sonin.mn

“Эх орон Эв нэгдлээс эхтэй

Эрхэм ёсон Элбэрэл хайраас эхтэй”


Өнөөдөр бид улс орноо аврах тухай ярих хэрэгтэй болоод байна. Учир нь “хөгжил” гэж саймширсан өндөр гоё барилгуудын ард гадны эзэд бүгж, хөрөнгө оруулалт нэрээр монголын баялгийг харийнхан өмчлөн эзэлж, харин монгол иргэд амьдрах боломжоо алдан гадагшаа түрэгдэн дайжиж, эх оронгүй болцгоож байна. Энэ үр дагаврыг авчирч буй хүчин зүйл нь нийгмийн задрал юм. Нийгэм задрана гэдэг нь ард иргэд эв нэгдэлгүй, төргүй болсон гэсэн үг. Энэ нь бие биенээ хайрлан хүндлэх дэг журам, жудаг ёс алдарч, үг хэлээ ойлголцох ухаангүй, бусдынхаа өмнө хүлээх үүрэг хариуцлага үгүй болж, Төр улс эзэнгүй болно гэсэн үг мөн.


Тэгээд ард иргэдийн эв нэгдлийг хэн бусинуулж орхисон юм бэ гэж үү?


Тэр бусинуулагч бол 1992 оны Үндсэн хуулиар бий болгосон ОЛОН НАМ-ын тогтолцоо юм. Олон намын тогтолцоог бий болгосон нь “Хамтрах гэдэг хүний нийгмийн хууль”-ийг  “Өрсөх гэдэг ширэнгийн хууль”-иар сольсон хэрэг байлаа.


Нийгэм гэж юу билээ?!


“... Хэл ярианы ачаар бие биедээ санаа бодлоо дамжуулж, хамтын хүчээр юуг ч ялан дийлэх чадалтай, юуг ч бүтээх чадамжтай болсон нь бас тус тусдаа орших боломжгүй, бие биенээсээ харилцан хамааралт нөхцөл, эвлэн нэгдэх хүсэл эрмэлзлэл, хэрэгцээг ч бий болгожээ.  Ингэж ... хэн илүү туршлагатай, чадвартай нь бусаддаа “мэдлэгээ” зааж сургаж дамжуулах, удирдан зохицуулах, хамтын хүчийг зохион байгуулах үүргийг гүйцэтгэдэг болсноор нийгэм гэдэг хүчирхэг бүтэц төлөвшин хөгжиж иржээ.


Товчоор тодорхойлвол: НИЙГЭМ гэдэг нь захирах, захирагдах ёсонд эмхлэгдсэн /зохион байгуулалттай/, хүмүүний хамтын оршихуйн тогтолцоо юм.


Гэтэл ард иргэдийг олон намаар талцуулж, үзэл бодлоор зөрчилдүүлж, эд мөнгөнд шунасан “би” гэх аминч бэртэгчин зан суулгаснаар Нийгэм задарч: 


1-рт Бие биенээ үл хайрлах, бусдад үл итгэх, хоорондоо үл ойлголцох болж, ахуй соёл, хэл сэтгэхүйгээ ч эвдэн бусинуулж, бусдыг үзэн ядах, атаа хорсол, гансрал ганцаардлын гундал доройтлоор сэтгэл оюун нь хоосорч бие биенээсээ алсран холдсоор ...


2-рт Бусдад хандах хайр хүндлэл, итгэл нь алдарч, аливаад хайхрамжгүй хариуцлагагүй болсноор байгаль газар нутгаа ч хайр гамгүй бохирлож, цөлмөж, устгаж, эвдэн сүйтгэж, зарж арилжиж, нутаг орноосоо дайжиж, эх орон - төрсөн нутаг гэх үзэл санаа нь сарнин алдарсаар...   


3-рт Нийгмийн итгэл, оюун санааг нэгтгэж, улс орныхоо амьдрал хувь заяаг сайн сайхнаар цогцлоон авч явах ёстой Төрийг дураараа завшиж болох их мөнгөний уут, гэмт хэрэгтний аюулгүй орогнох газар гэж ойлгодог болтлоо өөр хоорондоо булаалдан, эрх мэдлийн төлөө тэмцэлдэгчид болгов.


Тэгвэл Эх орон гэж юу билээ?!


Эх орон буюу улс гэдэг нь


1-рт: хэл соёл, ахуйгаараа нэгдмэл ард түмэн,


2-рт: тэдгээрийн нэгдмэл оршихуйг хангаж буй газар нутаг,


3-рт: ард түмнийхээ ахуй ухамсар, үзэл санааг нэгтгэн удирдаж, газар нутгийнхаа эрүүл, бүтэн байдлыг хамгаалж авч явдаг Төр гэсэн гурван бүрдлийн нийлбэр байдаг. Гэвч харамсалтай нь монголын ард түмнийг Төр гэдэг энэхүү ухагдахуунаа ойлгох ухамсаргүй, төрийн үүрэг хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх ухаан, чадамжгүй болгож, эх орноо үгүй хийх нийгмийн задралыг “ардчилал”-ын философи, “олон намын” тогтолцоогоор замчилж ирлээ. “Ардчилсан” капитализмд шилжсэнээр төрийг биш намыг дээдэлдэг, эв нэгдлийг биш, задралыг “хөөрөгддөг” үзэл сурталд живсэн. УИХ, ЗГ, Ерөнхийлөгчөө сонгочихоод,


Төргүй гэж юу яриад байна гэж үү? ...


Төр гэдэг бол хэлбэр загвар биш ээ!


Тэгвэл Төр гэж юу билээ?!


Төр гэдэг бол улс үндэстнийхээ эрх ашгийг хамгаалж, бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрийн ард түмнээ хайрлан халамжилж, амьдралыг нь тэтгэж, ухамсар, соёл, сэтгэл оюуныг нь урамшуулан хөгжүүлэхийг бодлого, зорилгоо болгосон, үүрэг хариуцлагын бүтэц юм. Тэр агуулгаар төр гэдэг бол цагийн механизм шиг нарийн төвөгтэй байгууламж. Бас тэр агуулгаар “Төр” гэдэг бол ард түмнийхээ эрдэм мэдлэг, оюун санааны охь манлайн хуримтлал нь, хүч авъяасыг нь нэгтгэн зангиддаг чадамж нь юм.


Тиймээс өөрсдийнхөө дундаас нийгмээ тэтгэх ёс зүй, оюуны сор болсон хүмүүсээ төрдөө залах зоригдол нь жам ёсны хэрэгцээ, эрмэлзлэл мөн. Бас Төр бол тухайн улс үндэстэн бүрийн өөрийнх нь /өөрсдийнхөө төлөө бий болгож буй/ бүтээл. Тиймдээ ч Төрийнхөө оршихуйн төлөө ард түмэн татвараа төлдөг.


Тодруулж хэлбэл “Төр” гэдэг ойлголт нь


1.Төрийн бүтэц буюу хяналт, удирдлага, гүйцэтгэл гэсэн гурван төрлийн үйл ажиллагааг хангах тогтолцоо,

2.Төрийн бодлого гэх үйл ажиллагааны чиг шугамыг заасан нарийн тодорхой, үзэл баримтлал гэсэн бүтэц бүрдлүүдийг өөртөө агуулсан, өргөн агуулгатай ухагдахуун юм.  


Бид одоо юуг сонгож байгаа вэ?


Уг нь одоогийн Үндсэн хуулинд “Гуравдугаар зүйл. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж заасан. Гэвч Төрийг биш намыг сонгодог “олон намын тогтолцоот” сонгууль нь иргэдийг тэрхүү эрхээ эдлэх боломжгүй болгодог.


Учир нь бид Төрд ажиллах хүнийг биш, Төрийн эрх мэдлийг “өмчилдөг” /өөрсөддөө зориулж ашигладаг/ “нам” гэх бүлэглэлийг сонгодог.


Үндсэн хуулийн “Гучин ес дүгээр зүйл. 2.Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; ... Ерөнхий сайдаар томилох саналыг ... Улсын Их Хуралд оруулна.” Ард түмний мэдэлд байх ёстой Засгийн бүх эрх мэдлийг “нам” гэх бүлэглэл “худалдаад авчихсан” гэсэн үг. Нэгэнт эрх мэдлийг “худалдаад авчихсан” бүлэглэлүүд дураар авилаж эхэлмэгц, “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд” гэх Үндсэн хуулийн заалт хууран мэхлэлт байсныг /хүлээн зөвшөөрч чадахгүй/ итгэж чадахгүй бухимдсан иргэдийн өөдөөс үл тоомсорлосон “салаавч” үзүүлээд хөх инээдээ барьж ядан суудгийн учир энэ л дээ. Өөрөөр хэлбэл өнөөгийн Үндсэн хуулийн тогтолцооны сонгууль гэгч нь иргэд өөрийн ТӨЛӨӨЛЛӨӨ СОНГОДОГ биш, харин бүлэглэлүүд эрх мэдэл олж авахын тулд иргэдээс САНАЛ ЦУГЛУУЛДАГ үйл ажиллагаа юм.    


Олон намын гамшигт үр дагавар


Олон намын тогтолцоот сонгууль гэгч нь:


1-рт Нэр дэвшигчид өгч буй санал нь нэгэнт “нам” гэх бүлэглэлийг сонгож байгаа учраас сонгогдсон гишүүнийг хянах, хариуцлага тооцох боломж сонгогчдод байхгүй.


2-рт Хариуцлага тооцох эрх хэмжээ зөвхөн нэр дэвшүүлсэн намын удирдлага, сонгогдсон гишүүн хоёрын харилцааны тэнцвэр дээр бий болдог бөгөөд намынхаа удирдлагын ая талыг харах, намын эрх ашиг гэгчийг урьтал болгох, улс нийгмийн эрх ашгийг хойш тавих сэтгэл зүй эндээс бүрэлддэг.


3-рт Нэгэнт бүлэглэлийг сонгодог учраас сонгуулийн тойрог нь сонгогчдын эрх мэдлийн үйл ажиллагааны орчин биш, намуудын дэнчин тавьдаг “өмч”, санал худалдан авах “арилжааны бүс” болдог.


4-рт Өөрийн мэдэхгүй, зөвхөн намуудаас нэр дэвшүүлсэн хэн нэгэнд санал өгөх оролцоог л сонгогчдод тулгадаг “олон намын” өрсөлдөөн нь, өнгөц гадаад байдалд автах, амин хувийн ашиг харах, гэнэн, харалган хандлагыг нийгэмд бий болгож, энэ нь төрөө байгуулах ард түмний чадамжийг үгүй хийж, ёс зүйгүй эрх мэдлийг хангах, хяналтгүй тогтолцоог бүрдүүлж ирсэн.


5-рт Сонгогчдоос эрх мэдлийг “худалдаж” авах гэсэн бүлэглэлүүдийн “сонгууль” гэх “тэмцээнд” асар их хөрөнгө мөнгө үр ашиггүй цацагдаж, Улс оронд эдийн засгийн нөхөж баршгүй том хохирлыг учруулдаг нь “олон намын тогтолцоо”-ны бас нэг гамшиг юм.


6-рт Цаашлаад эрх мэдэл авсан нам бүлгийн “оршин тогтнол” нь “шахааны хүнээ” төрийн албанд шургуулах, “бүлгийн цүнх баригч” нартаа зориулж янз бүрийн хэрэггүй албан тушаал бий болгох, хөрөнгө мөнгөөр “бүлгийн арыг даагч”-дын шахааны бизнесийг тэтгэх, бүлгийн ашгийг хамгаалахын тулд гэмт хэргийг нуун дарагдуулах, хуулийг өөрчлөх, ял шийтгэлээс чөлөөлөх, золиосны хүн түлхэх, мөнгөөр хэл ам дарах, ... гэх мэт улс нийгмийг, хүний мөн чанарыг эвдэн бусинуулсан, асар их хор хохиролтой, ёс зүйн хог бүртгийг ар араасаа дагуулан тараадаг. Энэ бүхнийг нийтээрээ харсаар, мэдэрсээр байгаа. Олон намын тогтолцоо бол манайх шиг хүн ам цөөнтэй улсын хувьд байж болохгүй, буруу хувилбар юм. Бид ингэж улс орноороо “мөрийтэй тоглоомын донтон” шиг зугаацаж, бүлэглэлүүдэд “эрх мэдэл худалдаж” ашиг хайдаг тэнэгүүд байж болохгүй ээ!  Өөрсдөө ч үл анзааран, бузар булай, худал хуурмагийн намагт живж байгаа “тэнэглэл”-ээсээ нэн даруй татгалзацгааж, Олон намын тогтолцоог үтэр түргэн өөрчлөе! 


Яагаад намгүй сонголт гэж үү?!


Аливаа эрх мэдэл гэдэг хяналтгүй бол дураар авирлал болдог. Тиймээс төрийн дээд эрх нь хяналт бөгөөд ард түмэн хяналтаа тавих тэр арга механизм нь Ардын Их хурал юм. Тэр механизм нь төрөө байгуулах үйл хэрэгт иргэд өөрсдөө ухамсартайгаар гар бие оролцохоос эхлэнэ. Өөрөөр хэлбэл Төрийн чадамж, бодлого ухааныг ард иргэдийн санаа бодлоор сэлбэх зорилго бүхий, Ардын Их Хурал /АИХ/ гэх төлөөллийн байгууллагад тухайн тойргийн ард иргэд өөрсдийн дундаас санаа бодлыг нь илэрхийлэх төлөөлөгчөө сонгох нь “хамтрах” гэдэг хүмүүний хуульд нийцэж буй хэрэг мөн.


Намгүй сонголтын тогтолцооны давуу тал нь:


1-рт Тухайн тойргийн иргэд өөрсдөө нийгэмд шийдэх шаардлагатай нөхцөл боломж, санаа бодлоо зөвшин хэлэлцээд, тэр бүхнийгээ хамгийн зөв сайн хүргэж чадах элч төлөөлөгчөө дотроосоо тодруулан гаргаж ирэх үүрэг хүлээх бөгөөд, энэ нь нэг талаас төрийнхөө бодлого, зорилгыг улам сайжруулах нөхцөл, нөгөө талаас иргэдийнхээ санаа бодлыг зайлшгүй анхаарч үзэх хариуцлагатай, шуурхай, ажил хэрэгч хандлагыг Төр засгийн үйл ажиллагаанд бий болгоно.


2-рт АИХ нь байнгын бус ажиллагаатай, хурлын чөлөөт цагт төлөөлөгч нь бусдын адил нийгэмд өөрийн эрхэлж ирсэн ажил хөдөлмөрөө хийж амьдрах нь, тойргийнхоо иргэдтэй хамт эрх мэдлийн хэм хэмжээнд бодит хяналт тавих хүч болж чадна.


3-рт Ард иргэд ч сонгосон төлөөлөгчдөө санаа бодлоо чөлөөтэй хэлж, зөвлөх, хянах, тойргийн иргэдийнхээ хүсэлт шаардлагад ажил хэрэгч шуурхай хандаагүй тохиолдолд төлөөлөгчөө сольж өөрчлөх бодит боломжийг бүрдүүлнэ.


4-рт Энэ бүхэн нь улс нийгмийнхээ хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулах гэсэн иргэдийн идэвхитэй, ухамсартай, хариуцлагатай үйл ажиллагаа, хандлагыг хамтад нь төлөвшүүлнэ.


5-рт Ингэснээр “сонгууль” гэх утга учиргүй өрсөлдөөн, дайсагнал, хөрөнгө мөнгөний үр ашигүй зарлага сүйтгэл үгүй болно.


6-рт Нийгэмд хүнээ зөв таньсан бодит нэр хүнд, хүндэтгэл, үлгэрлэл, ёс зүй зөв төлөвшиж тогтно.  Давтан сануулж хэлэхэд өнөөгийн “олон намын тогтолцоо”-г үтэр түргэн өөрчлөхгүй бол монголчууд эх оронгүй болох гэж байна.


Ирээдүй хойч үеийнхэнд маань байгалийн баялаг нь нэгэнт өвлөгдөхгүй болохоор халаасанд нь л хэдэн төгрөг хийгээд явуулахаар шийдэж буйг 2024 оны 04 дүгээр сард яаралтай батлан гаргасан “Баялгийн сангийн тухай хууль” гэгчээрээ нэгэнт нотлож, “ирээдүйн өв сан”-г бүрдүүлэхээ зарлан сурталчилж байгаа.


Монголын бүх /нийт газар нутгийг хамруулан/ баялгийг бушуухан ухаж төнхөж, барж дуусгах гэж хэрхэн яарч, бас тэр нь байгаль орчинд ямар хор уршиг тарихыг ч тэд өөрсдөө сайн мэдэж байгааг “Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2025”-н дээр сайд С.Одонтуяагийн онцлон дурьдсан "Бүх аймагт агаарын чанарыг хэмждэг автомат станцыг суурилуулна" гэсэн мэдээлэл тодорхой гэрчилнэ. “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэгчээр нэгэнт баялгий нь цөлмөн, байгаль, газар нутгий нь хордуулан үхжүүлэх гэж байж, агаарын чанарыг нь хэмжих хэдэн эвдэрхий станц суурилуулах нь юуг өөрчлөх ч билээ дээ?! ...





О.Лхагвадорж