
Модон могой жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг тосч Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм алдрын эзэн болсон Лувсандагвын Сувданчимэг Дархан-Уул аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудаас төрсөн анхны гавьяат юм. Тэрбээр тус аймгийн 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч.
Монгол хэл-уран зохиолын багш мэргэжилтэй ч сургуулийн өмнөх боловсролын байгууллагаар овоглоод 23 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй сурган хүмүүжүүлэгч. Түүнийг 2002 онд дунд сургуулиас цэцэрлэг рүү “урвуулсан” хүн нь тухайн үед Дархан-Уул аймгийг удирдаж байсан Д.Хаянхярваа дарга.
Төвөөс ирсэн шалгалтад байнга бүдэрдэг, сувиллын нэртэй ч эцэг эхийн анхаарал халамж муу, асаргаа ихээр шаардсан ядруухан жаалуудын гэр орон болсон 10 дугаар цэцэрлэг аймгийн даргын хувьд толгойны өвчин шахуу байж. Тиймээс аливаа ажлаас ухарч няцаад байхгүй дайчин, сайн удирдагчийн эрэлд гарч эцэст нь хамгийн зөв хүнээ олж тавьсныг өнгөрсөн хорь гаруй жилд Л.Сувданчимэг харуулж чадсан.
Шинэхэн гавьяатын удирддаг цэцэрлэгийн хаалгаар ороход л цэвэр цэмцгэр цаанаа л нэг дулаахан орчин угтана.
Үүдний цэлгэр танхимд хүүхдүүд гадуур хувцсаа тайлж өөр өөрийнхөө таних тэмдэгтэй уутанд хийж өлгөөд эгдүүтэй жаахан гутлаа зэрэгцүүлж тавьчихаад анги руугаа гүйчихнэ. Замдаа биеийн тамирын савлуурт ганц нэг нь зүүгдэж биеийнхээ чилээг гаргаж харагдана. Анги руугаа яарах тэдний дундаас эцэг эхээ дагаж эргэж буцан урваганах нэг ч хүүхэдтэй таарсангүй. Хүүхдийн хүсэмжит орчныг бий болгохын төлөө хорь гаруй жилийнхээ амьдралыг зориулсан Л.Сувданчимэг гавьяаттай гэгээлэг энэ ертөнцөд уягдсан он жилүүдийнх нь талаар хөөрөлдсөн юм.
ААВЫНХАА ҮГНЭЭС ЗӨРӨЛГҮЙ БАГШ БОЛСОН МИНЬ ОНОСОН
-Би Сэлэнгийн уугуул, Дарханы суугуул. Таван охинтой айлын дундах нь. Ээж минь Г.Цэндсүрэн гэж урлагийн унаган авьяастай, дуулж хуурддаг гоё бүсгүй, Алтанбулагийн клубийн анхны жүжигчний нэг байсан. Аав минь ч бас сайхан дуулна. Цэрэгт очиход нь шалгаад Цэргийн ансамбльд хуваарилснаар Лувсандэндэв гэж алдартай дуучинтай хамт ажиллаж байсан гэдэг юм. Гэхдээ урлагаар яваагүй. Нутагтаа ирж Алтанбулагийн клубт ээжтэй хамт ажиллаж байгаад Намын дээд сургууль төгсөөд аймгийн Үйлдвэрчний зөвлөл, нийгмийн даатгалын хэлтэс, Орхон, Цагаантолгойн сангийн аж ахуйд ажилласан.
Цагаантолгойд байхад нь Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга Жамьян генерал дуудаад хот руу явсан. Хэд хоногийн дараа манай руу цэрэг хувцастай өндөр гоё хүн ирж явна. Ээж бид хэд орж ирсэн хойно нь аавыгаа таньж, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн хүн болсныг нь мэдэж байлаа.
Аавыг минь Сэлэнгийнхэн андахгүй, маш их хүндэлдэг юм. Дунд сургууль төгсөхдөө хуульч болмоор байсан ч аав дургүйцээд багшийн мэргэжил сонгосон. МУИС-ийн монгол хэл-уран зохиолын ангид орсон. Гэхдээ миний сонголт буруу байгаагүйг амьдрал харуулж байна даа. Их сургууль төгсөөд Дарханы нэгдүгээр сургуульд багшилж, Турк сургуулийн гадаад багш нарт монгол хэл заадаг байлаа. Тэгтэл нэг өдөр аймгийн Засаг дарга Д.Хаянхярваа дуудаад хоёр ажлын санал тавьсан. Нэг нь тэр үеийн Техник мэргэжлийн хоёрдугаар сургуулийн дэд захирал, нөгөөх нь 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч. Бодъё гэж хэлээд гараад аавтайгаа ярилаа.
Аав “Миний охин алийг нь ч чадна даа. Гэхдээ чи хаана илүү хэрэгтэй байгаад нь л оч” гэсэн. Тэгж 2002 онд СӨБ-ын хүн болсон. Намайг анх ирэхэд цэцэрлэгийн байдал үнэхээр хэцүү.
Хүүхдүүд нь яр шархандаа баригдчихсан, сульдаатай, ядруу, эцэг эх нь авдаггүй, зарим нь бүр харих гэр оронгүй. Ажиллагсад нь голдуу анагаахын мэргэжилтэй. Хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх тухай ямар ч ойлголтгүй, тэр хэдэн хүүхдийг харж асраад, хооллож ундлах, эмнэлгийн тусламж үзүүлэх төдий л үүрэгтэй байсан юм билээ. Мэргэжлийн хяналтын шалгалтаар хамгийн муу үнэлгээ авдаг, хаачихаж болохгүй, хаячихаж болохгүй газрыг яаж ийгээд өөд нь татъя, үүний тулд боловсролын мэргэжлийн хүн хэрэгтэй юм байна гэж Хаян дарга бодсон гэсэн. Тэгээд надад санал тавьж. Би очоод сар гаруй болоод үнэндээ шантарсан. Больё, чадахгүй нь гээд дарга руу орлоо. Тэгсэн чамаас өөр чадах хүн байхгүй ээ. Чи төрийн ажил хийж байгаа хүн, сүлдэндээ залбираад зоригтой ажилла гэхээр хэлэх үг олддоггүй юм билээ.
ХААГДАХ ШАХАЖ БАЙСАН ЦЭЦЭРЛЭГ 8 ЖИЛИЙН ДОТОР УЛСЫН ТЭРГҮҮНИЙ БОЛСОН
-Эрхлэгчээр очоод хамгийн түрүүнд тохижилтод нь анхаарсан. Хүн ороод ирэхэд цэвэрхэн тохитой айл хэчнээн сайхан байдаг билээ. Түүнтэй адил бяцхан үрсийг нь сургаж хүмүүжүүлэхээр авч байгаа цэцэрлэгийн орчин айл гэрээс дор байж болохгүй. Хамгийн наад зах нь хүүхдүүд өдөржин байдаг орчинд ядаж хөл нүцгэн гүйхэд дааруулахгүй байх хэрэгтэй гээд хивс дэвсгэрээс эхлээд л юм юмтай болгох шаардлага байлаа. СӨБ-ын байгууллага болгохын тулд хүмүүсийг нь мэргэшүүлэх, халж солихоос эхлээд юм юмтай л тулгарсан.
Мэргэжлийн хяналтын Дэлгэрмаа бил үү нэлээн чанга, манай боловсролынхныг чичрүүлдэг байцаагч хотоос ирж шалгадаг байлаа.
Тэр шалгалт таван жил тутамд ирдэг. 2009 онд ээлжит шалгалт нь ирж Боловсролын хэлтсийн Урнаа одоо 22 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, шалгалтын хуваарь хийж. Тэгсэн манай 10 дугаар цэцэрлэг алга. Гайхаад асуусан чинь “Хэзээ очихыг нь мэдэхгүй, хуваарьт оруул гэсэнгүй. Дэвтэр дээрээ 10 дугаар цэцэрлэгийн ард улаан балаар олон анхаарлын тэмдэг тавьчихсан байна” гэдэг юм. Өмнө ирэхэд нь хамгийн муу үнэлгээ авсан нь манайх. Бас тэр үед тааруу үнэлгээ авсан тав, Хонгорын цэцэрлэг манай гурвыг хуваарьт оруулаагүй, хэзээ очихыг нь мэдсэнгүй гэдэг юм. Би ч шалгалтад бэлдээд хэд хоног цэцэрлэг дээрээ бараг хоносон. Манай хамт олон ч надтай хамт түгшээд л. Ингэж долоо найман жил гэрээ мартаж, аж амьдралаа орхих шахам ажилласны хүчинд өнөө муу нэртэй хааш нь яах билээ гэж байсан цэцэрлэг минь Улсын тэргүүний гэсэн том алдрыг 2010 онд хүртсэн юм. Тэгэхэд олон жил тасарсан “Улсын тэргүүний цэцэрлэг” гэдэг алдрыг авчирлаа гээд аймгийнхан минь их баярлаж байсан даа.
Хамт олон гэдэг их чухал. Анх очсон цэцэрлэгийнхээ мэргэжлийн бус хүмүүсийг дийлэнхийг нь мэргэжлийн сургууль курст явуулж сургаад авсан. Ажлыг нь чиглүүлээд ирэхээр чадал чансаа нь хүрэхгүй улс элдэв хэл үггүй зайгаа тавиад өгчихдөг юм билээ.
10 дугаар цэцэрлэгээс өнөөдрийг хүртэл надтай хамт яваа хүн нэгээр тогтохгүй. Ажилдаа сайн хамгийн гол нь чин сэтгэлээсээ хүүхдэд ханддаг хүмүүст би их хайртай. Тиймээс тэтгэвэрт гарсан ч надтай хамт ажиллаж байгаа хүн бий. Одоо 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч хийж байгаа Ижиймаа л гэхэд Анагаахын дунд төгссөн сувилагч, хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ л үзүүлдэг байсан бол намайг очсоноос хойш СӨБ-ын мэргэжил давхар эзэмшээд маш сайн мэргэжилтэн болсон. Өөрийгөө эрхлэгч болно гэж төсөөлж ч байгаагүй гэж ярьдаг юм. Сая намайг гавьяатаа аваад ирэхэд манай 10 дугаар цэцэрлэгийнхэн Хонгор дээр тоссон. Бүр долоон машин 30 гаруй хүн ирсэн байсан.
МАНАЙ ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГЭЭСЭЭ ЯВАХГҮЙ ГЭЖ УЙЛДАГ ШҮҮ ДЭЭ
-2016 онд аймгийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг хооронд нь сольж ажиллуулахаар болоход намайг 24 дүгээр цэцэрлэгт томилсон. Шинэ барилгыг нь улсын комисс хүлээж авсан ч ажиллаагүй, хүүхэд аваагүй хоосон барилгад ажлаа эхэлсэн. Хабитат гэж гэр хорооллынхон дээр “Хүслийн хотхон” гэж шинэ баригдсан хоёр байрны хүүхдүүдийг авах ёстой. Судалгаа хийгээд үзтэл тойргийн 280 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байж. Гэтэл манай барилга 100 хүүхэд л авах боломжтой. Тиймээс аймгийн дарга Насанбат, манай Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарт хүсэлт тавьж, учир байдлаа сайтар танилцуулснаар өргөтгөл нэмж бариулаад одоо 250 хүүхэд авч байна.
Анги танхим бүрээ тохижуулж хамгийн гол нь хүүхдэд ээлтэй, сургалтын гоё орчин болгохыг хичээж ажилладаг. Багш нар минь ямар мундаг сэтгэлтэй, санаачлагатай гэж санана.
СӨБ-ын мэргэжлийн онцлог сургуулиас огт өөр. Хоёр настай хүүхэд аваад асарч эхэлдэг. Тийм болохоор багш гэхээсээ илүү тэр бяцхан ертөнцийн ээж нь, эгч нь гээд хамгийн ойрын хүн байх хэрэгтэй болдог. Цэцэрлэгийн багш эцэг эхчүүдтэйгээ маш сайн ойлголцож хоёр талаасаа анхаарч байж хүүхдийг сайн хүмүүжүүлнэ. Хийж байгаа ажлаа цаг тухайд нь эцэг эхчүүдэд танилцуулж байх нь зөв гэж боддог. Технологи хөгжсөн энэ цаг үед маш амархан болсон. Өдөрт орсон хичээл, хүүхдийн оролцооны талаар ангийнхаа группт тогтмол мэдээлэл оруулдаг. Нэг хэсэг төрөлт буурч, олон хүүхэдтэй айл цөөрч байсан үе бий. Харин сүүлийн жилүүдэд манай залуучууд олон хүүхэдтэй, өнөр өтгөн байхаас татгалзахаа больсон нь анзаарагдаж байгаа. Тэр хэрээр хүүхэддээ тавих анхаарал халамж нь ч сайн болсон.
Би нэг зүйлээр баттай онгирч чадна. Цэцэрлэгийн хүүхдүүд өглөө ирэхдээ орохгүй гэж уйлдаг бол манай хүүхдүүд орой тараад явахгүй гэж уйлдаг гээд бодчих. Үүнийг би багш нарынхаа чадвар гэж бахархдаг.
СӨБ-ын багш маш сайн сурган хүмүүжүүлэгчээс гадна маш сайн сэтгэл зүйч байх ёстой юм. Одоо манайх 100 хувь мэргэжлийн багштай, тэдний 40 орчим хувь нь мэргэжлийн зэрэгтэй. Сургууль төгсөөд ирсэн залуучууд ч, олон жил ажилласан багш нар ч байна. Хэн хэн нь эцэг эхтэй сайн ажиллаж чадвал хүүхэдтэй ч, цэцэрлэгийн үйл ажиллагаа, боловсрол олгох үйл явц үр дүнтэй байж чадна.
УЛСААС ӨГЧ БУЙ ТӨСӨВТ ТААРУУЛЖ АЖИЛЛАНА ГЭВЭЛ БҮТЭХГҮЙ
-Би анх энэ салбарт ороод багш нь хүүхдүүдээ тэврээд л, үнсээд, бүүвэйлээд, нус нулимсыг нь арчаад л өдөржингөө борви бохисхийхгүй байгааг хараад гайхдаг байсан. Үнэхээр хүнд хэцүү ажил гэдгийг ойлгосон. Тиймээс багш нарынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдэхэд анхаарахыг хичээдэг, энэ чиглэлд тодорхой зүйл хийхийн тулд СӨБ-ын эрхлэгч нарын холбоог байгуулж, бүх цэцэрлэг дээр үйлдвэрчний эвлэл байгуулах зэргээр дэс дараатай ажлууд хийж л байна.
СӨБ-ын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах ажлыг хийж байна. Хорь гаруй жил энэ салбарт ажиллахдаа олж хуримтлуулсан туршлага дээрээ үндэслээд дээр нь хамт ажилладаг багш нар, эцэг эхчүүдтэй ярилцаж цэцэрлэг хүүхдэд ямар боловсрол олгох боломжтой юм, үүнийг ямар аргаар хүүхдэд өгөөжтэйгээр хүргэх вэ гэдэг талаас нь харж хийж байна.
Түүнээс гадна СӨБ зөвхөн төсвөөс өгч буй хэдэн төгрөгтөө тааруулж ажиллана гэвэл бүтэхгүй. Цэцэрлэгийн удирдлага, багш нар хаана боломж байгааг байнга судалж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй юм. Аливаа цэцэрлэгийн хамгийн том тулах багана нь эцэг эх. Эцэг эхтэйгээ сайн ойлголцож хүүхдийнхээ төлөө хоёр талаасаа ажиллаж чадвал хүүхдийн орчин нөхцөл сайн, сурах болоод сургах арга барил өндөр байж чадна гэдгийг манай хамт олон харуулсан. Хүүхдийн хоолны мөнгө бага гэсэн яриа байдаг.
2475 төгрөг байсныг Засгийн газраас 3100 болгож нэмлээ. Их биш байж болно. Бага байна гэж чамлахаасаа өмнө яавал энэ мөнгөнд нь илүү илчлэг, илүү шимтэйг хүүхдүүддээ өгөх вэ л гэж боддог. Тогооч нараа сайн сургаж мэргэшүүлэхэд илүү анхаарах ёстой юм билээ.
Дээхнэ үед цэцэрлэгийн тогооч, будаатай шөл ч гэдэг юм уу арвижуулж болохоор хоол түлхүү хийдэг байлаа. Одоо цаг өөр болсон. Хүүхдүүдийн шаардлага ч өндөр болсон. Тиймээс илчлэг, хэмжээ аль аль талаасаа стандарт нормоо барьсан чанартай олон төрлийн хоол хийж чаддаг байх нь цэцэрлэгийн тогоочийн хамгийн чухал чадвар. Манай тогооч Дархан-Уул аймгийн СӨБ-ын шилдэг өргөмжлөлтэй. Надтай 10 дугаар цэцэрлэгт байхаас хамт ажиллаж байгаа юм. Ер нь хоол үйлдвэрлэлийг гардан хийж байгаа хүмүүсийн чадвараас их зүйл шалтгаалдаг бөгөөд манай цэцэрлэг энэ тал дээр хэзээ ч нүүр улайхгүй. Бас хэн нэгнээс гомдол гарч байгаагүй хамт олон доо.
ШАГНАЛ АВАХДАА ИЖИЙ ААВААСАА ЭХЛЭЭД ИХ ОЛОН ХҮНИЙГ БОДДОГ ЮМ БИЛЭЭ
-Сар шинийн өмнө эгчтэйгээ бас нөхөртэйгөө хамт хотод цагаан сарынхаа бэлтгэлийг хийхээр “Мишээл”-ээр явж явж бүр ядраад нөгөө хоёроо хүлээгээд сууж байтал утас дуугараад “Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байна. Таны сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хорь гаруй жил хоёргүй сэтгэлээр зүтгэснийг тань төр үнэлж Монгол Улсын гавьяат багш гэдэг хүндтэй цол хүртээсэн тул та 28-ны өдөр Төрийн ордонд ирээрэй” гэхэд бүр хариу хэлэх үг олддоггүй, нулимс урсаад л.
Нөхөр хүрч ирээд яасан бэ гээд гайхаад. Намайг өвдөв үү яав гэж бодсон гэсэн. Тэгээд яг шагналаа авах гээд тэр танхимд хамт суугаа хүмүүсийг харж бахархаад юу ч бодогдоогүй. Гэтэл Ерөнхийлөгчийг тэмдэг зүүж өгөх тэр агшинд ижий аавыгаа, ханиа, төгссөн сургуулиа, хамт олноо гээд их олон хүнийг боддог юм билээ.
Миний бүхий л үед ард минь түшиг болж, ар гэрийн ч, цэцэрлэгийн ч ажилд санаа тавьж байдаг хүн бол хань минь юм. Миний хань Пэрэнлэйн Мягмарсүрэн. Инженер эдийн засагч мэргэжилтэй. Сэлэнгийнх. Арван жилийн нэг төгсөлтийнх. Санхүүгийн хүн учраас миний ажилд маш их тустай. 23 жил цэцэрлэгийн эрхлэгч хийхдээ нэг удаа ч санхүүгийн алдаа зөрчил гаргаж байгаагүй нь ханийн минь ач шүү. Маш сайн зөвлөн тусалдаг.
Анх цэцэрлэгийн эрхлэгч болоод шөнийн бор хоногтоо л гэрийн бараа харна. Тэгэхэд тэр цэцэрлэгийнхэн энэ шинэ ирсэн эрхлэгч гэр бүлгүй хүн юм байх даа гэж ярьж байсан гэдэг юм. Тэгээд шөнө харихад халуун хоолтой, гэрийн ажил жин тан. Манайх нэг хүүтэй, гурван ачтай. Хоёр нь ихэр. Хүүхдүүд минь хотод амьдардаг.
Би дандаа сайхан хүмүүстэй таардаг. Тэр сайхнуудын минь нэг хэсэг оюутан цагийн нөхөд минь билээ. Бид МУИС-д Ц.Сүхбаатар багшийн ангид 48-уулаа сурч төгссөн. Манай ангиас нэг Ардын багш, таван гавьяат төрсний одоогоор отгон нь би. Дорноговийн Чойрогийн Отгонбаяр маань 2021 онд Ардын багш цол хүртсэн. Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Содномдаржаагийн Батбаатар манай ангийн дарга. Хятад хэлний Доржсүрэнгийн Болдбаатар, япон хэлний Очирхүүгийн Жаргалсайхан гээд гайхалтай орчуулагч нар манай анги гээд найзуудаараа бахархах дуртай. Ингээд бодохоор амьдралдаа хийсэн миний сонголт бүр зөв байсан.
Намжилцэрэнгийн САРАНГЭРЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл1
Хөдөөгүүр сайн цэцэрлэг их байдаг юм байна лээ. Мөнххаан сумын хүүхдийн цэцэрлэг тасархай, хотод ч тийм цэцэрлэг ховор