Францын Парис хотноо зуны олимпын 33 дахь наадам долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нд спортын 32 төрөл, 329 зай, жин, ангиллаар болж, 206 орны 10 714 тамирчин оролцлоо. Наадмын хөтөлбөрт брэйк бүжгийг шинээр оруулж, спорт авиралт, скэйтборд, сөрфингийн төрлийг олимпод дахин багтаав. Мөн жендерийн тэгш байдлыг ханган, эмэгтэй тамирчдын оролцоог анх удаа 50 хувьд хүргэдээ. Энэ олимпоос нийт 91 орны тамирчид медаль хүртсэн. Үүнээс 63 орны тамирчид алтан медальд хүрэв. Нэгдсэн дүнгээр АНУ-ын тамирчид 40 алт, 44 мөнгө, 42 хүрэл, нийт 126 медальтайгаар тэргүүллээ. Наадмын үеэр спортын 10 төрөлд дэлхийн 17, олимпын 68 шинэ дээд амжилт бүртгэгдсэн байна.
МОНГОЛЫН ТАМИРЧИД ХЭРХЭН ӨРСӨЛДӨВ
Дэлхий нийтээр Парисын олимпоор амьсгалсан хагас сарын хугацаанд монголчууд бид омогшил, баяр бахдал, хүлээлт, харуусал дүүрэн өнгөрүүллээ. Монгол Улс энэ удаагийн олимпыг нэг мөнгөн медальтай дуусгав. Манай улсын баг Парисын олимпод спортын есөн төрлийн 32 тамирчинтай оролцлоо. Жүдогийн 10, чөлөөт бөхийн ес, буудлага, хөнгөн атлетикийн тус бүр гурав, бокс, усанд сэлэлтийн хоёр, хүндийн өргөлт, дугуй, байт харвааны нэг нэг тамирчин өрсөлдсөн. Түүнчлэн ОУОХ, тухайн спортын төрлийн олон улсын холбооны шийдвэрээр боксын хоёр, жүдо, хүндийг өргөлтийн тус бүр нэг, нийт дөрвөн монгол шүүгч Парисын наадамд ажиллав. Олимпын жүдогийн тэмцээнд 122 улсын 378 тамирчин хүч сорилоо. Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд 2024 оны дэлхийн аварга Б.Баасанхүү Мальта, Австри, Парагвай, Испанийн шилдэг тамирчдыг дараалан ялж, шигшээд Японы бөх Н.Цүнодад ялагдсан. Б.Баасанхүү зоригтой, гайхамшигтай техник, арга мэхийг үзүүлэн барилдсаны үр дүнд мөнгөн медаль хүртэв.
Монголын тамирчдаас Л.Энхрийлэн, Ё.Басхүү, Б.Эрдэнэбаяр нар шагналт VII байрт орлоо. Энэ төрөлд Монголын тамирчид найман олимпоос нэг алт, таван мөнгө, зургаан хүрэл, нийт 12 медаль хүртжээ.
Жүдогоос гадна чөлөөт бөх, буудлага, боксын төрөлд Монголын тамирчид медалийн тавцанд зогсоход ойрхон байв. Чөлөөт бөхийн тамирчдаас Т.Тулга, Д.Отгонжаргал, Б.Хулан П.Орхон нар хүрэл медалийн төлөө барилдсан ч сүүлчийн мөчид хожигдон, шагналт V байр эзэллээ. М.Лхагвагэрэл -125 кг-ын жинд VIII байрт шалгарсан. Өмнөх олимптой харьцуулахад чөлөөтийн тамирчид олон удаа ялж, жигд, ахисан үзүүлэлттэй оролцсон боловч бэлтгэлийн ачаалал тохирсон, эсэхэд эргэлзэхэд хүрч байна. Бас эрэгтэй тамирчдын амжилт уруудлаа. Боксын багийнхны амжилт буурч, анх удаа эрэгтэй тамирчин олимпод Оролцсонгүй. Хоёр эмэгтэй тамирчин өрсөлдөж, О.Есүгэн -50 кг-ын жинд эхний тойрогтоо ялагдлаа. 54 кг-ын жинд М.Энхжаргал Итали, Румыний тамирчдыг хожиж, Италийн боксчинд ялагдсанаар шагналт V байр эзлэв.
Монголын боксын холбоо олимпын эрх олгох эхний тэмцээнд тамирчдынхаа мэдүүлгийг хугацаанд нь явуулаагүй. Үүний улмаас Италид очсон тамирчид эрх авах тэмцээндээ оролцож чадаагүй юм. Холбооны удирдах албан тушаалтны хариуцлагагүй байдал тамирчдыг ийнхүү хохироосон.
Буудлагын гурван тамирчнаас Э.Даваахүү, О.Есүгэн нар шагналт байрт шалгарч, шигшээ буудлагад оролцсон. Н.Баяраа урт бууны хоёр дасгалд 29, 30 дугаар байрт шалгарлаа. Буудлагын тамирчдын мэдүүлгийг дутуу бөглөснөөс зарим дасгалд оролцох, эсэх нь эргэлзээтэй болсон билээ. МҮОХ, Монголын буудлагын холбооноос олон улсын байгууллагад удаа дараа асуудал тавьсны эцэст наадмын өмнөхөн нааштай шийдвэр гарав. Цаашид буудлагын тамирчдын мэдүүлэг, ачаалал, бэлтгэл, сэтгэл зүйд анхаарах ёстой нь үүнээс ажиглагдсан.
Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрөлд Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нар 91 тамирчны хамт оролцож, 47, 48 дугаар байрт шалгарав. Эрэгтэйчүүдийн төрөлд Б.Сэр-Од 80 тамирчнаас 71 дүгээрт орлоо. Байт харвааны тамирчин Б.Отгонболд 1/32 нугалаа харваанд Мексикийн М.Грандад 7:1-ийн харьцаагаар хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Усанд сэлэгч Б.Энххүслэн анх удаа олимпын наадамд албан ёсоор эрх аван оролцож, эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд цагийн амжилтаараа 31 тамирчнаас 18 дугаар байрт шалгарав. Б.Энхтамир эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 79 тамирчнаас 50 дугаарт шалгаран, цагийн үзүүлэлтээр улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон.
Дугуйчин С.Жамбалжамц бөөн гараатай 273 км-ийн ганцаарчилсан уралдаанд 90 тамирчнаас 57 дугаарт шалгарлаа. Тэрбээр цуваа гараатай ганцаарчилсан төрлийн 32.4 км-ийн уралдаанд оролцон, 28 дугаар байр эзэлсэн. Ийнхүү дугуйн спортын төрлөөр 1996 оны олимпоос хойш 28 жилийн дараа С.Жамбалжамц хоёр төрөлд уралдан, дэлхийн чансаагаа дээшлүүллээ.
Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг 81 кг-ын жинд 13 тамирчинтай өрсөлдсөн ч гэмтлийн улмаас 10 дугаар байрт жагсав. “Токио-2020”-ийн үр дүнтэй харьцуулбал Монголын тамирчдын амжилт Парисын наадамд огцом буурлаа. Токиод Монголын 43 тамирчин спортын 10 төрөлд 40 эрх авч, оролцсон. Тэгвэл энэ удаа эрхийн тоо найм, тамирчин 11, спортын төрөл нэгээр буурав. Манай тамирчид Токиод нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, 71 дүгээр байрт орсон. Харин Парист нэг мөнгөн медаль хүртэн, 74 дүгээр байрт шалгарч, медалийн тоо гурваар цөөрлөө.
ДҮГНЭЛТ
Биеийн тамир, спортын улсын хороо (БТСУХ)-ноос өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд Ерөнхий сайд болон Олимпод бэлтгэх үндэсний хорооны гишүүдэд өгсөн мэдээлэлдээ Монгол Улсын баг “Парис-2024”-ийн 12 төрөлд 45 эрх авч, 4-5 медаль хүртэх зорилго тавьснаа дурдсан. Гэтэл уг зорилт яагаад биелсэнгүй вэ. Энэ нь ямар ч үндэслэлгүй, судалгаагүй, сэтгэлийн хөдлөлөөр хэлсэн тоо байв уу.
Улс орны спортын амжилтыг дүгнэх нэг л үзүүлэлт дэлхий нийтэд байдаг нь олимпын медалийн тоо юм. Энэ удаа Монгол Улс нэг мөнгөн медаль хүртэв. Ингэснээр олимпын нэгж медальд ногдох хүн амын тоогоор Монгол Улс хамгийн доод түвшиндээ хүрлээ.
Бээжингийн 2008 оны олимпод тус бүр хоёр алт, мөнгө, “Лондон-2012”-оос хоёр мөнгө, гурван хүрэл, “Рио-2016”-гаас нэг мөнгө, хүрэл, “Токио-2020”-иос нэг мөнгө, гурван хүрэл медаль авсан. Монгол Улс хамгийн сүүлд 2004 оны Афины олимпыг нэг хүрэл медальтай өндөрлүүлж байв. Түүнээс хойш олимп бүрээр багадаа хоёр медаль хүртсэн. Тамирчдын бэлтгэл сургуулилалтаас гадна ур чадвар, хүрсэн түвшин, онцлог чанар, авьяас чадвар, арга мэхийг хөгжүүлэх дасгалжуулагчийн ур ухаан ихээхэн нөлөөлсөн олимп Парисынх боллоо. Дасгалжуулагчийн ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай нь харагдав.
