sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. АНУ, Хятадын худалдаа тэнцвэржихээс нааш Хятадын талтай гаалийн татварын тухай гэрээ байгуулахгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны хэвлэлийн албаны сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгджээ. "Бид Хятад улстай худалдааны алдагдлыг шийдвэрлэх ёстой. Бид Хятадын талд хэдэн зуун тэрбум доллар алдаж байна. Энэ асуудлыг шийдтэл би гэрээ байгуулахгүй" гэж тэрбээр хэлсэн байна. 


Д.Трамп улс орнуудын зах зээлийн цаашдын байдалтай холбоотой ямар нэгэн таамаг дэвшүүлээгүй хэдий ч АНУ бусад орнуудтай харьцуулахад "илүү хүчирхэг эдийн засагтай" хэмээн онцолжээ.


"Зах зээлүүд уналтад орохыг хүсэхгүй байна. Гэвч заримдаа асуудлыг засахын тулд эмчилгээ хийх хэрэгтэй болдог" гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Д.Трампын татварын бодлогын хариуд АНУ-аас импортолж буй бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулахаар шийдвэрлэснийг Хятадын Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын хороо мэдэгдсэн юм. Хятад, АНУ-ын худалдааны эргэлт өнгөрсөн оны байдлаар 688.28 тэрбум ам.долларт хүрчээ.


АНУ-аас нийт 163.62 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг Хятад улсад нийлүүлсэн нь Хятадаас АНУ руу экспортолсон хэмжээнээс бараг гурав дахин бага байна.


Хятад улс АНУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бичил чип, машин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, нүүрс устөрөгч, металл импортолдог бол АНУ Хятадаас ухаалаг гар утас, компьютер, литий-ионн батарей, хуванцар бүтээгдэхүүн, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гутал, хүүхдийн тоглоом зэрэг бараа бүтээгэдэхүүн худалдаж авдаг. Хилийн чанадаас нийлүүлж буй бүх бараанд ногдуулах татварын доод хэмжээг 10 хувиар тогтоох шийдвэр гаргаснаа Д.Трамп өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Тэрбээр улс орнуудад тус тусад нь тариф тогтоосон бөгөөд Хятадын бараанд 34 хувийн татвар ногдуулжээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг