sonin.mn

Төрөлх нутаг ус, төрсөн гэр орон, аав ээжээсээ хол гурван жилийн цэргийн алба хаах дайчдын хувьд “ангийн захирагч нь эцэг, улс төрийн орлогч нь эхийн үүрэг гүйцэтгэнэ” гэдэг үгтэй байснаас улбаалан бодвол улс төрийн орлогч гэдэг ямархан чухал, хариуцлагатай, басхүү “том” албан тушаал байсан нь ойлгогдох болов уу. Өдгөө бэлтгэлд байгаа хурандаа Б.Жуваа тун санаандгүй байдлаар цэргийн амьдрал, тэр дундаа улс төрийн ажилтны мэргэжлийг сонгосон ч энэхүү ажил, албан тушаал армиас татан буугдтал чин үнэнчээр зүтгэжээ.


АНХНЫ НЭР ОКОП НЬ АМЬДРАЛЫН ЗАМЫГ ЗААСАН ГЭЖ БЭЛГЭШЭЭДЭГ 


Эгэл урианхай малчин ард Б.Бааст, Б.Насанбат нар тэртээ 1956 онд удам залган төрсөн нуган үрдээ Окоп хэмээх нэрийг хайрлаж, баруун чихэнд нь шившжээ. Аав нь Холбооны ангид алба хааж явсан орь залуу насаа дурссан уу, Халхын голын байлдаанд нисэхийн дивиз, Баянтүмэнгийн лазеретад алба хаасан хоёр ахынхаа гавьяаг дурсан санасан уу ямартай ч хүүдээ тэрхүү нэрийг өгчээ. Харин балчирхан насандаа Окоп хүүгийн бие сүрхий өвдөж, амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжгэнэхэд эмчилж, эдгээсэн казак эмч өөрийнхөө нэрийг хүүд “бэлэглэснээр” өнөө дуурьсагдах алдрыг хүртсэн түүхтэй.


Нэр хүндэднэ гээч болсон юм даг уу даа. Хожим Улсын бүртгэлээс шүүлгэж, төрөлх Б.Окоп нэрээ “авах”-ыг хүссэн ч иргэний үнэмлэхээс эхлээд гэрчилгээ, диплом, бичиг баримт бүгд солигдох учир бодож бодож одоогийн нэрээрээ үлдэхээр шийджээ.


Хэдийгээр анхны нэрээрээ алдаршаагүй ч амьдралынх нь зам мөрийг зааж, цэргийн хүн болох тавиланг зассан хэмээн тэр бэлгэшээдэг. Харин нэрийнхээ утгыг олоогүй л яваа гэнэ. Казахаар өндөр уулын тагтад ургадаг нэгэн зүйл ургамлын нэр гэх. Энхийг сахиулагч шавь нар нь “Таны нэртэй хотод алба хаалаа” гэж ирээд л хөөрөх... Ямартай ч та бидний сайн мэдэх багш, дарга, захирагч, хурандаа Б.Жуваагийн амьдралын замнал, ажил үйлсийн зам мөр ингэж эхэлсэн түүхтэй. Айлын ууган хүү, арван хүүхдийн том ах тэрбээр Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул нэгэн агаад багаасаа шүлэг, яруу найраг сонирхдог, номын сангаас салдаггүй, маш их уншдаг, тэгээд ч монгол хэл-уран зохиолын багш болно гэж мөрөөддөг хүү байжээ. Харамсалтай нь хүсэж байсан хуваариа аймгийн Боловсролын газрын даргын охинд “алдчихаад”, Хуулийн дунд сургууль, МУИС-ийн Бараа судлалын анги, Цэргийн ерөнхий сургуулийн Улс төрийн ангийн гурван хуваарийн дунд эргэцэж байгаад нагац ахынхаа зөвлөснөөр цэргийн хүн болохоор шийджээ.


Тэр үед цэргийн мэргэжил сонгох нь ховор байсан бололтой, аймгийн цэргийн хэлтсийн дарга К.Суйениш ирж баяр хүргээд, томилолтыг нь атгуулснаар баруун аймгаас ганцаараа ирж байсан гэнэ.


Ээжийнхээ урласан цэнхэр даалимбан тэрлэгийг өмсөөд, худалдаж авсан ганц бор костюмаа богцлоод хөтөлгөө морьтой ааваараа үдүүлж, шуудангийн машин тосож суугаад 1975 онд Улаанбаатар хотыг зорьжээ. Тэр жил хошууч генерал Ж.Ёндон захирлаар нь томилогдсон Цэргийн ерөнхий сургууль шинэ бүтцэд шилжиж, мэргэжил тус бүрээрээ рот байсныг болиулж, улс төр, холбоо, артиллери, авто, ерөнхий цэрэг нийтээрээ нэг оны, нэг ротынхон болсон гэдэг. Карантины хугацаанд цэргийн амьдралд дасаж, тангаргаа өргөөд шууд Жаргалантын сангийн аж ахуйд төмс хураалтад ажиллав. Хээрийн шороонд гар нь сайртаж, хэнзхэн салхинд хамрынх нь арьс хогжруутсан хэдэн залуу хотод буцаж ирсэн ч казарм ашиглалтад ороогүй байсан учир 11 дүгээр сар хүртэл майханд байрлаж, өглөөд жагсаалаараа гүйж, Улиастайн голын зайрмагтсан усаар нүүр гараа угааж хатуужсан гэдэг. Ингэж дөрвөн жил казармын амьдралаар дамжиж, жинхэнэ цэргийн хүн болоход “жагсаалч”, “рапорт” гэдгээрээ алдаршсан мөнөөх эрхэм генерал захирлын удирдах арга барил, сонсогч нэг бүрийнхээ төлөө гэсэн сэтгэл зүтгэл нөлөөлсөн нь мэдээж.


ХУВЦСАА ӨМСӨЖ НЭГ БАЯРЛАЖ, ХУВААРИА СОНСОЖ НЭГ ГУНЬДАГ ОРЬ ЗАЛУУ НАС 


Д.Сүхбаатарын талбайд цэргийн сургуулийн төгсөлтийн ёслол сүртэй болж, сонсогч хувцсаа офицерын ёслолын дүрэмтээр сольж, дэслэгч, бага дэслэгчийн мөрдэс зүүсэн залуус бараг бие биеэ хараад танихгүй, сүрдмээр ч юм шиг, овор суусан ч юм шиг санагдаж байсан гэдэг. Тэгээд л ёстой “хувцсаа өмсөж нэг баярладаг, хуваариа сонсож нэг гунигладаг”-ийн үлгэрээр гадаад, дотоодын цэргийн их сургууль төгссөн 100 гаруй шинэхэн офицер сайд, дарга нараараа үдүүлээд, үлээвэр хөгжмийн маршийн аяар хийморио нэг сэргээгээд галт тэргээр Зүүнбаянг зорьсон гэдэг. Шижигнэсэн офицеруудыг бүхээгтэй арваад ачааны машин, ирийтэл өрсөн шинэхэн монгол гэрүүд угтжээ. Урд зүгт Хятад-Вьетнамын дайн өрнөсөн түгшүүртэй, зэврүүхэн тэр цаг үед Зүүнбаянд хороо, дивиз, ангиуд шинээр байгуулагдаж, орос ах нарын тусламжаар зэвсэглэл, техник хангалттай ирж, офицер ахлагч нарт ч говийн нэмэгдэл, хувцас, хүнс хоолны хангалт зэргийг мөн дориун базааж байв.


Тэр ажил, амьдралын гараагаа Ардын Армийн 169 дүгээр ангийн Эвлэлийн хорооны даргын албан тушаалаар эхэлсэн бол төдхөн 131 дүгээр салбарын захирагчийн улс төрийн орлогч, улмаар мотобуудлагын батальоны захирагчийн улс төрийн орлогч хүртэл дэвшин ажиллаж, хугацаанаасаа өмнө ахлах дэслэгч цолоо ч хүртжээ.


Өдгөө эрхэм хурандаа маань байнгын сонор сэрэмжтэй, түгшүүртэй, байлдааны буудлагатай хээрийн сургуультай, буу зэвсэг бүрэн зэхээстэй тэр л он жилүүдээ жинхэнэ эр зориг, хатуужил сорьсон, эр цэргүүдтэй тулж ажилласан, эвлэл, улс төрийн ажлынхаа гүнд орсон чухал үе байсныг дурсан ярих дуртай. Цэргийн ерөнхий сургуулийн 3 дугаар курсийн сонсогч байхдаа түргэвчилсэн хөтөлбөрөөр суралцаж, “Говь-77” хээрийн сургуульд оролцсон бол ажлын талбарт гараад “Найрамдал-79”, “Зоргол-81” зэрэг хээрийн сургуульд оролцон, дарийн утаа үнэртэж, дайчин нөхөдтэйгөө мөр зэрэгцэн явжээ. Цаст өндөр хайрхадтай Алтай зүгийн урианхай зоны хүү Зүүнбаянд анхлан очиход “тэнгэр, газар нийлчихсэн юм шиг” л санагдаж, дөрвөн зүгээ зааж мэдэхгүй будилж байсан гэдэг. Төдхөн хамт явсан хоёр хүн биесээ олохгүй болтол шуурдаг хаврын угалз, хоол унданд хольцтой хонгор шаргал элс гээд л Зүүнбаянгийн юм бүхэнд дасан зохицож, “зэрэглээн дундаа мэлтийсэн зенитийн хороо”-ноосоо эхлээд “дөрвөн талдаа хаалгатай дүнзэн улаан дэлгүүр”-ээ хүртэл магтан дуулдаг, мэхийн шүлэглэдэг болсон гэнэ. Тэгээд ч “эр хүний замын хүзүү урт” гэгчээр нийслэл хот руу шилжиж, ЦНДС-ийн Холбооны болоод Ар талын ротын захирагчийн улс төрийн орлогч, мөн Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн батальоны захирагчийн улс төрийн орлогчоор хэсэг хугацаанд алба хаагаад эргээд л Зүүнбаяндаа томилогдож, 149 дүгээр ангийн суртал нэвтрүүлэгчээр ажиллаж байв.


May be an image of 2 people

ХЭН ЧАМАЙГ СЭХЭЭТЭН ХҮҮХЭНТЭЙ СУУ ГЭСЭН ЮМ БЭ?!


Өлгий хотын арван жилийн сургуульд сумдаасаа ирэхдээ л Буянтын хөвгүүн, Алтайн охин бие биеэ харж шохоорхоод, хайрлаж дурласан ч хамтын амьдрал болж цэцэглэтлээ олон жилийн хүлээлтийг туулна гэдгээ харин яахин мэдэх билээ. Нийслэл гэдэг нэгэн дээвэр дор байвч МУИС-ийн Химийн ангийн оюутан найз бүсгүйтэйгээ уулзах чөлөө Цэргийн ерөнхий сургуулийн сонсогч залууд санаан зоргоор олдохгүй. Тэр тусмаа хатуу дэг жаягтай казармын дөрвөн жилийн сонсогчийн амьдрал нь шинэхэн дэслэгчийн хөдөө орон нутгийн томилолтоор өрнөж, хүлээлт үргэлжилсээр сүүлд 1981 онд л гэрлэжээ. Гэргийгээ Зүүнбаян авч явахаар ортол МУИС-ийн ректор Ц.Шагдарсүрэн “Бид бэлтгэж авсан хүнээ офицер дагуулж явуулахгүй, та өөрөө шилжиж ир” гээд хөдлөөгүй гэдэг.


Дэслэгч залуу өөрөө ч хотод үлдэж амьдралаа бодох, хожмоо Зүүнбаянгаас хот руу шилжих хүсэлтээ илэрхийлсээр байвч Армийн Улс төрийн газрын боловсон хүчин хурандаа Н.Намдагт “Чамайг хэн сэхээтэн хүүхэнтэй суу гэсэн юм бэ” гэж хүртэл амаа таглуулаад гарсан тохиолдол ч бий.


Тэгээд аргагүйн эрхэнд цэргийн хүн тушаал ёсоор Зүүнбаянд ч, Баян-Өлгийд ч ганц бие офицерын амьдралыг туулсан боловч “Ханиа хөдөө хөхрүүлж, гадаа гандуулаагүй шүү” гэж маадгархан өгүүлж суугаа эрхэм хурандаагийн гэргийг Н.Оюунцэцэг гэнэ. Монгол Улсын гавьяат багш, боловсрол судлалын доктор, профессор тэрбээр МУИС-ийг онц дүнтэй төгссөн цагаасаа төрөлх сургуульдаа багшилж, 50 шахам жил боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллахдаа олон мянган мэргэжилтнийг бэлтгэх үйлсэд хүчин зүтгэж, олон арван сурах бичиг, ном бүтээлцсэн төдийгүй “Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг” төрийн бус байгууллагыг санаачлан үүсгэн байгуулалцаж, өдгөө Удирдах зөвлөлийн даргаар нь ажиллаж байна.


Тэрбээр хамгийн сүүлд “21 дүгээр зууны боловсрол. Насан туршийн суралцахуй” гурван боть томоохон бүтээлээ өлгийдөн авч, уншигч түмнийхээ оюун, мэлмийд толилуулжээ.


Тэд нэг хүүтэй. Хүү нь МУИС-ийн мэдээллийн технологийн ангийг дүүргэж, Испани Улсад магистр хамгаалсан инженер бөгөөд өдгөө Мобиком компанид ажилладаг аж. Өвөө, эмээ нь хоёр ач охиноороо маш их бахархдаг гэнэ. Том ач охин Б.Энх-Эрдэнэ зургаан насандаа уншиж сурмагцаа хамгийн анх уншсан ном “Монголын нууц товчоо” байсан бөгөөд бяцхан охины санаачилга, ятгалгаар тэдний хамаатан садан, төрөл төрөгсөд бүгд гэртээ Монголын тэрхүү их хөлгөн судрыг залсан төдийгүй олуул цугласан үедээ “Монголын нууц товчоо”-ны талаар ярилцаж, заримдаа мэтгэлцдэг гэнэ лээ. Дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа “Эгч дүү гурав” хэмээх анхны номоо хэвлүүлж байсан бол өдгөө 9 дүгээр ангийн сурагч охины 20-иод бүтээл “Интерном”, “Аз хур” номын дэлгүүрүүдээр борлуулалт сайтай худалдаалагддаг аж. Бага ач охин Б.Энх-Оюу ч авьяаслаг зураач төдийгүй загвар зохион бүтээгч болох мөрөөдлөө одоогоос биелүүлж яваа нэгэн гэнэ. Ач охид эмээгийнхээ гурван боть номын хэвлэл, зургийн ажилд ч гар бие оролцож, техник редактораар ажиллажээ.   


УЛААН ДЭВТРИЙН УЧИГ, ХАР ДЭВТРИЙН ХАВ ДАРСАН НУУЦ


1990 оны цагаан морин жилийн хувьсгалын дараагаас Армийн улс төрийн газар татан буугдаж, намын ажилтны албан тушаал, ажил үүрэг үндсэндээ байхгүй болоход Б.Жуваа БХИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн тэнхимийн улс төрийн ротын захирагчаар томилогджээ. 1993 онд улс төрийн мэргэжлээр суралцаж байсан хамгийн сүүлчийн 16 хүүхдийг төгсгөх аргагүй болж, тэднийг МУИС-ийн социологи, хууль, түүхийн ангид шилжүүлж, сургалтын төлбөрийг нь Батлан хамгаалах яамнаас төлсөн гэдэг.


Удалгүй тэрээр Офицерын сургуулийн цэргийн алба эрхэлсэн орлогчоор томилогдож, сонсогч нараа өдөр тутмын үйл ажиллагаанд сургаж дадлагажуулах, жинхэнэ цэргийн хүн болгох үүрэг хүлээв.


Түүний шавь нар, ялангуяа анхны сонсогчид нь их сайн яваа талаар хурандаа бахархан өгүүлж, Жаргалсайханы Өсөхбаяр, Балжидын Баатар, Мангаагийн Болдбаатар гээд л нэрс урсгах нь өнөө цагийн батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчиндээ эрхгүй оны толгойд гарч, ноён нурууг үүрэлцэж яваа эрхмүүд байх нь бахархмаар. Түүнчлэн Монголын анхны эмэгтэй бригадын генерал Ганболдын Болор ч түүний гар дээр ирсэн анхны зургаан эмэгтэй сонсогчийн нэг гэж сайрхана. Бүх шавь нараа овог нэрээр нь дууддаг, ар гэр, амин хувийнх нь асуудлыг нь анддаггүй, сонсогчдынхоо нүүрэн дээр нь үнэнийг хэлдэг, шаардлагатай бол шулуухан загначихдаг, хатуухан шаардлага тавьдаг байсан түүний дотоод мөн чанар нь шавиа хүн шиг хүн, цэрэг шиг цэрэг болгохын төлөө зүтгэж явсанд оршино. Тиймээс ч “Цэрэг ээ, дэслэгч ээ...” гэхчлэн хөндийхөн дуудаж харьцах дарга, залуу удирдлагуудад тэсэлгүй хэлэхээ хэлээд л тавьчихдаг гэх нь насаараа хүнтэй харьцаж, сэтгэлийн түлхүүрийг нь олохыг хичээж ирсэн хашир багш, даргын чин сэтгэлийн хандлага ажээ. Ахлагчийн сургууль, БХИС, БХУА, Команд инженерийн сургууль зэрэг боловсролын байгууллагад 20 гаруй жил ажиллахдаа дарга, захирал, багш хэмээх эрхэм алдрыг хүртэж, мянга мянган офицер, ахлагч шавь нарынхаа сэтгэл, зүтгэлд гэрэл гэгээ бадрааж, үнэнч шударга байх, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж, шуурхай ажиллаж сурахыг чухалчлан захиж иржээ.


May be an image of 3 people

Түүний хүнтэй ажиллах арга барилын нэг онцлог нь хар, улаан дэвтэр хөтлөх бол өөрийнхөө дотоод сэтгэлийг анирдах нэг арга нь насан туршдаа бичиж ирсэн өдрийн тэмдэглэл ажээ. Улаан дэвтэрт тухайн үеийн сонсогч, өнөө цагийн дарга, захирагч нарын ар гэрийн бүртгэл, зан чанарын онцлог, сонирхдог зүйл, урлаг спортын амжилт, магтаал сайшаалын тухай тэмдэглэл байдаг бол хар дэвтэрт гаргасан зөрчил, авсан шийтгэл, анхаарах зүйлсийг овог нэр, он сартай нь гараар нямбай нь аргагүй дурайтал бичсэн байх юм. Хар дэвтрийг нь харин хүнд үзүүлэх дургүйгээ хайртай сонсогч нарын минь гэнэн бага насны алдаа дутагдал төдий шүү дээ гэж хаацайлах юм билээ. Онц сурсан, охид эргүүлсэн, оргож боссон, онгироо зангаа барьж дийлээгүй гээд л алдаа оноо, амжилт уналт, ялалт ялагдал хэмээх амьдралын өнгөнүүд шунхан улаан залуу насыг улам чимдэг биз ээ. Өдгөө бие нь жаахан чилээрхүү байгаа багшийгаа, даргыгаа эргэж ирсэн Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, төрөл мэргэжлийн командлагч, ангийн захирагч нар гэнэн залуу сонсогч үеийнх нь тухай тэрхүү тэмдэглэлүүдийг харж, дурсамж сэргээж, хөгжилдөцгөөх нь эгээ л гучаад жилийн өмнөх цаг хугацаагаар аялуулах мэт ээ...


АЙМГИЙН ЗАХИРГАА, АМРАЛТЫН БИЗНЕС, АХМАДУУДАА НЭГТГЭХЭД Ч ХҮЧЭЭ ҮЗЭВ


Хурандаа Б.Жуваа Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар томилогдохдоо Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаас “21 аймгийн Цэргийн штабуудаас ажлын үзүүлэлтээрээ 21 дүгээрт ордог, шуудан болгоноор үг дайж, шувуу болгоноор матаас ирүүлдэг энэ газрын ажлыг өөд нь татаарай” гэсэн үүрэг даалгаврыг хүлээн авсны дагуу үүргээ ч сайн биелүүлж, ажил үйлсийг нь өөд нь татаж, өнгөлж зүлгэж, үнэлүүлж дүгнүүлсэн төдийгүй баруун хязгаарт барилгын болон тусгай хүчний цэргийн анги байгуулах үйлсэд ч хувь нэмрээ оруулжээ.


Мөн тэндээсээ гавьяаныхаа амралтад гараад Батлан хамгаалах яамны “Монгол цэрэг жуулчин” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа амралтын газрыг ажиллуулж, аялал жуулчлалыг хөгжүүлж, бас ч багагүй ашиг орлого төвлөрүүлж байснаас харахад санхүүгийн чамбай сэтгэлгээ, бизнесийн гүйлгээ ухаантай нэгэн байсныг илтгэнэ.


Мөн тэрбээр “Улс төр, соёл хүмүүжлийн ажилтны нэгдсэн эвлэл” төрийн бус байгууллагыг байгуулалцаж, жил бүрийн 5 дугаар сарын 16-ны өдрийг “Зэвсэгт хүчний соёл хүмүүжлийн ажилтны өдөр” болгож, үе үеийн улс төр, соёлын ажилтнууд, ахмадуудыг эвлэлдүүлэн нэгтгэж, олон хэлбэрийн үйл ажиллагаа зохион байгуулахаас гадна хэд хэдэн ном бүтээл өлгийдөж, түүхэн замналаа баринтаглаад байна. Мөн өдөр тутмын болон салбарын сониндоо хэвлүүлсэн нийтлэл, тэмдэглэлээс гадна сэтгэлээ шингээн байж бүтээсэн “Ахлагчийн сургууль”, “Урианхай сурын харваа”, “Шүтээн нутаг Буянт” зэрэг олон ч дууны уран бүтээлийг туурвижээ. Өдгөө бичиж туурвиад дууссан “Улс төрийн ажилтны дуулал”, “Удмын хэлхээ оршвой” номуудаа хэвлүүлчихвэл нэг санаа амрах гээд байна” хэмээн өгүүлэх эрхэм хурандаатай хууч яриа дэлгэж суухдаа “аливааг хийсэн шиг хийхийн одонд төрсөн нэгэн юм даа” гэсэн бодол төрж байлаа...


Д.ГҮНЖИЛМАА

Эх сурвалж: "Соёмбо" сонин