sonin.mn
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль тогтоомжоор бүтцийн хувьд 14 яамтай, тохируулагч 12, хэрэгжүүлэгч 23 агентлагтай, танхимын бүрэлдэхүүний тухайд Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллах юм.
 
    Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүдээр дараах хүмүүсийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулсан.
 
 
 
    Улсын Их Хурлын гишүүн Сайнбуянгийн Амарсайханыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд томилохоор танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 1991 онд Налайх дүүргийн “Эрдмийн оргил” дунд сургууль, 1996 онд АНУ-ын Калифорни мужийн Пресно хотын институт, 2000 онд АНУ-ын Саут Вест их сургуулийг тус тус төгссөн. Хэл судлал, эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. 1992-1994 онд Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төвд ажилтан, 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд консулын ажилтан, атташе, 2004-2007 онд “Американ трейд энд девелопмент” ХХК-д хөрөнгө оруулалт, гадаад худалдааны менежер, 2007-2017 онд “Оюуны-Ундраа" группийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга, 2012-2020 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016-2017 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга, 2017-2019 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байна. Улсад 23 жил, үүнээс төрийн албанд 15 жил ажилласан.
 
 
    Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалд Цэндийн Нямдоржийг томилохоор танилцуулсан. Тэрбээр  1956 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн. 64 настай, эхнэрийн хамт амьдардаг. 1973 онд Увс аймгийн Малчин сумын найман жилийн сургууль, 1975 онд Увс аймгийн Улаангом хотын арван жилийн 1 дүгээр дунд сургууль, 1976 онд Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хотын Улсын их сургууль, 1981 онд Зөвлөлт Холбоот Улсын Санкт-Петербургийн Улсын их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн, 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1992-2016 онд Улсын Их Хурлын гишүүн, 2000-2005 онд Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2005-2007 онд Улсын Их Хурлын дарга, 2016-2017 онд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга, 2017-2020 онд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тус тус ажиллаж байгаад 2020 оны наймдугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Тэрбээр төрийн албанд 40 жил, үүнээс улс төрийн албан тушаалд 31 жил ажилласан.
 
 
    Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхланг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын албан тушаалд томилохоор танилцуулсан. Тэрбээр 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн. 45 настай. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. 1990 онд Сүхбаатар аймгийн 1 дүгээр сургууль, 1992 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар сургууль, 1997 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль, 2008 онд АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн Риверсайдын хэлний сургууль, 2009 онд АНУ-ын Индианагийн их сургуулийг тус тус төгссөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй. 1997-2004 онд Монголбанкинд хянан шалгагч, 2004-2007 онд Худалдаа хөгжлийн банкны Дэд захирал, 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байгаад 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм. Улсад 23 жил, үүнээс санхүү, эдийн засгийн салбарт 11 жил ажилласан.
 
 Улсын Их Хурлын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг Засгийн газрын гишүүн-Боловсрол, шинжлэх ухааны сайдын албан тушаалд томилохоор танилцууллаа.  Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нь 1970  онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. 51 настай. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар арван жилийн сургууль, 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, 1996 онд АНУ-ын Дакотагийн их сургууль, 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургуулийг тус тус төгссөн. Мэдээллийн технологийн инженер-эдийн засагч мэргэжилтэй. 1992-1995 онд Монцамэ агентлаг, Ил товчоо сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1995-1996 онд “Интерпресс” ХХК-ийн ерөнхий захирал, 1996-2012 онд “Эм Си Эс” группын Тэргүүн дэд ерөнхийлөгч, “Юнител” группын Захирлуудын зөвлөлийн дарга, 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Хөдөөгийн хөгжил, дэд бүгэц хариуцсан зөвлөх, 2012-2020 онд Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, 2017-2020 онд Улсын Их Хурлын Дэд даргаар тус тус ажилласан. 2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байна. Улсад 28 жил, үүнээс улс төрийн албан тушаалд 10 жил ажилласан.
 
 
    Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаалд Нямжавын Уртнасанг томилохоор танилцуулсан. 1975 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. 46 настай, ээж, охины хамт амьдардаг. 1993 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар дунд сургууль, 1998 онд Монгол Улсын их сургуулийг тус тус төгссөн. 2003 онд Япон Улсад, 2005 онд ХБНГУ-д байгаль орчин, хэрэглээний сэтгүүл зүйн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Сэтгүүлч мэргэжилтэй. 1998-2000 онд “Ийгл” телевизид сэтгүүлч, Мэдээний албаны дарга, 2000-2010 онд Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн Нийгэм, эдийн засгийн редакцид байгаль орчин, хариуцлагатай уул уурхайн асуудал хариуцсан сурвалжлагч, редактор, 2011-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн гүйцэтгэх захирал, 2014-2016 онд “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн хэлтсийн захирал, 2016-2020 онд “Юни Солар” ХХК-д менежер, гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан. Улсад 22 жил ажилласан.
 
    Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдын албан тушаалд Батмөнхийн Батцэцэгийг томилохоор танилцуулсан. Тэрбээр 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай. Нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1992 онд Дархан хотын 13 дугаар дунд сургууль, 1996 онд Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургууль, 2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны ажилтан, багш, орчуулагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. 1996-2005 онд “Мөнхийн үсэг" ХХК-ийн захирал, 2003-2004 онд “Аз-хур" ХХК-ийн захирал, 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга, 2007-2010 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга, 2010-2011 онд Монгол ардын хувьсгалт намын Ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд Монгол ардын намын Ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн сайдын зөвлөх, 2016-2020 онд Гадаад харилцааны Дэд сайдаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм байна. Улсад 24 жил, үүнээс төрийн албанд 10 жил ажилласан.
 
    Засгийн газрын гишүүн-Соёлын сайдын албан тушаалд Чинбатын Номинг томилохоор танилцууллаа. Чинбатын Номин нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн.  37 настай. Нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 2000 онд Нийслэлийн 45 дугаар дунд сургууль, 2003 онд Кембриджийн коллеж, 2006 онд Зүүн Английн Их сургууль, 2018 онд Харвардын Бизнесийн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй. 2008-2011 онд “Тэрэлж Сүйх" ХХК-ийн захирал, 2011 оноос одоог хүртэл “Монгол телевиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Улсад 9 жил ажиллажээ.
 
    Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдын албан тушаалд Сэрээжавын Энхболдыг томилохоор Ерөнхий сайд танилцуулав.  Сэрээжавын Энхболд нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. 1995 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 22 дугаар сургууль, 2004, 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2020 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистрийн зэрэгтэй. 2007-2019 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн даргаар ажиллаж байгаад 2019 оноос Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар ажиллаж байна.
 
 
 
    Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Хишгээгийн Нямбаатарыг Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалд, Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдын албан тушаалд Гүрсэдийн Сайханбаярыг, Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд Аюушийн Ариунзаяаг, Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын албан тушаалд Бэгзжавын Мөнхбаатарыг, Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд Лувсангийн Халтар, Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын албан тушаалд Гэлэнгийн Ёндонг, Засгийн газрын гишүүн- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалд Загджавын Мэндсайханыг, Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын албан тушаалд Нансалын Тавинбэхийг томилуулахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хуралд танилцууллаа.
 
 
 
    Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд шинээр томилогдож буй Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, Засгийн газрын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. 
 
Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлснийг түүвэрлэн хүргэж байна.

 

Дараа нь Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа гишүүдийг томилох тухай захирамжид гарын үсэг зурлаа.
Улмаар захирамжаа гардаж, албан ёсоор бүрэн эрх нь баталгаажсан Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөсөн юм.