
Урлагийн ертөнцөд “багтай ятгачин залуу”-гаар анхлан танигдаж, удалгүй уран бүтээлээрээ цахиур хагалж яваа дуучин, ятгачин Ө.Бохьшаргатай цөөн хором ярилцлаа. Тэрбээр Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж иргэний үүргээ биелүүлж яваа үлгэр дуурайлтай залуусын нэг билээ.
Та анх их өвөрмөц дүр төрхтэй гарч ирсэн залуу уран бүтээлч. Тэр “багтай залуу” маань яг үнэндээ хэн бэ?
-Намайг Бөө нар овогт Өлзийбаярын Бохьшарга гэдэг. Завхан аймгийн Отгон суманд мэндэлсэн. Тавдугаар ангиасаа Хөгжим бүжгийн коллежид ятга хөгжмийг сонгон суралцаад өнөөдрийг хүртэл энэ сайхан хөгжимтэйгөө нөхөрлөж амьдралаа холбож явна. Одоо Улаанбаатар хотод уран бүтээлээ хийхийн зэрэгцээ ятга хөгжмөө хүүхэд залууст зааж сургаж байна. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдарч байна.
Уран бүтээлээ хийж эхэлснээс хойш эх орноо гурван удаа тойрч, UB Паласын тайзнаа өөрийн болон хамтарсан уран бүтээлийн тоглолтоо зургаан удаа хийлээ. Анх урлаг хэмээх гайхамшигтай ертөнцөд хөтлөн оруулсан хүн бол миний багш Завханы хэмээх МУАЖ С.Батсүх билээ.
Энэ сайхан хүний шавь болох хувь тохиол олдсонд үргэлж талархаж явдаг. Уран бүтээл хийх, уран бүтээлч байх гээд бүхий л зүйлийг багшаасаа сурч, багшийнхаа студи дээр амьдраад уран бүтээлээ хийдэг байлаа. Мөн ятга хэмээх энэ сайхан хөгжмийг зааж сургаж өгсөн МУСТА Д.Нямсүрэн багшдаа талархдаг. Миний нутаг бол Хутагт хувилгаадын өлгий нутаг, тэр тусмаа Отгон сум маань Очирваань хайрхны өвөрт байдаг. Монгол түмний шүтлэгт энэ сайхан хайрхны өвөрт тоглож өссөнөөрөө үргэлж бахархаж нутаг усандаа залбирч явдаг даа. Мэдээж энэ сайхан нутагт ижий минь аж төрж, хөдөлмөрлөөд сайхан амьдарч байна.
Урлагийн мэргэжил таны багын мөрөөдөл байв уу, санаандгүй сонголт уу?
-Ээж минь намайг багш болгоно гэдэг байлаа. Би 1-4 дүгээр ангидаа онц сурсан боловч аав, ээж хоёр минь хоёр тийшээ болоход хүнд цохилтод орсон уу мэдэхгүй хичээлдээ муудаад хичээл хийх ямар ч сонирхолгүй, гадуур их тэнэдэг хүүхэд болсон. Ээж минь энэ байдлыг ажиглаад намайг Хөгжим бүжгийн коллежид шалгуулж, оруулаад маш завгүй, зугаалж цэнгэж тоглох боломжгүй болгосон. Хагас цэрэгжилттэй урлагийн ертөнцөд дурлуулж, ятга хөгжмөөр амьдрах даль жигүүрийг ургуулж өгсөн дөө. Энэ үеэс л би урлагт бүрэн автаж, өөрийгөө хөгжүүлж эхэлсэн дээ. Би ардын болон язгуур урлагаа орчин цагт нийцүүлэн олон түмэнд хүргэж, залууст сурталчлахыг зорьдог. Ихэнх дууныхаа шүлэг, аяыг өөрөө бичдэг, ямар нэг хэлбэрт баригдахыг хүсдэггүй, мөн ятгатай дуулдаг гэдгээрээ өнөөдөр танигдаж чадсан болов уу гэж боддог.
Уран бүтээлийн сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцаач?
-2025 он гарсаар МУСТА Г.Даваадалай ахтайгаа хамтарсан “Ижий тандаа баярлалаа” тоглолтоо UB паласт амжилттай хийлээ. Өөрийн шүлэг, аялгуугаар бүтсэн “Ижий тандаа баярлалаа” шинэ уран бүтээлээрээ тоглолтоо нэрлэсэн. Мөн Энхмандах найзтайгаа хамтран бүтээсэн “Ижий хүсэл” дуугаараа ээждээ бэлэг барилаа. Удахгүй гадагшаа тоглолтоор явах төлөвлөгөөтэй байна.
Өөрөө эх орноо хамгаалах үүргээ биелүүлж яваа залуу үеийн төлөөлөл юм байна?
-Миний хувьд ажлын болоод хувийн шалтгаанаар алба хаах боломжгүй болохоор хараахан цэргийн албанд явж чадаагүй. Гэхдээ аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт хуулийн хүрээнд хүсэлт гаргаж цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байна. Цэрэгт явах боломжгүй бол дүйцүүлэх алба, оюутан цэрэг зэрэг алба хаах олон хэлбэр байдгийг тэр бүр мэддэггүй болов уу. Ер нь залуустаа цэргийн албанд явж, цэргийн тангараг өргөж, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, эр хүн гэдгээ мэдэрч цэргийн албаа хаагаарай гэж хэлмээр байна. Би Цэргийн штабаас батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, сурталчлах, цэргийн насны залуучууд, ард иргэдэд чиглэсэн зорилтот арга хэмжээнүүдэд оролцдог. Энэ удаа ч Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 104 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцохоор нутагтаа ирээд байна. Ер нь урлагийн ертөнц хагас цэрэгжилттэй, сахилга баттай байдгаараа цэргийн албатай зарим талаараа адилхан гэж боддог. Тэгээд мэдээж цэрэг хүн маш том үүрэг хариуцлагатай, тэсвэр тэвчээртэй, эх орон дуудсан цагт ямагт бэлэн байдаг тийм хийморьлог, баатарлаг байдаг. Цэргийн хүн эх орон, ард түмнээ бие сэтгэлээрээ хамгаалдаг бол уран бүтээлч хүн ард түмэн, эх орноо сэтгэл зүйгээр нь соён гэгээрүүлдэг гэж боддог доо.
Таны бодлоор эх орны үнэ цэн юунд оршдог юм бол?
-Эх орны үнэ цэн ард түмний амар амгалан, эрүүл саруул амьдрал, унаган байгаль, бүрэн бүтэн газар нутагт оршдог болов уу. Тиймээс залуус бид энэ сайхан эх орныхоо төлөө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хөгжил цэцэглэлтийн төлөө тууштай зүтгэх хэрэгтэй. Эх орныхоо төлөө ажиллана гэдэг тэрхүү үнэ цэнийг бүтээж байна гэсэн үг. Тиймээс цэргийн албыг заавал хаагаарай. Сайн судалж байгаад өөрт тохирсон хэлбэрээрээ заавал иргэний цэргийн үүргээ гүйцэтгээрэй гэж үе тэнгийнхэн, залуустаа хэлье.
Сүүлийн асуулт. Дуудах нэрийг эцэг эх, дуурьсах алдрыг өөрөө гэдэг дээ. Таны нэр их өвөрмөц шүү...
-Нэрийг минь манай сумын эмч өгсөн гэдэг. Аав ээж минь өнөр өтгөн гэр бүл болохыг хүссэн ч хоёр хүүхэд нь эндсэний дараа би төржээ. Анх Баатар гэдэг байсан ч өвчин ороогоод болохгүй болохоор тэр эмч Бохьшарга гэж нэр хайрласан цагаас бие гайгүй болж, тогтсон доо гэж ээж минь дурсдаг. Газар, усны даруулгатай их ховор нэр дээ.
Д.ГҮНЖИЛМАА
Эх сурьалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл1
БОХЬШРОГО - нэгэн зүйл шувууны нэр. Бохь шарга гэдэг хүний нэр байхгүй. УИХ-ын гишүүн асан Бохьшарга ярихдаа Бохьшрого гэсэн нэрийг нь 1-р ангийн багш нь Бохьшарга гээд биччихсэнээс болоод тэр чигээрээ үлдсэн гэх.