sonin.mn

Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг олон жил хэлж ярьж яваа, эх орныхоо төлөө сэтгэл чилээсэн М.Найданхүү гэж найз, хуурай дүү минь бий. Норвегийн их сургуулийн доктор Найданхүү Монголын сошиал ертөнцөд зөв байраа эзлэн яваа гэж итгэнэм. Иймд надад өөрт таалагдсан ба өргөн олон уншигчдад таалагдах мөрүүдээс авч нийтлэл болгодог. Таалан соёрхоно уу! Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр М.Найданхүү маань үргэлжлүүлэн ажиллаж байна. Ажил албанд нь амжилт хүсэхийн хамт эх орноо хөгжүүлэх хүсэл мөрөөдөл нь ажил хэрэг болох болтугай хэмээн ерөөе! 


                                 – редактор, судлаач-проф. Д.Баярхүү



Нэгэн зүйл


Монголчууд бидэнд ахадсан их байгалийн баялаг өвгөдөөс өвлөгдөж байна. Эрдэнэт, Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга... Бидний гол зөв хөгжилд хүрэх арга зам бол бүгд баялагтаа эзэн болох асуудал. Хулгайч нарынхаа шуналыг тас цавч! Бүгд баялагтаа эзэн болж чадвал энэ яригдаад буй асуудлууд–утаа, түгжрэл, ядуурал, ажилгүйдэл, цалин, тэтгэвэр, халамж бүгд жижиг асуудал болж хувирна.


Нэгэн зүйл


Зуун зуун Эрдэнэттэй болъё! гэж олон жил бичиж байна даа. Хэрвээ бид Норвег улс шиг баялгийн тэгш хуваарилалтыг бий болгохыг эрхэмлэсэн Төрийн бодлоготой бол эдний нэг адилаар бүгд нөгөө коронагийн үеийнх шиг төр, хувь гэлтгүйгээр 100 хувь цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээ аваад сууж байх байлаа. Манайд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж авдаг нэг сая л хүн байгаа. Хэрвээ бид “зуу зуун Эрдэнэт”-тэй болох бодлогыг хэрэгжүүлж чадвал Норвег лугаа адил хөгжил ойрхон байна. Норвегийн төр бол иргэдийнхээ эдийн засаг болоод нийгмийн баталгааг бий болгож, хамгаалж байдаг Зөв хөгжилт төрийн (Velferdsstaten) бодлого юм. 


Нэгэн зүйл


Би хөгжлийн үлгэр жишээ болсон Норвег улсад 20 гаран жил ажиллаж, амьдарч, эрдмийн зэрэг цол хамгаалаад ирсэн хүн. Тэр туршлага мэдлэгтээ тулгуурлаад Монгол бол дэлхийн диваажин орнуудын нэг гэдгийг баттай хэлж чадна. Бид боловсрол, соёлоор тэгтлээ дор орохгүй. Монголд юу л байна. Ажиллаж хөдөлмөрлөх бололцоо байна. Би монголчуудаа залхуу гэж муулахгүй. Яагаад ингээд ажилгүй, амьдралгүй, арчаагүй хотдоо шаваад байдаг юм бол гэж боддог. Хөдөө бол амьдрал байна. Хөдөлмөрлөх, хөлжих боломж дүүрэн л харагдах юм. Үүн дээр нь попорсон улстөрч гэх нөхдүүд их нөлөөлдөг юм байна. Өрсөлдөгч намаа муулж, гутааж доромжлохыг улс төр гээд ойлгочихсон нөхөд олон байна. Эд бол Монголын дайснууд юм байна. Ардчилсан ололтууд руугаа тэд албан тушаалд хүрэхийн тулд дайрч давшилдаг.


Нэгэн зүйл


Хүн бүр очсон, аялсан хотуудын авто түнээлийн тухай сурталчилж бичээд баймаар байна. Норвег нь далайн усан дундуур авто түнээл барьж эхлээд байгааг сурталчлах нь бидэнд арай ахдах байх. Тэгэхдээ би үзсэн харсан, судласанаа хуваалцахад ямагт бэлэн байна. Сүүлийн 20 жилд Норвег улс, Осло хотын авто түнээлийн тухай бичиж, ойлгуулахыг хичээж ирлээ. Осло хотын нийтийн тээвэр нь яг цагтаа явдаг автобус, трамвай, мөн метротой. Мөн гурван тойрог авто түнээлтэй хот. Манай Улаанбаатар хот Сүхийн талбайгаа тойрсон 3 км тойрогт л түгжрээд байна. Энэ зовлонгоос гарах бодит шийдэл бол ердөө авто түнээл юм. 


Нэгэн зүйл


Улаанбаатар хот маань өвлийн хотуудын нэг. Хамгийн хүйтэн нийслэл хот. Бүтэн 7 сарын урт удаан хүйтнийг даван туулдаг. Хүйтэнтэйгээ тэмцдэг. Тэгээд урин дулааны 5 сард нь эргээд хүйтний улиралдаа бэлтгэдэг. Энэ бэлтгэлдээ их хөрөнгө зарцуулдаг, ийм л айл.


Нэгэн зүйл


Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, аж ахуйн ажлын зах зухаас оролцож, мэддэг боллоо. Манайд мөнгө байна. Бүтээн байгуулалт өрнүүлэхийг оролдож байна. Гэвч гүйцэтгэгч хувь компаниуд дэндүү хариуцлагагүй, мөнгө л нэмж авах сонирхолтой, ажлыг чин сэтгэлээсээ гүйцэтгэдэггүй юм байна. Тэдний ялыг хэн ч үүрэхгүй. Төрөө л муулаад байх юм. Иймээс Улаанбаатар хот ажил гүйцэтгэдэг, бүтээн байгуулалт өрнүүлдэг, мэргэжлийн инженерүүдээр удирдуулдаг, машин техник сайтай, сүүлийн үеийн техник технологийг нэвтрүүлдэг Улаанбаатар хотын салбар, мэргэжлийн Корпорацтай болох шаардлагатай. Корпорацын ажилчид нь өндөр цалин авна. Ямар нэг захирлын цавчаа, хулгай байхгүй. Мөн стандартыг хатуу чанд мөрдөж, чанарыг эрхэмлэх сайн тал бий болно. Боловсон хүчний тогтвортой байдал бий болно. Гол зорилго бол бид эзэн хариуцагчтай болох, чанарыг эрхэмлэх асуудал.


Нэгэн зүйл


Хамар хашаа цаашаа гудамжны хэрүүл... Манайх анх 1990-ээд онд байрнаас хашаанд амьдрахаар болж гэр хорооллыг бараадсан юмсан. Ээжийн эрүүл мэндэд агаар хэрэгтэй гээд бид гэр хорооллын айл болов. Анх авсан хашаа минь аймшигтай, бараг балгас. Өөд нь татаж жимс ногоо тарьдаг болов. Гудамж маань бүр аймшигтай энхэл донхол. Хүн явах эцэсгүй. Бороо орвол тэр гудамж тэгээд л сүйрээ гэсэн үг. Ингээд бид өөрсдөө машин хөлсөлж хайрга асгалаа. Ямар их хайрга орсон гэж бодно. Хайрга асгасныхаа дараа нөгөөхөө тэгшилж түрүүлдэг ажилтай. Нэг өдөр хайргаа асгаад зогсож байсан чинь нэг авгай ирээд л гадаа шороо, хайрга асгалаа. Амгалан тайван байдал алдуулаад гээд хашгичиж өгч байнаа. Би юу гэж зүгээр байхав. Зад хэрэлдлээ дээ. Амьдрах гудмаа сохор зоос ч авалгүй өөд нь татаж байна. Хийж гийгүүлэхгүй бол амаа тат гээд хашгирчихсан. Намайг манай гудмынхан ааш муут гэж андахаа ч болилоо. Гадаа шарилжгүй, хашаа эмх цэгцтэй байхад хэчнээн сайхан. Өө тийм манай гудмын айлууд манайхыг нүүж ирснээс хойш хашаагаа, гэрээ торддог болчихсон. Манайхыг дуурайгаад айл бүр л мод тарьдаг болсон. Зөв юмны төлөө дуугарч байх нь зөв шүү!


Yргэлжлэл бий