sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2025 оны хоёрдугаар сарын 5 /CNN/. 2024 оны эхээр нас барсан эрүүл хүмүүсийн тархины дээжүүдэд шинжилгээ хийхэд найман жилийн өмнө авсан дээжүүдэд агуулагдаж байснаас 50 хувиар илүү хэмжээний бичил хуванцар илэрчээ. 

Мөн бусад эрхтнүүдэд агуулагдаж байснаас мэдэгдэхүйц их хэмжээний бичил хуванцар тархины эд эсүүдэд илэрсэн байна. Бөөр, элгэнд агуулагдаж буйгаас 7-30 дахин их бичил хуванцрыг тархины дээжээс илрүүлсэн бол танин мэдэхүйн чадвар нь алдагдаагүй нас барсан хүмүүсийн тархин дахь бичил хуванцрын дундаж агууламж нь нэг грамм эдэд 4800 микрограмм (тархины массын 0.48 хувь) байсан бөгөөд энэ нь нэг хуванцар халбаганы жинтэй тэнцэнэ.




Түүнээс гадна, 2016 оны мэдээлэлтэй харьцуулахад тархин дахь бичил хуванцрын тоо хэмжээ 50 хувиар нэмэгдсэн байна. “Энэ бол өдгөө бидний тархины 99.5 хувь нь тархины эдүүд, харин үлдсэн хэсэг нь хуванцраас бүрдэж байна гэсэн үг юм” гэж Нью-Мексико их сургуулийн эм зүйн шинжлэх ухааны профессор, судалгааг хамтран хийсэн эрдэмтэн Мэттью Кэмпен тайлбарлалаа.




Одоогийн хэмжилтийн аргууд нь хуванцрын бохирдлын бодит хэмжээг хэтрүүлж эсвэл дутуудуулдаг тул эрдэмтэд дээрх тоо хэр үнэн зөв болохыг хэлж чадахгүй байна. Судлаачид ирэх онд илүү үнэн зөв үзүүлэлт гарна гэдэгт найдаж байна.

Эдгээр нь түгшүүр төрүүлэхээр цорын дүгнэлт биш юм. Учир нь деменц буюу танин мэдэхүйн чадвар нь буурсан тэнэгрэх өвчинтэй хүмүүсийн тархинд бичил хуванцрын агууламж эрүүл хүмүүсийнхээс 3-5 дахин их байгааг судалгаагаар тогтоосон байна. Бичил хуванцрууд артери, венийн судасны хананд, түүнчлэн тархины дархлааны эсүүдэд бөөгнөрсөн байжээ. Ингэж бөөгнөрсөн нь хуванцрын улмаас тэнэгрэх өвчин үүсдэг гэсэн үг биш, харин энэ өвчний үед тархины цусан хангамж ба тархийг цэвэрлэх механизмын үйл ажиллагаа улам дорддогтой холбоотой гэж эрдэмтэд үзэж байна.  




Энэхүү судалгаагаар хуванцар нь тархинд хөнөөл учруулдаг гэдгийг батлаагүй болохыг Ратгерсийн их сургуулийн эм болон хоруу судлалын дэд профессор Фиб Степлтон онцолжээ. Харин зарим эрдэмтэн "хуванцрууд тархины эд эсэд нэвтрэн орж, үйл ажиллагааг нь алдагдуулдаг" гэж үзэж байгаа боловч үүнийг цаашид нягтлан судлах шаардлагатайг судалгааны өгүүлэлд дурдсан байна. Түүнчлэн бөөр, элэг нь хуванцрыг хэсэгчлэн гадагшлуулдаг болохыг тогтоожээ. Харин тархи нь үүний адилаар бичил хуванцраас ангижирч чадах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Хүний биеийн эд эс дэх хуванцрын агууламж нэмэгдэж байгаа нь энэ төрлийн материалын үйлдвэрлэл нэмэгдэж, хүрээлэн буй орчинд хуванцрын бохирдол ихэссэн холбоотой гэж судлаачид дүгнэжээ. Дэлхий дээр хуримтлагдсан нийт хуванцрын талаас илүү хувийг 2002 оноос хойш үйлдвэрлэсэн бол 2040 он гэхэд үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Тархинаас гадна бичил хуванцар зүрх, судас, уушги, элэг, бөөр, хоол боловсруулах эрхтэн, төмсөг, түүгээр барахгүй хүний ихсээс илэрсэн билээ. 



Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг