sonin.mn

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Намрын чуулган завсарлаад удаагүй байна. Энэ чуулганы үр дүнг хүмүүс олон янзаар үнэлж дүгнэж байгаа. Таны хувьд энэ удаагийн чуулган ямар үр дүнтэй болж өндөрлөв. Энэ тухай яриагаа эхэлье?


-Намрын чуулганаар шийдэгдсэн асуудал олон бий. Энэ дундаас өнөөдөр би нэгэн дүгнэлттэй сууж байна. Хэрэв өнөөдөр хамтарсан буюу эвслийн Засгийн газар байгуулагдаагүй бол энэ том төслүүд, нийгэмд чиглэсэн зарим чухал асуудлууд шийдэгдэж чадахгүй байжээ. Магадгүй эрх баригч нам, сөрөг хүчин гээд хоёр талд гарч улстөржсөөр, өмнөхийн адил намрын чуулган өндөрлөх байсан. Харин намууд Засгийн газарт хамтарч орсноор олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байсан олон чухал асуудал намрын чуулганаар буюу харьцангуй богино хугацаанд шийдэгдэж чадлаа. Тухайлбал, ураны төсөл байна. Хэрэв МАН дангаараа Засгийн газраа байгуулаад явсан бол ураны гэрээ шийдэгдэж чадахгүй байсан. 


АН-ын хувьд ямар ч тохиолдолд баялгаа зөв ашиглах ёстой, иргэд орлоготой байх ёстой, улс орны хөгжил эдийн засгийн хөгжлөө дагаж явдаг шүү гэсэн үзэл баримтлалтай явж ирсэн. Энэ үзэл баримтлалынхаа хүрээнд манай нам Засгийн газарт орж ажилласны хүчээр эхнээсээ том төслүүд шийдэгдэж байна.


Ураны төсөл ямар онцлогтой вэ гэхээр төслийн хэмжээ их том биш. Орон нутагт 700 гаруй ажлын байр бий болж байна. Худалдан авалтын 40 орчим хувийг Монголын компаниуд ханган нийлүүлнэ. Ингээд тооцохоор Оюутолгойн хажууд жижигхэн төсөл. Гэхдээ ураны зах зээл дэлхийд том бөгөөд ач холбогдолтойд тооцогдож байгаа. Хүдрийг нь гаргадаг, цөмийн түлш хийдэг, цөмийн станцуудыг барьдаг, операторуудыг нь ажиллуулдаг гээд эрчим хүчний зах зээлийн том тойрог олон улсыг дамнан аль хэдийн бий болсон.  Энэ тойрогт Монгол Улс одоо л орох гэж байна. Ингэснээр манай улсын тусгаар тогтнол, эдийн засгийн баталгаа нэмэгдэж байгаа.


Ер нь аливаа улс орон алслагдаад, хаагдаад, өрөөний буланд шигдээд байх тусам хувь заяа нь улам л бүрхэг болно. Харин аливаа үйл явдлын дунд орж, бусад улс орнуудтай хамтран нийлж хөдлөх тусам бидний тусгаар тогтнол улам бэхжиж байдаг.


Энэ утгаараа ураны төсөл чухал ач холбогдолтой байлаа. УИХ хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, хамтарсан Засгийн газар төслийг хөдөлгөж чадсан. Дараагийн нэг чухал төсөл бол төмөр замын холболтын асуудал байна. Бид нүүрс, уул уурхайн түүхий эдээ алийн болгон машинаар зөөх вэ. Ер нь цаашид нүүрсээ зөөе л гэж байгаа бол зориулалтынх дагуу төмөр замаар нь зөөх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр төмөр замын чиглэлийг нь тодорхой болгоод хэлэлцээг нь соёрхон баталж, ажлыг нь явуулах ёстой гэсэн байр суурьтай байна.


-Өмнө нь та аливаа асуудлыг гаднаас нь харж асуудалд хандаж, байр сууриа илэрхийлдэг байсан. Харин одоо парламентын бүрэлдэхүүнд багтаж, бодлого тодорхойлж байна. Хэр их ялгаа мэдрэгдэж байна вэ?


-Их том ялгаа байна. Аливаа мэдээллийг олон талаас авч байна. Үүнийгээ дагаад маш их уншиж, судалж, анализ хийх шаардлага гарч байна. Ер нь бодоод байхад өмнө нь нэлээд хязгаарлагдмал мэдээлэл дээр үндэслэж, улс төрийг их энгийнээр ойлгодог байжээ. Харин одоо бол улс төр хийх цаг биш. Ажил хийх цаг, шийдвэр гаргах цаг шүү дээ.  Шийдвэр гаргахдаа зүгээр нэг ярьж, бусдад таалагдахдаа гол биш, хариуцлагатай байх ёстой. УИХ-ын гишүүний дарж байгаа кноп бүрийн ард үүрэг, хариуцлага, ёс зүйн асуудал яригдана. Нөгөө талаар мэдээлэлд ойрхон байх тусам сурч мэдэх зүйл улам нэмэгдэж байна. Ажил хийхийнхээ хэрээр дараа дараагийн хийж, оролцох ажил ч их болж байна. Тэгэхээр одоо улс төр хийх цаг биш, ажил хийх, шийдвэр гаргахад бүх анхаарлаа хандуулж байна.


-УИХ-ын дарга Д.Амарбаясгалан захирамж гаргаж, 50 гаруй ажлын хэсэг байгуулсан. Та нэлээд олон ажлын хэсэгт орж, ажиллаж байгаа. Ямар асуудалд голлон анхаарч байна вэ?


-Ер нь ажлын хэсгүүдийг яагаад шууд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан бэ гэдэг нь их чухал. УИХ-ын гишүүн хууль санаачлах, түүнийгээ парламентад өргөн мэдүүлж хэлэлцүүлэх онцгой бүрэн эрхтэй. Гэвч одоогоор Монгол Улсад 800 гаруй хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тэдгээр нь хоорондоо зөрчилддөг, хийдэл үүсдэг. Хуулиас давсан дүрэм журам мөрдөгддөг. Үүнээс шалтгаалж, нийгэмд олон асуудал бий болж байгаа нь үнэн. Тэгэхээр хууль санаачлах, батлах, хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого байх хэрэгтэй гэж үзсэн.


Одоо УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн яг нэг чиг шугамаа бариад хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нэгдсэн бодлоготойгоор явж байна. Ингэснээр хууль хоорондын уялдаа холбоо арай өөр түвшинд очно гэж хардаг. Мэдээж УИХ-ын гишүүдийн хууль санаачлах, боловсруулах бүрэн эрх нээлттэй.


Гэхдээ нэгдсэн бодлогоор эмх цэгцтэй явах ёстой гэдэг дээр санал нэг байгаа. Би Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төсөл, Засгийн газрын үндсэн чиг үүрэг буюу мэргэжлийн хяналтын тухай хуулийн төсөл, Тамхины тухай хуулийн төсөл, Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл гээд нэлээд олон ажлын хэсэгт багтан ажиллаж байна.  Ирэх хаврын чуулганаар хуулийн төслүүд маань эхнээсээ хэлэлцэгдэнэ. Гэхдээ ажлын хэсгийн гишүүний хувьд зарим хуулийн төсөлд яаралгүйгээр нэлээд ул суурьтай хандах ёстой гэсэн байр суурьтай байгаа.


-Мэргэжлийн хяналтын тухай хуулийн төсөл яригдаж байгаа юм байна. Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасан нь буруу, эргэж сэргээж байгуулах ёстой гэсэн асуудал нийгэм яригддаг. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?


-Одоо салбар яамд болгон дээр яг адилхан чиг үүрэгтэй мэргэжлийн хяналтын бүтэц ажиллаж байна. Тэгэхээр давхцал, давхардал үүсэх магадлалтай. Ажлын хэсэг яг одоо гарц шийдэл ярилцаж байгаа. Өмнө нь ажиллаж байсан Мэргэжлийн хяналтын бүтэц асуудалтай байсан учраас л холбогдох газраас шийдвэр гаргаж тараасан. Тун удалгүй буюу хэдхэн жилийн дараа дахин сэргээе гэж оруулж ирж байгаа. Тэгэхээр энэ хоёрын аль шийдэл нь зөв бэ гэдгийг ярилцаад ажлын хэсгээс хамгийн зөв хувилбарыг гаргаж танилцуулна. Ер нь аливаа бизнесийн байгууллага, иргэд олон нийт, төрийн байгууллага гээд бүгд тодорхой нэг түвшин, стандартад баригдаж ажиллах ёстой. Тэр стандартыг яаж өндөр түвшинд барьж ажиллах вэ гэдэг асуудал л байгаа юм. Түүнээс биш төрийн хяналт шалгалт гээд нэрээсээ эхлээд бүхнийг хянаж, шалгаад байх нь өрөөсгөл ойлголт юм даа.


-126 гишүүнтэй парламент анхны Төсвийн хуулиа баталсан. Хууль батлах процесс УИХ-ын хувьд нэг том сорилт болсон гэдгийг хүмүүс ярьж байна. Та Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар ажиллаж байгаа. Цаашид ямар зохицуулалт хийх хэрэгтэй гэж харсан бэ?


-Та бүхэн санаж байгаа бол 2025 оны төсөв хэлэлцэхээс өмнө парламент 2024 оны төсвийн тодотгол хэлэлцсэн шүү дээ. Тэр тодотголоор таван их наяд төгрөг нэмэгдэж орж ирсэн.  Бид бүгдээрээ шинэ гишүүд байлаа. Зуны дэлгэр цаг таарсан, хэн нь ч анхаарал хандуулж чадаагүй, шууд дэмжээд явуулсан. Дараа нь 2025 оны төсөв орж ирсэн. Гишүүд бүгдээрээ ажилласан, тулгаж өргөн бариагүй учраас төсөв дээр дүн шинжилгээ, анализ хийх боломж бололцоо бүрэн байлаа. Нэг жилийн зайтай төсөв 10 их наядын зөрүүтэй ороод ирэхээр бид бүгд анхаарахаас өөр аргагүй. 


Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд бие даасан гишүүний хувьд ч 2025 оны төсвийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байсан. Ер нь төсөв дээр олсныхоо хэрээр зарцуулж, олсон хэсгээсээ хасах төсөв рүүгээ шилжүүлээд байдаг байж болохгүй гэсэн байр суурьтай байгаа.


Нөгөө талаар энэ бүхэн манай тогтолцоотой их холбоотой юм билээ. Төр маш их ажилд оролцдог. Төрийн нэр дор төртэй холбоотой, оролцоотой, хувь эзэмшдэг аж ахуй нэгж, объектууд маш олон байна. Ингээд цалингийн зардлууд хөрөнгийн зардлууд маш их гардаг. Эдийн засаг хөгжихийн хэрээр бараа бүтээгдэхүүний үнэ байнга өсөж, инфляц тодорхой хэмжээнд нэмэгддэг. Энэ хэрээр төсвийн зардал жил ирэх тусам нэмэгдэж, томорч байна. Үүн дээр нэрмээс болж, энд тэндхийн соёлын ордон, мэдээллийн төв барих гээд барилга барих төсвүүд орж ирж байна. Эмнэлэг барилаа гэхэд дагаад ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх ёстой гээд орон сууц барих төслийг улсын төсөвт оруулж ирж байна. Үүнийг би буруу гэж боддог. Төр хэтэрхий олон зүйл рүү орж, эргээд түүнийгээ даахгүй байна шүү дээ. 2025 оны эхний орж ирсэн төсөвт Ерөнхийлөгч хориг тавьж, парламент хоригийг хүлээн авч дахин хэлэлцэн батлахдаа энэ чиглэлийн зардлуудыг нэлээд танаж баталсан. Нэг удаа аргалж, гал унтраах арга хэмжээ авсан гэж ойлгож болно. Гэхдээ үндсэн асуудал болох тогтолцооны гажуудлаа шийдэж чадаагүй учраас ирэх жилийн төсөв дахиад л том зардалтай орж ирнэ. Цаашид төр зарим үйлчилгээний хэсгүүдээ хувийн хэвшилд шилжүүлэх ёстой. Тэгсэн цагт жил бүр хэмжээ хязгааргүй өсөж байдаг төсвийн зардлаа бууруулах боломжтой. Энэ асуудалд УИХ, Засгийн газрын нэгдсэн бодлого шаардлагатай гэж харж байна.


-Та одоо улс төр хийх цаг биш, ажил хийж шийдвэр гаргах цаг гэж хэлсэн. Гэхдээ үе үе “Танай нам, манай нам” гэсэн хэрүүл маргаан гардаг.  Ер нь гарсаар ч байна байх. Энэ асуудал та ямар байр сууринаас ханддаг вэ. Нөгөө талаар парламент гэдэг сөрөг хүчинтэй байх ёстой. Та бүхэн сөрөг хүчний дуу хоолойг хэр хүргэж ажиллаж байна вэ?


-Парламент гэдэг өөрөө хяналтын байгууллага шүү дээ. Улс төрийн намууд бодлогын түвшинд хамтарч ажиллаад томоохон төслүүдээ урагшлуулж байгаа ч гэсэн парламент дээр сөрөг хүчний дуу хоолой, шүүмжлэл, хяналт байх ёстой. 126 гишүүнтэй болсноор энэ хяналтын систем улам нэмэгдсэн гэж ойлгож болно. Парламентын гишүүдээс маш олон төрлийн үзэл санаа, өнцөг гарч ирж байна. Үүн дээр тулгуурлан шийдвэрүүд гарч байна. Түүнээс биш хамтарсан гэдгийн ард сөрөг хүчингүй болчихсон асуудал байхгүй.


-Та Төвийн бүсээс УИХ-ын гишүү­нээр сонгогдсон. Мэдээж тойр­гийн ард иргэддээ амласан амлалт олон бий байх. Хагас жилийн хугацаанд ямар зүйл амжуулав?


-Зөвхөн манай тойрог гэлтгүй улс хэмжээнд хэрэгжүүлэх ёстой нэг зүйл байна. Энэ нь иргэдийн орлоготой болгох тухай асуудал юм. Ер нь миний ярьсан хэлсэн амласан бүхэн энэ зүйлтэй л холбогддог. “Иргэн баян бол улс баян” гэдэг үг бий шүү дээ. Тухайн иргэн мал хариулдаг ч бай, тариалан тарьдаг ч бай, албан хаагч ч бай орлого нь нэмэгдэж, хадгаламж нь өсөж байх ёстой. 


Ерөөсөө хүний амьдралын нэг хүчин зүйл нь тэр юм. Ингэхийн тулд малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөе, тариаланчдын маань орлого улирлын чанартай байгааг жилийн түвшинд барих арга шийдлийг хайя. Энэ тал дээр би анхааръя гэж гарч ирсэн. Эхнээсээ ажлууд хийж байна. 


Сэлэнгэ, Дархан бол газар тариалангийн гол бүс нутаг. Төртэй хамааралгүйгээр ажлаа хийж, энэ салбараасаа амьдралаа босгоод явж байгаа хүмүүс олон бий. Гурилын үйлдвэрүүд гэхэд газар тариалан эрхлэгчдээсээ буудайгаа авч байна. Татварыг нь тэглэчихвэл их хэмжээгээр үйлдвэрлэсэн, илүү хямдхан гурил хэрэглэх боломж байна. Өнөөдөр ОХУ буудайн хоригт орчихсон байгаа. Манайх тэрийг нь оруулаад ирвэл гурилын үйлдвэрүүдэд шууд нөлөөлнө. Бид гурилын үнийг дээшээ доошоо байхыг зохицуулж чадахгүй ч харин үйлдвэр байна уу, ажлын байр байна уу, хүмүүс орлоготой байна уу гэдэг дээр зохицуулалт хийж чадна. Хямдхан гурил хэрэглэвэл сайн байна. Гэхдээ бид жижигхэн зах зээлтэй орон шүү дээ. Тийм ч учраас төрөөс гурилын үйлдвэрүүд, тариалан эрхлэгчдээ дэмжих ёстой. Хоёрдугаарт, малын гаралтай түүхий эдээ боловсруулах асуудал яригдаж байна. 


Дархан-Уул аймагт арьс шир боловсруулах үйлдвэр барих төсөл эхлээд зогссон байдалтай байна. Нэгэнт энэ төсөл зогссон учраас богино хугацаандаа бид ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж болох вэ, иргэдээ орлогожуулах вэ гэдгийг бодохоос өөр аргагүй. 


Ингээд одоо ажиллаж байгаа “Дархан нэхий” үйлдвэр болон мал бүхий иргэдийн уялдаа холбоог сайжруулах асуудлыг судалж байна. Ер нь цаашид үйлдвэрлэл яаж хөгжих юм бэ гэдгийг анхаарч байна. Бүгдээрээ нийтээрээ байгалийн эрчим хүч үйлдвэрлэгч болох боломж байна. Айл бүр нарны панельтай болж, үндсэн эрчим хүчний хэрэглээгээ хангаж, илүү гарсныг нь төвийн эрчим хүчинд нийлүүлж, орлоготой болох санал санаачилга гаргаад явж байна. Эхний байдлаар санхүүжилтийн асуудлыг шийдэх тал дээр ажиллаж байна. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, түгээлт дэд бүтцийг судалж байна. Иргэд бүгдээрээ амьдралын хэвшлээ өөрчилж, нарны эрчим хүч үйлдвэрлэгч болж түүнээсээ орлоготой болох боломжтой гэж харж байгаа. Ийм механизм бий болгохын төлөө ажиллана. Эрчим хүний шинэчлэл, үйлдвэрлэлийн хөгжил үүнээс эхэлнэ гэж харж байна.



Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин