sonin.mn

Орчин үеийн хүмүүс бид эдүгээ цагт эрүүл мэндийн тухай элдэв төрлийн их мэдээллийн бөмбөгдөлтийн дунд далай мэт зах зээлийн бүтээгдэхүүн дунд хэрхэн зөв бясалгаж, хэрхэн зөв хооллож,  хэрхэн эрүүл зөв амьдрах  аргаа сайтар олохгүй байх нь элбэг аж. Би бол социализмын үед Хэнтий нутагт  төрж энэ нийгмийн үед сургууль төгсөж гучаад насандаа зах зээлийн шинэ нийгэмтэй золгосон хүн. Социализмын үед хүүхдүүд бидний өвдөг үе үе өвддөг байлаа.


Аав ээждээ энэ тухай хэлэхэд “Зүгээр хүү минь. Чи удахгүй өсөж том болох гэж байгаа тул өвдөг чинь өвдөж байгаа юм” гэдэг байлаа.


Гэтэл үнэн чанартаа хөдөө сум, аймагт малчдын хамаг мал, сүүг нь улс хураагаад авчихсан тул хүүхдүүд бид сүү ууж цагаан идээ идэхээ больсноос болж кальцийн дутагдалд орж шүд цоорхой, биеийн өсөлт муутай болсон юм билээ. Тэр үеийн аймгийн эмнэлэгт тоног төхөөрөмж муутай, зарим эмч нар нь чадвар мэдлэг муутай байжээ. Би Өндөрхаан хотод дунд сургуульд 6-р ангид сурч байхдаа нэг өдөр шүд учиргүй их өвдөж аймгийн төв эмнэлэг дээр очиж шүдээ эмчлүүлэхээр очсон юм. Гэтэл шүдний эмч Давга гэдэг хүн миний өвдөж байсан шүдийг гараараа оролдож байснаа гэнэт гараараа шүдийг минь суга татаж авчихсан чинь учиргүй их өвдөж шүдний ёзоор нь тэр хэвээрээ буйланд шигдэн үлдэж шүд өвдсөн хэвээр хоцорч билээ. Дахин би тэр эмч рүү зүглээгүй. Тэр эмч олон хүүхдийг буруу эмчилж зарим хүүхдийн эрүүүл шүдийг нь андуурч авдаг, зарим хүүхдийн шүдийг бохирдуулж буйл нь бөөн хаван болсон гэнэ хэмээн дуулддаг байлаа.


Удалгүй би Зөвлөлт улсад их сургуульд сурч байхдаа өвдсөн шүдээ үзүүлсэн чинь зөвлөлтийн эмч “Чи ийм шүдтэй яаж амьд яваа юм бэ” гээд шүд, буйлийг минь рентгенээр харж судлаад өвчилсөн шүдийг минь  авахдаа буйлийг мэдээгүйжүүлж шүдийг минь ямар ч өвдөлтгүй авч билээ. Хөгжлийн ялгаа, эмч нарын чадвар гэдэг ийм ялгаатай байдгийг би тэр үед мэдэж билээ. 


Монгол ээж нар тэр үед зарим өвчнийг эдгээдэг байсан юм шүү. Би Хэнтий нутагтаа сумынхаа төвд бага сургуульд сурч байхад заримдаа ханиад хүрэх юм уу, бие халуурахад ээж минь хонины махыг бага зэргийн давстай усанд буцалгаж надад өгч дулаан хөнжлөөр хучиж хэсэг хугацаанд унтуулаад босоход нөгөө ханиад, халуурал зэрэг өвчнүүд тэр дороо оргүй арилдаг байж билээ. Тэгж би 88 төрлийн эмийн ургамал иддэг монгол хонины мах ямар их эмчилгээний чанартай юм бэ гэдгийг мэдэж билээ. Миний эмэг эх маань урт насалсан. Эмэг эх маань хөдөөний малчин хүн. Эмээ маань өдөрт ганц удаа жаахан гурилтай шөл хийж, ганц аяга идээд, өглөө, оройдоо жаахан ааруул,өрөм, тараг, тос идээд мал сүргээ хариулж, сүү цагаан идээгээ хийгээд явдаг хүн байсан. Эмээ маань өдөржин маань, мэгзэмээ уншиж, гартаа 108 ширхэг зандан шар эрхээ гартаа салгахгүй барьж явдаг, их сүсэг бишрэлтэй хүн байлаа. Эмээ маань 85 насыг зооглосон доо. Би хөдөө эмээгийнхээ хийсэн цагаан идээг идэж өссөн хүн.


Улаантнууд хорьдугаар зууны тавиад оны сүүлчээр эмээгийн минь 1000 гаруй хонь, 100 гаруй үхрийг “нэгдэлжих хөдөлгөөн” гэдэг нэрийн дор албадан хураан авсан гэдэг. Харин малаа хураалгасан малчдад хувьд гь хоёр гурван тугалтай үнээ үлдээсэн нь бидний аминд орж хүүхдүүд бид цагаан идээтэй залгаж байсан юм билээ. 


Сүү, тараг, ааруул, өрөм, бяслаг, ээзгий бол хүүхэд бидний идэх дуртай зүйл байлаа. Чихэрийг бараг иддэггүй байсан. Харин 2 төгрөгний үнэтэй оросын молоко гэдэг зунгааралдсан чихэр ихтэй заваан зүйлийг хадаасаар амсарыг нь цоолж хааяа нэг сорж уудаг байж билээ. Манайх намайг Өндөрхааны дунд сургуулийн тавдугаар ангид шилжин элсэж ороход сумын төвөөс аймгийн төв рүү нүүсэн юм. Тэнд очоод аймгийн төвийн хүүхэд болсон чинь нөгөө иддэг байсан цагаан идээ огт үзэгдэхгүй болов. Тэнд хүмүүсийн иддэг гол юм нь талх, масло, элсэн чихэр гурав байж билээ. Ааруул иддэг хүүхэд анх талхыг хараад идэхэд ямар ч амтгүй сэвсийсэн зүйл байсан. Гэвч өөр идэх зүйл аймагт бараг байхгүй байсан тул удалгүй талх иддэг  болсон доо. Харин тэр үед Монголд сайн чанарын монгол малын мах, сайн чанарын гурил байсан тулдаа бидний үеийнхэн бие эрүүл өсөж өндийсөн. Тэхлээр монгол цагаан идээ, бэлчээрийн монгол малын мах бол тэр чигээрээ эко буюу олон амин дэм агуулсан бурханы хишиг байж дээ. Хэдхэн жилийн өмнө  би телевизээр Өвөр монголын доктор, профессор, эрүүл мэндийн зөвлөх их эмч А.Мөнхөөгийн цуврал гурван лекц үзлээ. Дараа нь Мөнхөө багшийн Монголд хийсэн лекцэнд Улаанбаатар хотын “UB Palace”-д очиж суугаад чухал мэдээллийг сонслоо. Орчин үеийн монгол хүн ямар буруу хэвшлээсээ татгалзаж, яаж зөв хооллож, яаж зөв эрүүл амьдрах вэ? гэсэн чухал асуултад Мөнхөө багш олон зөв хариулт өгч байна. Эдгээрээс зарим зөвлөлгөөг нь дурдая. Монгол хүн өөхтэй мах чанаж иддэг, давстай сүүтэй цай их уудаг. Өвөр монголын 39 хошуунаас ганц Сөнөд хошуунд л давсгүй сүүтэй цай уудаг байжээ. Бусад бүх хошуу давстай сүүтэй цай уудаг байсан аж. Олон жилийн өмнөөс Мөнхөө эмч  давстай цайны хорыг өвөр монголын олон түмэнд ойлгуулан ярьж хорт зуршилтай тэмцсэний дүнд эдүгээ өвөр монголын 99 хувь нь давстай цайнаас татгалзаж хэвшжээ. Давс нь ихэдсэн цай, хоол хоёр бол эрүүл мэндэд маш хортой аж. Час халуун хоол, час халуун цай улаан хоолой, ходоодыг гэмтээж нарийнтаж хорт хавдартай болдог аж. Мөнхөө багш хортой хүнсний тухай ярив. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дараах арван төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хортой хэмээн зарлаад байгаа юм байна.


Үүнд: 


  1. Тосонд шарсан хүнсний бүтээгдэхүүн. Уршиг нь: Хүнсний бүтээгдэхүүний уураг ,амин дэмийг устгадаг.Судас хатуурч хорт хавдар үүсгэх суурь болдог.
  2. Давсалж даршилсан хоол хүнс. Уршиг нь даралт өсгөж, бөөрний ажиллагааг хүндрүүлж арьс салстыг гэмтээж зүрх судасны өвчин, хорт хавдар үүсгэдэг.
  3. Төрөл бүрийн хиам, шарсан борц. Уршиг нь элэгний ажиллагааг муутгана. Хорт хавдар үүсгэгч бодистой. Азотын хүчлийн давстай . Амтлагч их тул элэгний ажиллагаанд муу нөлөө үзүүлнэ.
  4. Бүх төрлийн нарийн боов, бялуу торт, гурилан бүтээгдэхүүн.  Өнгө,үнэр, амт оруулагч, элдэв тос ихтэй тул амин дэмийг устгаж, элэг бөөрний ажиллагааг хүндрүүлдэг.
  5. Хийжүүлсэн ундаа. Уршиг нь фосфорын хүчил, нүүрсхүчил ихтэй, биеийн кальцийг гадагшлуулж, яс сийрэгжүүлдэг. Чихэр ихтэй тул хүнийг таргалуулж, байнга хэрэглэвэл донтдог. 
  6. Хатаасан жимс. Байгалийн аргаар хатаасан усан үзэм ,чавга хамаарахгүй. Химийн аргаар хатаасан жимс, нанжин чавга, нархамба, чангаанз зэрэг жимс бол азотын хүчлийн давс ихтэй, өнгө,үнэр,амт оруулагч ихтэй тул элэг гэмтээдэг.
  7. Бүх төрлийн лаазалсан бүтээгдэхүүн. Уршиг нь энерги их, шим тэжээл бага, хүний биеийн амин дэмийг устгадаг. 
  8. Бэлэн гоймон. Уршиг нь шим тэжээлгүй, энерги, давс, амтлагч ихтэй тул элэг гэмтээдэг. 
  9. Зайрмаг мөхөөлдөс. Уршиг нь сахар, тос их тул таргалуулдаг, эрүүл мэндэд ашиггүй. 
  10. Шарж утсан хүнс хоол. Шорлог хорхог зэрэг хуурсан, хэт шарсан, түлсэн утсан хоол нь онц хортой, хорт хавдар үүсгэх аюултай, элэгний ажиллагаанд муу нөлөөлдөг.Тахианы шарсан ганц гуяыг идэхэд 60 ширхэг янжуур татсантай адил хүнийг хордуулдаг ажээ.


Мөнхөө эмч эрүүл мэндэд ашигтай хүнсний тухай ярив. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дараах хүнсийг ашигтай хэмээн зарлажээ.


  1. Ногоон цай. Ашиг нь ходоод, улаан хоолой, элэг, арьсны хорт хавдар, амны хөндийн үрэвслээс сэргийлнэ.
  2. Саримс. Ашиг нь цус шингэлж, нянг устгаж, холестринг бууруулж, тархины цусан хангамжийг нэмэгдүүлж, зүрх судасны өвчнөөс сэргийлнэ.
  3. Улаан лооль буюу помидор. Ашиг нь чөлөөт радикалыг эсэргүүцэн гадагшуулж, хоол боловсруулах эрхтэн, түрүү булчирхайн хорт хавдараас сэргийлнэ.
  4. Буйцай. Их хэмжээний төмөр, флорын хүчил агуулсан тул зүрх судасны өвчнөөс сэргийлж, нүдний харааг сайжруулна.
  5. Дарс.Тохируулж тааруулж хэрэглэвэл эм болно. Шим тэжээлтэй, цусны даралт бууруулна.
  6. Хушга, самар. Хатуу хальстай жимсний үр нь тархи мэдрэл, оюун ухааныг сэргээж, холестрин бууруулж, зүрх судасны өвчин, хавдар тусах магадлалыг бууруулна.
  7. Гурван судалт загас нь ханамал бус өөх их тул цусан дахь холестринийг бууруулж, судас хатуурах, бөглөрөхөөс сэргийлж, тархинд шим тэжээл өгч, тархины эс хөгширч зөнөхөөс сэргийлнэ.
  8. Нэвс нь цусан дахь холестринийг бууруулж, зүрх судасны өвчин, бүдүүн гэдэсний хорт хавдараас сэргийлнэ.
  9. Цэцэгт байцаа. Шим тэжээл их тул хөх, бүдүүн гэдэс, ходоодны хорт хавдрыг эсэргүүцэх үйлчилгээтэй.
  10. Цангис буюу Blue Berry жимс. Чөлөөт радикалыг эсэргүүцэж тархины ажиллагааг идэвхжүүлж судас хатуурах, хорт хавдараас сэргийлнэ.


Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага үүн дээр нэмж дараах эрүүл ундаа, эрүүл шөлийг нэрлэжээ. Үүнд: Ногоон цай, үзэмний дарс, айраг, тараг, буурцагны зутан, ясны шөл, мөөгний шөлийг нэрлэжээ. Мөнхөө багш лекцийнхээ төгсгөлд нь яаж зөв амьдрах талаар дараах зөвлөлгөө өгөв. “Санаа сэтгэлээ сайхан болгож буянаа хураа. Сайн юм бод. Муу зүйл хийж их уурладаг бол хортой химийн урвал биенд чинь явагдаж цусны даралт ихдэж судас нимгэн болно. Архи, тамхи зэрэг муу зуршлаасаа сал. Зөв хоолло. Зөв хөдөлгөөн,зөв дасгал хий. Нар жаргаснаас хойш 3 цагийн дотор унт.


Тогтмол зөв цагтаа унтвал маш сайн. Хүүхэд унтах хугацаандаа гурав дахин өснө, том хүн унтах хугацаандаа эрүүл мэнд нь 3 дахин сайжирна. Хоёр хөлний гуяндаа бөмбөг хавчуулж дарах дасгал хий.Ийм дасгал хийвэл түрүү булчирхай чинь сайжирна.


Махаа багасга. Бүхэл үрийн хоол ид. Жингээ хас. Их жинтэй тарган хүн бүх насаараа бүтэн хонь үүрээд амьдарсантай адил бие нь зовдог. Хэвлийгээрээ таргалвал элэг нь өөхөлж өвчний үндэс буй болно. Өвчин бол залуугаасаа эхэлдэг. Америкийн эрдэмтэд 1952 оны солонгосын дайны дараа нас барсан 20-25 насны 300 америк цэргийн зүрхийг шинжилж үзэхэд 30 хувь нь зүрх судасны өвчтэй байсан. Тэхлээр хүмүүн бидэнд 25 наснаас эхлэн хөгшрөлт явагдаж бүр эртнээс зүрх судасны болон бусад өвчний суурь үүсдэг байна. Иймд хүүхэд нас, өсвөр наснаасаа эхэлж зөв эрүүл амьдарч эрүүл мэндийн сууриа бат бэх, зөв сайн бүрдүүлэх хэрэгтэй” гэв. Би нэгэн удаа япон хүмүүсийн урт насалдаг тухай ном уншсан. Дэлхийд хамгийн урт насалдаг хүмүүс  бол Японд байдаг, тэр дотроо Окинава аралын хүмүүс ажээ. Японы дундаж наслалт эрэгтэй 85, эмэгтэй 87 нас байдаг. Окинава арал дээр япон хүмүүс 100 наслах нь хэвийн үзэгдэл болжээ. Окинава арлын өндөр наслалтын нууц нь баримталдаг зарчим, хэрэглэдэг хоол хүнс, эрүүл орчин юм байна.Тэд амьдралдаа дараах арван дүрэм баримталдаг.


Үүнд:


  1. Тэтгэвэрт гарсан ч дуртай сонирхдог зүйлээ хийж идэвхтэй амьдар.
  2. Аливаа ажлыг удаан тайван хий.
  3. Ходоодоо дүүртэл бүү ид. Бага ид.
  4. Сайн найз нөхдөөр хүрээлүүл.
  5. Төрсөн өдрөө жил бүр хийж дараагийн төрсөн өдөр хүртэл эрүүл бай.
  6. Инээмсэглэ. Хөгжилтэй амьдар. Хошин шогийн мэдрэмжтэй бай.
  7. Байгаль орчиндооо ойр бай. Хөх тэнгэр, алтан нар, цэнхэр далай, гол горхи, рашаан ус, цэцэг ногоон дунд байх хэрэгтэй.
  8. Бусдад талархаж сур. Аав ээж, өвөг дээдэс, эх орон, байгаль дэлхий, гэр бүл, найз нөхөддөө талархаж бай.
  9. Зөвхөн одоо цагаар амьдар. Өнгөрсөнд бүү харамс, ирээдүйгээс бүү ай. Өнөөдрөөр амьдарч, өнөөдрийг эргэн дурсахаар үнэ цэнэтэй өнгөрүүл.
  10. Өөрийн дотоод хүчийг олж өөрийгөө таних хэрэгтэй.


Аз жаргалыг гаднаас бүү хай. Аз жаргал дотор чинь байгаа. Окинавагийн зуу насалсан иргэд хүмүүст зөвлөхдөө: ”Урт наслалтын нууц бол санаа сэтгэлээ зовоохгүй, амар амгалан байх явдал. Хүмүүст зүрх сэтгэлээ нээ. Хэрэв та үргэлж инээмсэглэж зүрх сэтгэлээ нээлттэй байх аваас үр ач нар, найз нөхөд, бусад хүмүүс тантай хамт байхыг хүснэ”. ”Манай нутгийнхан гадаа гарч хүмүүстэй мэндэлж ярьж хөөрдөг. Өглөө бүр ногооны газар дээрээ ажилладаг. Үдээс хойш найз нөхөдтэйгээ уулздаг. Энд хүн бүр эв найртай байдаг. Хамтдаа цагийг өнгөрүүлж хөгжилтэй байх нь чухал даа”. ”Би эрт унтаж, эрт босдог. Өглөө босоод дасгалаа хийж далайн эргээр алхдаг даа. Багахан хоол иднэ. Ногоо идэх нь урт наслахын нэг нөхцөл”. ”Найз нөхөд, хөршүүдтэйгээ уулзаж, аяга кофе ууж цагийг хамт хөгжилдөн өнгөрүүлэх нь чухал байдаг.” “Миний урт наслалтын нууц нь үргэлж өөртөө “тайвшир, аажуухан, бүү яар” хэмээн хэлдэг дээ.” “Өөдрөг бай. Инээж баяс.Үр хүүхэд ач, зээ , найз нөхөдтэйгээ хамт дуулж бүжиглэх бол амьдралын хамгийн сайхан зүйлийн нэг дээ”. ”Урт наслахад ямар нэгэн нууц байхгүй. Зүгээр л тайван амьдар. “Найзындаа эсхүл хөршийндоо очиж ярьж хөөр. Найз нөхөдтэйгээ хамт караокед очиж дуул, хөгжилд, бүжиглэ, инээ, баяс, шоги /япон шатар/тоглоом тогло.”хэмээжээ. Окинавагийн хүмүүс японы бусад нутгийнхнаас чихэр, давсыг гурав дахин бага хэрэглэдэг ажээ. Би орчин үеийн анагаах ухааныг уламжлалт анагаах ухаантай хослуулах нь зүйтэй хэмээн боддог. Орчин үед хүний гений мэдээллийг уншаад тухайн хүн ямар өвчнөөр өвдөх магадлалтай, ямар эмчилгээ хийвэл үр дүнд хүрэхийг тогтоох боломжтой аж. Нуруу нугас нь гэмтээд тал бие нь мэдээгүй болсон хүнд имплант суулгаж мэдрэлийг холбох, гар утастай холбоод зарим энгийн шинжилгээг гэрийн нөхцөлд хийх, биедээ зүүсэн бичил мэдрэгчийн ачаар цус харвах аюулаас урьдчилан сэргийлэх, эсвэл 3D принтерийн технологийг ашиглаад хүний зарим эд эрхтнийг захиалгаар дуурайлган хийх, хорт хавдрыг эмчлэх Cyber Knife, Мэс заслын Робот Да Винчи, гений эмчилгээгээр зарим удамшлын өвчнийг эмчлэх, ганц дусал цусаар биохимийн бүх нарийн шинжилгээг тавхан минутын дотор хийх зэрэг  шинэ технологи дэлхийд нэвтэрч байгаа нь сайн хэрэг.


Би орчин үеийн анагаах ухаан хийгээд эртний Энэтхэгийн уламжлалт анагаах ухаан,  Түвд, Монголын уламжлалт анагаах ухаанд итгэдэг. Эртний уламжлалт анагаах ухаан өвчнийг цогц үндсээр нь эдгээж, эмийн ургамалын танг хэрхэн уухыг унших тарнитай нь заагаад өгдөг юм.


Монголын уламжлалт анагаах ухааны сударт өвчнийг үүсгэдэг “хий, шар, бадгана” өвчнийг  “идээ, үйл явдал, эм, засал” гэсэн дөрвөн аргаар эмчлэх тухай бичсэн ажээ. Тачаалаас хий, уураас шар, мунхаг, хөдөлгөөнгүй байдлаас бадгана хямарна гэж үздэг. Шар нь гал шиг дээш бадарч байхад, Бадгана нь хөрч бөглөрч доош уруудан хүйтэн төлөвийн шинж тэмдэгийг үзүүлнэ. Хий нь энэ хоёрыг аль болохоор зохицуулахаар хооронд гүйж байдаг гэсэн бүдүүвч ойлголт нь тус бүрдээ ихдэх, багадах шинж тэмгээр бие махбодид илэрдэг шинжээр нь 20 бэлэг чанар болгон тухайн хүний биеийн байр байцыг шинжилдэг. Цаад утгаараа нүүрс ус, өөх тос, эдийн шингэний зохицоог л илэрхийлэх гэсэн эртний уламжлалт логик сэтгэлгээг биед илрэх шинж тэмдгээр мэдрэх хамгийн энгийн мөртлөө үнэнхүү олон мэдээлэлийг тусган хэлж, өвчин болж бүтцийн өөрчлөлт болохоос нь өмнө болгоомжтой байхыг хүн тус бүрийн онцлогт нь уялдуулаад шинжиж, шинж тэмдгүүдийн системийн анализ хийгээд өгдөг аж. Анагаах ухааны эртний энэтхэгийн Аюурвед судар, Монгол, Түвдийн “Дөрвөн үндэс” хэмээх судар хүний 404 үндсэн өвчнийг хэрхэн анагаах талаар тодорхой өгүүлсэн байдаг ажээ.


Монгол сударт:   “Байгалийн болон арга, билгийн хуулийг эрхэмлэн мөрдөх аваас энэ бие нь эрүүл саруул, амь бөх, чалх сайтай оршино. Эс бөгөөс 5 цул, 6 сав, хий, цусны хөдөлгөөн, сав шимийн арга, билгийн хууль зөрчигдөн, үл зохицон самуурч өвчин эс салж ужиграх аваас үхэх болой” хэмээн онцлон тэмдэглэжээ. Хүн төрөлхтөн эдүгээ хориннэгдүгээр зууны эхэнд технологийн хувьсгал хийж хүн сансарт нислээ, саран дээр буулаа, робот бүтээлээ, хиймэл эрхтэн бүтээлээ, хиймэл оюун ухаан бүтээж байна гэцгээдэг боловч шинээр гэнэт гарсан элдэв хорт вирус тахлын эсрэг вакциныг богино хугацаанд бүтээж чадаагүй л байна, нэг вакциныг бүтээхэд дор хаяж нэг жилийн хугацаа орж байна, хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчнийг бүрэн эдгээх, хөгшрөлтийг сааруулах аргыг олоогүй л байна.


Нэг жилд дэлхий дээр 8.2 сая хүн хорт хавдар, 3.5 сая хүн чихрийн шижин өвчнөөр нас барж байна. Хэдхэн жилийн өмнө дэлхийд ДОХ, Сарс гэх мэтийн аюулт өвчин шинээр гарч байсан бол 2021 оны 3-р сард Хятад улсад анх гарсан “Ковид-19” хэмээх аймшигт тахлаас болж дэлхийн 6 сая 900 000 хүн нас баржээ.


Цаашид хэзээ, ямар аюултай тахал өвчин шинээр гарахыг хэн ч үл мэднэ. Би өөрийнхөө эрүүл мэндийг сайтар анхаарч байсангүй. Учир нь би ер нь өөрийгөө архи уудаггүй, тамхи татдаггүй, уургүй тайван, муу зуршилгүй тул эв эрүүл хүн хэмээн их л бардам боддог байлаа. Гэтэл би бүхэл өдөржин ажил дээрээ ширээний ард, компьютерийн ард сууж албаны бичиг цаастай зууралдаж ажилладаг байв. Энэ нь хөдөлгөөний хомсдолд орчихож байгаа хэрэг.Үдийн хоолыг хотын аль нэг том хоолны газар идчихнэ. Орой нь гэртээ голдуу хайрсан хуурсан хоол иднэ. Оройжин гэртээ телевиз хараад хөдөлгөөнгүй суучихна. Заримдаа шөнийн 00 цаг хүртэл олон ангит кино үзнэ. Эхлээд би хэвлийгээрээ таргалж, гэдэс бүдүүрч, миний жин нэмэгдсээр 92 кг хүрчихэж байгаа юм. Буруу хооллолт, жингийн нэмэгдэл, хөдөлгөөний хомсдолоос болж сахарын өвчтэй болсон гэдгээ 2006 онд анх мэдэж билээ. Нэгэн удаа ам хатаад байхлаар нь сахараа эмчээр хэмжүүлж үзэхэд эмч надад “Таны сахар 22 моль хүрчихээд байна. Та дэлбэрэх гэж байна” гэж билээ. Эхлээд би жаахан сахарын эсрэг эм ууж байснаа хаясан. Сахартай удаан явснаас болж 2014 онд сахарын хүндрэл болж сахар зүрх рүү орж зүрхний шигдээс болсон байлаа. Би 2014 оны сүүлчээр нэгэн өвлийн өглөө ажил руугаа явж байшиндаа орж хоёр давхрын өрөөнийхөө өмнө очтол гэнэт ухаан алдаж унасан. Тэр өглөө гуравдугаар эмнэлэгт яаралтай хүргэгдэж, шинжилгээ хийлгэж зүрхний шигдээс гэдгээ мэдэж нэн яаралтай зүрхний мэс ажилбарыг тэр өдрөө хийлгэж амь гарч билээ. Миний амийг П.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Эмнэлгийн зүрхний шигдээсийн тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Х.Батмягмар, их эмч Батбаатар, их эмч Ууганцэцэг нар аварч билээ. Анхны шигдээс их хүнд байв. Би ухаан алдаж зүрхэнд стэнд суулгах үед миний зүрх түр зуур зогссон байжээ. Эмч нар нэн яаралтай зүрхний массаж хийж, стэнд суулгаж дахин амилуулсан юм. Хожим нь эмч нар надад “Та үхээд босоод ирсэн хүн шүү” гэж билээ. Үүнээс хойш би 2019 онд хоёр дахь стэндээ гуравдугаар эмнэлэгт суулгасан, дараа нь 2023 онд гурав дахь стэндээ “Интермед” эмнэлэгт тавиулж Х.Батмягмар эмч намайг гурав дахь удаагаа аварсан юм.


Эмнэлгээс гарах өдрөө би Х.Батмягмар эмчээс “Та хүмүүсийн зүрхэнд стэнд тавьж хэдэн хүний амь аварсан бэ” гэхэд “8000 хүн” гэж билээ. Энэ бол үлэмж их буян юм даа.


Хэдэн жилийн өмнө би УБ хотын төв эмнэлэгт зүрхний бичлэг хийлгээд үзүүлэхэд амбулаторийн эмч нь миний зүрхний бичлэгийг үзээд “Та зүгээр байна, та одоо Багануур руугаа буцаж болно” гэв Би энэ залуу эмчийн дүгнэлтэд нэг л эргэлзээд Багануур буцах гэснээ болиод УБ хотын “Буянт ээж” эмнэлгийн ерөнхий их эмч, Анагаах ухааны доктор Б.Наранцэцэгт зүрхний бичлэгээ үзүүлэхэд “Та зүрхний  шигдээс болсон байна” хэмээн зөв оношилж амийг минь аварч билээ. Б.Наранцэцэг эмч бол зүрхний цахилгаан бичлэгийг ганц удаа хараад л зөв оношилдог чадварлаг эмч дээ. Ийнхүү чадварлаг сайн монгол эмч, сувилагч нар маань миний амийг аварсан үлэмж их ачтанууд даа. Тэгээд би эмчийн заавраар эрүүл мэндээ анхаарч, сахарын эсрэг инсулин тариа хийж, сахарын эм уудаг болов. Жингээ багасгаж, холестринээ бууруулж, хөдөлгөөн, зөв хооллолтонд анхаарч эхэлсэн дээ. Жингээ 15-20 кг бууруулсан. Даралт хэвийн болж, холестрин буурсан. Гэвч сахарын шинэ довтолгоо намайг отож байлаа. 2024 оны 6-р сарын эхээр нэгэн өглөө гэртээ унтаж босоод хартал зүүн нүдийг бор зүйл бүрхчихсэн, бүр харанхуй болоогүй, нүдний зүүн захаар юм харагдаад бүхэлдээ харахад юм харагдахгүй, гараа зүүн нүдний өмнө дэлгээд харахад хурууны үзүүр харагдахгүй болсон байлаа. Багануур дүүргийн нүдний эмчид үзүүлтэл “Сахараа багасга” гэснээс өөр юм хэлсэнгүй. Ингээд би “миний зүүн нүд нэг л биш боллоо” хэмээн бодоод УБ хотод нүдээ үзүүлэхээр шийдэв. 6-р сарын 20 нд нийслэл хотын гуравдугаар эмнэлэг дээр очиж эмчид үзүүлэх дугаар авч 7-р сарын 20 нд үзүүлэхээр боллоо.Тэнд үзүүүлтэл 3-р эмнэлгийн нүдний эмч нар намайг 8-р сард ирэх олон улсын Орбисын эмч нарт үзүүлнэ гэв. Гуравдугаар эмнэлгийн Нүдний мэс заслын тасаг бол жилд 18 000 хүнийг үзэж, 1300 хүнд 25-30 төрлийн нүдний мэс засал хийдэг ажээ. Би 2 сар 15 хоног зүүн нүд юм харахгүй амьдарлаа. Бүх юмыг 100 хувь харж байсан хүн одоо зөвхөн баруун нүдээрээ хардаг болсон нь их л тавгүй байлаа. Сахартай хүн хөлөө тайруулдаг, нүд нь сохордог, шигдээс тусдаг, бөөр нь муудаж гемодиализд ордог хэмээн бодохоос дотор харанхуйлна. 8-р сарын 19- ний өдөр Улаанбаатар хотод П.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн коридорт олон улсын Орбисын нүдний эмч нарт үзүүлэх 80 хүн цугларсан байлаа. Орбисын эмч нар маш нарийн ул суурьтай үзэж байлаа. Нэг хүнийг бараг хагас цаг шахам үзэж юм асууж нарийн судалгаа хийж байлаа. П.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг дээр Орбисын нүдний америк эмч бүсгүй Кэролайн миний зүүн нүдийг сайтар шалгаж дараах зөвлөгөө өгөв. Кэролайн эмч надад хандаж: “Таны зүүн нүд сахарын хүндрэлээс болж цус харвалт болсон байна. Зүүн нүдийг чинь хагалгаа хийж нүдэнд хурсан цусыг чинь соруулж авна. Дараа нь шингэн шахна. Та нөгөө баруун нүдээ зүүн нүдэндээ хагалгаа хийснээс хойш хоёр 7 хоногийн дотор лазер эмчилгээ хийлгээрэй” гэв. Ингээд би маргааш нь эмнэлэгт хэвтэж Орбисын эмч болон монгол эмч нарын хагалгаанд оров. Миний нүдэнд 3-р эмнэлгийн Нүдний мэс заслын тасгийн нүдний торлогны их эмч Л.Оюунзаяа болон Орбисын эмч Кэролайн нар хагалгаа хийв. Эхлээд зүүн нүдэнд мэдээгүйжүүлэлт хийж хагалгаа эхэллээ. Бүх биеийг зөвхөн зүүн нүдийг гаргаад хуччихсан тул зөвхөн хоёр эмчийн англиар ярих л дуулдана. Хагалгаа бүтэн нэг цаг үргэлжлэв.


Хамгийн сүүлд америк эмч Кэролайн Л.Оюунзаяа эмчийн мэс ажилбарт сэтгэл хангалуун байсан бололтой “Perfect” /Төгс боллоо/ хэмээн хэлэх нь сонсогдлоо. Би эмнэлэгт нэг хоноод маргааш өглөө нь зүүн нүдний боолтоо авлаа. Эмч надад “Та 21 хоногийн дотор хараа аажмаар орно“ гэлээ.


Эмнэлэгт хамт нэг палатанд эмчлүүлж байсан хүмүүсийг ажиглахад бүгд л сахараас болж нүд нь юм харахаа больсон, эсхүл сахараас болж бөөрний дутагдалд орж гемидиазд ордог хүмүүс байлаа. Нэг жолооч эр кока колаг том саваар уусаар байгаад сахартай болж нүд нь юм харахгүй болж, одоо бөөрний дутагдалтай болж гемидиазд ордог болжээ. Би эмнэлгээс гарч гэртээ очоод хагалгааны дараа 11 хоноод зүүн нүд минь 100.0 хувь хараа орж хараа минь хэвийн сайн болсонд маш их баярлаж өндөр ур чадвартай мэс засалч их эмч Л.Оюунзаяадаа хязгааргүй их талархаж билээ. Л.Оюунзаяа эмч маань Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийг төгссөний дараа 2017 оноос эхлэн П.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Нүдний мэс заслын тасгийн торлогны их эмчээр ажиллаж нийт 600 гаруй хүнд нүдний мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэжээ. Эдгээр бүх хагалгааны 60.0 хувийг чихрийн шижингийн хүндрэл болж нүд нь юм харахгүй болсон хүмүүс эзэлж байсан бөгөөд эдгээр хүмүүст амжилттай хагалгаа хийж хараа оруулжээ.


Эдүгээ монголын анагаах ухааны салбар Х.Батмягмар, Л.Оюунзаяа, Б.Наранцэцэг эмч нар шиг мэдлэг, туршлагатай, өндөр ур чадвартай олон сайн эмч нарын нуруун дээр тогтож байна, тэдгээр эмч нар бол өнөөгийн монголын анагаах ухааны хөгжлийн нүүр царай болж байна.


Би Улаанбаатар хотод гуравдугаар эмнэлэгт эмчлүүлж байхдаа инженер Гинжболд гэдэг хүнээс эм хэрэглэхгүйгээр сахарыг хэвийн хэмжээнд болгодог Буяндэлгэр эмчийн аргыг сонсож мэдлээ. Гинжболд интернэтээр над руу Буяндэлгэр эмчийн арга барилын тухай мэлээллийг явуулжээ. УБ хотод би А.Буяндэлгэр эмчтэй уулзлаа. А.Буяндэлгэр эмч бол АНУ-ын доктор Ричард Бернштэйний аргыг Монголд нутагшуулсан мэдлэг, туршлагатай сайн эмч байлаа. А.Буяндэлгэр эмчийн яриа, эмчилгээний арга барил, зөвлөмж, логик нь надад их оновчтой зөв санагдлаа. Багануурт би гэртээ ирээд А.Буяндэлгэр эмчийн аргыг шууд хэрэгжүүлж эхлэв. АНУ-ын доктор Р.Бернштейн эмчийн эмчилгээ нь нүүрс ус багатай хоолны дэглэм, биеийн хүчний дасгалыг хийснээр чихрийн шижинтэй хүний цусан дахь сахарын хэмжээг яг эрүүл хүнийхтэй адилхан 3.7 - 5.3 ммоль/л хэмжээнд барих бүрэн боломжтой ажээ. АНУ-ын доктор Ричард Бернштейн 1934 онд төрсөн бөгөөд 1946 оноос эхлэн чихрийн шижингийн нэгдүгээр хэлбэрээр 76 жил өвчилсөн ч гэсэн энэ өвчнийг ялж, эдүгээ 90 насыг зооглож эмчийн ажлаа ч үргэлжлүүлэн хийсээр байгаа ажээ.А. Буяндэлгэр эмчийн эмчилгээг томъёолвол: “Нүүр ус багатай хоолны дэглэм” + Биеийн хүчний дасгал” = “Чихрийн шижингүй эрүүл хүн” хэмээн ойлголоо.Би эхний өдөр шууд л Буяндэлгэр эмчийн аргыг хэрэгжүүлж сахар бууруулдаг “Форсига”, “Гальвус” гэдэг хоёр эмийг уухаа больж зөвхөн нүүрс ус багатай монгол хоолны дэглэм, биеийн дасгал хоёрыг сайтар сахиж эхэллээ. Ер нь би инсулины тарианд нэг л сүжиг буураад байсан юм. Учир нь би олон жилийн өмнөөс Баянзүрх дүүргийн дотоод шүүрлийн эмч авгайгаас инсулин тариа авах зөвшөөрлийн бичиг авч сахарын эсрэг эм, тариа авдаг байлаа. Гэтэл нөгөө эмч авгай бүр сүүлдээ бараг 20 жил өнгөрчихөөд байхад чихрийн шижингийн талаар миний ямар ч шинжилгээтэй танилцаагүй, ямар ч эмчилгээний зөвлөлгөө өгдөггүй мөртлөө нөгөө тарианы хэмжээгээ 10 нэгжээр хийдэг байсныг 20 болтол нь нэмэгдүүл хэмээн тулгадаг болов. Гэнэт миний дургүй хүрч сүүлийн 20 жилд анагааах ухаан улам хөгжөөд байхад өнөөх ганц тарианаас өөр арга байхгүй мэт бүтэн 20 жил нэг зүйлээ ярьсаар байх юм хэмээн бодоод инсулины тариаг нэг жилийн өмнө зогсоочихсон юм. Би гэртээ ирээд өдөр бүр сахих санамжаа “ Зорилго: Сахарыг цусанд 4.0 – 5.2 –т тогтмол 24 цаг барина. Гурван сарын дундаж 5.5, хоолны дараа 6.0 ммоль/л. Сахарыг эм, тариагаар бус, хоолны дэглэм, дасгалаар барьж эдгэрнэ.


Хоолны дэглэм.Үндсэн хоолны орц: Монгол малын өөхтэй мах / Үхэр , хонь, ямаа, адууны мах/ ,Таван цулын мах. Увсын байгалийн бор давс, Бүх төрлийн ногоон байцаа, мөн огурцы. Хонины сүүл. Ямааны болон үнээний бүрсэн монгол тараг.Шинэ өндөг.Өндгийг шар тосонд хайрна эсхүл чанана. Ногоон цай / чанартай япон, хятадын навчтай ногоон цай / ууна.Бүрсэн монгол таргийг үдийн хоолны үед эсхүл өглөөний 11 цагт ууж болно. Хоолонд 350-500 грамм мах хийнэ. Гарны ба хөлний булчингийн дасгал хийнэ.” гэх зэргээр бичлээ. Энэхүү дэглэмийн дагуу би эхний өдөр сахарын эм огт хэрэглэлгүй дэглэмээ сайн сахиж дуусгаад маргааш өглөө нь сахараа үзэхэд 4.9 моль байв. Би ихэд гайхаж миний итгэл улам ихсэв. Би дараа дараачийн өдрүүдэд өглөө нь шар тосонд хоёр өндөг шарж иднэ, эсхүл үсдүүжин иднэ, ногоон сонгино, огурцы, помидорыг салат болгож зооглов. Өдөр нь үхрийн махтай байцаатай шөл зооглов. Орой би хоол иддэггүй л дээ. Гантел гартаа өргөж, хөлний булчингийн дасгал хийв. Эхний нэг сар өнгөрлөө. Сахар 4.0-5.6 моллийн хооронд яг л эрүүл хүнийх шиг хэлбэлзэж байв. Миний сахарын 3 сарын дундаж 5.6 моль болов. Биеийн жин маань 75 кг байснаа 67 кг болж буурав. Энэ дэглэмээ би насан туршдаа барих хэрэгтэй юм байна гэдгээ сайн ойлгов.Монгол малын мах их сайн юм байна. Гэхдээ шөлнөөс нь тосыг нь ялгаж аваад уух нь нь зүйтэй.


Адууны махаар болон Дорнодын болон Хэнтийн Хурхын  2-р гурилаар бууз хийж идэхэд сахар огт ихсэхгүй байлаа. Ер нь манай өвөг дээдэс монгол малын махаа дээдэлдэг байсан. Одоо орчин үеийн монголчууд гахай, тахиа, загасны мах иддэг болж бүр сүүлдээ гадаадад очоод мэлхий, могой, хавчны мах идсэнээ гайхуулдаг болжээ.


Эдгээр зүйлийг монгол хүн цээрлэдэг байсан юм шүү. Одоо юү ч хамаагүй иддэг болжээ. Би гурилан бүтээгдэхүүн, талх, мантуу, гоймон, цагаан будаа, төмс, торт, ул боов, печень жигнэмэг, чихэр, жимс, пицца, пиво, кола зэргээс татгалздаг болов. Ер нь талх, мантуу бол орос, хятадын ядуусын хүнс юм билээ. Орчин үеийн хүнсний бүтээгдэхүүнүүд бүгдэд нь элдэв химийн бодис, элсэн чихрийг хэтрүүлэн хийдэг юм.Чихрийн шижинтэй хүмүүс сахароз, фруктоз, лактозтой хүнсний бүтээгдэхүүнээс эрс татгалзах хэрэгтэй. Монгол хүн монгол мах, монгол цагаан идээгээ л зооглох нь өлзийтэй шүү. “Чихрийн шижин бол өвчин биш , эмгэг юм” гэж хэлсэн А.Буяндэлгэр эмчийн үгэнд би 100.0 хувь итгэдэг болов. Бидний эрүүл мэндэд хор учруулдаг орчин үеийн нэг том асуудал бол хэт таргалалт юм. Монголчууд “Тарган мал тал бүрийн ашигтай. Тарган хүн төрөл бүрийн өвчтэй” хэмээн ярьдаг даа. Төрөл бүрийн амттан кекс, торт бялуу, еэвэн, печень, вафли, шоколад, зайрмаг, хиам, чихэрлэг ундаа, кола, пепси , элдэв гурилан бүтээгдэхүүн мантуу, талх, нарийн боов боорцог, гоймон ихээр хэрэглэдэг хүмүүс богино хугацаанд илүүдэл жинтэй болж таргалдаг. Нэгэнт илүүдэл жинтэй болж таргалсан хүн чихрийн шижин өвчний хоёрдугаар хэлбэрт орж, артерийн судасны нарийсалт болж, цусны даралт нь ихсэж, багтраа, бүдүүн гэдэсний хорт хавдар, нойр булчирхайн өвчлөл, цөсний чулуутай болж, үе мөчний үрэвсэл, элэг, бөөрний өвчтэй болж амь насанд халтай эмгэгт өртөнө шүү хэмээн анагаах ухааны эмч доктор нар бидэнд анхааруулсаар байна. Хүмүүс бид эмч нарын зөвлөлгөө, анхааруулгыг зөвхөн мэдээд зогсохгүй шууд хэрэгжүүлж эрүүл мэндээ хамгаалах нь чухал юм. Чихрийн шижин бол маш их сонор сэрэмжтэй байхыг шаарддаг юм. Хүн өөрөө эрүүл мэндээ хамгаалж идэвхтэй үр дүнтэй зүтгэхгүй бол бүх зүйл талаар өнгөрөх нь мэдээж.  


Эрүүл амьдралын нэг чухал зүйл бол эрүүл сэтгэл зүй юм. Хорьдугаар зууны монголчууд бол 70 жилийн турш буруу номтон улаантнуудын дарангуйлалд өртөж, уламжлалт анагаах ухаан, уламжлалт ёс зүй, уламжлалт монгол хоол, бурханы шашин, монгол соёлоо устгаснаас болж монгол хүний онцлог эрүүл сэтгэл зүй, эрүүл хоол зүй нь эрүүл бус болсон юм. Нийгэм нь харгис дарангуйлалд орчихсон, хүмүүс нь шунал, уур бухимдал, гомдол тэмцэл, хараал хэрүүлд живчихсэн , буян, нүглээ ч ялгахаа байчихсан учраас нийгмээрээ элдэв өвчинд баригдчихсан байлаа. Одоо ч хэвээрээ. Эдүгээ монголын нийгэмд хэрүүл тэмцэл, хулгай дээрэм, гэмт хэрэг ихэссэн болохоос буураагүй. 


Эртний буддын сударт “Хэрүүл бол ханиад өвчин гарахын үндэс, өвчин бол үйлийн үр, өвчин бол буруу бодлын үр дүн” хэмээн бичсэн байдаг. Хорьдугаар зууны монголчууд азийн Монголд огт хамаагүй, хаа холын харийн улаан хувьсгал, коммунизм, социализм, орос эмнэлэгт итгээд түвд монголын эмнэлэг, буддын ухаан, монгол ёс, монгол эм дом зэрэг олон мянган жилийн уламжлалт соёлдоо итгэхээ больсон, өөртөө бол бүр итгэхээ больсон байлаа.


