“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “VSKOS” фэйшн академийн үүсгэн байгуулагч, дизайнер О.Булганыг урьж, ярилцлаа.
“Миланы загварын долоо хоногт оёмол болон эсгий хосолсон коллекциор оролцсон”
Блиц:
Боловсрол:
-2016 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач, хувцасны дизайнер мэргэжлээр төгссөн.
-2019 онд Итали улсын Милан хотын “Ferrari fashion academy”-д магистрын зэргээ хамгаалсан.
Ажилласан байдал:
-2017 онд “Fashuned” загварын зөвлөх агентлагаа нээн Итали, Франц компанитай гэрээ байгуулж Монголдоо албан ёсны эрхтэй байгуулаагаар ажиллаж байна.
-2021 оноос “Орфей” театрын “Гэм зэм”, “Опал”, “1984” жүжгүүдэд хувцасны зураачаар ажилласан.
-2024 онд Монгол, Солонгосын хамтарсан “In Da House 3” киноны хувцасны зураачаар ажилласан.
-2021-2024 онд “Дүрслэх урлагийн академи”, “Сити” их сургуульд хувцас дизайны багшаар ажилласан.
-2024 оноос “VSKOS” фэйшн академийг нээж албан байгууллага болон хувь хүмүүст зориулсан сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
-2016 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач, хувцасны дизайнер мэргэжлээр төгссөн. 2019 онд Итали улсын Милан хотын “Ferrari fashion academy”-д магистрын зэргээ эмэгтэй хувцасны дизайнер мэргэжлээр хамгаалсан. Энэ хугацаандаа буюу 2020 онд Миланы загварын долоо хоногоор оёмол болон эсгий хосолсон коллекциор оролцож байсан байсан.
Монголдоо ирээд 2017 онд “Fashuned” загварын зөвлөх агентлагаа байгуулж Итали, Францын компанитай гэрээ байгуулж, үндэсний брэндүүдээ олон улсын загварын долоо хоногт оролцуулах албан ёсны эрхтэй байгууллагаар ажиллаж байна. Мөн загварын салбарт гадаад харилцаа, buyer буюу олон улсын брэндүүдийг оруулж ирсэн.
“Norah Mongolia” брэндийн хөгжүүлэлт дээр ажилласан зэрэг олон чиглэлээр ажиллаж байсан. 2021 оноос “Орфей” театрын “Гэм зэм”, “Опал”, “1984” жүжгүүдийн хувцасны зураачаар ажилласан. Мөн “Дүрслэх урлагийн академи”, “Сити” их сургуульд хувцас дизайны багшаар багшилсан гээд загварын салбарт арав гаруй жил ажилласан байна.
Энэ бүхнээсээ хуримтлуулсан туршлагадаа үндэслэн загварын салбарт бизнес эрхлэгчид, хувь хүмүүс, ирээдүйд загварын чиглэлээр ажиллах сонирхолтой залуучуудад мэдээлэл өгөх, мэргэшүүлэхээр зорин ажиллаж байгаа.
2024 оноос мэргэжлийн туршлагатай хамт олноос бүрдсэн “VSKOS” фэйшн академиа байгуулж стилист, имижмэйкэр, фэйшн брэндинг, арт дирекшион, контент бүтээгч, дижитал маркетинг зэрэг загварын салбарын нарийн мэргэжлийг системтэйгээр, олон улсын стандартад нийцэхүйц боловсрол олгон ажиллаж байна.
Загварын салбарт хөрвөх боломжтой олон нарийн мэргэжил бий
-Манай улс түүхэн их өв соёлтой. Тэр тусмаа загварын салбарын дэлхийд ялгарах ондоошил, хамгийн онцлох зүйл бол яах аргагүй ноос, ноолуур. Нөгөөтэйгүүр, түүхий эдийн боловсруулалт, олон улсад танигдаж буй явц, чанар зэрэг нь манай улсын загварын салбарын том ялгарал байж чаддаг. Уран бүтээлч, дизайнеруудын хувьд ч олон улсад бүтээлээ танилцуулахад сэтгэлгээ, бүтээлч байдал нь хэзээ ч хоцрогддоггүй. Энэ бол бидний давуу тал. Гэвч нөгөө талаар загварын салбарт тулгамдаж буй асуудлууд цөөнгүй бий.
Би “Дүрслэх урлагийн академи” болон “Сити” их сургууль хувцас дизайны багшаар ажилладаг байсан. Энэ үед загварын салбарт боловсрол олгох системд хэд хэдэн асуудал байгааг анзаарсан. Зөвхөн дизайнераар мэргэжил олгож байгаа нь хязгаарлагдмал гэх жишээний.
Гэтэл загварын салбарт олон мэргэжил, ажлын байр байгаа шүү дээ. Жишээлбэл, стилист, арт директор, брэндинг, маркетинг ч бас загварын салбарт өөрийн онцлогтой, олон улсад чиглэл тус бүрээр нь мэргэжил олгодог. Манай улсын их сургуулиудад нарийн мэргэжил олгодог боловсролын систем байхгүй. Тэгэхээр манай улсад загварын салбарт ажиллах хүсэлтэй залуус дизайнер мэргэжлээр л сурах боломжтой гэсэн үг. Тэд дизайнераар төгсөөд эрэлт хэрэгцээ байна уу, цаашлаад брэнд үүсгэж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Үүнээс болоод өөр салбарт, өөр мэргэжлээр ажиллах нөхцөл үүсдэг. Ингэснээр энэ мэргэжлээр төгссөн мэргэжилтнүүдийн хувьд дөрвөн жил суралцсан цаг хугацаа, санхүү цаашлаад итгэл найдвараа алдаж байна гэж хэлж болохуйц байгаа. Тэгэхээр дизайнер болохгүй ч салбартаа хөрвөж ажиллах боломжтой нарийн мэргэжлүүдийг таниулахыг зорьж “VSKOS” фэйшн академи үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Манай академи фэйшн стилист, имижмэйкэр, фэйшн брэндинг, арт директор, контент бүтээгч болон фэйшн дижитал маркетинг гэсэн дөрвөн чиглэлээр мэргэшүүлэх сургалт явуулж байна.
“Концепцоо зөв тодорхойлох хэрэгтэй”
-Стилист мэргэжлийн хувьд загварт сонирхолтой, урлаг, гоо зүйн мэдрэмжтэй хүмүүс ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл, хувцсыг агуулга, концепцид нийцүүлэн гоо зүйтэйгээр бүрдүүлдэг хүнийг хэлнэ. Мөн загварын брэнд үүсгэх, хөгжүүлэх, брэндинг, маркетингийн тал дээр мөн анхаарах зүйлүүд их ажиглагддаг.
Жишээлбэл, загварын салбар нь бүтээлч салбар учраас брэндингийн хувьд ялгарал, цаанаа авч явж байгаа агуулга, концепц нь маш чухал.
Бүтээгдэхүүнээр дамжуулж хэрэглэгчдэд ямар үнэ цэн өгөх гээд байна, зах зээлд ямар байр суурь эзлэх вэ, цаашдын алсын хараагаа хэрхэн тодорхойлж байна вэ гэх мэт суурь, агуулгын түвшний ялгарлаа тодорхойлж чадвал бизнес маань урт хугацаандаа үр ашигтай байхаас гадна өргөн утгаараа загварын салбар ч хөгжих үндэс суурь болно. Өөрөөр хэлбэл, эхнээсээ зөв системтэйгээр ажилласнаар амжилтад хүрэх боломжтой. Цаашлаад хамтдаа олон улсад гарах боломж бидэнд нээгдэнэ гэсэн үг. Харин дижитал маркетингийн хувьд бид мэдээлэл, технологийн эрин зуунд амьдарч байна. Хүмүүс гар утсаараа дамжуулан хүссэн мэдээллээ авч, бараа бүтээгдэхүүнээ захиалан авах боломжтой болсон. Хэрэглэгчид дижитал орчинд байна гэсэн үг. Хэрэглэгчид байгаа газар тухайн брэнд ялгарлаа тодорхойлж, онцлогоо бий болгож, хэрэглэгчтэйгээ холбоо үүсгэнэ шүү дээ. Тиймээс цаг үеэ дагаад энэ тал руугаа мэргэших шаардлагатай цаг үе ирсэн байна.
“Манай улсын загварын салбарт ялгарах онцлог байгаа ч эко систем байхгүй”
-Загварын салбар бусад бүтээлч үйлдвэрлэлийн салбаруудтай харьцуулахад харьцангуй орхигдсон салбар гэж анзаарагддаг. Уг нь дэлхий дахинаа загварын салбар маш том хөрөнгө эргэлддэг бизнес. Манай улсад сайн дизайнерууд, ноос ноолуур зэрэг дэлхийд ялгарах онцлог байгаа хэдий ч том зургаараа менежмент, эко систем байхгүй.
”Говь” компани ч юм уу олон жилийн түүхтэй брэндүүд л амжилттай явж байгаа. Харин шинэ тутамд брэнд гаргах гэж байгаа дизайнерууд болон бизнесийн салбарынхан хаашаа хандах нь тодорхойгүй байдаг. Аль ч салбар систем нь ойлгомжтой байж хөгжинө шүү дээ. Тийм болохоор микро түвшнээсээ эхлээд зөв сууриа тавиад, системтэйгээр ажиллах хэрэгтэй. Тиймээс олон улсад гарах ямар боломж байна, маркетинг, менежментээ хэрхэн оновчтой хийх вэ гэдэгт анализ хийж, стратеги боловсруулахад манай хамт олон туслах боломжтой. Манай академид жижиг дунд бизнес эрхлэгчид нэлээд ханддаг. Маркетинг хийгээд, хөрөнгө мөнгө зарцуулсан ч үр дүн гарахгүй олон жил боллоо. Хаанаас нь эхэлж сурах вэ гэх зэргээр ханддаг. Тиймээс бид анхан шатнаас нь зааж зөвлөдөг.
“Манай мэргэжлүүд олон улсад эрэлт хэрэгцээтэй байдаг”
-Энэ хугацаанд анзаарсан зүйл нь монгол дахь загварын салбар доторх ойлголтууд шинэ. Гадаадад сурсан, эсвэл олон жил бизнес эрхэлсэн хүмүүс л тодорхой хэмжээнд мэддэг. Гэвч нийтлэг ойлголтын хувьд загварын салбарын нарийн мэргэжлүүдийн талаар нэрээс нь эхлээд ойлголтгүй байна. Тухайн чиглэлээр сурвал ямар мэргэжилтэн болох вэ гэдгийг төдийлөн мэддэггүй. Гэтэл олон улсад аль хэдийнээ өндөр зэрэглэлийн, өндөр цалинтай, эрэлт хэрэгцээтэй болсон нарийн мэргэжлүүд олон байдаг.
Итали, Франц, БНСУ, БНХАУ зэрэг загварын салбар нь өндөр хөгжсөн улсад нэг брэнд дээр л тус тусдаа мэргэжилтнүүд ажиллаж байдаг. Манай улсын хувьд мөн л “Говь” ХК олон улсын стандартаараа буюу тус тусын нарийн мэргэжлийн мэргэжилтнүүд ажилладаг. Тиймдээ ч амжилттай явж байна гэсэн үг.
Манай улсад загварын салбарын нарийн мэргэжлийн эрэлт хэрэгцээ байгаа юу гэвэл байгаа. Энэ чиглэлээр бизнес эрхэлж байгаа хүмүүс ч хэлдэг. Гэвч эргээд мэргэжилтэн нь байхгүй нөхцөл байдалтай тулдаг. Суралцах сонирхолтой залуус ч олон бий. Загварын мэргэжлүүд ер нь ганган чамин л даа. Мөн дэлхий дахины хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгодог, шинэ мэдээлэл, шинэ зүйлд суралцах гээд олон давуу талтай. Бидний сурч байсан хичээлийн программ дараагийн цаг үед таарахаа больчхоод байна л даа. Хэрэв стилист мэргэжлийн анги тусдаа байсан бол тэр дундаас амжилттай стилист гарах боломжтой. Бусад нарийн мэргэжлүүд ч ялгаагүй. Тиймээс боловсролын салбараасаа нарийн мэргэжлээр суралцах сонголт өгөөгүй байна гэсэн үг.
Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0