sonin.mn

Нүүдэлчдийн бүтээсэн соёлын нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг нь гэр сууц, олон төрөл зүйл хувцас, олон нэр, жорын хоол юм. Зориулалтын талаас нь, хэрэгцээг хангах талаас нь үнэлэх аваас бүгд л голох, өөлөхийн аргагүй төгс, төгөлдөр гэхээр. Олон мянганы туршид амьдрал, практикаар шалгагдсан болохоор эх газрын эрс тэрс уур амьсгалтай орчин, нөхцөлд монгол гэр, монгол хувцас, монгол хоолонд өрсөлдөгч байх боломжгүй. Одоо ч энэ үнэлгээ нь хэвээрээ л байгаа. Үнэн мэдлэг, зөв мэдээлэл, өвгөдийн үнэт уламжлалд тулгуурласан нүүдэлчдийн соёл үнэхээр ижилгүй. Сэргэлэн дэнж дээр гэрээ барихаас биш усны зам дээр гэрээ барьдаггүй, хувцасны бөхийг, дулааныг, даруухан өнгө, хийцтэйг нь л дээдэлдэг, хоолны бол хор багатай, ходоодонд шингэцтэйг нь чухалчилдаг нь нүүдэлчдийн соёл билээ. Өвөлжөөнүүдийн сонголтоос өвгөдийн маань ухаан мөн ч тод харагддаг юм. Цас тогтохооргүйг нь, салхины нөлөө, наран ээврийг нь, ханан хадны байрлал, хар өнгөний нь зохис, өвс ургамлыг намрын малын хөлөөс оорцгоогоор нь гэхчилэн мөн ч тооцоотой сонгосон байдаг даа. Зуслан, хаваржаа, намаржааг наад зах нь л 5-6 давуу талыг нь бодолцож бууна, сууна шүү дээ! Харамсалтай нь өвгөдийн маань энэ ухаан, сурц, мэдлэг ихэнх төлөв л гээгдчихлээ.


Бүх нэр, төрлийн хоол бол хүмүүсийн бүтээсэн, хэрэглэж ирсэн биет соёл юм. Хооллох зан үйл, хооллох дэс дараа, дэглэм, хоол бэлдэх жорууд, хоолны хэрэгсэл, баяр найрын тансагхан зассан ширээ ч гэсэн соёл. Найрын хундаганы үгс ч гэсэн биет бус соёлын өвөрмөц хэлбэр.


Ухаалаг, реалист, прагматик өвөг дээдэс маань идэж болох бүхнийг хэзээ ч хамаагүй идэж, ууж байсангүй. Хоолоо жилийн улиралд тохируулдаг, хоногийн цаг, наранд тохируулдаг, нас ба биендээ тохируулдаг, өвчин эмгэгдээ тохируулдаг ухаалаг хүн зон байжээ. Аливаад ухаан, арга, эв дүй, туршлага хэрэгтэйг анчид, малчид, дайчид даанч дээ мэдэлгүй ч яахав. “Бүгдийг бурхан шийддэг”-т итгэдэг ард түмэн олон байсан эрт үед өвгөд маань “Эзэн хичээвэл л заяа хичээдэг” хэмээж байжээ. Мөн ч реалистаар сэтгэж, дүгнэж байгаа биз? Өвгөдийн маань баримталж ирсэн “жанжин шугам” бол “эрүүл байх, ухаалаг байх, хүчтэй байх, зоригтой байх, урт наслах” гэсэн улаан шугам, тод зорилго, стратеги байв. Энэ зорилго нь олон арван зүйр, цэцэн үгээр товч илэрхийлэгдэж, ааваас хүүд, ахаас дүүд дамжин уламжлагдаж иржээ. Өргүй бол баян, өвчингүй бол жаргалтай, Нойронд сэргэг бай, номонд мэргэн бай, Хэрээ мэдэж аашил, хүчээ тооцож тулалд, Аймхай эр арав үхэхэд зоригтой эр нэг үхдэг, Зуу насалж зургаадай таяг тул, Эрүүл биед саруул ухаан оршдог, Биеийн хүчээр нэгийг дийлэх, ухааны хүчээр арвыг дийлэх, Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим, Орой орой унтвал нэгийг илүү сонсох, өглөө эрт босвол нэгийг илүү үзэх, Эрхийг сурахаар бэрхийг сур, Усыг нь уувал ёсыг нь дага, Дайнд баатар, далайд усч бол... гэхчилэн цэцэлсэн биет бус соёлын арвин сан хөмрөг буй билээ.


3600 орчим жилийн өмнөөс, Хүннү улс, Хүннүгийн эзэнт гүрний үеэс, тэрчлэн Монголын эзэнт гүрний хил, цараар монголчууд аливаа бүхний талаар, тэр дундаас анагаахуйн ухааны хувьд Энэтхэг, Хятад, Араб, Зүүн Европ дахины мэдлэг, мэдээллийг өвөг монголчуудынхтайгаа нэгтгэж, хослуулан хэрэглэж, хөгжүүлж иржээ.


Бусад улс, орны нөлөө нь өвчин, эмгэг, эрэндгийг таних, оношлох, эм бэлдэх, эмчлэх арга, барилд бага гэхээргүй нөлөөлснийг нь эмч, судлаачид ч хожуу тэмдэглэжээ. Монголчууд бүхий л түүхийнхээ туршид их нүүдэл, алс холын аян дайн, ган зудаас дайжсан нутаг сэлгэлт мэтэд тасралтгүй шахам өртөгдөж, оролцож байсан нь тэднийг жилийн аль ч улиралд, цаг агаарын ямар ч нөхцөлд, газарзүйн аль ч нутагт амиа аваад, хүнсээ бэлдээд, зөөврийн оромжинд унтаж, амраад явж чадах сурцтай болгожээ. Гэхдээ цаг бусын, гэнэтийн гэхээр ямар ч хөдөлгөөнд дайчлагдан оролцлоо ч гэсэн өвгөдийн маань том, бага аль нэгэн тодорхой хэсэг нь ямагт л уугуул нутагдаа үлдэж, ач, зээгээ өсгөж, удам судраа хадгалсаар байсан нь үнэн юм. Энэ байдал нь археологийн олдворуудаар нотлогддог. Дүрсэлж, товчилж хэлэх аваас аргаль, янгирыг гэршүүлж бог малтай болсон, тахь, хавтгайг гэршүүлж бод малтай болсон өвгөд маань яг л тэдгээрийнхээ унаган бэлчээр, нутгийн орчинд л сүүлийн 10-аад мянган жил амьдарсаар өнөөг хүрчээ. Яг л тийм юм байна гэдгийг таньж, тогтоож, онол, логикийн үүднээс сэтгэж, дүгнэж чадахгүй байгаа хүмүүс нэг хэсэгдээ л Монголоос монголчуудаа эрж, Хятад нэр, үг, үсгээс элдэв тайлбар, хувилбар дэвшүүлж будилж, мунгинасаар байсан юм...


Алтай, Хангай, Хэнтийн уулсаар төвлөсөн бүс нутгаас монголчуудыг эрэх нь Хөх, Шар мөрний бүс нутгаас хятадуудыг эрэхтэй адилхан утгагүй үйлдэл билээ. Энэ хоёр угсаатан уугуул нутаг орондоо суусаар л наад зах нь 5000 жил болжээ.


Тариалангийн талбай, бог малаа аваад алс хол явчих боломж энэ хоёр ард түмний хэн хэнд нь байхгүй шүү дээ.  Монголчуудын богино хөлийн олон мал, хятадуудын ногооны талбай, шавар байшин мэт нь тэднийг нутаг нутагт нь хадчихжээ. Нутаг, уснаас нь тэднийг хөөх, салгах харийн хүч ч өнгөрсөн 10-5 мянган жилийн туршид Төв Азид ер байгаагүй нь ч бас нэгэн үнэн болно. Хятадын хаад Их Цагаан хэрмийг барихдаа нүүдэлчдийн газар нутгаас аль болохоор л бага, ихээр авч, хойд хилээ хойшлуулж л бэхэлсэн байх учиртай. Ингэхлээр нүүдэлчид Их Цагаан хэрмийн дотор орсон нутгуудаар ч мал аж ахуй эрхлэн аж төрж байжээ. Суурин иргэд ба нүүдэлчид хаяа залган амьдарч байсан болохоор хэн хэндээ л элдэв янзаар нөлөөлж байсан нь тодорхой юм. Археологийн олдворууд ч үүнийг нотолдог. Төр улсын үүсэл, хөгжил нь ч гэсэн цаг хугацааны хувьд ойролцоогоор давхцаж таардаг. Ингэхлээр суурин иргэдээс авсан зүйл нүүдэлчдэд ч их буй, мөн нүүдэлчдээс авсан зүйл суурин иргэдэд ч их буй. Гэр ахуйн эдлэл, хэрэглэл, гоёлын зүйлс, хоол, архи, дарс, эм тан, бүс барааг нүүдэлчид Хятадаас олон зууны туршид элдэв, арга замаар авч хэрэглэсээр л байжээ.


Хоолны төрөл, зүйлийн хувьд нүүдэлчид болон суурин иргэд бараг л ойролцоо гэж хэлж болохоор байв. Махан хүнс бүх нэр, төрлөөрө, цагаан идээ бүх нэр, төрлөөрөө, мөн үр тариа, жимс жимсгэний зарим төрөл, бас нуурууд болон голуудаас загас ч барьж идсээр иржээ.


XV зууныг хүртэл тариачид болон малчдын хүнс, тэжээлийн нэр, төрөл тооны хувьд, бас чанарын хувьд ийнхүү адилавтар байсан гэж хэлж болох юм. Хоолны нэр, төрөл, чанар, хооллох зан үйл, хоол бэлдэх арга, технологи нь үндсэн шинжүүдээрээ суурин иргэд болон нүүдэлчдийн хувьд ойролцоо байх нь ч ойлгомжтой билээ. Хоол бэлдэх ба хооллох соёл дахь тансаглалын талын үзүүлэлтүүд ч гэсэн өвөрмөц өвөрмөц шинж, байдлаараа адилтгагдахуйц хэмжээ, түвшинтэй байжээ гэж нотолж ч болох юм. Энэ талын түүх, уламжлал, өнөөгийн зэрэглэл, зиндаа нь ч ойролцоо л гэж үнэлэгдэх болов уу. Тариачид болон малчдын хувьд зарим хоолны нэр, төрөл, жор л өөр өөр байсан нь мэдээж юм.


“Идэж байгаа хоол нь нэр, төрөл, хэмжээ, чанараараа эм, эмчилгээ болдог, эмчилгээ, сувиллын зорилгоор хэрэглэж байгаа эмийн зүйлс нь ихэнх төлөв хүнсний бүтээгдэхүүнээс л гарвалтай байдаг” соёл, уламжлал бүхий ард түмэн, улс, үндэстэн тив бүхэнд цөөнгүй байжээ.


Тэдгээрийн нэг нь монголчууд байв. Хоол идэж дуусаад “Рашаан болог” гэж ерөөдөг, “шинэхэн эмчээс ширгээсэн ус нь дээр” хэмээн ярилцдаг, дайнд мордож буй залууст хойлогны мах идүүлж, шөлийг нь уулгадаг, жирэмсэн эмэгтэйд төрөхийн өмнөхөн болон дараа нь хонины (ноль) шөл уулгадаг, нярай хүүхдэд хонины ураг сүүл хөхүүлдэг гэхчилэн хоолоор сувилах, эмчлэх олон аргыг жирийн иргэд ч мэддэг, хэрэглэдэг байжээ. “Шөлөөр цаддаг, төлөөр баяждаг” гэх үгний хоёр дахь хэсгийг нь гахайн аж ахуй эрхэлдэг ард түмэн ч их эртнээс ойлгож байсан нь мэдээж. Харин “шөлөөр цаддаг” гэх үгний үнэнийг европчууд “мах, ясны, тостой шөл”-ний хувьд саяхнаас л ярьж эхэллээ. Биеийг дулаацуулах, дулааныг удтал хадгалах чанар архи, цай, кофе, тостой шөл дөрвийн хувьд шөл нь хамаагүй давуутайг телевизээр гайхан ярьж байхыг би 2022 онд олж сонслоо. Осгосон, даарсан хүнд халуун шөл оочуулдаг арга, ухаан монголчуудын хувьд маш эртнийх юм шүү… Онгон байгалийн соргог авс, ургамлаар хооллодог таван төрлийн малын мах, сүүнд байхгүй эрдэс бодис, амин дэм гэж үгүй юм. Ганцхүү зөв бэлтгэж, зөв хадгалж, зөв хэрэглэх л хэрэгтэй. Ийм соёл өвөг дээдэст минь байжээ. Мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнээ монголчууд аль ямар ч улиралд хэрэглэж чаддаг технологийг эзэмшжээ. Зэрлэг сонгино, таана хөмүүл, чихэр өвс, сульхир, барагшун, хушны самар, цагаан мөөг, тошлой, хармагийн жимс мэтийн ургамлыг ч монголчууд хэрэглэсээр байв. Ангийн гаралтай, анагаах чадавхтай хүнсний зүйл ч бас олон буй.


“Хоол нь эм, эм нь хоол” байх учиртайг монгол оточ нар онцлон дээдэлж, сурталчилж, бас амжилттай мөрдөж, хэрэгжүүлж байсан нь анагаахуйн ухааны өндөр соёл, хооллохын учир, утгын хамгийн гүний санаа, дээд зорилго болж байжээ.


Тийм болохоор л Монголд илүүдэл жинтэй хүн бараг байгаагүй, саахарын шижин, сүрье, элдэв төрлийн хорт хавдар мэтийн өвчлөл ч ховор байв. Нүүдэлчид, малчид, анчид нь тархай, хол, цөөн хэдэн гэрээр амьдарцгаадаг байсан болохоор онц халдварт өвчин, цар тахал мэтэд ч хүчтэй нэрвэгдэж байгаагүй юм. Хүн, мал нь өсөх, олшрохын хэрээр л нүүдэлчид улам бүр тархаж, холдоцгоож байжээ. Захиргаа-цэргийн уртраг дагуух зохион байгуулалт нь хангай, говийн байгалийн өгөөжийг хослуулан хүртэх, ган ба зудаас дайжин холдох, зуны болон өвлийн бэлчээрийг нөөцлөн сэлгэж ашиглах, Хангай нутгийн Эко орчин болон говь нутгийн Эко орчны чухал хүчин зүйлүүдээр хүн, малаа эрүүлжүүлж, чийрэгжүүлж байх боломжийг олгож байв. Монголчуудын дунд халуун дулаан орны шавьжаар дамжин халдварладаг хөнөөлт өвчин ер тархаж байсангүй. Хурц нар, эрүүл агаар, эрүүл хөрс, ургамал, хөдөлгөөнт амьдрал, эрүүл хүнс бол өвөг дээдсийн маань төрөлх Эко орчин, нөхцөл нь байжээ. Нүүдэллэж амьдрах арга нь аж үйлдвэрийн соёлоос хоцрогдохын нэгэн шалтгаан, нөхцөл болдог хэдий ч хүн хэмээх нэгэн зүйл амьтны аж төрөх аргын хувьд олон олон давуу тал, байгаль орчноо унаган төрхөөр нь хадгалан үлдээхийн хувьд ч олон олон давуу тал, хүмүүнлэг энэрэнгүй харилцааг хэвшүүлэх, хөгжүүлэхийн хувьд ч олон олон давуу тал, шинжүүдийг үүдсээр, үлдээсээр ирсэн, мөн өвөрмөц соёл-иргэншлийг ч буй болгосон нь үнэн болно. Үйлдвэрлэх хүчний хөгжлийг аж үйлдвэржилт, шинжлэх ухаан-технологийн дэвшлээр хэмжиж болох хэдий ч нийгмийн хөгжлийн түвшинг хүмүүсийн хоорондох харилцааны нийгэм-хүмүүнлэгийн шинж, байдлаар хэмжих нь зүйд нийцнэ. Ингэхлээр нүүдэлчдийн бүтээсэн соёл-иргэншлийг суурин иргэдийн бүтээсэн соёл-иргэншилтэй адилтган үзэж, үнэлэх нь зөв арга, хандлага мөн. Энэ хоёр иргэншил бол хүн төрөлхтний өөрийн нь бүтээл, олон мянган жилийн амьдралын нь үр дүн, өнөөдрийн бодит байдлын амьд бүрэлдэхүүн хэсгүүд болох тул хоёулаа оршин байх адил эрхтэй, бүр төрөлх эрхтэй юм. Дээр дурдсан, монголчуудын эрүүл, ухаалаг, хүчтэй, зоригтой байсан тэр төрөлх шинж харин XVII зууны эцсээс ХХ зууны эхэн үеийн хооронд танигдахгүй болтлоо өөрчлөгдөж, доройтжээ. Зэрлэг, догшин ан амьтан шиг эрэмгий, эрүүл байсан монголчуудад суурин амьдралтай, шороон түмэн хүн амтай өмнөд хөршөөс маань элдэв халдварт өвчин тархжээ. Төвдийн ламын шашны мухар сүсэг монголчуудын оюун санааны амьдралыг хордуулж, эрчүүдийн нь бараг хагасыг эхнэр, хүүхэдгүй болгож сүм хийдүүдэд хорьжээ.


Халдварт өвчин, харийн шашин хоёр Монголыг мөхөөх шахсан түүхийг ярих, бичих нь ой гутмаар, бөөлжис хүрмээр зүйл мөнийн учир энд дурдсангүй. Тэгээд ч өнөөгийн бид энэ талаар хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэддэг дээ...


“Хүний зовлон, өвчин, шаналал, үхэл хагацал л Буддагийн нүдийг нээж, сэтгэлийг нь хөглөсөн” гэж Жагарын философичид хэлдэг юм. Тэр нь ч үнэн байх. Хүнийг хүн болгох сургаал, номлолыг л Будда үлдээсэн. Хүнийг ид шидтэн, бурхан болгох зам, мөрийг харин төвдүүд хожуу нь буй болгосон мэтээр хуурамчилсан болох нь эдүгээ тодорхой болоод байна. Энэ үг, үнэлгээ улам бүр л өргөнөөр хүлээн зөвшөөрөгдөх болно. Хүн бүрийг энэрэнгүй, өгөөмөр, аливаад үл шунагч, амар амгаланг дээдлэгч, үнэнийг эрэлхийлэгч болгон хүмүүжүүлэхийн зохистойг сурталчилсаар 81 наслаад таалал төгссөн Буддагийн сургаал, номлолыг ихэд шашинжуулсан хэлбэр, хувилбараар нь хүлээн авсан төвдүүд мөнхүү сургаал, номлолыг унших, сонсох төдийд л сайнаар нөлөөлдөг, хүссэнийг биелүүлдэг мэтээр өөрсдөө ч ойлгож, бас бусдыг ч төөрөлдүүлжээ. Төөрөлдөн төөрөлдсөөр төвдүүд өөрсдийгөө хорлож, хоцрогдуулж, бас монголчуудыг ч мухар сүсэгтэй болгож доройтуулжээ. Буддагийн сургаал, номлолыг Зонхова лам улам бүр гуйвуулж ид шидийг олох, бурхан болж хувирах зам, мөр мэт болгож үнэнээс, амьдралаас холдуулжээ. Энэ нь хэрэг дээрээ Төвд, Монгол хоёр орныг хүн амын хувьд давжааруулж, улстөрийн хувьд мохоож, эцэс сүүлдээ Их Хятад угсаатанд уусаж, мөхөхийн зам, мөр болж хувирчээ. Үнэхээр тийм гэдгийг түүх гэрчилдэг. Түүхийн үнэнээс өөр итгэл, үнэмшилтэй гэрч гэж байх уу...


Судлаач, профессор Д.Чулуунжав