
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн Г.Лувсанцамцтай ярилцлаа. Тэрээр өнгөрсөн баасан гарагт сэтгүүлчидтэй уулзаж, өөрийн ахалж ажиллаж буй “20 минутын хот” үзэл баримтлалын талаар танилцуулж, хотын гол асуудал болсон түгжрэл, төвлөрлийг сааруулах шийдлийн талаар санал бодлоо солилцсон юм.
Блиц:
Ганзоригийн Лувсанжамц Монгол Улсын Их Хурлын гишүүн
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 2007 онд Олон улсын Кайё Ахлах Сургууль, Бүрэн дунд боловсрол
- 2011 онд Токиогийн Политехникийн их сургууль, Архитектор, Бакалавр
- 2018 онд Токиогийн их сургууль, Хот төлөвлөлтийн инженер, Мастер
- 2021 онд Токиогийн их сургууль, Хот төлөвлөлтийн инженер, Доктор
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2011-2013 онд “Гобитравэл” ХХК (Монгол), Архитектор
- 2014-2016 онд “MIBACE” LLC (Монгол), Захиалагчийн инженер
- 2015-2016 онд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Үндэсний зөвлөх
- 2022-2024 онд “Ниппон Коэй” ХХК (Япон), Дэд менежер
Нэг га-д 460 хүн амьдрах стандарт бий. Харин манай зарим хороод 2000 давчихсан
“20 минутын хот” гэхээр хүмүүс юу яриад байгаа юм гэж их асуудаг, гайхдаг. Зарим нь шүүмжилдэг. Энэ бол иргэн төвтэй, аюулгүй таатай амьдрах хотын зарчим гэж энгийнээр хэлж болно. Гэхдээ манайд уг нь тийм шинэ зүйл биш.
Хуучин оросуудын барьж өгсөн микро район гэж ярьдаг “Нэгдүгээр хороолол”, “3, 4 дүгээр хороолол”, “Сансар”, “120 мянгат” бүгд 20 минутын хот зарчмаар баригдсан. Хажуудаа цэцэрлэг, сургуультай, эмнэлэг ахуйн үйлчилгээний төв нь дэргэдээ, автобусны буудал нь алхаад хүрдэг байсан. Түүнийгээ эргээд сэргээе гэж байгаа юм.
Бид чөлөөт зах зээл рүү ороод, газрыг чөлөөтэй олгодог болсноор сургууль барих талбайгүй, эргээд сургууль цэцэрлэг нь ачааллаа даахаа больчихсон, гурван ээлжээр хичээллэдэг боллоо. Тиймээс энэ байдлаа өөрчилье. Ингэхийн тулд үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлттэй болох ёстой. Эрчим хүчний яам тусдаа цахилгаан, дулааны төлөвлөгөө гаргахгүй, Хот байгуулалтын яам дангаараа цэвэр бохирын төлөвлөгөө гаргахгүй, гэсэн үг. Хотын нэгдсэн төлөвлөлт гэдгээрээ энэ бүх төлөвлөгөө нь цуг хийгдэх юм. Энэ дээрээ иргэдийнхээ, оршин суугчдынхаа саналыг тусгая. Тэгж чадвал энэ маань илүү хүчтэй, цогц болж чадна. Одоо хэтэрхий олон салангид төлөвлөгөө байхаар яг үнэндээ бүх төлөвлөгөөнд санал өгч амждаггүй.
Ер нь зохистой нягтаршилтай, хүндээ ээлтэй хот байгуулах ёстой. Зохистой нягтаршил гэдэг бол нэг га газарт 2000 биш 400 хүн оршин суух нөхцлийг л хэлж байгаа юм.
Гэтэл олон улсад “Хятад хорооллууд” гэж нэрлэдэг, нэг га-д хэт олон хүн амьдардаг, хүн таатай амьдрах нөхцөлгүй ийм байдал руу манай зарим хороо орчихсон, шийдэж чадахгүй явж байна. Норм стандартаараа хэдэн хүн нэг га-д байх нь зохистой вэ гэхээр 460 хүн/га байдаг. Энэ нь манай барилгын норм дээр дээр байдаг боловч барилгыг хүлээж авдаг дарга нар нь зүгээр нүдээ аниад өнгөрөөчихдөг. Тэгэхээр үүнийг үзэл баримтлал болгоод гаргачихаар цаашдаа төлөвлөгөө гаргах гэж байгаа бол 460 хүнээс хэтрэхгүй гэдэг зарчмаа л барих ёстой.
Нийслэлийн нэгдсэн төлөвлөгөө 2040 он хүртэл хэрэгжинэ
-Гэр, суурин газруудыг дахин төлөвлөлт хийнэ гэж төр 16 жил “гол гарсан”. Таны хашаа газарт орсон гэж хэлээд дэд бүтэц таталгүй, барилга барьж өгөлгүй алга болсон. Үүнийг болино. Үүнээс цааш хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүд бүгдээрээ энэ эрх нь зөрчигдсөн, орон сууц нь нураагдсан, хашаа байшин нь хураагдсан иргэдийн эрхийг сэргээхэд чиглэх ёстой.
Нийслэлийн хөгжлийн нэгдсэн төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотод Толгойт, Сэлбэ, Баянхошуу, Амгалан, Дамбадаржаа зэрэг дэд төвүүдийг байгуулахаар төлөвлөж байна.
Тийшээ дэд бүтцээ яаралтай татах ажлуудыг эхлүүлэхээр нийслэлийн захиргаатай ярьж тохирч байгаа. Нийслэлийн хөгжлийн төлөвлөгөө тав, таван жилээр үргэлжлээд 2040 он хүртэл хэрэгжиж дуусна. Үүнд бэлдээд хэрэгжүүлэх үе, хэрэгжүүлэх үе, тогтворжуулах гэж байгаа. Улсын хэмжээнд 14 хот болон 14 дүүрэг болно, хороодуудыг цөөлнө гэж яригдаад байгаа. Үүний гол зорилго нь төрийн бүтээмжийг сайжруулах. Хорооны байран дээр үзүүлдэг үйлчилгээний 87 хувь нь И-Монголиа руу орчихсон. Тэнд 20 хүн сууж ажиллах шаардлагагүй. Тэгэхээр хорооны байрыг эсрэгээр нь иргэдийн нийтийн төв болгох боломжтой. И-Монголиагаар авч болж байгаа үйлчилгээгээ цахимаар, болохгүй байгаагаа дэд төвүүд дээр очоод авах боломжтойгоор зохицуулах шаардлагатай.
Хүн төвтэй, ээлтэй байх ёстой
-“20 минутын хот” үзэл баримтлалын хүрээнд найман гол зүйлийг зорьж байгаа. Хот төлөвлөлтийн цөм нь боловсрол байдаг. Энийг сүүлийн 20-30 жилд манайх алдчихсан. Ямар сургууль хамгийн сайн бэ гэвэл гэрийн хажууд байдаг сургууль. Гэрээсээ ойрхон аюулгүйгээр очих боломжтой сургууль цэцэрлэг байх нь хамгийн чухал. Бага дунд сургуулийн барилгуудыг хүн амынх нь нягтаршилд суурилан бий болгохоор эхний зорилт тавьсан.
Хүртээмж, чанар гэж боловсролын асуудалд яригддаг. Тэгэхээр хот төлөвлөгчид хүртээмжийн асуудлыг хариуцна. Гэрт ойр сургууль хамгийн сайн бөгөөд хамгийн ихдээ 30 хүүхэдтэй байх юм. Одоо байгаа шиг 50 гаруй хүүхэдтэй гурван ээлжээр хичээллэдэг байж болохгүй. Сургууль цэцэрлэгийг нэг ээлжээр хичээллэдэг болгоно.
Боловсрол гэхээр манайхан зөвхөн оюуны боловсролыг л яриад байдаг. Гэтэл бие бялдрын болон сэтгэл зүрхний боловсрол цуг явж байх ёстой. Бие бялдрын боловсрол гэхээр энэ ногоон байгууламжийн зам талбайгаар бий болох боломжтой. Сэтгэл зүрхний боловсрол нь олон нийтийн төв, иргэдийн төвд иргэдийн оролцоог хангаснаар энэ боловсролыг олгодог.
Ахмад хүмүүс байгаа газарт хүүхдүүд аюулгүй очоод уулзах, хамтдаа цагийг өнгөрөөх боломжтой тэр нөхцлийг бий болгосноор хүн хоорондын харилцаа явагддаг, тэр хэрээр сэтгэл зүрхний боловсрол ч явж байх жишээтэй. Хот төлөвлөлтийн хоёр дахь чухал салбар бол эрүүл мэнд.
Анхан шатны үйлчилгээ буюу өрхийн эмнэлэг, эмийн сангууд 20 минутын дотор очих боломжтой газарт байрлах ёстой. Настай хүмүүс даралтаа үзүүлье, пульсээ хэмжүүлье гээд алхаад очиход ойрхон байдаг, жороор олгодог эмийн сангууд гэрийнх нь хажууд байвал өвчин намдаах эмээ ч дэргэдээсээ авчихна.
Гуравдугаарт, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн. Хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар хэрэгтэй. Хүүхэд эрүүл чийрэг өсөхийн тулд гадаа талбайд тоглож, хөдөлгөөнтэй байх боломжтой тийм орчинг бүрдүүлнэ. Газрын албаны дарга нар дураараа газар олгодог биш, газрын албаны ч нэгдсэн төлөвлөгөөнд байх ёстой. Тэр нэгдсэн төлөвлөгөөндөө ногоон байгууламж, чөлөөт цагаа өнгөрөөх талбайгаа оршин суугчдад үлдээнэ гэдэг зарчмаа мэдээж барина.
Тавдугаарт, иргэдийн нийтийн төв зайлшгүй хэрэгтэй. Англиар бол community center гэж ярьдаг. Иргэд уулзаад өөрсдөдөө юу хэрэгтэйгээ илэн далангүй ярьдаг, тийм орчин бүрдүүлсэн газар заавал хэрэгтэй. Одоо хорооны байр гэж байдаг ч тэр болгон иргэдэд нээлттэй байж чаддаггүй, тухтай суугаад ярих нөхцөл бүрддэггүй. Хорооны байран дээр очоод хурдхан бичиг баримтын ажлаа цэгцлээд, эмнэлэгт үзүүлээд хөөгдөх шахам гараад явдаг.
Олуулаа яриад суугаад шийдлээ хэлэлцэх боломж гардаггүй. Тэгвэл иргэдийн төв гэдгийг ойр орчимд нь байгуулаад өгөхөөр иргэд ойр ойрхон уулзаад амьдрах орчны асуудлаа өөрсдөө шийддэг боломжийг бий болгоё гэж байгаа.
Өмнө нь өрхийн эмнэлэг гэхээр Эрүүл мэндийн яам нь нэг юм ярьдаг, сургууль цэцэрлэг гэхээр Боловсролын яам нь ярьдаг, спортын байгууламж гэхээр Соёл спортын яаманд харьяалдаг гээд тус тусдаа байсан. Тэгвэл 4-5 байшин өөр өөр газарт барьж байхаар цогцолбор маягаар нэг байшин бариад тэр дотроо бүх үйлчилгээ нь байдаг болно. Тэгж чадвал жинхэнэ утгаараа community center болно. Яг энэ шийдлийг одоо Сэлбэ дэд төвд хийхээр зорьж ажиллаж эхэлсэн. Одоогоор 150 га газрыг чөлөөлчихсөн, 20 минутын хот загвараар эхний жишиг эхлүүлчихсэн, үүнээс цааш хот байгуулалт, хот төлөвлөлт, гаазрын зөвшөөрөл барилгын зөвшөөрөл гэдэг зүйлс хүн төвтэй хүндээ ээлтэй байх ёстой гэж зорьж ажиллаж байна.
Зургаадугаарт, нийтийн тээврийн сүлжээнд холбогдсон байх ёстой. Баянзүрх дүүргийн 20, 41 дүгээр хороо гэхэд автобусны буудал байхгүй. Хүүхдүүд сургуульдаа явах гэж автобусны буудал руу бараг таван км алхаж байна. Ийм байхаа больё, нийтийн тээврийн төлөвлөлт нь нэгдсэн төлөвлөлтөндөө ордог байя. Хүмүүс алхаад очих боломжтой зайны газарт зогсоол хийж өгье гэж зорьж байна. Долоо, наймдугаарх нь хувийн хэвшлийнхний хийх ажил. CU, GS25 ч юм уу эсвэл түүнээс арай том дэлгүүр, ахуйн үйлчилгээний газрууд нь иргэдтэйгээ ойрхон байх ёстой.
Төр ганцаараа хот байгуулахгүй, хувийн хэвшилтэйгээ хамтарч урагшилна
-Америк, Франц, Норвеги, Вьетнам зэрэг улс орон сууц барих зөвшөөрөл олгохдоо “100 айлын орон сууц барих гэж байгаа бол 20 хувь нь орлогод нийцсэн орон сууц байх ёстой” гэх мэтээр квот тогтоож өгдөг. Ингэснээр нийгмийн бодлогыг хот төлөвлөлтийн бодлоготой уяж чаддаг. Манайд олон төрөлт орон сууц буюу орлогод нийцсэн орон сууцыг заавал бий болгох цаг болсон. Түрээсийн орон сууц заавал байх ёстой.
Төлөвлөгөө батлахдаа Иргэдийн нийтийн хурлаар хоёр удаа хэлэлцүүлээгүй бол төлөвлөгөөг баталж болохгүй. Олон улсад ийм жишиг байдаг. Эхний уулзалтаар иргэдээс саналыг авна.
Хоёрдугаар уулзалтанд иргэдээс гарсан санал дээр үндэслэн шийдэл боловсруулаад санал болгоно. Саналыг нь хурааж авна. Тэгж байж төлөвлөгөө боловсрох ёстой. Олон нийтийн оролцоог хангасан байхыг нэгдүгээрт харна.
Хоёрдугаарт, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ. Төр ганцаараа хот байгуулж, төлөвлөхгүй. Хувийн хэвшилтэйгээ хамтарч байж урагшилна. Нийт хөрөнгө оруулалтын зөвхөн дэд бүтцийг л буюу 10-20 хувийг л төр хариуцах ёстой. Үлдсэнийг хувийн хэвшил хариуцаж байж ажлын байр нэмэгдэнэ, эдийн засаг тэлнэ, орлого нэмэгдэнэ, хувийн хэвшил хөгжинө.
Гурав, дөрөв, тавдугаарт universal design гэж ярьдаг налуу буюу хөгжлийн бэрхшээлтэй, тэрэгтэй хүмүүс явах боломжтой зам байгуулах, хүүхдээ хөхүүлэх боломжтой тусгай өрөө газар бий болгох гэх зэргээр тусгай хэрэгцээт асуудлуудыг шийдэх цогц шийдлийг үзэл баримтлалд заавал тусгах ёстой. Энэ бүхэн одоо стандартад байдаг ч тэр болгон хэрэгждэггүй. Бараг 45 хэмийн налуутай, ямар ч стандартгүй барьчихдаг. Уг нь бол нэг метр дээшээ буюу долоон шат дээшээ өгсөхийн тулд 10 метр урттай налуу зам хийх ёстой юм. Гэтэл “гулсуур” шиг барьсан болж нүд хуурдаг, тэрийг нь барилга хүлээж авч байгаа хүмүүс нь зөвшөөрөөд хүлээгээд авчихдаг.
Автомашинтай хүмүүсийн эрх ашиг хамгийн сүүлд байх ёстой
-Хот байгуулалт, зам ашиглалтын талаар ярихад олон улсад мөрдөгддөг жишиг бий. Хамгийн эхэнд явган зорчигчийн эрх ашгийг тавих ёстой. Хоёрдугаарт, дугуйн болон скүүтэртэй хүмүүсийн эрх ашиг, гуравдугаарт нийтийн тээвэр, хамгийн сүүлд автомашин байх эрэмбэ бий. Ингэж байж бид явган хүмүүсийн аюулгүй таатай зорчих эрхийг хангана. “Авто замаа өргөтгөөч, зогсоол барь” гэж хэлдэг хүмүүсийг дэмжих хэрэггүй.
Машинтай хүүмүүсийн эрх ашиг хамгийн сүүлд байдаг нь олон улсад байдаг л жишиг. Энэ бол улсын зэрэглэлтэй Улаанбаатар болон дагуул хотууд, орон нутгийн төв суурин газруудад хэрэгжих үзэл баримтлал. Сумын төв юм уу хүн ам цөөтэй газар боломжгүй.
“Economist” сэтгүүлээс амьдрахад таатай хотуудын жагсаалтыг жил болгон гаргадаг. Тэднийх “EIU” гэсэн үнэлгээний аргачлал ашигладаг. Улаанбаатар хот харамсалтай нь хотын өрсөлдөх чадварын индекс гэдэг юм боловсруулаад тэрүүгээрээ өөрсдийгөө хэмжээд яваад байдаг. “Аз жаргалтай Улаанбаатар” боллоо шоолуулаад, шүүмжлүүлээд байсан нь энэ л дээ. Өрөөр хэлбэл, өөрөө нэг хэмжүүр гаргачихаад “Би сайн ажиллалаа” гээд яриад байгаатай адилхан. Цаашдаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот олон улсын хотын эрэмбэлэл аргачлалаар хэмжүүлээд дүгнүүлдэг болох ёстой.
Базарбямбын НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл3
gudlaa chaahaa bolioo. zugeer shn niitiin zogsooluud hai saigui bolomjoor n hiildee ywgan zamaa bas6 hiihgui ba
ЦААС ШИРЭЭНИЙ Л ХҮН ЭНЭ ЮУ ЧАДДИИН БОЛю
байшмн байр орон сууц хаус барьж өгнө гэж ард түмнээс миллиард миллард мөнгө авч луйвардаж хэдэн жил болж байгаа хувийн компани нэртэй эх орн ард түмнээ худалдаж байгаа луйварчдын газар хөрөнгийг хурааж барьж чадах компаниудад зарж ард түмнийг хохирогүй болгож өгөөчээ шмнээр сонгогдсон ардын нам арга хэмжээ аваачээ жишээлбэл сэлбийн пионерийн зуслөн гэсэн чой балсангийн хөшөөтэй их хэмжээний газрыг аваад пионерийн зуслан бамбарууш кафе ч байхгүй хадгаламжийн мөнгөний хүү болоод мөнгөний ханшийг унагаж ард түмэн маш ихээр хохирч байна гранд маршал хотхоныг барихаар авсан эрхэт монгол компани дээр ардын нам засгийн газар арга хэмжээ аваачээ ард түмэн хүлээж ханалаа