удирдан чиглүүлж бие даан шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй. Гадаадад улс орноо төлөөлөөд томроод байхаас дотооддоо бол хэн ч биш, бэлэгдлийн чанартай эрхэм. Их хурлын эрхэм гишүүд ч Элбэгээгийн үгийг сүүлийн үед тоохоо байсныг ард түмэн харж байгаа.
 
Тэрээр бүр хууль ч санаачлах эрхгүй болж байх шиг байна. Авилгатай хийх тэмцлээ хурцатгая гээд уриалтал урьдаас нь зөрүүлээд авилгачдын өршөөх тухай хууль баталж байх жишээтэй.  Ерөнхий сайд уу? Бүр үгүй. Тэр хүн бол ердөө л утсан хүүхэлдэй. Их хурлын гишүүний титэмтэй захын тоодон банди түүнийг огцруулах санал дэвшүүлэн унагаж чадна. Улс орныг хөгжүүлэх дорвитой шийдвэр гаргах шийдвэр гаргахад ёстой “шон” дутна.
 
Их хурлын дарга уу? Үгүй ээ. Тодорхой эрх мэдэл түүнд байдаг ч улс орны удирдлагад бие даан шийдвэр гаргах эрх мэдэл түүнд байхгүй. Тэгвэл улс төрийн нам гэгдэх бизнесийн бүлэглэлүүд үү? Яг тийм. Нам аа төлөөлсөн наяад хүн төрийн толгой дээр сандайлжээ. Нэг хэсэг нь нийтээр нэгдсэн саналаа сар хоногоор гацааж болдог хуультай энэ хэд нэгдсэн шийдвэр гаргаад улс орныг зөв гольдир луу нь хөтлөхийг хүлээсээр даруй  хүний хөгжлийн хоёр үеийг ардаа үдлээ.  
 
Монголд албан ёсны бүртгэлтэй 20 гаруй нам буй. Хоёр сая хүрэхгүй сонгогчтой мань мэтэд “зуун ямаанд жаран ухна тавьсантай” ижил гэсэн үг. Эрх баригч гэгдэх ганц хоёрыг эс тооцвол эдгээр нам хэмээх шошготнуудын олонхи нь нэг үүсгэн байгуулагчтай компани  мэт болой. Одоо сонгууль эхлэх хугацаа дөхөж тоо нь улам бүр олшрох нь дамжиггүй. Бүгдээрээ өнгөн дээрээ ард түмний төлөө гэж өмөлзөн том том ярих авч цаад зорилго нь намын нэрээр морио эмээллэн төрийн эрх мэдэл рүү шургах ганцхан зорилготой.
 
Улс орныг дангаараа далан жил удирдсан ХУ намыг жалга давуулан шидэж, олон намын тогтолцоонд шилжсэнээс хойш нэг л мэдэхэд бүтэн зууны дөрөвний нэг өнгөрсөн байна. Хорин таван жил буюу хоёр үеийг ардаа үлдээх энэ хугацаанд хорин нам байгуулснаараа бидний амьдрал сайжрав уу? Аль эсвэл бүр дордчихов уу?  76 “эрхэм гишүүд” хэд хэдэн бизнесийн бүлэгт хуваагдан  намчирхан талцаж, Таван толгой, Оюу толгой, төмөр зам хэмээн хэрэлдэж, хэдэн жил зогссон газраа дэвсэгнэж байх хооронд урьд хөрш маань хөгжлөөрөө хэрхэн хурдтай тасарч байгааг сонсох харах бүрт гол тань харлахгүй байна гэж үү?
 
  Анхнаасаа үндсэн хууль батлах үедээ хийсэн алдааны балаг өнөөдөр ингэж гарч байна. Ядаж намын эрх мэдэлтнүүд, их хурлын гишүүн хэмээн өөрийгөө өндөрт бодон хөөрцөглөгсөдтэй хариуцлага тооцох тухай үндсэн хуулиндаа зааж өгсөнгүй.  Нөгөө бурханаа бүтээхдээ шүншгэлэхээ мартжээ гэдэг шиг л юм болж байна. Буруу замаар будаа тээвэл яадаг гэдэг билээ?
 
“Нам там болох цагаар” гарчигтай түрүүчийнхээ нийтлэлд миний бие АНУ-ын анхны ерөнхийлөгч Вашингтоны гэрээслэлийн талаар дурьдаж байсан даа.    Дахин сануулахад тэрээр албан тушаалаасаа буухынхаа өмнөхөн Америкчуудад хандан бичсэн алдарт “Үдэлтийн захидалдаа” улс орны удирдагчид нь үндэстнийхээ эрх ашгийг намын явцуу бүлгийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьдаг ёс суртахууны зарчмыг хатуу баримтлах ёстойг хатуу анхааруулсан байдаг.
 
Үндэстний эв нэгдлийг алсдаа хагалж бутаргахад хүргэнэ гэж үзээд тэрээр аль ч намыг дэмждэггүйгээр үл барам харин ч намаараа хуваагдан талцахыг эсэргүүцдэг байсныг дахин сануулъя. 200 гаруй жилийн өмнө бичсэн энэ алдарт захиас гэрээслэлийн  утга учир мөн чанар өнөөдөр Монгол нутагт маань дахин амилсан байна. 
Монгол дахь намуудын нэр усыг нь хөндлөнгөөс ажваас АНам, МАНам, МАХНам бүр МАНАНам гэх мэтээр үргэлжлэх бөгөөд  нам нэртэй энэ бүлэглэлүүдийн хооронд үзэл суртлын ямар ч ялгаа алга.
 
Хэрэгтэй үедээ нийлнэ, сална, улс орноо хөгжүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг өөд нь татах талаар нэгдсэн бодлого  ч үгүй, ердөө ганцхан зорилго л байна. Энэ нь түмний нэрээр цуглуулсан хөрөнгийг түргэн хугацаанд амжуулж идэж уугаад дөрвөн жил амар сайхандаа жаргах. Намын нэртэй ямар ч бүлэглэлд  эд хөрөнгөний төлөө эх нутаг, элгэн саднаа зарах бол юу ч биш болсон байна.
 
Баримт 1. Арав гаруй жилийн өмнө дээрх намын лидерүүд хуйвалдаж, хууль баталж аваад лиценз нэрээр эх нутагаа харийнханд 500, 500 мянган га-гаар хэрчин зарж, хичнээн ч их баяжицгаав даа. Иймэрхүү маягаар Өмнөговь, Сэлэнгэ аймаг бараг бүтнээрээ, Монгол нутгийн минь тал илүү хувь нь харийн ноёдын гарт оччихсон байсныг санаж байна уу?  
 
Лицензийг  нь худалдан авч цааш нь дамлан зарж байсан гаднын нууц ноёдуудын олонхи нь бидний азаар дампуурч, цөөхөн сүйхээтэй хэд нь мөнгөө халаасалж аваад сураг нь тасарсан. Одоо дахиад Халх гол хавийн 500 мянган га-г харийнханд эзэмшүүлэх шийдвэрийг ард олноосоо нуун гаргачихаад жишим ч үгүй худлаа ярьцгааж байна.
 
 Баримт 2. Тавьхан  тонн алтыг нь авч өгөхийн тулд эртний тахилгатай Ноён уулаа харийнханд ухуулахыг хууль зөрчин зөвшөөрөх эрхийг олгох гэж хэн оролдов? Оюутолгойн 1000 тонн алтны нөөцийн хажууд энэ юу юм бэ? Нохой долоо. Энэ хэмжээний алтыг бид өнөөдөр говийн Оюу толгойгоосоо хоёрхон жилийн дотор ухаж авч байна.
 
Өвөг дээдсийн шарил булш бунхныг сүйдлэн энэ орчмыг тэсэлж дэлбэлээд ухаад эхэлбэл Хараа, Сэлэнгэ голын хөндий хүнцлээр хордохоос эхлээд ой мод өвс ургамал дахин сэргээгдэшгүй болтлоо талхлагдаж, экологи байгаль орчинд  ямар гамшиг учрах талаар сануулаад бичээд нэмэр алга. http://sonin.mn/news/politics-economy/41407   Ёстой “Мөнгө цагаан нүд улаан” гэдэг л болж байх шив. Манай алтны магнатууд Канадын парламентийн ноёдуудад хэдэн ногоон атгуулчихаад хуулийг нь өөрчлүүлэн лоббидож, тэндхийн уул усыг ухна гээд төсөөл дөө?
 
 Баримт 3. Авилгын хэрэгт орооцолдсон “сайн найзаа” ялаас мултлахын тулд хаалттай хуралдан “Өршөөлийн хууль” гэгчийг батлуулж яаж үхэн хатан зүтгэж байна аа? Аль ч бүлгийнхний хувьд ялгаагүй авилга өнөөдөр ийнхүү амьжиргааны гол эх үүсвэр болж, Монгол төр тархинаасаа эхлээд авилгын хорт хавдраар өвчилж, загас аятай өмхийрсний илрэл энэ.  АТГ-ын мөрдөх товчоог татан буулгах, одоо мөрдөгдөж байгаа хамаатан бүх хулгаруудаа суллуулах ийм л юм л юм хийцгээж сууна, цаадуул чинь.
 
Дахиад хэн нэг нь авилгын хэргээр газар дээрээ шилдүүлчихвэл таван жилийн дараа Ардын хувьсгалын 100 жилээр өршөөгдөх нь гарцаагүй. Ура.
Татвараас бултагч томоохон хамсаатнууддаа “баялагийг бүтээгч” гэх өхөөрдмөөр хөөрхөн нэр томъёо хүртэл бодож олоод нуун дарагдуулсан татвараас нь чөлөөлж байна. Нэртэйгээр нь цагдаа, татварын албаа бүгдийг нь татан буулгачихаад дур дураараа наргивал яасийм? Тэрбумаар татвараас бултагчид нь  өршөөгдөж байгаа юм чинь саяын татвар төлөгч татварынхны өмнөөс салаавч өгч болох нь.
 
Нэгэнт ийнхүү ганцхан зорилгын доор нэгдэж, хөрөнгө мөнгөөр хүч түрэн сонгуульд ялж аваад дараа нь ууж идэгсдийн бүлэглэлүүд буй болдог учир нэг их сүртэй  нам мам гэж хооронд нь ялгаад яах юм, Зүгээр л Багтай Дээрэмчдийн Бүлэглэл буюу товчлоод БДБ гээд нэрлэчихье. Тэднийг хооронд нь БДБ1, БДБ2 гэх мэтээр дугаарлан ялгабал хялбар. Дээрэм гэдгийг би хулгайлан дээрэмдэх, хулхидан дээрэмдэх, хуу хаман дээрэмдэх гэх мэтээр өргөн хүрээнд авч үзлээ. “Воры в законе” гэж орос хэлц үг байдаг даа. 
 
Сонгуулийн өмнө ийм бүлэглэлүүд яаж аяглан жүжиглэцгээдгийг бид харж ханалаа. Яг л цам харайж байгаа аятай олон янзын багтай улсууд энд тэндээс гэнэт гэнэт гарч ирэн бүрээ татан бүжиглэцгээдэг ш дээ. Зарим нь эх орончдын багтай, нилээдгүй хэсэг нь ард түмний төлөө амиа өгөхөөс буцахгүй дүртэй гэх мэтээр ерөнхий дүр төрхийг нь ажих юм бол удирдагч нар нь голдуу цагаан өвгөний багтай төрөл бүрийн үнэгүй ший жүжгүүд энд тэндгүй тавигддаг.
 
Мөнгө бэлэг сэлтийг баруун солгойгүй тэрбум тэрбумаар нь цацан тараах нийтлэг болсон учраас одоо сонин биш болсон. Харин хошин шогийн гэлтэй ийм дүртэй бүжигчин бүрийн тархинд  юу ярих, юуг ярихгүй байхыг нь бичээд хувилчихсан чип суулгачихсан байх нь нийтлэг.  Одоо та бүхэн 2012 оны сонгуулийн үеэр эдгээр эрхмүүд юу ярьж байсныг нь Youtube,  facebook-рүү нь ороод нэг хараарай. Ямар ч хошин шогоос илүү байх вий. Багтай эдгээр бүжигчдийг даган баясаж, тойрон эргэлдэх алиа салбадай маягийн хэрээ шаазгайнуудыг нь харах юм бол бүр ой гутмаар. 
 
Сонгуулийн дараа БДБ нэрийн утга тун хурдан солигдож, Бөгс Долоогчдын Бүлэглэл болж хувирна. Хэн тухайн БДБ-ийн Боссынхоо бөгсийг сайн долоож чадсан бэ гэдгээр нь төрийн жолооны хүрдний  ард суух хуваарь гаргадгийг харамсалтай нь хүн бүр толгой дохин зөвшөөрдөг болсон нь Монголын гутамшиг биш гэж үү.  Ийм дэг жаягийг эхлээд бид эгдүүцдэг байсан бол одоо бараг ёс зуршил болтлоо ужгирсан байна.
 
Боссын бөгсийг дутуу долоох юм бол урьдаасаа унгуулж мэдэх учраас чадах ядахаараа нохой адил хэлээ сайн унжуулж байгаад дахин дахин долоох нь “шударга” ёс зүй. Ингэж чадвал “их удирдагчийн” салтаан дундуур нь эвтэйхэн мөлхсөөр давсагных нь доохно талд хэвтрээ засаад авах боломж бүрдэнэ. Бүр цаашилж чадвал эзнийхээ баруун зүүн аль нэгэн суганд хавчуулагдаж дөнгөнө. Суганы үнэр ч таагүй л дээ, гэхдээ салтааны хажууд юу ч биш, хэсэг хугацаанд тэсэж болно. 
 
  Хайран цаг зав мөнгө төгрөгөөрөө олж авсан мэргэжил боловсрол, туршлага, ухаан чадвар юу ч биш болсон. Боссдоо таалагдаж л чадвал хоньчин Найдан, үхэрчин хүү Цэрэндорж хэдэн удаа хаа дуртай газраа сайд дарга болж болно. Сонгуулийн үеэр Боссын агуулах руу будаа тариа харамгүй зөөсөн, буруу зөвгүй сайн гуагалж шагширсан шаазгай, хэрээнүүд  хамгийн түрүүн жагсаалтаар байраа эзэлцгээн, суудлаа хуваарилцгааж шархаа нөхөх дараагийн дайн тулаанд ханцуй шамлан орцгооно. Мөнгөтэй хэд нь сайд даргын албан тушаалыг худалдан авч, ахин дахин залрана. Дэгсгүй  хэлэхэд иймэрхүү л дүр төрх өнөөдөр Монголд маань харагдаад байна. 
 
   БДБ-тэй хариуцлага тооцох хууль хаана ч байхгүй учраас эх орны хөгжил, нийтийн эрх ашиг, ёс жудаг энээ тэрээ талаар тэдэнд сануулах ярихын ч хэрэггүй, сонгуулийн дараа дахиад дөрвөн жил тас март. Гаднаас тэрбум тэрбумаар нь зээл ав. Хаанаас ч хамаагүй. Япончуудыг муусайн самурай нар хэмээн харааж зүхэж байсан цаг саяхан мэт санагдана. Тэндээс ч ав, дараагийн үе төлнө биз.
 
Эргэж төлөхөд хэцүү найдваргүй зээлийн хэмжээ өнөөдөр 20 тэрбум доллар давлаа. Юун нөгөө Оросоос хорин жилийн турш авсан 10 тэрбум. Тэр зээлээр чинь харин “муу нэртэй муухай зүстэй” Бал даргын үед Монголд  “социалист” бүтээн байгуулалт жинхэнэ утгаараа хийгдсэнийг бидний үеийнхэн мартаагүй байгаа. 
 
Мэдээж энд шударга үнэний төлөө сэтгэл нь зовнин хоол нь хоолойдоо тээглэн, нойр нь хулжчихдаг аавын хөвгүүд охидыг бүгдийг нь харлуулах гэсэн бохир хар санаа өвөрлөсөнгүй, гэвч өнөөгийн улс төрийн тогтолцоо, удирдагчдын үнэн нүүр царай ерөнхийдөө нэг иймэрхүү л дүр төрхтэй болсонд харамсан  гутарсандаа бичиж байна. 
 
Тэрбум гурван зуун сая хүнтэй том орныг Си Жинпинь дарга удирдаж, авилгачдын толгойг том жижиг гэлтгүй хяргаж, шорон гянданд хатаан, гадаадад зувчуулсан мөнгийг нь тэрбум, тэрбумаар нь авчруулж байна. Зуун гучин сая хүнтэй Оросыг   Путин ерөнхийлөгч зангидаж, замбараагүйтсэн алан хядагчид, зах зээлийн дээрэмчин магнатуудыг “дэг журманд нь” оруулж байна. Америкийг Обама удирдан дэлхийг цочроосон шийдвэрүүд гаргаж, агуу том Герман гүрнийг Ангела Меркел хатагтай тэргүүлж байна. 
 
Гуравхан сая хүнтэй, далай мэт баялагтай, Энэтхэгийн хагас шиг том газар нутагтай, эртний агуу түүхтэй улсаа намын нэрээр сонгогдсон  луйварчдаар удирдуулж, зайлуулж чадахгүй болтлоо толгой дээрээ үүрлүүлчихээд орой болгон зурагтаа харж бухимдаж суутлаа арчаагаа алджээ, бид. Мөнгө бүхнээс хүчтэй. Шуналтай, мөнгөтэй хэсэг нь оройн дээд очир жанцан болсон энэ цагт ардчиллын гоё нэрийн доор  задгайрал, замбараагүйтэл, дампуурал 25 жил үргэлжлэлээ.
 
Байдал дээрдэхийг горьдож, дахиад хэдэн жил хүлээх хэрэгтэй юм  бол оо?  Монголд өнөөдөр 76-уулаа нэг танхимд суучихаад бие биен рүүгээ салаавч өгөөд хэрэлдэж зодолдоод байдаг, бизнесээ амжуулж яваад хүссэн үедээ ажил албандаа ирдэг, буруу зөрүү ярьсныхаа төлөө хариуцлага хүлээдэггүй, газар дээрээ л шилдүүлчихгүй бол тэрбум тэрбумаар нь хусдаг, халдашгүй эрхтэй гишүүд ч биш, буруу тийшээ харж суучихаад өөр өөр юм яриад явдаг, бие даасан шийдвэр гаргах эрх мэдэлгүй төрийн гурван өндөрлөг ч хэрэггүй.
 
Шулуухан хэлэхэд энэ алиагаа алдсан 76 ч биш арай цөөхүүлээ улс орноо зангидан удирддаг, үүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг ёс журам, Сингапурын ерөнхий сайд асан ноён Ли Ю шиг хүчтэй зоригтой, шударга, шуналгүй улс орноо аваад явчих чадвартай удирдагч л хэрэгтэй байна.
         
Миний энэхүү мунхаглалыг та бүхэн мэргэн оюундаа тунгаана буй заа.              
                                              
Ш.Пүрэвсүрэн