Бидэнтэй хөгжлийн нэг гараанаас хөдөлсөн Узбекистан улс найман алт, хоёр мөнгө, гурван хүрэл, нийт 13, Киргиз хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль авсан. Манай улс спортын хөгжлөөрөө тэднээс хол хоцорч явна гэсэн үг. Бид чухам юун дээр алдав?
Олимпод хангалтгүй оролцсоныг төрийн байгууллагын удирдлага, зохион байгуулалттай холбож үзэх хэрэгтэй. Төсвийн мөнгийг БТСУХ хэмээх төрийн агентлаг захиран зарцуулдаг. БТСУХ 2023 оны нэгдүгээр сараас хойш үүрэг гүйцэтгэгч даргатай байгаа нь ажилд цалгар назгай хандах, хариуцлагагүй байдал үүсгэх үндэс болсон. Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарладаг ч нэр дэвшигч нь шаардлагад тэнцээгүй шалтгаанаар бүртгэлээс хасагдсаар өдий хүрчээ. Олимпын наадмын тамирчдын үндсэн бэлтгэлийг БТСУХ-ны бүтэц дэх Үндэсний шигшээ багийн хэлтэс (ҮШБХ)-ийнхэн удирдан хэрэгжүүлдэг. Гэтэл ҮШБХ-ийн дарга нь олон улсын харилцааны чиглэлээр Тайваньд сурсан, хятад хэлний орчуулагчийн дипломтой хүн байна. Тиймээс мэргэжлийн өндөр чадвар, туршлага шаардсан ажил гүйцэтгэн, олимпын бэлтгэлийг хангаж чадахгүйд хүрчээ. Түүнээс улбаалан шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалт, олимпын бэлтгэлийн үе шатыг оновчтой зөв тогтоох, төлөвлөх, даалгавар зөвлөмж өгөх, хяналт шалгалт явуулах, үр дүнг цаг хугацаанд нь тооцох зэрэг үйл явц алдагдаж Монголын тамирчид Парисын олимпод хангалтгүй оролцлоо.
Монгол Улсад Спортын төв ордон, буудлагын Техникийн спортын төвөөс өөр төрийн өмчийн, тамирчдын бэлтгэлийг хангах төвлөрсөн байгууламж байхгүй. Гэтэл ихэнх орон тусгайлсан олимпын бэлтгэлийн төвтэй. Тамирчид тэнд нэгдсэн хэлбэрээр бэлтгэл хийж, тив, дэлхийн хэмжээний тэмцээнд оролцох нь үр дүнтэйг бусад орны туршлага харуулж байна.
Манай улс бэлтгэлийн нэгдсэн төвгүй учраас зориулалтын бус байгууламж ашиглах, заал түрээслэх байдлаар аргацаасаар ирсэн. Тиймээс тамирчдыг нэгдсэн байдлаар бэлтгэл хийлгэх, орчин үеийн стандартад нийцсэн төв байгуулж, спортын эмнэлэг, эрдэм шинжилгээний нэгж, дотуур байр, хоолны газар, хүчний болон фитнесийн заалтай болох шаардлагатай. Шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид өдөр тутмын бэлтгэл, цугларалт хийх, олон улсын болон олимпын эрх авах тэмцээнд оролцоход эрдэм шинжилгээ, эмнэлэг, хяналтын үйл ажиллагааг БТСУХ-ны харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн мэргэжилтэн, эмч, эрдэм шинжилгээний ажилтнууд зохицуулдаг. Гэвч шинэхэн байгуулсан тус төвийнхөн энэ удаа үүргээ биелүүлж чадсангүй. Уг нь олимпын бэлтгэлийн үе шатанд спортын сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн багийг шилдэг эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан ч ажиллуулсангүй. Харин Ардын багш Ч.Насантогтохоор удирдуулсан, 17 хүний бүрэлдэхүүнтэй тусгай ажлыг хэсэг томилогдон, цалин хөлс авч ажилласан. Харамсалтай нь, тэдний гаргасан тамирчдын сургалтын төлөвлөгөө, хуваарь нь шинжлэх ухааны үндэслэл муутай байсныг Парисын олимпод Монголын тамирчид хэрхэн оролцсоноос харж болно.
Биеийн тамир, спортын тухай хуулийн дагуу олимпын наадамд бэлтгэхтэй холбогдуулан Засгийн газраас удаа дараа тогтоол, шийдвэр гаргаж, хөрөнгө санхүүгийн асуудлыг боломжийн хэмжээгээр шийдвэрлэсэн. Тэр төсвийг үр дүнтэй зарцуулсан, эсэхийг сөхөн ярих ёстой.
Олимпод бэлтгэх нь зөвхөн дөрвөн жилийн мөчлөгт бус, багадаа 4-8 жил системтэйгээр, урт удаан хугацаанд хийдэг онцгой үйл ажиллагаа. Гэтэл БТСУХ-г 2016-2022 онд зургаан жил дараалан удирдсан Ц.Шаравжамцын үед хийсэн ажил үр дун муутай, цаг үеэ аргацаасан, гаргасан амжилт нь хиймэл, хөөсөрсөн байсныг энэ удаагийн олимп харууллаа. Түүний удирдлагад ажиллаж байсан дийлэнх хүн одоо ч БТСУХ-нд бий. Тиймээс биеийн тамир спортын салбарт өөрчлөлт шинэчлэл хийх салхи оруулах хариуцлага тооцох, олон жил бугшсан асуудлыг шийдэх цаг болжээ. Бас нэг асуудал нь олимпын тосгон дахь Монголын багийн удирдлага хангалтгүй байв. Анх томилсон багийн ахлагч нь хүндэтгэх шалтгааны улмаас Парист очсонгүй. Орлон ажиллах хариуцлагатай мэргэжилтэн байсангүй. Зохион байгуулалтын ажлыг Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны хүмүүс хийсэн ч мэргэжлийн бус үйл ажиллагаа, ойлголтын зөрүүтэй байдал ажиглагдав. Энэ нь олимпын мандатын квотод ч ил тод харагдлаа. Мандат олгох нь МҮОХ-ны үндсэн чиг үүргийн ажил. Тамирчны сэтгэл зүйч, хоол зүйчийг олимпын бүрэлдэхүүнд оруулаагүй нь олон нийтийн зүгээс маш их шүүмжлэл хүлээсэн. Уг нь тэдний квотыг МҮОХ боломжтой хэлбэрээр зайлшгүй шийдвэрлэх ёстой байв. Спортын сэтгэл зүйч, хоол зүйчийн зардлыг БТСУХ шийдэх байсан ч эл ажилдаа хайхрамжгүй хандсан. Өмнө нь Бразилд 2016 онд болсон олимпод Монголын тамирчид тогоочтойгоо хамт очиж байсан юм. Сэтгэл зүйч нар ч очиж тамирчидтай ажилласан туршлага бий.
СУРГАМЖ
Дараагийн олимпыг АНУ-ын Лос-Анжелес хотноо 2028 оны долоодугаар сарын 14-30-нд зохион байгуулахаар товлосон. Бид энэ удаа алдсан зүйлсээ тунгааж, цаашид хийх ажилдаа сургамжтай хандах нь чухал. 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг олимпын эрх авах хэмжээнд бүрэн бэлтгэгдсэн мөртлөө Унгарын Дебрецен хотод болсон тэмцээний үеэр тамирчин А.Ананд сахилга бат, ёс зүйн зөрчил гаргаснаар хасагдахад хүрсэн. Хэрэв А.Ананд хасагдаагүй бол монгол тамирчид Францын багийг хожин, олимпын эрх авч, түүгээр ч барахгүй медаль хүртэх боломж байлаа.
Мөн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан бэлтгэлээ хангаж, төрөөс зардлаа шийдүүлсэн ширээний теннис, таеквондогийн тамирчид олимпын эрх авч чадалгүйгээр улсын төсвийг үр дүн муутай зарцуулсан.
Олон улсын шүүгчийг бодлогоор бэлтгэх, олимпод оролцуулах явдал орхигдсон нь Монголын тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлсөн байх талтай. Чөлөөт бөхийн төрлийн олон улсын шүүгч энэ удаагийн олимпод ажилласангүй. Чөлөөт бөхөөр Монгол Улс олимпын зэрэглэлийн шилдэг шүүгчтэй байсан үе саяхан. Тамирчдын амжилтад, ялангуяа тулаантай спортын төрлүүдэд шүүгчийн нөлөө маш их. Иймд Монголын шүүгч нарыг бэлтгэн сургах, олон улсын семинарт оролцуулах, дадлагажуулах шаардлагатай. Мөн дасгалжуулагч нараа спортын төрөл бүрээр бэлтгэх, гадаадад сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх, ур чадварыг нь сайжруулах замаар авьяаслаг мэргэжилтэн, менежерүүдийг төрүүлэхгүй бол олимпын амжилт ахихгүй.
Спортын дасгалжуулагч нарын тоог нийт хүн амтай харьцуулан үзэхэд маш цөөн, дутагдалтай байна. Дийлэнхдээ биеийн тамирын багшийн мэргэжлээр сургууль төгссөн хүмүүс дасгалжуулагч хийж байгаа. Эсвэл спортын замналаа дуусгасан тамирчид дасгалжуулагч болдог.
Монголд олон улсын богино хугацааны сургалтууд явуулдаг ч үр дүнгээ төдийлөн өгсөнгүй. Түүнчлэн дасгалжуулагч нар бэлтгэл, сургалтыг удирдах арга барилаа ч өөрчлөх цаг болжээ. Манай улсын тамирчид олимпыг тэмцээний төгсгөлд оноо алдан ялагдаж байна. Энэ нь сургалт, дасгалжуулалтыг удирдаж байгаа багш нараас шалтгаалдаг. Монгол хүний байгалийн өгөгдөл, тэсэн үлдэх авьяас чадварт суурилсан бэлтгэл хийлгэдгийг өөрчлөн, шинжлэх ухаанчаар, системтэй хөгжүүлэх арга барил дутагдлаа. Мөн тамирчид, дасгалжуулагчийн харилцаа хандлага, ёс зүй, хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй. Олимпод оролцсон тамирчдад байгалийн өгөгдөл, хурд хүч, ур чадвар, авхаалж самбаа байгаа ч өрсөлдөгчөө сайтар судлан, тэр бүрд тохирсон, дахин давтагдахгүй арга мэх боловсруулан хэрэглэж чадсангүй. Ялангуяа эвгүй, хувирамтгай байдлыг үзүүлэх, өөрийгөө сайн боловсруулж, байнга суралцаж, нөхдөдөө зөвлөхөд анхаарах шаардлагатай байна. Манай тамирчид барилдааны, эсвэл тоглолтын сүүлчийн хэсэгт эрчимтэй ажиллах, тэсвэр тэвчээр гаргах, тэсрэлт хийх арга ухаан, чадварт суралцах ёстой нь харагдлаа. Ажиллах чадвараа сайжруулах, оноогоо хамгаалах арга, тактик дутагдаж байгаагаас дийлэнх нь ялагдал хүлээсэн. Эл байдалд дүгнэлт хийн, яаралтай засахгүй бол давтагдсаар л байна. Үүнийг хэрхэн засах талаар эрдэмтэд, судлаачид саналаа гаргах ёстой.
Түүнчлэн БТСУХ, МҮОХ-ны удирдлага ойлголцох, нэгэн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд гар, сэтгэл нийлэн хамтран ажиллах ёстой нь олимпын үед ажиглагдав. МҮОХ-ны шугамаар ОУОХ, олон улсыг бусад байгууллага, гадаад, дотоодын байгууллагуудаас үзүүлж буй тусламж дэмжлэг, ивээн тэтгэсэн зүйлсийг шигшээ багийн тамирчдад зориулах нь зүйтэй.
МҮОХ-ны гадаад харилцааны давуу тал, боломжийг ашиглах, бусад оронтой хамтрах, олон улсын спортын холбоодтой ойр ажиллах нь чухал. МҮОХ-нд спортын мэргэжлийн алба, хэлтэс байгуулан, чадвар сайтай мэргэжилтнийг урьж ажиллуулах, дэмжих хэрэгтэй байна. Цаашид олимпын нөөц тамирчдыг үе шаттай сонгох, хүүхдийн болон оюутны спортоор дамжуулан системтэй бэлтгэхэд анхаарах цаг болсон. Үүнд анхаарал төдийлөн хандуулаагүйгээс шилдэг тамирчдын халааг авах залуусын тоо цөөрч, олимпын амжилт буурч байна Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн биеийн тамирын хичээлийн заал танхим хэрэгсэл материал, тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг цогц арга хэмжээг Боловсролын яамнаас хэрэгжүүлж чадвал хүүхэд, залуус олноор спортоор хичээллэн, шигшээ багийн нөөц тамирчдыг бэлтгэх боломж бүрдэнэ. Түүнчлэн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэн, иргэдээ эрүүл чийрэг болгох давуу талтай.
ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН ӨМНӨ БИД ЮУ хийвэл зохих вэ
АНУ-ын Лос-Анжелес хотноо 2028 онд болох олимпын наадамд эртнээс зохион байгуулалттай бэлтгэж оролцох үүднээс хэд хэдэн арга хэмжээ, ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байна. Юуны өмнө Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас бүрдсэн тусгай ажлын хэсэг гаргаж, Парисын олимпод оролцсон нөхцөл байдлыг шалган тогтоож, зөрчлийг илрүүлэх, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох нь зүйтэй. Ерөнхий сайдын дэргэдэх Олимпын наадамд бэлтгэх үндэсний хороог шинэчлэн байгуулах, Олимпын наадамд бэлтгэх үзэл баримтлалд өөрчлөлт оруулах, стратеги төлөвлөлтөө хөрөнгө санхүүтэй холбон дахин хийх хэрэгцээ бий.
Үндэсний шигшээ багийн бүтэц, зохион байгуулалт, бүрэлдэхүүнийг өөрчлөх, сургалтын шинэ, оновчтой арга барил, технологи нэвтрүүлэх, хяналт, мониторинг хийх, мэргэжлийн хүмүүсийг холбогдох албан тушаалд томилох ёстой.
Олон улсын стандартын шаардлага хангасан үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн цогцолбор төвийг Техникийн спортын төвийн дэргэдэх чөлөөтэй газарт байгуулах боломжтой. Ялангуяа усан спортын тамирчид эх орондоо бэлтгэл хийх боломж хязгаарлагдмал байгаа. Тиймээс олимпын зэрэглэлийн 50 метрийн бассейныг “Шинэ Яармаг” дахь зориулалтын газарт нь барьж, ашиглалтад оруулах нь чухал. Төрөөс спортын холбоодыг бэхжүүлэхэд анхаарах, хяналт тавих механизмыг бий болгох, тэдгээрийн олон улсад гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх хэрэгтэй.
Спортын холбоод тухайн спортыг хөгжүүлэхэд ихээхэн анхаардаг. Гэвч холбооны байнгын орон тоонд ажиллах хүний нөөц, санхүүгийн чадавх дутагдаж байна. Ихэнх спортын холбооны мэргэжилтнүүд сайн дурын үндсэн дээр, орон тооны бусаар ажилладаг. Иймээс спортын холбоодын чадавхыг сайжруулах ёстой.
Үндэсний шигшээ багийн тамирчдын залуу халааг тасралтгүй бэлтгэх систем бий болгох ажлын хүрээнд спортын тусгай сургалттай дунд сургуулийг аймаг бүрд байгуулах шаардлага бий. Мөн их, дээд сургуулийн оюутны спортыг дэмжих, нийслэлд Оюутны спортын төв байгуулах, цаашлаад дасгалжуулагч, тамирчны сэтгэл зүйч, хоол зүйч нарыг тусгайлан сургах, давтан бэлтгэх хэрэгцээ хэдийн үүссэн нь Парисын олимпоос харагдлаа.
Д.Гоошоохүү
Сэтгэгдэл34
Манайхан яршиг зүгээр очоод хэвтээд өгчихөж бай. Бяр байвч ухаан байхгүй. Зарим нь болохоор бүр нэг үлбийсэн, идэвхигүй. Яамаар ч юм. Ингэсгээд д оролцоод явж байхаас
Хоёр гол дүгнэлт бна. 1-рт. БТСУХ,МҮОХ хоёр байгууллага институц ийн хувьд бүрэн дампуурсан бна,Олимпизмын сайд асан Бат-Эрдэнэд хатуу шийтгэл оногдуу лах хэрэгтэй, доошоо шат шатны албан хаагч дыг зайлуулбал зохино. 2-рт. Спортын сургалт дасгалжуулалтын тогтол цоо нь орчин үеийн шаардлагаас хэт хоцорсон байдлыг нэн даруй арилгах хэрэгтэй !
Хоёр гол дүгнэлт бна. 1-рт. БТСУХ,МҮОХ хоёр байгууллага институц ийн хувьд бүрэн дампуурсан бна,Олимпизмын сайд асан Бат-Эрдэнэд хатуу шийтгэл оногдуу лах хэрэгтэй, доошоо шат шатны албан хаагч дыг зайлуулбал зохино. 2-рт. Спортын сургалт дасгалжуулалтын тогтол цоо нь орчин үеийн шаардлагаас хэт хоцорсон байдлыг нэн даруй арилгах хэрэгтэй !
Олимпийн сайдгүй байсан бол сайн оролцож олон мёдаль авах байлаа !Одоо Батэрдэнэ нэр төрийг нь бага ч болов аварсан Баасанхүүд хувиасаа шагнах ёстой ! Тэгэхгүй чимээгүй болчихвол хүмүүс дооглоно ! Ингэж муу үзэлцэхийн нь мэдсэн бол гайгүй лам аваад явах байсан юм !
олимпод медал авснаар ард түмний амьдралд ямар ч нэмэр байхгүй,иймд усан бассейн ,тамирчдын нэгдсэн бэлтгэлийн төв барих түй ч шаардлага байхгүй,түүнийхээ оронд олон хүний аж амьдралд нэмэртэй 24 цагийн ясли, цэцэрлэг барь,ер нь олимп болон дэлхийн тэмцээнд оролцох сонирхолтой хүмүүст тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлж ,тодорхой амжилт гаргавал шагналын журмаар буцаан төлөлтөөс чөлөөлөх,үгүй бол гргасан зардлаа төлүүлдэг болох юм бол шал арчдаг "жуулчдын" тоо эрс багасч,гаргах амжилт ч төдий хэмжээгээр өсөх болно ,хамгийн гол нь улсын мөнгөөр олимп, дэлхийн тэмцээнд оролцсон болж ,ямар эргээд хариуцлага тооцохгүй болохоороо худлаа гэмтэлтэй байсан гэцгээхийн түүнийгээ мэдэж байсан бол яагаад амжилт гаргахгүйгээ мэдсээр байж явцгаадгийн???