Өвчин зовлонг нам засаг, гартаа ганц шприц барьсан эмч эдгээдэг ч юм биш. Монгол оронд хэдэн зууны турш өвчтэй хүнийг оточ маарамба үзээд биеийг нь цогцоор нь эдгээх аргыг хэрэглэж ургамлын эм тан өгч, залбирч хэлэх тарнийг нь хамт хэлээд тухайн хүнийг цоо эрүүл болгодог байлаа. Орчин үеийн европ эмнэлэг бол сайны хувьд сайн л даа, гэхдээ зөвхөн тухайн хүний бие дээр төвлөрч тэрхүү бие дээр гарсан өвчнийг устгана гээд элдэв тариа, химийн эмүүдээр бөмбөгдөөд байдаг. Хорт хавдар, чихрийн шижин гэх мэтийн өвчнүүдийг “эдгэдэггүй өвчин” гээд зарлачихсан. Гэтэл уламжлалт анагаах ухаан болон бясалгалын аргаар тэдгээр өвчнүүдийг эдгээсэн тохиолдол олон байдаг ажээ. Эрт дээр үед Хималайн нуруунд өндөр газар цастай агуйд бясалгал хийдэг лам нар нимгэн орхимжтой ч гэсэн биеийнхээ дулааныг тохируулж хүйтний эсрэг бясалгал хийж нимгэн орхимжтой мөртлөө огт даардаггүй байжээ. Гэтэл энгийн хүн тэнд чонон дахтай мөртлөө даараад байдаг байв. Тэдгээр лам нар бясалгалын аргаар өвчнийг эдгээдэг байжээ. Иймд эсийн түвшинд бясалгал хийж эд эсээ эрүүл болгодог эртний энэтхэгийн анагаах ухааны аргуудыг орчин үед өргөнөөр ашиглах нь зүйтэй юм. Далай ламын аравнайлсан үрэл залгиад зөвхөн залбирал хийж мөргөл үйлдээд элдэв өвчнөөс, бүр хорт хавдараас хүртэл салсан хүмүүс байдаг ажээ. Зопа римбүүчийн “Зовлонг амар амгаланд урвуулахуй” гэдэг нэг сайн ном байдаг.Тэрхүү номонд буддын бясалгал, тарни, нүннай сахих, мацаг барих аргаар элдэв өвчин, хорт хавдраас хүртэл эдгэсэн хүмүүсийн тухай, жаргалын дор ч гэсэн зовлон нуугдаж байдаг тухай өгүүлдэг. Орчин үед бясалгал хийж байгаа нь энэ гээд, эсхүл гар утас, компьютерийн дэлгэц олон цагаар хараад хөдөлгөөнгүй сууж болохгүй. Хөдлөх хэрэгтэй. Хүн ер нь энэтхэгийн иог, хятадын ушу зэрэг биеийг сайжруулдаг хөдөлгөөний урлагийг сурах нь их чухал даа. Орчин үеийн хүн эрүүл мэндээ өдөр тутам өөрөө хянах нь зөв дөө. Хүмүүс гэртээ даралтны аппарат, сахар хэмжигч, хөдөлгөөн дасгалын хэрэгслэлээ бэлэн байлган ашиглаж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.Эдгээр багаж хэрэгслэл эмнэлэг бүрт бэлэн байдаггүй эсхүл эвдэрсэн, эсхүл ажиллахгүй болсон тохиолдол байж л байдаг. Будда хоёр мянганы тэртээ хүмүүний сэтгэлд бугшсан уур, шунал, мунхаглал дээр суурилсан сэтгэлийн 84000 нисваанисийг дарж, 84000 номын цогцод урвуулан гэгээрэлд хүрсэн. Будда нирваанд орохын өмнө шавь нартаа хандаж “Сэтгэлээ жолоодож сур, биеэ хянаж сур, сэтгэлийнхээ эзэн нь бол. Бясалгал сайн хийж, дотоод ухамсраа сэрээ.


Амьд яваадаа таларх. Байгаль дэлхий, ус агаар, хөрс ургамал, ой мод, аав ээж, ах дүү, анд нөхөддөө болон хүрээлэн буй хүмүүст таларх. Өөрөө өөртөө гэрэл болцгоо.” хэмээн сүүлчийн айлдвараа хэлсэн байдаг. Тэхлээр хүмүүн бүр Боди сэтгэлийг олох хэрэгтэй.


Боди сэтгэл гэдэг нь тэгш сэтгэл, энэрэхүй сэтгэл, асрахуй сэтгэл, төгс баясгалант сэтгэл дээр тогтдог ажээ. Хүмүүн бүхэн Боди сэтгэл, Хоосон чанарыг бясалгах хэрэгтэй. Хүмүүн бүхэн муу бодлоос чөлөөлөгдөх хэрэгтэй. Бүх бодлоос чөлөөлөгдвөл бүр сайн. Бодлын боол болох нь сайн зүйл биш. Хүмүүсийн уур, атаа, хорсол, шунал, хэрүүл, гомдол, гутрал, цөхрөл, шаналал бүхэн эцэстээ өвчинд хүргэдэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Сэтгэлийн өвчин биеийн өвчин болохдоо тун амархан. Орчин үеийн хүмүүс эрүүл сэтгэлгээтэй болохын тулд зөв бясалгал хийх хэрэгтэй. Дэлхийд олон бясалгал байдаг.Хамгийн зөв бясалгал бол Буддагийн 2500 жилийн өмнө нээсэн Vipassana буюу Үлэмж үзэхүйн бясалгал юм. Монголд үлэмж үзэхүйн бясалгалыг Д.Ширэндэв багш дэг жаягийнх нь дагуу ард түмэндээ зааж, үйлийн үрийг зогсоож, сэтгэлийн гэм хирээ ариусгах боломжийг олгож байна. Далай лам багшийн “Орчин үеийн хүмүүс мөнх юм шиг амьдрах юм. Тэгсэн мөртлөө амьдраагүй юм шиг үхэх юм. Хүмүүс хамаг амьдралаа мөнгө олоход зориулж ажиллаад эцэст нь олсон мөнгөө орчин үеийн элдэв өвчнөөс салахад зориулж дуусгах юм даа” гэсэн үгийг бид санах хэрэгтэй. Тэхлээр орчин үеийн хүмүүс бидний өмнө өвчингүй эрүүл чанартай амьдрах уу, эсхүл өвчинтэй чанаргүй амьдрах уу гэдэг сонголт тулгарч байна. Хүмүүс залуу наснаасаа эхлэн элдэв өвчин тусах , хугацаанаасаа өмнө өөд болох, өвчнөөс салахгүй элдэв эм, тарианы боол болж сэтгэл санааны элдэв зовиур, дарамт, гомдол, тунирхал, цөхрөлтэй амьдрах уу, эсхүл бие, сэтгэлээрээ эрүүл болоод санаа сэтгэл амар амгалан, баяр баясгалантай, сэтгэл дүүрэн амьдрах уу гэдэг нь тухайн хүнээс өөрөөс нь голлон шалтгаалдаг ажээ. Монголчууд “Эзэн хичээвэл Заяа хичээнэ, Сэжгээр өвдөж, Сүжгээр эдгэдэг, Өвчингүй бол жаргал, Өргүй бол баян” хэмээх мэргэн үгийг хэлдэг дээ. Хамаг амьтан, хүмүүсийн өвчин үтэр түргэн эдгэх болтугай. Хамаг амьтан өвчин зовлонгүй, амар амгалан, эрүүл саруул болж, боди сэтгэлийг олох болтугай.


Доржийн СҮХБААТАР