sonin.mn

Улаанбаатар хотод өмнөх буюу мидлингээр хийсэн сайжруулсан шахмал түлшний нөөцөлсөн үлдэгдэл 40 мянган тонн түлшийг есдүгээр сарын 15-наас борлуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 373 борлуулалтын цэгээр түлшийг борлуулж байгаа. Харин аравдугаар сарын 1-нээс импортоор авч байгаа хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэлнэ.


2025-2026 оны галлагааны улиралд 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг борлуулахаар төлөвлөсөн. Ингэснээр 2025-2026 оны галлагааны улиралд түлшний нөөц хүрэлцээтэй байхаас гадна агаарын бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлнэ.


Тиймээс цаашид Монгол Улс хагас коксон түлшний үйлдвэртэй болох зайлшгүй шаардлагатай. Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт “Богино хугацаанд буюу 2024-2030 онд хагас коксон болон хийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх, хагас кокс-эрчим хүчний үйлдвэр барих” талаар тусгасан байдаг. Мөн Засгийн газрын 2025 оны есдүгээр сарын 2-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Хагас коксын үйлдвэр” байгуулах асуудлыг нийслэл Улаанбаатар хотыг бие даан хэрэгжүүлэх тухай үүрэг даалгаврыг эцэслэн өгсөн. Нийслэлийн зүгээс Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, журмын дагуу хагас коксон түлшний үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар төлөвлөж, төслийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн.


Хагас коксон түлшний үйлдвэр барих тендерийг аравдугаар сард зарлана. Өнөөдрийн байдлаар нүүрс-хими цогцолбор буюу хагас коксон түлшний үйлдвэр барих төслийн газрын зөвшөөрөл 100 хувь, нэгжийн ТЭЗҮ 100 хувь, технологийн судалгаа 100 хувь, хөгжлийн төлөвлөгөө 90 хувьтай хэрэгжиж байна.


Хагас коксон түлшний үйлдвэр барьснаар нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, боловсруулах үйлдвэрлэлийг нэг шат ахиулснаар экспортын орлогыг нэмэгдүүлэх, олон улсын түүхий эдийн үнээс хараат байдлыг бууруулах боломж бүрдэнэ. Ташрамд, Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх нь буюу 55.6 хувь нь гэр хорооллын айл өрхийн галлагаанаас, 28.9 хувь нь тээврийн хэрэгслийн дотоод шаталтын хөдөлгүүр болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэлтэй, үлдсэн 15.5 хувь нь уурын болон усан халаалтын зуух, хог хаягдал, дулааны цахилгаан станцын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэрээс үүдэлтэй гэж судалгаануудаар тооцоолжээ. Мөн Улаанбаатар хотод Баянхошуу, 7 буудал орчимд агаарын бохирдол хамгийн их хуримтлагддаг байна.