Солиороод байгаарай
Хүний шуналд хязгаар байхгүй. Манай иргэд 2008 оны Олимпийн тоглолтонд үзүүлсэн амжилтыг үгүйлээд байх шиг байна.Тэр бол онцгой гоц үйл явдал байсан болохоос зүй тогтол биш. Дэлхийд 200 гаран улс бий. Тэд бас олимпийн медаль авах хүсэлтэй.Дэлхийд 8 шахам тэрбум хүн амьдарч байгаа. Олимпийн бүх төрөлд хэдэн медаль өгдөг юм. Тэр медалийн тоог нийт хүн төрөлхтний тоонд хуваавал 3 саяхүнд хэдэн медаль оногдохоор байна. Ийм хялбар арифметик үйлдэл хийсний дараа та монголчууд хэт олон медаль авсан болохыг мэднэ. Бид олимпоос огт медаль авахгүй шагналт байртай байхад л бид үзүүлэх ёстой амжилтаа үзүүлсэн гэж өөрсдийгөө үнэлж болно.Медаль бол ховрын юм гэж ойлгох ёстой. Аливаа ажлыг зохион байгуулж хийж үзсэн хүмүүс ажилд хамгийн их саад болдог юм бол хэл амны бузар, хэрүүлийн бузар гэдгийг мэддэг. Саяын олимпийн үеэр сошиалын үзэшгүй муухай хог шаарнууд болон эмүжин гэхчлэн сэтгүүлч нэртэй хог шаарнуудын хар хэл амаа билүүдэх нь хэрээс хэтэрч, гүйх нохойд баах ноход саад боллоо.
Хэт олон медаль ч гэх шиг
Олимпын яам/БТСУХ/ ба МҮОХ хоёр төсвийн мөнгийг хамтран идэх ажил л хийсэн. 2023 оны 111 тэрбум, 2024 оны 144 тэрбум, мөн сая үрж зарсан 25 тэрбум төгрөгийг буруутнаар нь төлүүл. Тэгээд МҮОХ-ны ерөнхийлөгч, БТСУХ-ны удирдлагыг тарааж, хөөж явуул. Энэ л сургамж болно.
Э. Даваанасан 8 -р байранд орсон
Протоколоо хараарай. Тэр 9 байрт орсон.
Baasanxuug odoo altan medaly avax beltgeld gargax xeregtei tegexed mongol Baatar ogood avch davxij. eldev shagnal arga xemjeend oruulaad duusgadaj baij sanaa ny amardag
Олимпийн аварга төрүүлээд бараг хэрэггүй дээ, монголын тэнэг сэтгэхүйгээр түүнийгээ ойр дотныхоо хүнийг алах цол хэргэм гэж ойлгочихсон тохиолдол байгаа.
Bugdeeree salbaraaraa dampuu shuudee. Ene niitleliig odoo sharavjamtsiin esreg taliin Halzan huuhemseg Jagaa ni bichuulj baina. Udahgui salbariig ni avaad dampuuruulna daa. Ed nar salbaraas zailj baij sport Mongold hogjino!!!!
deed ,dund ,dood schatnii udirdlaguudad arga chemjee avaj chariuuchlaga tooch ! Baterdene avarga ymarch medleggui tegeed ich zaluudaj bna. Odoo choldoo ,chold bur moson chold .
Үнэлэлт, дүгнэлтийг зөв бичсэн байна. Хойшид авах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Энэ хүний сүр сүлдийг дарсан хувцасаа солих хэрэгтэй.
1, БТСУХ, МҮОХ-ны нохдуудыг хөөн зайлуулж үндсээр нь солих хэрэгтэй. 2, Шагналт 5, 6-р байр гээл яриад байх юм. Медаль аваагүй л бол шагнал байхгүй биз дээ.
олимпын тамирчид олимпын аваргын цол,медаль л авна гэж сонссон тусгай мөнгөн шагнал байдаггүй байхаа
Амжилтгүй оролцсон тамирчид өөрөө асуудлаа шийд. Дарга солих? Тэр хүн учраас өөрөө ажлаа өгөх байх. Ер нь медаль авахгүй бол олимпод орох хэрэг байна уу?
Спортын холбоод тэдний бэлтгэл сургуулилтад дан ганц төрийн байгууллагуудын удирдлага оролцоо хангалтгүй байгаа! Тийм учраас хувийн хэвшлийн оролцоо хөрөнгө оруулалт дэмжлэг оролцоо туйлын чухал! Ялангуяа спортын чиглэлээр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын оролцоо санхүүжилт санаачлагыг төрөөс бодлогоор дэмжиж ажиллах шаардлагатай байна!
Энэ олимп нэртэй заваан юмнаас авах сургамж бол цаашдаа манай охид бокс,бөх,хүндийг өргөлт гэхчлэн спортоор хичээллэх хэрэггүй боллоо. Учир нь барууны ижил хүйстэн,трансжэндэр,өөр гаж бүлгийн эрчүүдтэй өрсөлдөх болох нь. Тэгэхээр эртхэн больсон нь дээр.
Sain toim, dun shinjilgee, dugnelt & shiidel gartsig uguulsen niitlel boljee. Uneheer iim baidaltai l oroltsloo. Tsaashid deer durdsan shiidver, arga hemjee avahgyi bol bolohgyi n ee
Олимпийн сайд гээд нэг бөх байсан даа, тэр энд цэвэрхэн үлдчихэж. Түүний хүмүүс энэ дүгнэлтийг бичсэн бололтой. Тамирчид, дасгалжуулагчид чадахаараа л гүрийдэг гэж би ойлгодог. Харин авилга, хээл хахуульд автсан байж болзошгүй дарга удирдлагуудыгад их асуудал байгаа даа. Угаасаа манайд угжирсан асуудал.
энэ тэнэг гоошоохүү гэгч нь асуумаар байхийн. тэр шагналт 4,5,6,7, р байранд хэн хаанаас ямар шагнал өгдөг юм бэ. дэлхийн олон хэвлэл мэдээлэл дээр ерөөсөө огт гарч бичигдэж байгаагүй зөвхөн монголд л шагналт байр гээд л энэ хэдэн сэтгүүлчид мангартаад байх юм. яаж ухаан оруулах вэ
Шагналт байр гэж бий. Тухайлбал 4-8 байрын тамирчдад диплом өгдөг.
Олимпын сайд Бат-эрдэнэд хариуцлага тооцож 2023,2024 оны төсвөөс авсан 225 тэрбум төгрөгийг төлүүл,МҮОХ,БТСХ-ны дарга нарыг огцруулж_хариуцлага тооц.
Олимпын сайд Бат-эрдэнэд хариуцлага тооцож 2023,2024 оны төсвөөс авсан 225 тэрбум төгрөгийг төлүүл,МҮОХ,БТСХ-ны дарга нарыг огцруулж_хариуцлага тооц.
OLimpod medali ch ygyi irsen nehediig sagnadag demiirel bas togtoh ni dee!!!yamar hybiralttai niigem geech be?...Otgonchecheg gel uu?bas Tylga nart hoyor eree bairaar behchyyd sagnah yum!er ychiriig ni olohgyi bna daa!!!
Олимпын сайд Бат-эрдэнэд хариуцлага тооцож 2023,2024 оны төсвөөс авсан 225 тэрбум төгрөгийг төлүүл,МҮОХ,БТСХ-ны дарга нарыг огцруулж_хариуцлага тооц.
Honsoor chini munhag tatagchag aa!!!Baterdene yamar hamaatai be?....chamsig gelegnyyd olsirsonoos ene ylasiin hiimori doroitson ni tedii hereg?...chamaas eedt-eihen hyn bol?....Mongoliin aldartai hymyys ee,hyndetgeed irsen ylamjlaltai yum!!!dynhyynyyd dyyrch dee!!dyriin tedii ylas bolloo doo?...Yadagsyy yum baigaam bol doo?.............Haarhii gej?......................
Новшийн Данх удирдлагаар хангаж чадаагүй
Сайн дүгнэлт гарчээ. Спортын мэргэжлийн хүн бүр олимпын асуудалд санаа зовж буй. Одоо спортын эрдэмтэд нь дүгнэлтээ гаргана биз ээ!
Олимп, дэлхийн аваргад алтан медаль авсан тамирчдад гавъяат цол мөнгөн шагнал, 2-дахь удаа алтан медалль авахад х\баатар цол олгож байя мөнгө хүрэл медаль авсан тамирчдад эхний удаад нь мөнгөн шагнал 2дахь удаад нь гавъяат цол олгож байя Тэд байр сууцаа авна уу яана өөрсдөө мэдэх биз..Татвар төлөгчдын мөнгөөр Сар бүр сая саяар цалинжуулах бус жирийн цалин олгож байя.Бусад компани байгууллагууд нь бол өөрсдөө мэдээд дэмжиж байдаг Манайд энэ олон ардын, Х\баатар, гавъяат цол элдэв цол хэргэм арай дэндэж байна даа