
Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ж.Оюунцэцэгтэй ярилцлаа.
-Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв эмнэлэг ашиглалтад орох гэж багагүй хугацааг туулсан байдаг. Та энэ эмнэлгийг анх ашиглалтад орох үед уригдаж ирсэн байдаг. Тэр үед шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гуйж авч байсан гэдэг яриа байдаг. Энэ талаар яриагаа эхэлье?
-Манай эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв эмнэлэг ашиглалтад орох гэж найман жил болсон. Таван гүйцэтгэгч компани дамжиж эцэст нь 2020 онд барилгын ажил дууссан. Энэ үед дэлхий нийтээр цар тахал гарч улсын хэмжээнд халдвартай хүмүүсийг тусгаарлах байр байгаагүй. Тиймээс манай эмнэлгийг ашиглах Засгийн газрын шийдвэр гарч үйл ажиллагаагаа эхэлж байлаа.
Тодруулбал, Нийслэлийн хоёрдугаар төрөх буюу хүрээ амаржих газрын нэр дээр захиалгатай баригдсан боловч ковидоор өвчилсөн насанд хүрэгчид болон хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд халдварт цар тахлын эсрэг эмчилгээ хийх зорилгоор ажиллаж эхэлсэн. Энэ үед бид бүхий л зүйлсээ хүнээс гуйж авч байсан нь үнэн.
Анхны хүнээ төрүүлэхдээ нэгдүгээр төрөхөөс нэг ор, хоёрдугаар төрөхөөс хүүхдийн инкубатор, гуравдугаар төрөхөөс хүүхдийн дулаацуулагч ширээ, хувь хүмүүсээс умайн хүзүү шалгадаг, оёдол тавьдаг багаж зэргээ авч анхны тусламж үзүүлж байсан. Одоо ингээд бодоход бэрх үеийг давжээ. Өдөртөө л 1600 гаруй хүн эмчлэн эдгэрүүлж байсан. Гэвч эмчлэх, асрах боловсон хүчин багатай байсан. Тиймээс харьяа байгууллагуудаасаа гэрээгээр буюу 14 хоногоор эмч, сувилагч, үйлчлэгч авч ирж улаан бүсэд ажиллуулж байж энх цагтай золгосон.
Бид жил гаруй хугацаанд 49 мянган ковидын халдвартай хүнийг эмчилж, эдгэрүүлсэн. Мөн цар тахлын үед жирэмсэн хүмүүс маш их хүндэрч байсан. Гэвч эх барих, эмэгтэйчүүдийн туршлагатай эмч байхгүй учир өөрөө бүх хүнээ төрүүлнэ.
Энэ үед дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байснаа нуух юун. Байшингаас өөр зүйлгүй барилга хүлээн авч байсан үеэ бодоход одоо бол үйл ажиллагаа маань жигдрээд сайхан болсон. Энэ бүхэн хамт олны минь л хүч шүү дээ.
-Танай эмнэлэг ачаалал ихтэй болжээ. Эмнэлгүүд ихэвчлэн харьяаллын дагуу үзнэ гэдэг. Танайх харьяалал харгалзалгүй үздэг болсонтой холбоотой ачаалал ихэссэн үү?
-Манай эмнэлэгт төрөх юм сан гэж боддог ээжүүд олон болжээ. Тиймээс биднийг гээд зориод ирж буй хүнийг харьяаллын дагуу үзнэ гээд буцааж болохгүй шүү дээ. Тиймээс бид харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлдэг болсон. Жишээлбэл, өнгөрсөн долоо хоногт Архангай аймгаас ус нь гарсан ээж манай эмнэлэгт төрнө гээд ирж байна. Үүнийг хараад бидний үйлчилгээ иргэндээ хүрч чадаж байна уу даа гэж бодсон.
-Хүмүүс 300 орт гэж ярьдаг шүү дээ. Энэ нэрийг өгсөн нь ямар учиртай вэ?
-Цар тахлын үед жирэмсэн ээжүүдэд зориулан 1000 ор дэлгэсэн. Хоёр талдаа битүү цагдаагаар хамгаалуулж, хаалттай орчинд хүнээ төрүүлж хагалгаагаа хийгээд жил гаруй ажиллаад, энх цагтай золгосон. Энэ үед эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн эмнэлэг гэж хоёр салсан. Баруун талдаа 330 гаруй ортой хүүхдийн эмнэлэг, зүүн талдаа 330 ортой эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнээс үүдэж ийм нэртэй болсон гэж боддог. Уг нь бид 660 ортой үйл ажиллагаа явуулж байна.
-Таны хувьд 40 шахам жил эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажилласан туршлагатай. Салбарын асуудлаа мэддэг, сэтгэлтэй хүн учраас одоогийн албан тушаалд урьж авч ирсэн байх. Тийм үү?
-Цар тахлын энэ хүнд хэцүү үед ачаалал даагаад гарах чадвартай хүн та л байна. Тиймээс манай эмнэлэгт ажиллаач ээ гэдэг саналыг тавьсан. Би чинь ямар ч тохиолдолд эмч, сувилагч нартайгаа хагалгаагаа хийгээд л, өвчтөнөө үзээд өрөөндөө тогтдоггүй хүн байхгүй юу.
Тэгэхээр удирдлагын алсын хараа, судалгаа үүнд нөлөөлсөн байх. Энэ хүнийг авч ирээд ажиллуулахад ширээний ард суугаад байхгүй юм байна гэдгийг мэдэж урьсан байх. Гэхдээ би энд ирж ажиллахынхаа өмнөх өдөр тэтгэврээ тогтоолгож байсан.
Одоо миний нас хэд билээ. Энэ айхтар цар тахлын үед бүх зүйлээ хаяад ирж байна. Гэтэл энэ эмнэлэг маань эмнэлэг биш болбол яана гэсэн айдас байсан. Тиймээс тушаал гарахын өмнөх өдөр өндөр настны тэтгэврээ тогтоолгоод ирж байлаа. Тухайн үед надад тэтгэвэр тогтоолгох шаардлага байгаагүй ч хүний л амьдрал учир эрсдэлээ бодсон шийдвэр гаргаж байсан.
-Шинэ эмнэлэгт битгий хэл байр сууриа олсон эмнэлгүүдэд ч боловсон хүчний асуудал тулгамдсан асуудал хэвээр байна шүү дээ. Анх багаа хэрхэн бүрдүүлж байв?
-Шинээр байгуулагдаж буй эмнэлэгт байр сууриа олсон сайн эмч нар тэр болгон ирдэггүй. Тиймээс арга буюу өөрийн шавь Л.Цэвэлмаа, Э.Эрдэнэчимэг, Б.Төмөрбаатар, О.Алтанзул, А.Баянбаатар, Б.Лхагвасүрэн нарыг халдварыг голомт руу ажил ,амьдралд нь эрсдэл учруулан урьж ирүүлсэн. Мөн эх барих ,эмэгтэйчүүдийн эмчийн гараагаа эхэлж байгаа залуус маань зориг шулуудан ирсэн.
Манай эмч нар сэтгэл зүрхээрээ маш сайн ажиллаж энэ хэмжээнд хүргэсэн. Тэр хэдийгээ дагуулаад л зааж, зөвлөөд ажиллаж байна даа. Хүнд хүчир зүйлд тэр хэдийгээ оруулчхаад ард нь суугаад байж чаддаггүй ээ. Тиймээс хамтдаа зүтгэж, зоригжуулж, тусалж дэмжин, хамтдаа ажиллаад явж байна.
Анхандаа бол бүхий л хагалгаанд өөрөө хамт ордог байсан бол одоо зэрэг дэвтэй, уран гартай, бурхан ухаантай эмч нар олон болсон учир өдөртөө анхаарал хандуулах шаардлагатай 1-2 хагалгаанд орж байна. Дарга хийж байна гээд өрөөнөөсөө гарахгүй суугаад байвал эмнэлэг маань хөгжихгүй. Тиймээс эмнэлгийнхээ бүхий л эмнэл зүйн үйл ажиллагаанд гар бие оролцдог.
-Сүүлийн жилүүдэд эмч нарыг албаны унаа тэрэг ашиглалаа гэсэн шүүмжлэл харагдах боллоо. Үнэхээр хувийн хэрэгцээндээ ашиглаад байдаг юм уу. Эсвэл зайлшгүй шалтгаан гарсан үед хэрэглээд байна уу?
-Жирэмсэн болон төрж буй хүний асуудал бол өвчин биш. Гэтэл жирэмслэлт зарим хүнд хүндрэлтэй явагддаг. Би зөвлөх зэрэгтэй эмч. Тэгэхээр ганц хүний шийдвэрээр үйлчилгээ үзүүлдэггүй. Үлгэрчилсэн дүрэм, стандартын дагуу багийн тусламж үзүүлдэг. Багийг нэг хүн удирдана. Багаараа тэр хүний төлөө тэмцдэг. Хором мөч бүрд хоёр хүний амь нас яригддаг.
Сумын эмчээс эхлэн яаралтай дуудлагад өдөр шөнийг үл ялган, явганаар, мотоциклд сундлан, тракторын кабин, ачааны машин гэх мэт төрөл бүрийн тээврийн хэрэгслээр хүндээ хүрч тусламж үзүүлсээр өнөөдрийг хүрчээ. Манай эмнэлэг хотын төвөөс 20 гаруй км зайтай. Тэгэхээр яарч сандарсан үед түргэний машин ашигладаг.
Саяхан нэг эмэгтэй гарал үүсэл нь тодорхойгүй зулбуулах эм ууж, нөхөр нь ургийг нь булж, эмэгтэй нь үжил болж яаралтайгаар ирсэн. Бид шуурхай зарлаж, намайг түргэний тэргээр ирж авсан. Энэ мэт зайлшгүй шаардлагатай үед ашиглах тохиолдол гардаг. Мөн одоо улаанбурхан өвчний тохиолдол их байна. Тэгвэл зайлшгүй шаардлагаар Халдварт өвчин судлалаас эмч авчрах үед бид яах вэ. Түгжрээнд тэр эмнэлгээс ирэх эмч өдрийн ажлаа алдана. Энэ тохиолдолд түргэний автомашин ашиглах нь бий. Гэхдээ дураараа, хувийн хэрэгцээндээ ашиглаад байдаг зүйл байхгүй. Манай эмнэлэг зургаан эмнэлгийн тэрэгтэй Тэдгээр машинуудыг үйл ажиллагааны чиглэлээр нь албанаас хуваарилж ажил төрлөө зохицуулдаг. Энэ дунд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг зөөвөрлөх зориулалттай ч машин байдаг.
-Цахим орчинд яармагийн 300 ортой эмнэлэгт төрмөөр байна гэх зурвасууд их байдаг. Та заримдаа тэдний дор “Хүрээд ирээ. Дажгүй сайн эмнэлэг” гэх мэтээр сэтгэгдэл бичсэн байгаа харагддаг. Энэ нь 300 орт гэдэг брэндийг бий болгож чадсан юм шиг санагддаг. Энэ талаар?
-Тийм ээ. Төрөх ээжүүдийн группэд заримдаа орчихсон байдаг. Тэнд байгаа эмэгтэйчүүд маань аль сайн гэсэн эмнэлэгт төрчих гээд л нэг нэгнээсээ асууж байгаа харагддаг. Манай эмнэлэгт төрмөөр байна. Хэр сайн бэ гэх зэргээр асуусан байгаа харагддаг. Тэгэхээр нь би хааяа сэтгэгдэл бичдэг.
-Одоо танайх хэчнээн ажилтантай бэ. Шинэ тоног төхөөрөмжүүдтэй гэсэн. Үүн дээр ажиллах боловсон хүчний асуудлаа хэрхэн шийдэж байна?
-500 гаруй ажилтантай. Өдөрт 1000 гаруй хүнд үйлчилгээ үзүүлж байна. Манай эмнэлэгт сүүлийн үеийн бүх тоног төхөөрөмж бий. Улсад цөөн байдаг хиймэл оюун ухаанд суурилсан хөхний маммографи, умайн хүзүүний дуран, ангиографи, MRI, комьпютор, шүдний дэлгэмэл компотоор,зөөврийн болон суурин рентген зэрэг улсдаа цөөхөн байх тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлж байна. Гэхдээ бид зөвхөн эх барих, эмэгтэйчүүд биш төрөлжсөн үйлчилгээг үзүүлдэг.
Эмнэлэг хөгжөөд ирэхээр эмч хүн шинэ технологи, шинэ тоног төхөөрөмж эрэлхийлж, өргөн хүрээний мэс засал хийх хүсэл зорилготой болдог.
Тодруулбал, манай эмнэлэг эмэгтэйчүүдийн умайн хүзүүний дурангийн аппараттай гэдгийг сонсоод Интермэд эмнэлгээс зорьж ирж ажиллаж буй Батсайхан гээд эмч бий. Тэр эмч маань одоо манай эмэгтэйчүүдийн бүх хагалгааг хийж байна. Ингэхдээ хүндрэлтэй мэс засал буюу савыг нь авахгүйгээр мэс засал хийх аргыг эрэлхийлж, умайг судасгүйжүүлэх хагалгааг хийж байна. Одоо 13 хүнд хийгээд байна. Хуучин стандартаар явсан бол дээрх хүний амийг аврахын тулд савыг нь авчихсан байх нь шүү дээ. Энэ мэт олон чадварлаг эмч нартай болсон.
Б.БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл5
Эдийн засгийн хөгжлийн чанрыг хэмждэг ганц гол үзүүлэлт бол 10000 хүнд ноогдох нэг жилийн доторх нярай хүүхдийн эндэгдэл гэж ёстой чухал статистик үзүүлэлт байдаг. Энэ үзүүлэлт жилдээ 30-аас бага байвал эдийн засаг нь дампуураагүй улс гэж үздэг. Монгол улсын тухайд сүүлийн 10 жил энэ үзүүлэлт 50-60 гэж гардаг. Өөрөөр хэлбэл Монгол улсын эдийн засаг дампуурсан улс юм. Тэгвэл яагаад монголын эдийн засаг тэлээд байна вэ гэвэл бид Хятадын мөлжлөгөд орж байгаа гэсэн үг юм. Монгол улсын хөгжил маш чанаргүй байна. Хятадын түүхий эдийн бааз болж колончлогдон мөлжүүлж байна. Эхээс эрүүл саруул төрсөн нярай хүүхдүүд 3 сар амьдраад үхэж байгаа нь аймшигтай мөлжлөгө байгааг шууд илтгэж байна. Монголчуудаа нэг жилийн хугацаанд нярайн эндэгдэлийг 10000 хүнд ноогдох тоог 20 болгож улсаа хөл дээр нь босгох цаг болжээ. Хятадууд биднийг асар их мөлжиж байна. Улаанбаатарт хятадууд сургууль байгуулж байна. Өнөөдрөөс эхэлж хятадын сургуулийг хаах хэрэгтэй. Хятадууд эрээндээ очиж хүүхдүүдээ сургах ёстой.
Би ерөнхий сайд болбол шууд улаанбаатарт байгаа бүх хятад хэлээр хичээл заадаг сургуулийг хаах шийдвэр гаргана. Хятадууд хятад улсдаа сурах ёстой болохоос биш монголд сурах ёсгүй. Хятадын мөлжлөгөөс гарахын тулд хятадын хүүхдүүдийг монголд сургаж болохгүй. Хятадууд өвөрмонголд монгол хэл заахыг хориглосон. Иймд улаанбаатарт монголын дулаан, тог цахилгааныг ашиглаж хятад хүүхдүүдийг сургадаг сургууль байх ёсгүй. Хятад сургуулийг монголын боловсролын яам тэжээж тэтгэх ёсгүй. Нярайн эндэгдэлийг багасгаж чадвал монгол улс мөлжлөгөөс гарч байгааг илэрхийлэх тул ерөнхий сайдын бүх ажлыг ганцхан тоогоор хэмжихэд болно. Би ерөнхий сайд болбол нярайн эндэгдэл гэгчийг нэг жилийн хооронд 10000 хүнд ноогдох тоог 10 болгоно.
Та хоёртой 100% санал нэг байна. Яг үнэнийг хэлэхэд, бидэнд ардчилал хэрэггүй, диктатур хэрэгтэй байна.
Мөнгө төлөхгүй бол төрөн гэж гонжийн жоо шүү
Энэ бас тэрбумтан уу?