sonin.mn

461-р ангид хоригдож байгаад нас барсан 21 настай иргэн О-той холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийлээ.



ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр энэ үеэр: "Амь хохирогч О нь Эрүүгийн хуульд заасан таван гэмт хэрэгт долоон холбогдогчтой 53 хэргээс 10 үйлдэлд яллагдагчаар татагдан шалгагдаж байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан. Улмаар 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, прокурорын хяналтад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.


Амь хохирогч О нь 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасны дагуу тус газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.


Амь хохирогч О нь дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон бөгөөд долдугаар сарын 12-ноос хойш хэвлий хэсгээр өвдөлт өгч, нуруу өвдөж байна гэх шалтгааны улмаар Цагдан хорих төвийн эмнэлэгт эмчлүүлж байсан. Долдугаар сарын 22-ний өдөр бие нь муудаж, улмаар Улсын нэгдсэн III эмнэлэгт хүргэгдэн очоод долдугаар сарын 23-ны өдөр цөсний шалтгаант нойр булчирхайн цочмог үрэвсэл, үжил, үжлийн шок, амьсгалын гачаалт хам шинж зэрэг эмнэлгийн байгууллагын урьдчилсан оноштойгоор нас барсан.Үхлийн шалтгааныг дахин шалгуулахаас цагдаагийн байгууллагаас шүүх шинжилгээний байгууллагын шинжээч эмчийг томилуулан, мөрдөн шалгаж ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна." гэсэн бол Амь хохирогч О өмнө нь хоёр удаа ял шийтгүүлж, нэг удаа Зөрчлийн хуулиар арга хэмжээ авхуулж байсан." гэсэн бол


Мөрдөн байцаах албаны дэд, Дүн шинжилгээ үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр:

"Амь хохирогч О нь эрүүгийн 10 хэрэгт холбогдон шалгагдаж байсны нэг нь Эрүүгийн хуулийн 11.4 буюу бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, бусад есөн хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.4-т заасан хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан" хэмээсэн юм.

Энэхүү мэдэгдэл гэгч нь нийгмийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулж байна.

Жишээ нь : Нийтлэлч Баабар цагдаагийн байгууллагын уг мэдэгдлийн хариуд: "Өө тэгвэл аргагүйшдээ, өмнө нь хэрэгт орж байсан юм бол зодоод алчих нь зөв л дөө...

Нэг иймэрхүү тэнэг залуучуудыг мөрөн дээр нь бас нэг хадаас нэмж хатгана гэж хөөргөөд хүн үнэмшимгүй мангар мэдэгдэл хийлгүүлгээд бүр дадлагаждээ, дарга генерал нь!" гэсэн байв.


Уг хэвлэлийн бага хурлаас харахад Монголын цагдаагийн мэдэгдэлд хүнлэг ёсны өчүүхэн ч үнэр алга гэж дүгнэж болохоор байна.


Мэдээж амь хохирогчтой холбоотой хэргийг шүүх эцэслэн тогтооно. Гэхдээ нийгэмд шүүмжлэл дагуулж буй үндэслэл нь маш энгийн. БГД-ийн Нэгдүгээр хэлтсийн эрүүгийн найман төлөөлөгч О-г зодсон эсэх, О нь АТГ-т дээрх цагдаа нарыг шалгуулахаар гомдол өгсний дараа цагдаа нар түүнийг албадан саатуулсан эсэх, О-гийн амь хохирсон шалтгаан зэрэг л ихээхэн анхаарал татаж буй.


Гэтэл энэ тухай : "АТГ шалгаж буй нь үнэн" гэдгээс өөр ямар ч тайлбар, хариулт байхгүй атлаа хэвлэлийн хурал зарлан, амь хохирогч О-гийн урьд өмнө шалгагдаж байсан хэрэг, ял эдэлж байсан эсэхтэй холбоотой хувийн мэдээллийг зарлах нь яг ямар зорилготой, ямар ач холбогдолтой юм бэ? Амь хохирогч хоёр удаа ял шийтгэгдэж байсан, нэг удаа зөрчлийн шийтгэл эдэлж байсан, эрэн сурвалжлагдаж байсан, нийт 10 хэрэгт яллагдагчаар татагдан, шалгагдаж байсан нэгэн болохоор хүнлэг бус хандаж болно гэсэн үг үү? 

Нөгөөтэйгүүр хүний нас барсан шалтгааныг Цагдаагийн байгууллага биш эмнэлгийн байгууллага тогтоох учиртай. Эсвэл ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтэс гэгч нь эмнэлгийн хэвлэлийн албаны үүргийг давхар гүйцэтгэдэг болчихсон юм уу? Мөн шүүх шинжилгээний байгууллагын шинжээч эмчийг томилогдон ажиллаж буй гэсэн атлаа урьдчилсан онош хэлчихэж байгаа нь ямар зорилготой юм бэ?



Өнгөрөгч гуравдугаар сард Сэлэнгэ аймгийн цагдаагийн алба хаагчид өсвөр насны охиныг бүлэглэн хүчирхийлсэн хэрэг гарсан.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Н. Мишигдорж мэдээлэл хийх үеэрээ: “ Нэр холбогдсон цагдаагийн алба хаагчид болон насанд хүрээгүй охины нэр хувийн мэдээллийг өгөх боломжгүй" гэж байв.


Харин амь хохирогч О цагдаа биш болохоор ял шийтгэлийн байдал зэрэг хувийн мэдээллийг нь зарлачихаж байгаа хэрэг үү?

Монголын цагдаагийн байгууллагад нэн даруй шинэчлэл, реформ хийхгүй бол мэдэгдэлд нь ч хүнлэг ёсны үнэр байхгүй болж байна.


С.Сарнай