sonin.mn

Амьтай бүхэн гайхамшиг. Жижигхэн аалз, шумуул, хар батгана гэхэд л ер бусын бүтээгдэхүүнүүд, байгалийн хувьслын брендүүд юм. Тэдний аль аль нь л хэдэн зуун сая жилийн хувьсал, хөгжлийн үр дүн байх. Тэдний бие, эрхтэн нэг бүр, үүрэг, функц нь ч биширмээр нарийн, дууриалган хийхийн аргагүй. “Ертөнцөд эзэн, бүтээгч байдаг, тэр л байгаа бүхнийг зохион бүтээжээ” гэвэл тэр эзэн, бүтээгч нь байгаль өөрөө юм. Иймийн учир хүмүүс бичин хүн байх цагаасаа л байгалийг (уул, ус, тэнгэр, нар, сарыг) элдвээр биежүүлэн, дүрсжүүлэн (амьжуулан) шүтэж иржээ. Хар аяндаа, урсгалаар, сулдаа буй болсон энэ сүсэг бишрэл хаа очиж аль ч шашнаас илүү их үнэнд ойр, мэдрэхүйд ч, сэтгэхүйд ч эзлэх байр суурьтай байдаг.


Хүний бие болон сэтгэхүй дээд гайхамшиг. Байгалийн энэхүү дээд гайхамшгийг харин бид зөв эдэлж, зөв тордож, бүрэн бүтнээр нь удаан хадгалж, үүрэг функцийг нь хэвээр байлгаж чаддаггүй. Учир нь байгаль биднийг бүтээж дуусаад (дууссан гэж үү?) бие, эрхтнээ хэрхэн ашиглах талаарх зааварчилгааг (эрхтэн нэг бүрийн баталгаат хугацаатай) хүмүүст өгсөнгүй.


Бидний оюун ухаанд найдсан бололтой. Харин хүмүүс бид угаалгын машин, цахилгаан зуух, хөргөгч мэтийг ч заавал ч үгүй баталгаат хугацаатай, ашиглах заавартай (бичгээр) нь худалдаанд гаргадаг. Энэ талаар байгаль хариуцлагагүй хандсан нь биднийг хэр ухаалаг амьдрахыг сонжсон туршилт байж ч болох юм. Ямар ч болов биеэ задалж нэг, угсарч нэг үзэх, мөн тордож, эмчилж, насаа уртасгаж явахыг бидэнд өөрсөд нь даатгажээ. Биеэ нэг бүрчлэн задлах, таних, хянах, тордох, эрүүлжүүлэх, урт наслуулах үүрэг, зорилгыг хүмүүс бид аль, ямар түвшинд гүйцэтгэж ирсэн юм бэ? Энэний түүхийг хүмүүс бид бичсэн билүү? Энэ талаарх үйл ажиллагаагаа бид үнэлж, дүгнэж, амжилтаа, бас алдаагаа тодруулж, цаашид хэрхэхээ ядаж л тив тивээрээ цуглаж хэлэлцдэг билүү? Эрхтэн нэг бүрээ хэрхэн ашиглах талаарх зааварчилгааг боловсруулж, хэвлэж тараасан билүү? Боловсрол олгох шат, түвшин нэг бүрд энэ талаар сургалт явуулж байгаа билүү?


Хүний бие хэд, хичнээн эрхтнээс бүрэлдэж байна, мөн л төчнөөн зааварчилгаа боловсрогдож, хэвлэгдэж, тараагдаж, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн болон ашиглагдаж байх ёстой биз дээ?


Элэг ашиглах зааварчилгаа, зүрхээ ашиглах зааварчилгаа, бөөрөө ашиглах зааварчилгаа, нойр булчирхайгаа ашиглах зааварчилгаа, уушги, яс, үе мөч, давсгаа ашиглах зааварчилгаа, цөс болон ходоод, бүдүүн гэдсээ ашиглах зааварчилгаа гэж байх ёстой, хүн нэг бүр тэдгээртэй аль нэгэн хэмжээнд танилцчихсан байх ёстой биз дээ? Энэ талын ажил XXI зуундаа багтаж хийгдмээр байна, хүмүүсээ! Хүний бие цогцос нэгэн дээд гайхамшиг мөнийн дээр хүний хүсэл, мөрөөдөл бол бас л нэгэн дээд гайхамшиг юм. Монгол ардын аман зохиолд, үлгэр, домогт хүний хүсэл, мөрөөдлийн олон олон гайхамшиг буй. Жишээ нь “Үхэл үгүй мөнхөөрөө байдаг, үргэлж хорин таван настайгаа байдаг” хэмээсэн дүрслэл. Энэ хүсэл, мөрөөдлийг биелүүлэх, бодитой болгохын тулд юу хийх ёстой вэ? Энэ асуулт тавигдсаар л ирсэн байх. Гэхдээ энэнийг хэрэгжүүлэх боломж бий юү? Энэ талаарх зааварчилгааг хэн, хэзээ боловсруулах юм бэ?


“Хүн төрсөн л бол мөнхөд үлдэх, хорин таван нас хүрсэн бол тэр янзаараа байх” гэдэг огт боломжгүй гэж үү? Ядаж 200 жил тийм байлгаж болох биш үү? Хүний биеийн эрхтэн нэг бүрийн элэгдэл, хорогдлыг нөхөөд, сэргээгээд байж болно. Хэд хэдэн удаа их засварт оруулж ч бас болно. Эрхтэн нэг бүрийг шинэ сэлбэгээр солиод байж бас болно.


Элэгдэх, хөгшрөх, үхэх боломж ер олгохгүй байж ч болно. “Хүнийг үйлдвэрлэж болсон” юм чинь шинэ, залуу хэвээр нь хадгалж бас болноо доо? Ганцхүү хэрхэн, яаж гэдэг арга, замыг нь л олох хэрэгтэй. Ингэж бодох, тооцох нь байж болох, байлгаж ч болох зүйл шүү дээ! Шинжлэх ухааны хүч чадал, боломжинд хязгаар тавих нь буруу, байгалийн хувьслын хүч чадал, боломж харин зорилгогүй, сулдаа явагдаж байдаг болохоор ердийн шалгарлаар л явц нь хэрэгжиж, үргэлжилж байж болох билээ. Үнэндээ бол тэгж ч иржээ. “Үхэл үгүй мөнхөд үлдэх, үргэлж хорин таван настайгаа байх” зорилгыг тэнд хэн тавих билээ дээ! Хүн бүр эрхтэн нэг бүрээ хэрхэн зөв ашиглах зааварчилгаатай болоод авбал, дээрээс нь нэмээд байнгын нөхөн сэргээлттэй, бас шаардлагатай сэлбэг, запастай, өөрийнхөө эд эсээр сэлбэг, запасаа бэлдэх боломжтой болчих аваас 200 жилийн нас ердийн хэм хэмжээ болчихож ч мэдэх юм шүү. Хүний биед шимэгчилж амьдардаг, гэхдээ хүний амьдралыг тэтгэж байдаг ашигтай микробуудыг байнгад тэтгэж (хооллож, антибиотик үл хэрэглэж, нөхөн сэргээж г.м-ээр) байх нь насаа уртасгах бас нэгэн боломж юм. Микробууд бол мөнхөд гэхээр байсан, бүх амьтны өвөг болсон, бүх амьтны амьдралд зарим нь нэн хэрэгтэй, зарим нь нэн хорлолтой бичил биетүүд. Тэд үгүйгээр бид ч үгүй болох магадлал нэн өндөр. Бүх ясаа хэвийн байлгах, бүх булчингаа хэвийн ажиллуулах, бүх судсаа уян хатан, цусаа шингэн байлгахад онцын бэрхшээлгүй. Таван мэдрэхүйгээ ч хэвээр хадгалах боломжтой. Тархины эд эсийг үхүүлэхгүй байлгах, бүр сэргээж, үржүүлж олшруулах арга ч олдох байх. Гэхдээ бид бие, эрхтнээрээ оролдохдоо сөрөг үр дагаврыг нь хатуу тооцоолж байх ёстой.


Орчин үед хүйсээр (эр, эм) оролдох нь бизнес шахуу болчихжээ. Энэний сөрөг үр дагавар яаж гарах бол оо? Хүн хэмээх биологийн нэгэн зүйл амьтны нөхөн үржих гайхамшигтай биотехнологийн аюулгүй байдал бол хүн төрөлхтний амин чухал асуудал шүү дээ! Энд “100 хэмжиж нэг огтлох нь ч” осолтой.


Төрөх, үржих замд маань аюул үүсвэл тэр нь мөхөх замын маань эхлэл болж ч мэднэ... Макро амьтад, ялангуяа халуун цустай амьтад бол микробуудын амьдралд хамгийн таатай орчин, нөхцөл юм. Жишээ нь хүний бие, ялануяа бүдүүн гэдэс. Тэнд дулаахан, чийглэг, хортой гэрэл, туяа байхгүй, хоол унд байнгад бэлэн, өөрсдөө ч жаргаад, эзнээ ч тэтгэж дэмжээд мөнхөд амьдрах, үржих боломжтой. Хүн урт наслахад ч тэд жинхнээсээ сонирхох учиртай. Бурхад гэж үгүй, худал болохоор хүнтэй хамт хэдэн арван тэрбум бичил биетэн үхэх, шатаагдах нь харамсахаар үзэгдэл юм даа. Хүний эр нь ч үргүй, эм нь ч мөн үргүй болчих нөхцөл, хүчин зүйлсийн судалгаа, урьдчилан сэргийлэх арга, зам, эрүүл хүүхэд төрөх баталгаа, энэ талд холбогдох сөрөг үзэгдэл, баримт, статистик мэдээ зэргээс бид дэлхийн их дайны үед ч гэсэн анхаарлаа холдуулж болохгүй билээ. Нөхөн үржихүйн чадавхгүй, элдэв гажиг, согогтой хүүхэд төрөх тоо, хэмжээ өссөөр л байгаа. Ийм үзэгдэл газар авах юм бол тэрнийг бурхад ч залруулж, засаж чадахгүй байх гэж нэгэн том биологич эрдэмтэн, эмч надад хэлж байж билээ. Хүн төрөлхтөн таван мэдрэхүйтэй (хардаг, сонсдог, амталдаг, үнэрлэдэг, биеэрээ мэдэрдэг) робот, хиймэл оюун ухаантай робот зохион бүтээгээд ч тэр нь хүний бие, сэтгэхүйтэй харьцуулахад төгс төгөлдрөөрөө мөнхөд л (3-) үнэлгээтэй байх бизээ. Яагаад гэвэл биологийн амьтан болон хүний бүтээсэн робот (машин) хоёрын хувьд нэг нь байгалийн, төрөлхийн нөгөө нь хиймэл, нэг удаагийн, цаг зуурынх юм. Байгальд маань хүний эд, эс, эрхтэн бүрийг хэвийн ажиллуулахад оролцдог, дэмждэг бүх материал, минераль, витамин байдаг болохоор тэр бүхнээр бид өөрсдийгөө хангах боломжтой. Эрүүл, залуу явахад дутагдах зүйл нэг ч үгүй. Ингэхлээр наад зах нь 200 наслахад өргөн бололцоо бэлхнээ байгаа болно. Ганцхүү шинжлэх ухааны нарийн тооцоо, хэмжээтэй, ухаалаг хэрэглээ л чухал юм. Хүний биеийн аль, ямар ч эрхтэнг сульдахгүй, хөгшрөхгүй (яс нь сийрэгжихгүй, шүд нь унахгүй, булчин нь хүчтэй хэвээрээ), залуу хэвээр нь байлгаж болно. Тархины эсүүдийг ч идэвхтэй, хоорондох холбоо нь хэвийн, өтгөн, тоо хэмжээ нь ч үл цөөрөх төлөв, байдалтай хадгалах арга, зам олох учиртай. Байгаль дахь аливаа үзэгдэл, процесс жолоодлого авах түгээмэл шинжтэй нь үнэн. Тэр тусмаа хүний бие бол төвлөрсөн удирдлагатай, мэдээлэл ба командыг дамжуулах найдвартай сүлжээтэй, биеэ даасан, тусгаар систем болохынхоо хувьд тохируулга, жолоодлого авах онцгой шинж, чанартай юм. Учир, шүтэлцээг нь таних, олох аваас тэр нарийн системийг удирдах боломж мэдээжээр буй болох нь тодорхой билээ. Ганцхүү ийм хэмжээ, түвшинд бидний мэдлэг, чадвар хүрсэн байх шаардлагатай. Хүний яс бол барилгаар жишвэл арматур нь. Энэ арматурыг ямраар ч тордож, нэгэн янзаар нь байлгаж болно. Ийм чадавхыг л хүмүүс эзэмших хэрэгтэй.


Хүний дотор эрхтэнг хэд ч дахин сольж бас болно. Одоо ч сольсоор л байгаа. Хамаг бэрхшээл уураг тархитай холбоотой л байх болов уу. Гэхдээ уураг тархи бол гар хүрч огт болохгүй эрхтэн биш шүү дээ. Энд ч гэсэн шийдэл, гарц олдох нь эргэлзээгүй.


“Хүний бие болон сэтгэхүй” гэх гайхамшгийг удаан хадгалах, урт наслуулах, байнгад сэргээх, 25 настай үеийнх шиг нь 200 жил байлгах эрэлд хүн төрөлхтөн шинжлэх ухааны их боломж, чадавхыг дайчлан ашиглах аваас амжилт олох нь гарцаагүй юм. Хүмүүсийн гар дээр “бүдүүн гэдэс, шулуун гэдсээ хэрхэн ашиглах вэ?” гэсэн зааварчилгаа байдагсан бол “өтгөн хатах” зохиур хэнд ч байх учиргүй билээ. Гэхдээ монголчуудад лав л миний багад энэхүү зовиураас хол байсан юм. Өвөг дээдсийн маань идэж байсан хоол шулуун гэдсээр гадагшлахдаа ямагт зөөлөн, чийглэг байжээ. Арвайн гурил, зарам, сульхир, тараг, ааруул, хийцтэй цай, хярамцаг, өрөм, шар тос, хонины ураг сүүл, хуурсан тариа, хөцтэй шөл мэт нь өтгөн хатахад хүргэдэггүй ажээ. Модон ууранд хуурсан тариа, чанасан ураг сүүл (хэрчиж) хийгээд мөн модон нухуураар цохиж, нухаж, нэгэн төрлийн хайлмаг мэтийг ээж минь хийж бидэнд идүүлдэг байв. Хөх тариа, халтар арвай, сульхирын гурил мэт нь өөртөө их ус шингээхийн зэрэгцээ зарим хэсэг нь ямар ч өөрчлөлтгүйгээр гадагшилдаг ажээ. Энэ нь өтгөн хатахаас хамгаалж байжээ. Мал хариулах, аргал, түлш түүх бүрийдээ л хүүхдүүд зун, намар чихэр өвс их зажилдаг, цооргоны иш зажилдаг байсан нь ч сайн нөлөөтэй байв. Ахмадуудаа дууриан хийж байсан үйлдэл бүрийнхээ цаад учир, ач холбогдлыг хүмүүс их хожуу л ойлгодог юм. Шөлтэй хоол нь ихэнхдээ бүтэн үртэй (элдэв буудай), өдөрт 1-2 удаа арвайн гурил идэж, зун намартаа сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байсан нь олон талын эерэг үр нөлөөтэй байжээ.


Орчин үеийн ойлголтоор бол 1940-1950 оны үед манайх дээд биш, нэгдүгээр биш, хоёрдугаар ч биш, бүр 3-4-р гурилаар (арвайн гурил, зарам, хөц) хийсэн хоол, бараг л бүхэл үрийн гурил идэж байв. Энэ нь ч бүдүүн гэдэс, шулуун гэдэсний үйл ажиллагаа, тэнд амьдардаг ашигтай бактериудад сайнаар нөлөөлж, өтгөн хатахаас сэргийлж байжээ.


Эцэст нь гайхшран тэмдэглэхэд хүний бие бүхлээрээ ч, мөн бүрэлдэхүүн аль ч хэсгээрээ үнэхээрийн супер бүтээл юм. Хүний элэгний хагасаас илүүг нь тайраад авчихад удалгүй л нөхөн ургачихаж байна. Хүний дотор, гаднах ямар ч шарх эдгэчихэж байна. Яс хугарсан ч бороолдог, хэвлийн хөндий, цээжний хөндийг нээж мэс ажилбар хийж болдог, аль ямар ч эрхтэнг сольж болдог, зарим хүн цар тахлаар ч өвчилдөггүй. Бичин хүн байх шатандаа гэхэд л байгаль-цаг уурын олон гамшгийг даваад л үлдэж, махан идэштэн болох цагтаа ч амьтнаас халдаасан бүх өвчнийг ч тэсвэрлээд гарчихаж, олон бактери, олон вирусын эсрэг дархлаатай ч болчихож. Харин хүн болж хувирсан хойноо л тансаглалын гарвальтай олон олон гажиг, согогт нэрвэгджээ. Архи, тамхи, таргалалт, давс, саахар, хийжүүлсэн ундаа, консервласан хүнс, хар тамхи, шарсан мах, шатсан тосны утаа, хотын агаарын тоос, хөдөлгөөний дутагдал гэх мэт нь бидний дархлааг сулруулж, олон өвчинд хүндрэх боломж олгох болжээ. Бичин хүмүүс тарвага, зурамны махыг түүхийгээр нь идэж тахалд нэрвэгдэж байсан бол одоо ухвар мөчид хүмүүс тарваганы бөөр, хүн мах мэтийг түүхийгээр нь зальгиж, тахал халдааж өвчилж байна. Хүний бие, эрхтэн гэх энэхүү супер бүтээлийн насыг наанадаж 200 жил болгочих ухаан, чадавх ч хүнд өөрт нь байгаа юм шүү! Хүмүүс энэ талаар ажиллах, чармайх, сэтгэх, бүтээх л хэрэгтэй. Ядаж л аль ямар ч эрхтэнг засварладаг, сольдог, шинэчилдэг, ашиглалтын хугацааг нь уртасгадаг болох юмсан.

 



Судлаач, профессор Д.Чулуунжав