sonin.mn

Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Улсын Бага Хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.


Д.Чойжамц:Лам хүн оролцож уламжлалт зан заншил, шашин соёлынхоо тухай санаа оноогоо оруулъя гэж шийдсэн маань ч зөв шийдвэр байсан


1990 оны ардчилсан Үндсэн хууль баталсан тэр Их хурлын сонгуульд оролцохдоо “Би лам хүн депутат болж яах ч юм билээ” гээд нэг их хичээл зүтгэл гаргахгүй нэлээд явсны дараа ер нь шинэ цагийн ардчилсан үндсэн хуулийг батлалцахад нэг лам хүн оролцож уламжлалт зан заншил, шашин соёлынхоо тухай санаа оноогоо оруулъя гэж шийдсэн маань ч зөв шийдвэр байсан.


Тухайн үеийн 430 депутат үнэхээр улс орноо шинэ замд гаргаж хүмүүнлэг, ардчилсан нийгмийг байгуулж хөгжил дэвшлийг авчрахын төлөө бие сэтгэл, оюун бодлоо зориулан ажиллаж байсан. Үндсэн хуулийн төслийн заалт бүхэн дээр, үг үсэг бүрийг нягтлан тунгаан хэлэлцэж байлаа.


Тэр үеийн депутатууд МАХН, Ардчилсан нам, Чөлөөт депутатуудын 76 гэсэн гурван чиглэлд хуваагдаж байсан юм. Ардчилсан нам, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний тухай үзэл бодлоо илүү тавьж оролцож байсан бол МАХН улс орны тусгаар тогтнол, эв нэгдэл, төрийн зохион байгуулалт түүний бүтцийн тухай түлхүү санаа оноо гарган ажиллаж байсан болов уу. Харин чөлөөг депутатуудын Улаанбаатарын бүлэг нь хоёр намын илүү дутууг нөхөж, зарим нэгэн эгзэгтэй асуудлуудыг хөндөж аль нэгэнтэй нь эвсэн шийдвэр гаргаж байсан шиг санагдана. Энэ бол асар их тэвчээр шаардсан хүнд ажил байсан юм.


Хуралдааны завсарлагаар эмч нар байнга үзлэг хийж, эм тан өгч даралт үзэж эмнэлэгт хэвтүүлэхээр зарим нэгнийг нь шууд II эмнэлэг рүү авч явмагц нэн удалгүй ирц бүрдээгүйн улмаас буцаан дуудах үе ч гардаг байлаа. Нийгэм солигдох явц тэр үед илт мэдэгдэж сэтгэл зовинож маргалдан зарим үед АИХ-ын танхим бүрхэг өдрийн тэнгэр шиг барайж одоогийнхоор бол ёстой л муу энергиэр дүүрдэг сэн.


Нутгийнхаа сайхан залуу генерал П.Мөнхдоржийг хурлын танхимд насан эцэслэх үед хажууд нь маань мэгзэм уншиж суухдаа ганцхан өдрийн өмнө “Энэ орныг зөв замд нь гаргачих юмсан” хэмээн ярьж байсан дүр төрх нь бодогдож сэтгэлд хүнд байж билээ.


Чуулганы хуралдаан гацаанд орж нэгэнт тохиролцож чадахгүйгээс гэртээ харих зам л байна хэмээцгээж депутатууд хаалгаар сад тавин гарах үед залуу гишүүдийн нэг С.Батмөнх маань “өдий олон хоног хуралдчихаад бид Үндсэн хуулиа баталж чадахгүй юм бол аав ээж, ах дүүс, найз нөхөд, сонгогчдодоо юу гэж хэлэх болж байна аа” гээд асгартал уйлж байсан. Үндсэн хуулиа баталчихаад бүгдийнх нь нүдэнд баярын нулимс цийлэгнэж, өөрийн эрхгүй бие биеэ тэврэн авч байсан болон Үнсдэн хуулийн “эх баригч” Б.Чимид гуайд нийтээр баяр хүргэж байсан тэр үйл явдал нь үнэхээр улс орныхоо төлөө 76 хоног алжаалыг умартан зүтгэсэн олны нөр их хөдөлмөр байсан юм. Үндсэн хуулийг хэлэлцэж батлах гэдэг бол улс орныг бүхэлд нь хамарсан нарийн нандин асуудлыг ярьж мэтгэлцдэг бөгөөд энэ нь миний хойшдын амьдралд асар их нөлөө үзүүлсэн гэдгийг дурдууштай.


Б.Дагвадорж: Үндсэн хуулийн зүйл бүр улсын тусгаар тогтнол эрх ашигт нийцсэн байдаг


“Монгол Улсын Үндсэн хууль” хэмээх цэнхэр ном миний ширээн дээрх номуудын тэргүүн байранд залардаг. Үндсэн хууль хэмээх энэ шүтээнийг БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан 1992 оны нэгдүгээр сарын 15-нд надад гардуулж билээ. Энэ хуулийн 70 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын Үндсэн хуулийг” 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн 9-ний Идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө. Мэдэгтүн, сахигтун, хэмээжихүй!


БНМАУ-ын Ардын Их Хурал 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 11 цаг 35 минут, Улаанбаатар хот гэсэн 27 дугаар хуудсыг харах бүр сэтгэл минь сэргэн Монгол хүн болж төрсөн өөрөөрөө, сонгогч олон түмэн, найз нөхөд, хамт олон, хань ижил, үр хүүхдээрээ бахархдаг.


Монгол хүний гарал үүсэл энэ дэлхийд анх яаж үүссэнийг мөшгөж, судалсан баримтаар хэлж чадахгүй ч Хүннүгийн үеэс, ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хааны маань Үндсэн хуулийг дэлхийн хэмжээнд анх санаачлан бүтээж ягштал биелүүлдэг хүн байснаар нь бахархмаар. Хэдэн зуун жил өнгөрсөн ч Их засаг хуулиас үндэслэлтэй Үндсэн хуулийг жинхэнэ ардчилсан зарчимд тулгуурлан бүтээхэд оролцон батлалцсан азтай хүний нэг нь би. Эмч мэргэжил эзэмшсэн, олон түмэндээ үнэлэгдэн сонгогч олон, ардчиллыг ойлгон төрд бидний төлөөлөгч болно уу гэж итгэлээ өгсөнд нь би баярладаг аа. 1990 оны хавар хорооны намын үүр дээр дуудав аа. “Хорооны оршин суугчдын олонхийн саналаар таны нэрийг Их хурлын 40 дүгээр тойрогт депутатад дэвшүүлэх болсон, татгалзахгүй биз дээ” гэж билээ. “Жирийн эмч, багш намайг сонгохгүй байлгүй, намын нэр хүндэд чинь нөлөөлчих бий дээ” гэж санаа зовон хэллээ.


Ардчилсан анхны сонгууль учраас олон түмний саналд тулгуурлана, сургуульд чинь албан бичиг явуулна, тодорхойлолт авна. Дуудахад ирээрэй” гэж үүрэгдлээ. Хэд хоногийн дараа сургуулийн намын хорооны дарга Т.Зэвгээ багш дуудан хорооны МАХН-ын 40 дүгээр тойргийн депутатад нэрийг чинь дэвшүүлэх болжээ.


Бид баяртай хүлээж аван зөвшөөрсөн, очиж уулз. Шаардлагатай бүхнээр дэмжинэ гэж урамшуулан сургуулиас итгэмжилсэн төлөөлөгч хоёр хүн өгнө, ухуулгын зардал, төсөв гэж байхгүй, тэнхмийн ажил, хичээлээ зохицуулан сонгогч олонтойгоо сайн уулзаж байгаарай, чухал сонгууль шүү, сургууль хамт олны найдварыг бодоорой гэв. Сургууль хамт олноо хичээн бодлоо ч сонгогч олны санал шийдэх болохоор санаагаар болохгүй байх л даа гэж хэлмээр ч юу ч хэлж чадаагүй өнгөрсөн.


Намын даалгавраар бус, олны саналаар депутатад нэр дэвшдэг нь ардчиллын буян байх нь ээ л гэж бодлоо. Хэд хоногийн дараанаас хоёр хорооны хүн амд эрүүл мэндийн үзлэг хийснээр ухуулга эхэлсэн. Тэр үед телевиз, радио, зурагт зэргээр одоогийнх шиг айхтар сурталчилж байгаагүй, үзлэг хийх явцад итгэмжилсэн төлөөлөгч Улсын арслан П.Дагвасүрэн, доктор Б.Нацагдорж хоёр мөн миний багын найз багш З.Бибиш нар намайг сурталчилдаг байлаа. Манай хороон дээр олон нам бие даагч нараас 20 гаруй хүний нэр депутатад дэвшсэн байсан. Тэр үед нэг хүн хэдэн ч тойрогт нэрээ дэвшүүлэх эрхтэй учир өрсөлдөгчөө судлан олон тойрогг өрсөлддөг нь ажнглагдсан. Сонгуулийн тойргоос нэр дэвшигчийн сунгааг хэд хэдэн удаа хийж, бөхийн барилдаан шиг их шөвөг, шөвгийн 4, үзүүр түрүү мэт болж байсан. Зохиолч Т.Галсан, хуульч Цийрэгзэн, хүний их эмч, доктор Х.Долгормаа зэрэг хүчтэй, хүндтэй олон сайхан хүн нэр дэвшин өрсөлдсөөр Х.Долгормаа бид хоёр тунасан юм даг. Хоёр эмч тунаж үлдсэн нь эмчийг олон түмэн хүндлэн төр барилцахад бололцоотой гэж үнэлсэн болов уу хэмээн боддог.


Доктор Х.Долгормаа маань анагаахын европ боловсролтой ч үр дүнгий нь сайн мэддэг уламжлалт анагаах ухаан, бариа заслаараа хүмүүст танигдсан эмч байсан. Би МАХН-ын, Х.Долгормаа маань хүмүүсийн дэмжин уухайлж байсан Монголын ардчилсан холбооны нэр дэвшигч байлаа.


Сонгууль өрсөлдөгч хоёр нам, бүлгийн төлөөлөгч, нэр дэвшигч учраас хэн нь Их Хурлын депутат болохыг зөвхөн олон түмэн л шийдэх байснаараа үнэхээр ардчилсан байсан шүү. Сонгогч олон түмэн надад илүү олон санал өгч, намайг АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн 40 дүгээр тойрогт АИХ-ын депутатаар сонгосонд нь их баярлан БГД-ийн 25, 26 дугаар хорооны сонгогч олон түмэн, миний нэрийг дэвшүүлсэн МАХН-ын үүрийн тэр үеийн товчоо, Анагаах ухааны их сургуулийн намын хороо, хамт олон, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан улсын арслан, анагаах ухааны доктор П.Дагвасүрэн, анагаах ухааны доктор, багш асан Б.Нацагдорж болон дэмжин туслагч, анд найз З.Бибиш нартаа одоо болтол баярлаж явдаг игүү.


Энэ удаагийн Их Хуралд 430 депутат сонгогдсон байсан. Сум нэгдлийн дарга нараас эхлээд Хөдөлмөрийн баатар, нам, төрийн зүтгэлтэн, алдар гавьяатан, эрдэмтэн мэргэд, санваартан, аварга бөхчүүд, миний багш, шавь нар болон жинхэнэ “ланжгарууд”-ын төлөөлөл байсан. Их Хуралд 21 эмч сонгогдсон нь нэг мэргэжлийн хамгийн олон төлөөлөл байлаа, бахархмаар биз дээ.


Ардчиллыг жинхэнэ утгаар нь ойлгон хэрэгжүүлэгч олон залуус, тэдний гол хүн С.Зориг агсантай суудал зэрэгцэж таарсан юм. Түүнээс олон ч зүйл асууж, их ч зүйл сурсан, зарим үзэл бодолд нүд тайлсаан. Хэлэлцэж буй асуудлыг үе үе хурццуулдаг О.Дашбалбар, Э.Бат-Үүл, П.Улаанхүү, генерал Л.Пүрэвдорж нарын хорон үгс, асуудал ширүүссэн үед эвийг нь олоод эвлэрүүлчихдэг Р.Гончигдорж, Их Хурлын дарга асан Ж.Уртнасан, хуулийн сайн мэдэж тайлбарладаг “иргэн” Д.Ламжав нар олны анхаарлыг татдагсан. Бидний амыг ангайлган, чих дэлдийтэл ярьж чаддаг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, улс орны өнгөрсөн, одоог чанга дуугаар илэрхийлдэг Ш.Гунгаадорж, эдийн засаг, төлөвлөлт, гадаадтай харилцах талаар намуун зөөлөн дуугаран үнэтэй зөвлөдөг Д.Содном гуай зэрэг Сайд нарын Зөвлөлийн дарга болон дарга байсан хүмүүсийн ярианаас мөн ч ихийг ойлгодог байлаа. Бидний үндсэн гол ажил нь Үндсэн хуулийг жинхэнэ ардчилсан утгаар нь хэлэлцэн баталж, Монгол Улсын ирээдүйн хувь заяаг шийдэх байсан. Өглөөнөөс шөнө дөл болтол байгалийн гэрэл ч харахгүй, том том гэрэл толгой халааж нүд чилээсэн зааланд хуралдахад ядардаг үе байсан.


Гавьяат хуульч Б.Чимид болон тэр үеийн Бага Хурлын гишүүдийн нөр их хөдөлмөрөөр бүтсэн Үндсэн хуулийн төсөл нь бидний цагаан толгой болж байв. Олон хоног хуралдаж, Монгол Улсын тусгаар тогтнол эрх ашигт нийцсэн ардчилсан Үндсэн хуулийг баталсан нь бахархал байсан.


Их Хурлын депутатаар сонгогдоод та юугаар бахархав гэж асуувал би ингэж хариулна. Их Хурлын депутат 21 их эмч байсны тав нь буюу доктор Л.Одончимэд, Н.Шура, Д.Чулуун, Н.Баасанжав бид тав нэг төгсөлтийнх байснаараа онцлог, ховор тохиолдол. Үндсэн хуулийн зүйл бүр улсын тусгаар тогтнол эрх ашигт нийцсэн байдаг нь чухал. Үндсэн хуульд хэдэн нөхөд намын нэрээр хууль зөрчин нэмэлт, өөрчлөлт оруулаад одоо болтол засахгүй байгаа нь маш буруу. Монгол Улсын төрийн байгууллын талаар Үндсэн хууль батлах үед олон хоног маргалдан эцэст нь зөв шийдэлд хүрсэн. Их Хурлын гишүүд сайд бөгөөд Засгийн газрын гишүүн байж болохгүй, хавсран ажилладаг 15 улс бий. Тэдгээр улс хээл хахуульд идэгдэн эрх мэдэл хэдхэн хүний гарт төвлөрч улс орон нь хөгжөөгүй. Үүнийг хүулиар хориглох ёстой гэж талийгаач С.Зориг олон удаа ярьж, депутатууд ойлгоод зөв шийдэл гаргасан. Үндсэн хууль зөрчин нэмэлт оруулсан нь гэмт хэрэг. Мэдсээр байж энэ алдааг засахгүй байгаа Үндсэн хуулийн цэц, цэцийн гишүүдийн ажиллагааг хараад арга барагддаг.