sonin.mn

УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр цахим сүлжээгээр дамжуулж Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд, Б.Бямбасайхан Ч.Отгочулуу нарыг огцруулах асуудлыг гаргаж тавихаа мэдэгдлээ.

Тэрбээр, "Оюутолгойн ТУЗ-д Монголын 34 хувийг төлөөлдөг Да.Ганболд, Б.Бямбасайхан Ч.Отгочулуу нар жилд 100 мянган долларын цалин авдаг. Мөн тэд "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс-Оюутолгой" компанийн захирлынхаа хувиар төрөөс өндөр цалин сард авдаг. Оюутолгойгоос авдаг бусад шагнал, урамшил, хангамж, аялал зугаалгыг нь мэдэхгүй юм. ОТ-оос өндөр цалин хангамж хүртдэг учраас тэнд Монголыг төлөөлөх биш, харин эсрэгээр Монголын төрд ОТ-г төлөөлөөд байна. Ийм байх ёсгүй.

Монгол өөрсдийн хүмүүсээ цалинжуулж, тэднийг хянуулж, эрх ашгаа төлөөлүүлэх ёстой. Энэ гурвыг буцааж татах асуудлыг тавих болно. Тэд дээрх авдаг мөнгөндөө Монголыг худалдаж байна. Тэдний авч байгаа бүх мөнгөний 34 хувийг бид өндөр хүүтэй зээлээр төлж байгааг мартаж болохгүй. Тэд төслийн өндөр зардалд хувь нэмрээ оруулж байна!

Мөн МУ ноогдол Оюутолгойгоос ноогдол ашгаа 2037 оноос авна гэлээ!!! Үүнийг хэдэн хүн зөвшөөрч байна. ТЭЗҮ 2015-д хяналт хийсэн эрдэмтдийн ярьж байгаагаар Монгол энэ төслөөс ашиг авахааргүй болсон гэж байна билээ. Би тэдэнд итгэж байна. Тооцоо, үндэслэгээг удахгүй гаргаж тавих болно" хэмээн нүүр хуудсандаа бичжээ.

Б.Туул

 

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг