sonin.mn

1911онд монголчууд Манж Чин гүрнээс салж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан явдал бол монголчуудын түүхэнд шинэ эрин үеийг нээсэн билээ. Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын Эзэн хааны сэнтийд өргөмжлөөд, улсын цолыг Монгол, оны нэрийг олноо өргөгдсөн, Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрийдэж, ХХ зууны эхээр Ази тивд Монгол Улс сэргэн мандсаны шинэ түүх эхэлжээ. 1913 оны сүүлч 1914 оны эхээр Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Оросын эзэнт гүрэнд айлчилсан билээ. Ерөнхий сайдад Монгол Улсын хаан эзэн Богд Жавзандамбаас Англи, Франц, Япон зэрэг таван улсын Эзэн хаанд өргөн барсан захидлыг уламжлах үүрэг оногдсон байна. Ерөнхий сайд Намнансүрэнгийн уламжилсан Монгол Улсын хаан эзэн Богдоос Япон Улсын эзэн хаанд өргөн барьсан захидлын мөрөөр жаахан мөшгөж үзэх аваас нэлээд сонин түүх олдох авай.


ЕРӨНХИЙ САЙД САЙН НОЁН ХАН НАМНАНСҮРЭНГИЙН ХААНТ ОРОСТ ХИЙСЭН АЙЛЧЛАЛ


Оросын эзэнт гүрний нийслэл Санкт Петербургт очсон даруйдаа Оросын Эзэн хаан Хоёр дугаар Николай лугаа уулзаж, Монгол Улсын бичиг хийгээд "Эрдэнийн очир" одонг түүнд гардуулж, Хаант Оросоос тусламж эрэх зэрэг асуудлууд хөөцөлдөхийн зэрэгцээ Ерөнхий сайд Намнансүрэн Оросын Гадаад явдлын яамны сайдад албан бичгээр хандаж, Монгол Улсын Эзэн хаанаас Японы Эзэн хаанд өргөн барьсан захидлыг уламжлан хүргүүлэхийг хүссэн байна.


Оросын Гадаад явдлын яамны сайдын 1914 оны нэгдүгээр сарын 19-ний айлтгалд өгүүлэх дэх "Монголын тэргүүн сайд Сайн ноён хан Санкт Петербург хотноо байх үедээ Өргөөгийн хутагтаас Японы Эзэн хааны нэр дээр илгээсэн захидлыг дамжуулан хүргэнэ үү гэж хүсэж надад гардуулсан юм.


Энэ захидлыг Оросын харьяат буриад Бадамжапов Сайн ноён ханд хүргэж ирсэн ба тэр Монголын Гадаад явдлын яамны сайд Ханд вангаас авсан" хэмээснээс үзвэл уг захидлыг Сайн ноён хан Орост очсоны дараа авхуулсан байна. Энэхүү айлтгалд мөн Японы Кодама Монголын сайд нартай харилцаж байсан тухай Эзэн хаандаа өмнө танилцуулж байснаа сануулжээ. Оросын Гадаад явдлын яамны сайд Богд хаанаас Японы Эзэн хаанд илгээсэн захидлын агуулгын талаар цааш өгүүлж, уг захидалд "Кодаматай хэлэлцсэн зүйлийг товчхон дүгнэхдээ, Кодама өөрийнхөө Засгийн газрын өмнөөс санал тавьж, хэрэв Өмнөд Манжуурын төмөр замын ойролцоох Өвөрмонголын нутгаар төмөр зам тавих эрхийг Японд олговол, Монголтой найрамдал тогтоож, дэмжлэг үзүүлж болох юм гэсэн тухай" тэмдэглэсэн байна. 


Цааш өгүүлэхдээ: "Хутагтын захидал нь Өвөрмонголыг Өргөөгийн захиргаанд нэгтгэхэд туслах боломжийн талаар Японы Засгийн газрын баталгаа гаргуулах болон Өргөөд Японы дипломат төлөөлөгчийг ирүүлэх тухай санал тавьсан агуулгатай" хэмээжээ.


1912 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Нийслэл хүрээнд Орос Монголын хооронд найрамдлын гэрээ байгуулсны дараахан үеэс Монгол Улс тусгаар тогтносон тухай болон түүнийг нь Орос улс хүлээн зөвшөөрч, найрамдлын гэрээ байгуулсан тухай дэлхийн улс гүрнүүдэд монголчууд мэдүүлэхийг хүссэн юм.


Хамгийн эхний алхам нь Харбинд сууж байсан гадаад улсуудын Консул нарт захидал хүргүүлсэн байна. Монголын Засгийн газрын удаах алхам нь Гадаад яамны тэргүүн сайд Ханддорж тэргүүтэй төлөөлөгчид болон Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчдийн Хаант Орос улсад хийсэн айлчлал, эдгээр айлчлалын хүрээнд Санкт Петербүргээс дэмжлэг авч, улмаар тэнд буй гадаадын Элчин сайд нартай уулзах, боломж гарвал Герман, Франц зэрэг оронд айлчлах давхар зорилготой байлаа. Үүний зэрэгцээ Коростовецийн бичсэнчлэн "Монголчууд Оросуудын зөвлөгөөг дагаагүй" бөгөөд өөрсдийн дур зоргоор Япон болон бусад их гүрний тэргүүн нарт хандан Богд хааны нэрээр захидал бичсэн явдал байв. Оросын дипломатч И.Коростовец бичихдээ "Монголчууд Санкт Петербургээс дэмжлэг олоогүй тул өөрийн бие даасан байдлаа хүлээн зөвшөөрүүлэх, гэрээ байгуулах зорилгоор Япон руу хандахаар шийдсэн юм. Энэ алхам бол илүү чухал ажил хэрэгч болж ирсэн хэрэг юм. Иймээс би Сайн ноёнд тайлбарласан. 


Чингэхэд тэрбээр: “Хүрээний Засгийн газар тусгаар тогтносон Монгол Улсын Эзэн хаанаар Хутагтыг өргөмжилснөө гадаадынханд мэдээлэх эрхтэй хэмээн үзэж байгаа" хэмээн хариулж энэ тухай өмнө нь мэдэгдэж байсан. Бид өмнө нь Оросын захиргааны дор буй Харбинаар дамжуулан мэдээлэхийг оролдсон. Японы хувьд бол бид хөршийн зэрэгцээ шашин нэгтэй тул Хүрээний Засгийн газар түүнтэй шууд харилцаа тогтоохыг хүссэн бөгөөд тийш Монголын бие даасан байдлыг хүлээн зөвшөөрүүлэх даалгавар өгч тусгай төлөөлөгчийг томилон явуулах санаатай" хэмээн бас мэдэгдэж байсан гэжээ.


Япон руу Монголоос элч төлөөлөгч явуулах асуудал Петербургийн эсэргүүцэлтэй тул гарч, улмаар энэ нь Монголын олон улсын байдлыг сулруулж, Хятадын эсэргүүцлийг улам нэмэгдүүлэх болно хэмээн Оросын элч Коростовецээс  Монголчуудыг ятгахад хүргэсэн байна.


Харин Коростовецийн ятгалгад Дотоод яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэд их л тайван байдлаар хандаж, Японд хандахын учир нь Өвөрмонголыг Хятадын эзэрхийллээс хамгаалах зорилготой болно. Үүнийг өвөрмонголчуудын хувь заяаны талаар санаа тавьж чадах Японтой хэлэлцээр байгуулснаар хийж болох юм хэмээн тайлбарлажээ. Мөн түүнчлэн япончууд Халхын бие даасан байдлыг зөвшөөрөөд харин Өвөрмонголыг өөрийн протекторат болговол болох юм, үүний тул Өвөрмонголын ноёдыг хүрээний Засгийн газар ятган сэнхрүүлэх ажээ хэмээн Коростовец бичсэн байна. Улмаар энэ санал Оросын Гадаад яамаар дамжсан Богд хаанаас Японы Эзэн хаанд хандсан захидалд ч гарч буй нь сонин билээ.


БОГДЫН ЗАХИДЛЫН ТАЛААР ЯПОНЫ ГАДААД ЯАМНЫ САЙД ХААНТ ОРОСЫН ЭЛЧИН САЙД НАРЫН ХООРОНД БОЛСОН ЯРИА 


Япон Улсын Эзэн хаанд хаягласан Монгол Улсын Эзэн хаан Богд Жавзандамбын захидлыг Оросын Гадаад хэргийн сайд Сазанов Монголчуудын хүссэн ёсоор Японы эзэн хаанд хүргүүлэх талаар санаа таньж, арга хэмжээ авсан байна. 


Энэ талаар сайд Сазанов эзэн хаандаа айлтгахдаа: "Японы Засгийн газарт найдах нь үр дүнгүй дэмий зүйл бөгөөд шинэ төрж буй төрийн үйл хэрэгтээ зайлшгүй Оросыг түшихээс өөр аргагүй гэдгийг монголчуудад үзүүлэхийн тулд би Хутагтын захидлыг Японы Гадаад хэргийн сайдад танилцуулахдаа Кодама Монголд очсоноос үүдсэн Монголын сайд ноёдын хийсэн дүгнэлтүүдийг хамтад нь үзүүлэхийг Токиод суугаа Элчин сайдад даалгасан" гэжээ.


Энэхүү айлтгалаас Богдын захидлыг Японы Гадаад хэргийн сайдад уламжилсан явдал нь нэгдүгээрт монголчуудад та нарт Оросоос өөр найдах найдвар бага шүү гэдгийг үзүүлэхэд оршсон нь тодорхой харагдана.


Нөгөө нэг зүйл нь гэвэл, уг захидлын хамт Кодамагийн улс төрийн мэдэгдлийг хүргүүлсэн нь Японд Орос Японы гэрээг зөрчихгүй байхыг дахин сануулсан шинжтэй байв. Үүнийг Японы гадаад харилцааны архивын баримт бичиг болон тус улсын гадаад харилцааны баримт бичгийн эмхэтгэлд орсон Оросоос Японд сууж байсан Элчин сайдаас Японы Гадаад яамны сайд лугаа уулзсан уулзалтын тэмдэглэлээс мөн харж болох юм. 1914 оны нэгдүгээр сарын 14-нд Японд суугаа Оросын Элчин сайд Малевский Малевич Японы Гадаад хэргийн сайд Макино лугаа уулзаж, Монголын төлөөлөгчдөөс өгсөн Японы Эзэн хаанд хаягласан Богд хааны захидлыг үзүүлж, Эзэн хаанд өргөхийг хүссэн байна. 


Чин гэх Японы Галаад явдлын яамны сайд: "Энэ захидал болбоос Кодама гэгчийн Хүрээний Засгийн газартай хэлэлцээ хийсний дүн бололтой тухай дурдсан тул сайд би Гадаад Монгол болбоос манай Эзэнт гүрний Засгийн газартай ямар ч олон улсын холбоогүй бөгөөд ялангуяа Кодама хэмээх хүн манай Засгийн газарт хамаагүй тул хэмээн уг захидлыг буцааж өгсөн байна". "Оросын Элчин сайд өөрийн Засгийн газраас заавар гуйсны дараа дахин ярих болно гээд буцаж явав" хэмээжээ. Ийнхүү Японы Гадаад хэргийн сайд тус захидалд Кодамагийн уулзалтын талаар дурдсан мөн Гадаад Монгол манай улсын Засгийн газартай харилцаа холбоо үгүй, бас Кодама манай Засгийн газарт хамаагүй тул уг захидлыг Эзэн хаанд өргөхөд бэрхшээлтэй хэмээн буцааж захидлыг өгсөн ажээ. Америкийн эрдэмтэн Ж.Фритерс, Японы эрдэмтэн Ф.Исоно, Т.Наками, Монголын эрдэмтэн Ц.Батбаяр нар Богд хааны энэхүү захидлын талаар судалж өөрсдийн бүтээлдээ Орос, Японы сурвалж ашиглан өгүүлсэн нь нэн сайшаалтай билээ. Дурдсан эрдэмтэд Богдын захидлын талаар тэмдэглэхийн зэрэгцээ Кодама хэмээгчийн тухай нэлээд бичсэн байх юм. 


Монголын эрдэмтэн Ц.Батбаяр:"Кодамагийн айлчлалаас үүдэн Монгол Улсын Засгийн газраас Богд хааны нэрээр Японы эзэн хаанд захидал үйлдэж, 1913 оны сүүлч 1914 оны эхээр Петербургт очсон Сайн ноён хан Намнансүрэн уг захиаг авч очин Оросын ГЯЯ-ны сайд Сазановт өгч Японы талд дамжуулж өгөхийг хүссэн байна. Японы тал Оросын хардлагаас болгоомжлон уг захиаг хүлээн авалгүй хүрээний Засгийн газарт буцаахыг хүссэн болой. Богд хааны нэрээр илгээсэн энэхүү захиаг Японы тал хүлээн авалгүй буцаасан тул Японы архивт эх нь үлдсэнгүй" хэмээн бичжээ. Харин Богдын захидлын хувь заяа үүгээр шийдэгдээд өнгөрсөнгүй, Оросын Элчин сайдын хэлсэнчлэн тэрбээр Засгийн газраасаа заавар авсны дараа 1914 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Японы Гадаад явдлын яамны сайд лугаа уулзаж, Богдын захидлын талаар дахин ярилцжээ. 


Ингэхэд Японы Гадаад явдлын яамны сайд: Энэ асуудал яваандаа манай оронд Парламент болон сонины газраас хөндөх хэрэг гарвал "Энэ захидал болбоос Кодамагийн явууллагын үр дүн бөгөөд Кодамнгийн үйл ажиллагаа Эзэнт гүрний Засгийн газарт хамаагүй. Tиймээc Эзэнт гүрний Засгийн газар өөрийн ямар нэг үл мэдэх шалтгаанаас үүдсэн эл захидлыг Эзэн хаанд өргөн барих бололцоогүй учраас үүнийг хүлээн авахаас татгалзсан" хэмээн тайлбарлахаар санал гаргаж, уг асуудлаар хоёр тал санал нийлсэн байна.


Мөн түүнчлэн Японы Гадаад явдлын яамны сайд Макино "Орос улсын Засгийн газрын хүчээр Оросын нийслэлд буй Монголын элч төлөөлөгчдөд эл асуудлыг нууц болгож чадвал завшаантай байна" хэмээн дурдсаныг Оросын Элчин сайд даруй зөвшөөрч, өөрийн Засгийн газарт цахилгаан мэдээгээр мэдэгдэнэ хэмээжээ.


Японы Гадаад явдлын яамны сайд Оросын Элчин сайдын хооронд Богдын захидлын талаар болсон эл ярианы тухай мэдээг Орост суугаа Японы Элчин сайд Мотонод хүргүүлэхийн зэрэгцээ мөн оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Токиогийн өдрийн сонинд "Богдын захидлын талаар" гарсан мэдээг хавсарган хүргүүлжээ. Тэрхүү сонины мэдээ "Хутагтын бичгийг буцааж өглөө" гэсэн гарчигтай бөгөөд агуулга нь "Орос улсын Гадаад явдлын яамаар дамжуулж Японы Эзэн хаанд явуулсан Хутагтын бичгийг Японы Засгийн газар авахаас татгалзсан бөгөөд ойрын өдөр уг захиа буцах төлөвтэй байна.


Энэ бол Япон Улсаас Монголыг доромжилсон хэрэг бөгөөд Монголын Засгийн газрын хувьд нүүрээ алдсан хэрэг мөн. Эрхэм улсыг өрөвдөж байна гэжээ. Харин бид энэ хэргийг үнэмшсэнгүй" хэмээн сурвалжлагч нэмж бичжээ.


Мөн оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Японы Гадаад явдлын яамны сайд Макиногоос Орос улсад суугаа Японы Элчин сайд Мотоно болон Хятадад суугаа Японы консул Ямаза нарт цахилгаан мэдээ хүргүүлжээ.


Уг цахилгаан мэдээнд: "Өнгөрсөн нэгдүгээр сарын 14-ний өдөр Япон Улсад суугаа Оросын Элчин сайд морилон ирж, сайд надтай уулзаж, Орост буй Монголын төлөөлөгчдөөс дэвшүүлэв хэмээн Хутагтаас Эзэн хаанд өргөх захидал нэг хувийг (битүүмжилсэн бөгөөд агуулгыг үл мэднэ) өгч, Орос улсын Засгийн газрын зааврын дагуy хэмээн үүнийг өргөн барихыг хүссэн байна. Богдын захидалтай хамт түүнд хавсаргасан хоёр бичгийг үзүүлж "Энэ удаа Хутагтаас Эзэн хаанд захидлыг өргөн барьж явуулахад хүрсэн нь Өвөр Манжийн төмөр замын ажилтан Кодама гэгч нь хүрээний Засгийн газрын хантай уулзаж, ярилцсан дүн мөн байна" хэмээн дурдсан байна. Тиймээс сайд надаас "Кодама гэгч хүрээний Засгийн газрынхантай уулзаж ярилцсан нь Эзэнт гүрний заавраас шалтгаалсан бус, Эзэнт гүрний Засгийн газар энэ Кодама гэгчийн Хүрээнд очсон хэргийг ч эс мэдэв, энэ тухай нэгэнт тус элчинд тайлбарласан хэмээн ярьж (өмнө Оросын Элчин сайдаас Кодамагийн тухай дурдсан хэрэг байв) харин гадаад Монгол болбоос Эзэнт гүрэнтэй ямар ч дипломат харилцаа байхгүй тул түүний эзэн болох Хутагтаас ялангуяа Кодама мэтийн хариуцлагагүй хүний яриаг үндэслэн ирүүлсэн захидлыг Эзэн хаанд өргөн барих бололцоо байхгүй" хэмээн хэлж тус захидлыг чигээрээ (задалж уншихгүйгээрээ О.Б) буцааж өгөв. Тэгэхэд Орос улсын Элчин сайдаас "Энэ хэрэг болбоос хүнд чухал бөгөөд Гадаад явдлын яамны сайдын түвшинд татгалзаж болох уу" хэмээн лавласан байна. Түүнд "Ямар ч асуудал байхгүй" хэмээн хариу өглөө. 


 

Үргэлжлэл бий.

Түүхч, доктор О.Батсайхан