sonin.mn

Нийслэл Улаанбаатар хотод ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулагчдыг урихаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй албаны хүмүүс БНХАУ-ын Бээжин хотод ажиллаж байна. Тодруулбал, нийслэл хот нийтийн тээврийн салбарт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлж, түгжрэлийг бууруулах хүрээнд хоёр түвшний замуудыг барьж, томоохон зах худалдааны төвүүдийн төлөвлөлтийг өөрчлөн гэр хорооллыг олон улсын жишигт нийцүүлнэ. Ингэхдээ эдгээр төсөл, хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд БНХАУ-ын дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын 450 төлөөлөлд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцууллаа.



Хотын дарга Х.Нямбаатар уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Монгол Улсын Засгийн газраас төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг шинэчлэн баталж, энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Улаанбаатар хот төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлж буй. Үүнтэй холбоотойгоор эрчим хүч, дэд бүтцийн салбарт гадаадын болон дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахыг зорьж байна. Иймд манай улс болон БНХАУ хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд өнөөдрийн арга хэмжээнд оролцож буй аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг Улаанбаатар хотын хэрэгжүүлэх онцлох төслүүдийн хүрээнд зарлаж буй тендерт идэвхтэй оролцохыг хүсэж байна” хэмээв.




Мөн тэрбээр “Ирэх жилүүдэд нийслэлийн нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаагийн нэг нь метро. Метроны чиглэл Амгалангаас Толгойт хүртэл нийт 17.7 км үргэлжлэх бөгөөд 14 буудалтай байх юм. Уг төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний ТЭЗҮ шинэчлэлтийн явц 70 хувьтай үргэлжилж байна. Тус бүтээн байгуулалтыг барьснаар замын хөдөлгөөний дундаж хурд 48 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийг төрөлжүүлнэ. Тухайлбал, богино хугацаанд олон хүн тээвэрлэх боломжтой трамвайны урьдчилсан ТЭЗҮ-г ирэх оны хоёрдугаар сард боловсруулж дуусгахаар ажиллаж байна. Ирэх оны нэгдүгээр улиралд багтаан босоо тэнхлэгийн нэг шугамыг хийнэ. Уг шугамын чиглэл нь Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл 20.4 км үргэлжлэх бөгөөд 23 буудалтай байх юм. Трамвайг нэвтрүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 22 хувиар нэмэгдэх ач холбогдолтой. Түүнчлэн нийслэлд хот доторх анхны хурдны замыг барина. Тодруулбал, хайрцган дам нуруу бүхий хийцлэлтэй нийт 33 км үргэлжлэх дөрвөн эгнээ Туулын хурдны замын тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлана. Хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэхээс гадна Дархан болон Замын-үүд чиглэлийн дамжин өнгөрөх автотээврийн нэвтрүүлэх чадвар сайжирна. 



Мөн хот доторх хөдөлгөөний ачааллыг бууруулах хоёр түвшний тойрог хурдны авто зам байгуулах зөвлөх үйлчилгээний тендерийг шалгаруулаад байгаа бөгөөд ТЭЗҮ-г 2025 онд бүрэн боловсруулна. Уг авто замыг байгуулснаар хотын төвийн гол гудамж замуудын уулзвар, огтлолцлуудын нэвтрүүлэх чадвар нэмэгдэж, замын хөдөлгөөний дундаж хурдыг 27 хувиар нэмэх боломжтой. Харин Туулын хурдны замыг Нисэхийн тууш замтай холбох шинэ гүүрний ажлын тендерийг ирэх онд зарлаж, ажлыг эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл Наадамчдын гудамж буюу Яармагийн зам дээгүүр явах босоо тэнхлэгийн гүүрэн байгууламж нь нэгдүгээр хороолол руу холбогдож, урагшаа Нисэхийн хурдны замтай нийлнэ” гэдгийг онцоллоо.



 


Танилцуулгын төгсгөлд хөрөнгө оруулагчдын зүгээс сонирхож буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар тодруулж, хамтран ажиллах талаар санал солилцов. Тухайлбал, олон улсад хэрэгжүүлсэн төслийнхөө туршлагад үндэслэн, технологийн дэвшлийг ашиглаж, трамвай, гүүрэн байгууламж, тойрог болон хурдны зам байгуулах чиглэлд аж ахуйн нэгж, байгууллагууд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.