sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 10 /Forbes/. “Tesla”, “SpaceX, компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск “Forbes” сэтгүүлээс танилцуулдаг дэлхийн болон АНУ-ын хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг дөрөв дэх жилдээ тэргүүлжээ. 




Тэрбээр хөрөнгийнх нь хэмжээ 400 тэрбум ам.долларыг давсан анхны хүн болжээ. Жагсаалтыг гаргах үеийн байдлаар түүний хөрөнгө 428 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байна. Өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад И.Маскийн хөрөнгө 184 тэрбум ам.доллароор нэмэгдсэн бөгөөд “Tesla” компанийнх нь хувьцааны үнэ 56 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.




Жагсаалтын хоёрдугаарт технологийн “Oracle” компанийг хамтран үүсгэн байгуулагч, захирлуудын зөвлөлийн дарга Ларри Эллисон орсон байна. Жагсаалтыг гаргах үед түүний хөрөнгө 276 тэрбум ам.доллароор үнэлэгджээ. “Oracle” компанийн хувьцаа 60 хувиар өссөнөөр түүний хөрөнгө энэ онд 101 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. 

“Meta” корпорацыг хамтран үүсгэн байгуулагч Марк Цукерберг Америкийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Жагсаалтыг гаргах үед түүний хөрөнгө 253 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байна. "Meta компанийн хувьцааны үнэ он гарснаас хойш 42 хувиар өсжээ. Дөрөвдүгээрт, "Amazon" компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос (241 тэрбум ам.доллар), тавдугаарт, "Google" компанийг хамтран үүсгэн байгуулагч Ларри Пейж (179 тэрбум ам.доллар) орсон байна.




АНУ-ын хамгийн баян 20 хүн нийлээд 3 их наяд ам.долларын хөрөнгө эзэмшиж байгаа нь тус улсын тэрбумтнуудын нийт хөрөнгийн бараг тал хувьтай тэнцэж байна. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 2.3 их наяд ам.доллар байсан юм.

АНУ-ын хамгийн баян эмэгтэйгээр бөөний болон жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүр болох "Walmart"-ын өв залгамжлагч Элис Уолтон (106 тэрбум ам.доллар) тодорчээ. Харин өөрийн хөдөлмөрөөр хөрөнгөө босгосон хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг дээврийн материал нийлүүлэгч "ABC Supply" компанийг хамтран үүсгэн байгуулагч Дайан Хендрикс тэргүүлжээ. Түүний хөрөнгийг 22.3 тэрбум ам.доллараар үнэлсэн байна. 



Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг