
Монгол Улсын Их хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот тогтоолоор Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалж байна. Түүнтэй уулзаж ярилцсан юм.
-Ажлын хэсэг байгуулагдах шаардлага юу байв?
-Засгийн газрын татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг 23 сангийн нэг нь Боловсролын зээлийн сан юм. Хамгийн үнэ цэнэтэй, тэр хэрээрээ хамгийн их хөрөнгө оруулалттай сан юм. Гэхдээ энэ сан өнгөрсөн хугацаанд зээл олгох журмаасаа эхлээд эргэн төлөлт хүртэл олон асуудлыг дагуулсаар байна. Нийтдээ 360 тэрбум төгрөгийн гадаад зээлийн санхүүжилт олгосон боловч эргэн төлөлтөд асуудал үүсч байна.
Боловсролын зээлийн сан журмаар зохицуулагдаж ирсэн. Энэхүү мөрдөгдөж буй журам 27 хуудас бүхий олон удаагийн нэмэлт өөрчлөлт орсон учраас ойлгомжгүй, ишлэлээс ишлэгдсэн маягтай баримт бичиг болжээ.
Тиймээс журам бүрэн шинэчлэглэх зайлшгүй шаардлага үүссэн. Ингээд 2025 оны сонгон шалгаруулалтаас өмнө Боловсролын сангийн зээлийн журмыг шинэчлэхээр ажиллаж байна. Манай ажлын хэсэг санал, дүгнэлтээ боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, холбогдох яаманд хүргүүлэхэд бэлэн болоод байна.
-Боловсролын зээлийн сангийн журмын төсөлд ямар ямар өөрчлөлт оруулах саналыг боловсруулсан бэ?
- Ер нь бол Боловсролын зээлийн сан алсын хараагаасаа эхлээд стратегийн хувьд шинэчлэл хийх шаардлага буй болжээ. Жишээлбэл, Боловсролын зээлийн сан гэх атлаа нийт санхүүжилтийн 87 орчим хувь нь тэтгэлэг болж олгогдож байна.
Эдийн засгийн бүтэц өөрчлөгдөх тусам хөдөлмөрийн зах зээлтэй уялдаад эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэй нийцүүлэн Боловсролын зээлийн сангийн стратегийг тодорхойлох ёстой.
Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийн 35-45 хувь нь Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт буюу бакалаврын боловсрол эзэмшихэд олгогдож байна. Гэтэл дэлхийн 100 топ сургуульд тэнцсэн хүүхдэд зээл хэлбэрээр олгогдож байна. Энэ нь харьцангуй ялгаатай байдал үүсээд байгаа юм. Мөн өндөр мөнгөн дүнгээр буюу 100-200 мянган ам. долларын зээл авсан оюутан бакалавраа төгсч ирээд зээлийг эргэн төлөх нь асуудалтай. Ер нь дөнгөж бакалаврын түвшний боловсрол эзэмшээд өндөр хэмжээний зээл төлөх нь хэцүү учраас зээлийн эргэн төлөлт ч тааруу явж ирсэнтэй холбоотой байх.
Тэгэхээр бакалаврын түвшинд эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр тэтгэлэг, магистр, доктор буюу ахисан түвшинд зээл олгохоор зохицуулах нь зөв байна. Өөрөөр хэлбэл, ахисан түвшинд зээлээр суралцагч санхүүгийн хувьд зээлийг эргэн төлөх боломжтой болсон байна.
Хоёрдугаарт, гадаадын их, дээд сургуульд суралцах хүүхдийн сонгон шалгаруулалтыг эрэмбэ, ерөнхий тест явуулж шалгаруулж байна. Зөвхөн эрэмбийг харах нь өрөөсгөл учраас тухайн хүүхэд өөрсийн санаачлагаар тэтгэлэг авсан бол үнэлэгдэж, оноожуулалтад нь ордог байх ёстой.
Мөн тухайн сургуулийн төлбөрийн хэмжээг оноожуулалтад тусгах нь зөв хэмээн үзэж байна. Яагаад гэвэл зарим сургууль эрэмбэ нь ойролцоо атлаа хэд дахин илүү төлбөртэй байх тохиолдол байдаг. Жишээлбэл, АНУ-ын Стэнфордын Их сургуульд 200 мянган ам.доллараар суралцуулахаар нэг хүүхэд явуулах нь уу эсвэл эрэмбээрээ ойролцоо Токиогийн их сургуульд яг энэ төсвөөр 10 хүүхэд суралцуулах уу гэдгийг бололцох ёстой. Энэ мэт уялдааг оноожуулалтад шингээж өгч байж, харилцан ашигтай, хүртээмжтэй зээлийн олголтыг шинэчлэн хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзсэн.
- Төрийн албан хаагчдыг мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд зээлийн сангаас тэтгэлэг өгч болох уу?
-Төрийн албан хаагчдыг бодлогоор дэмжин чадавхжуулах хүрээнд гадаад болон дотоодын сургалтын байгууллагад магистр, докторын үндсэн хөтөлбөрт хамруулах боломжийг бүрдүүлнэ. Мөн шаардлагатай тохиолдолд гадаад хэлний бэлтгэлд хамруулах боломжийг олгоно. Түүнээс гадаадад суралцаад төгссөн хүүхэд тухайн орондоо ажлын туршлага хуримтлуулж ирэх боломжийг олгох уян хатан зохицуулалтыг тусгалаа. Хэрвээ эргэн ирэхгүй бол тэтгэлэг зээл хэлбэрт шилжиж, эргэн төлөгдөх нөхцөлттэй байна. Тухайн суралцагч энэ бүхнээ бүрэн ялгаж ойлгосон байхын тулд журмын шинэчлэл мөн чиглэж байна. Мөн зорилтот бүлэгт чиглэсэн буцалтгүй тусламжаар суралцах боломжийг журамд тусгах ёстой юм.
-Зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлийг олгох зарчмаар төсөвлөсөн. Тэгэхээр зээлийн эргэн төлөлтийг сайжруулахад хэрхэн анхаарч ажиллах вэ?
-2025 оны улсын төсөвт Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд 158,4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Түүний 33,6 тэрбум нь зээлийн эргэн төлөлтөөс санхүүжихээр тусгасан. Өөрөөр хэлбэл, эргэн төлөлт заавал хийгдэж байж Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй бол дотоодын их,дээд сургуульд суралцагч хүүхдүүд Монгол банкны хар жагсаалтад бичигддэг. Харин гадаадад суралцахаар зээл аваад эргэн төлөлт хийгээдгүй бол энэ хар жагсаалтад ордоггүй. Энэ ялгавартай байдлыг халах хэрэгтэй учраас журмын төсөлд санал тусгасан байгаа. Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, зээлийн санг шударга ёсны зарчимд нийцүүлэхийн тулд шинэчлэл хийхээр саналыг боловсруулсан юм.
Сэтгэгдэл9
Шилдэг 10 т тэнцсэн хүүхдэд боломж олгоно биздээ Батнайрамдал хүү маш зөв зүйл гардан хариуцаж байгаад талархаж байгаа Хэн мэрийж байж энэ шаардлагыг хангаж байна түүнд боломж олгох нь шудрага явдал Эрхтэн дархтан хүмүүс бус энгийн ардынхаа хүүхдүүдэд боломжийг нь олгохыг хүсье
Шинэчлэх нь зөв байх. Гэхдээ урьд журмаар авсан хүүхдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тал дээр анхаарна уу? Урьд нь дандаа сайн сайхан биш байсан. Сүүлд алдаа оноогоо засаад сайжруулахдаа хуучин журмаар эрх зүйн хувьд хүндрүүлсэн хүүхдүүдээ тэр чигээр нь шинэ журамд хуучин хүүхэд хамаарахгүй гээл хаячихдаг. Ийм хачин...журам сайжруулаад засаж буй бол хуучин шудрага бус журмаар хүүхэд хохироод байхад шинэ журамд хамаарахгүй гэдэг ийм хачин байдлаа хэзээ засах вэ?
Бакалавраар нэг хүн 250-300 мянган долларын тэтгэлэг БЗС-аас аваад явж байна. Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг гэсэн нэртэй. Яасан тансаг яасан баян байна аа. Ямар ч барьцаа байхгүй. УХНА авилгач алга болох үед энэ маш том асуудал болно шүү.
Бакалавраар гадаадад сургахаа ихээхэн цөөлж, өөрийн орны бакалаврын түвшингийн сургалтыг Дэлхийн түвшинд аваачих бодлого барих хэрэгтэй. Үүний тулд магистр, доктор болон багш нарын гадаад томилолтоор Дэлхийн түвшний багшаа бэлдэх нь зүйтэй байнаа, Батнайрамдал аа.
Угаасаа их цөөхөн хүүхэд явдаг. Тэр цөөхөнд нь дарга нар хүүхдээ бэлтгэж бэлтгэж байгаад явуулчихаад байсан нь асуудал болсон. За тэр төрийн байгууллагаар явдаг магистр-ийн төрчингүүд бол сүүлдээ заваарсан юм болсон юм билээ.
Санхүүжилтийн 45 хувь гь ерөнхийлөгчийн тэтгэлэг буюу бакалаврынх юмм байна Концепц буруу Монголдоо бакалавр харин гадаадад магистр докторт сурах нь нийгэмд хэрэгтэй Гадаадад бакалавр хийсэн хүүхэд монголынхоо нөхцлийг огт мэдэхгүй төгсөж байна Магистраар сургаж аль алийг хь мэддэг өолгомоор ятэгээд ч магистрын төлбөр илүү хямд
Их цөөхөн хүүхэд л явдаг юм билээ. Ерөнхийлөгчийн тэтгэлэг харин их асуудалтай. Хөдөөний сумын онц сурлагатан явах боломж гардаг ч хэл-ний шаардлагаа хангаж чадахгүй асуудал гардаг.
Санхүүжилтийн 45 хувь гь ерөнхийлөгчийн тэтгэлэг буюу бакалаврынх юмм байна Концепц буруу Монголдоо бакалавр харин гадаадад магистр докторт сурах нь нийгэмд хэрэгтэй Гадаадад бакалавр хийсэн хүүхэд монголынхоо нөхцлийг огт мэдэхгүй төгсөж байна Магистраар сургаж аль алийг хь мэддэг өолгомоор ятэгээд ч магистрын төлбөр илүү хямд
Тэтгэлэг олгох шаардлага хангасан бол баклавр, магистр аль нь авах боломжтой байх нь зөв. Магистрийг зөвхөн зээл гэдэг нь буруу шүү