sonin.mn

“Алдар” спорт хорооны бэлтгэлийн байранд Монголын спортын түүхэнд нэрээ мөнхөлсөн олон шилдэг тамирчид мөр зэрэгцэн бэлтгэл сургуулилтаа хийдэг байжээ. Бөх, бокс, хүндийг өргөлт гээд спортын топ төрлүүдийн тамирчид ургахын улаан нартай уралдан ирж, өглөө мандах нарнаас үдшийн бүрий хүртэл тэр л байрандаа байрлаж, их амжилтын төлөө тэмүүлнэ.


“Алдар” спорт хороо бол Монголын спортын ууган байгууллагын нэг билээ. Тэр заалнаас тив, дэлхийд нэрээ дуурсгасан олон медальтан төрсөн байдаг.


Харин тэрхүү бэлтгэлийн заал руу тэртээх 1976 онд цэргээс дөнгөж халагдсан, 20 гаруйхан настай шар хүү алхаж орсон нь өнөөгийн Хүндийн өргөлтийн спортын Монгол Улсын гавьяат тамирчин Шаравын Лхагва байсан юм. Говь-Алтай аймгийн цэлгэр уудам тэнгэрийн дор эгэл малчны гэрт төрсөн хүү хонь хурга эргүүлдэж, шилбүүр барин гүйж явахдаа их спортын хаалгыг татаж, тэнгэр өөд штанг өргөсөн, тив дэлхийд данстай тамирчин болно гэж төсөөлөөгүй явсан гэдэг. Монгол малчны хотноос цэргийн албанд татагдаж, гурван жилийн турш хугацаат цэргийн алба хаахдаа хүндийн өргөлтийн спортод шунан дурласан, энэхүү спортын анхдагчуудын нэг Ш.Лхагвыг "Зууны мэдээ" сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урьсан юм.

 

Монгол Улсын рекордыг 16 удаа шинэчилсэн


Ш. Лхагва Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул ажээ. Тэрээр 1973 онд цэрэгт татагдаж, ирээд үүрэгт хугацаандаа анх чөлөөт бөхөөр хичээллэжээ. Багаасаа л адуу малтай ноцолдож өссөн Ш.Лхагва бие жижиг ч, бяртай, хурдан шалмаг хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэнэ. Хамгийн бага жинд барилддаг түүнийг багш нь нэг удаа хүндийн өргөлтийн тэмцээнд оруултал овоо дөртэй, амжилт гаргаж болмоор харагдсан тул энэхүү спорт руу “урвуулсан” гэдэг. 


Ийнхүү цэргийн албаных нь хугацаа дуусахад түүнийг “Алдар” спорт хороо тамирчнаар авчээ. Энэ үеэс түүний их спорттой холбогдсон, түүхэн замнал эхэлсэн юм. С.Сүхээ багш нь өөрөө хүндийн өргөлтийн спортоор хичээллэдэг, туршлагатай тамирчин байсан тул шавийнх нь амжилт ч огцом, хурдан өссөн гэдэг.


Мэдээж хамгийн бага жин учир өргөдөг штангийн жинг шууд нэмж болохгүй. Аажим, аажмаар ахиулсаар Ш.Лхагва 1977 он гэхэд ганцхан жил хичээллээд 77 огцомдож, 100 түлхсэн амжилтаараа Спортын мастер цолны болзол хангажээ. Тухайн үед багш нь “Би 10 жил бэлтгэл хийж байж Спортын мастер болсон. Харин чи их богино хугацаанд энэ амжилтыг үзүүллээ” гэж урам өгсөн гэдэг. Харин Ш.Лхагвын хувьд багш нь өөрийн биеэр мэдэрч, сурсан туршлагаа шавьдаа харамгүй заасны хүчинд энэ амжилтыг үзүүлсэн гэж багшаараа бахархах, баярлах сэтгэл төрж байжээ. 1970-аад оны “Алдар” спорт хорооны бэлтгэл их сайн, чанга байсан гэнэ. Ш.Лхагва энэ тухай “Өглөөний бэлтгэл 10:00-12:00 цаг хүртэл үргэлжилнэ. Ингээд 13:00-14:00 цаг хүртэл амраад оройн бэлтгэлээ хийдэг байлаа. Их шахуу бэлтгэлтэй байсан ч залуу насны эрч хүчээр ямар ч үеийг шантралгүй даваад гардаг байсан нь сайхан” хэмээн дурсамж хүүрнэсэн юм. Түүний хувьд хүндийн өргөлтийн спортоор 50 гаруй жил хичээллэж, тасралтгүй амжилт гаргаж яваа нь уян хатан чанартай нь салшгүй холбоотой гэж тайлбарлаж байсан юм. Учир нь тамирчин, ялангуяа хүчний спортын хүнд уян хатан чанар хамгийн том давуу тал болохоос гадна бэртэл гэмтлээс өөрийг нь хамгаалахад чухал үүрэгтэй байдаг ажээ. Хүндийн өргөлтийн техник ганцхан шугамаар хэмжигддэг. Зөв сууж, өргөхдөө уян хатан байвал шулуун өргөж чаддаг гэнэ. Хэрэв жаахан хатуу, хөшүүн байх юм бол өргөх үедээ штангаа унагах, алдах эрсдэлтэй байдаг юм байна.


Ш.Лхагвын хувьд анхны олон улсаас медаль авсан тэмцээн нь 1979 онд Украинд болсон тэмцээн ажээ. Залуухан тамирчны хувьд энэхүү тэмцээнд 52 кг-ийн жинд өрсөлдөөд, 78 огцомдож, 117 түлхсэн амжилтаараа анхны хүрэл медалиа хүртсэн гэдэг.


Энэхүү медаль түүнд ташуур болж, энэ эрчээрээ УАШД-д найман удаа түрүүлж, Монгол Улсын рекордыг 16 удаа шинэчилсэн байдаг. Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд бага жингийн ангилалд дэлхийн чансаанд хамгийн ойрхон очсон тамирчин бол Ш.Лхагва юм. Тэрээр ид насандаа дэлхийн тамирчид олон улсын тэмцээнд 135-ийг өргөж, рекорд тогтоож байхад 130 кг-ийг хөнгөхөн өргөдөг байжээ. Тухайн үед Ш.Лхагвын хувьд тэр бүр олон улсын тэмцээнд явдаггүй байсан шалтгаан нь шигшээ багийн тамирчин бус. Харин шигшээ багт оръё гэхээр орон тоо байхгүй гэсэн шалтаг хэлдэг байсан гэнэ. Гэхдээ “Алдар” спорт хорооны хувьд шигшээгээс илүү хангамж, цалин өндөртэй байсан тухай ахмад тамирчин маань ярьж байсан юм. Тухайн үеийн Монгол Улсын хүндийн өргөлтийн шигшээ багийн 52 кг-ийн жинд н.Энхбаатар, Жүгдэрнамжил гэсэн хоёр туйванч эх орноо төлөөлдөг байжээ. н.Энхбаатар нь Дэлхийн залуучуудын аваргаас анхны хүрэл медалийг авчирснаас хойш тоймтой амжилт үзүүлээгүй байна. 1970-1980- аад оны монгол тамирчдын хувьд ОХУ-ын тамирчдаас туршлага хуримтлуулж, арга техникийг нь судалж, түшдэг байсан гэнэ. Одоо ч орос тамирчдын амжилт буураагүй, хүндийн өргөлтөөр дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа билээ.

 

Мастеруудын ДАШТ-ий зургаан удаагийн аварга


Гавьяат тамирчин Ш.Лхагвын хувьд 2005 оноос дэлхийн мастеруудын ДАШТ-д тасралтгүй оролцож, зургаан удаа аваргалж, дөрвөн удаа мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлээд байна. Үүнээс гадна Дэлхийн цомын аварга, Ази тивийн аварга гээд өдий 70 нас хүрсэн ч түүний амжилтын буухиа тасраагүй яваа нь гайхалтай.


Саяхан тэрээр Польш улсад ээлжит мастеруудын ДАШТ-д оролцоод иржээ. Энэхүү тэмцээнээс алтан медаль авна гэсэн зорилготой очсон ч жаахан ядарч, цагийн зөрүү нөлөөлсөн үү мөнгөн медаль хүртсэн гэж чамлангуй ярьж байна лээ.


Харин он гараад Японд болсон мастеруудын нөхөрлөлийн тэмцээнээс алтан медаль хүртжээ. Ингээд ирэх долоодугаар сард АНУ-д болох тэмцээнд оролцох бэлтгэлээ эхэлчихсэн гээд, яг л залуу хүн шиг гялалзаж явахыг нь хараад бахархах, хайрлах сэтгэл төрж байсан юм. Их спорт гэдэг үнэхээр агуу ажээ. Хүнийг зөв төлөвшүүлэхээс гадна элдэв өвчин хэлэхгүй, эрүүлээр өтлөхөд хамгийн их нөлөөлдөг гэдгийг Ш.Лхагва гуайн амьдралаас харж, үлгэрлэж болохоор юм. Үүнээс гадна тэрээр Монгол Улсын хүндийн өргөлтийн дээд амжилтын 16 удаа шинэчлэн тогтоосон тухай дээр дурдсан. Түүнээс энэ тухай лавшруулахад “Би 1983 онд 52 кг-ийн жинд түлхэлттэй өргөлтөөр 125 кг-ийг өргөсөн. Миний энэхүү рекорд одоог хүртэл эвдэгдээгүй явна. Учир нь дэлхийд 52 кг -ийн жин гэж байхгүй болж, хүндийн өргөлтийн хамгийн бага жин 55 болж өөрчлөгдсөн.


Тэгэхээр миний тэр амжилт 52 кг-ийн жинтэйгээ мөнхөрсөн гэсэн үг” гэв. Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд хөнгөн жингийн хамгийн анхны тамирчдын нэг нь 1960-аад оны үед энэхүү спортоор хичээллэж байсан н.Батаа гэдэг хүн байжээ.


Харин түүнээс хойш Энхбаатар, Жүгдэрнамжил, Ш.Лхагва гэсэн гурван тамирчин энэ жингийн амжилтыг олон жил нуруундаа үүрч явсан байна. Харин сүүлийн жилүүдэд хүндийн өргөлтийн спортыг залуус ихээр сонирхож байгаа ч энэ гурван тамирчны үе шиг төдийлэн сайн амжилт гаргаж чадахгүй байгаад ахмад тамирчны хувьд сэтгэл жаахан дундуур байдаг тухайгаа Ш.Лхагва ярьж байсан юм. Гэтэл энэхүү спортоор олон улсад эмэгтэй тамирчид өндөр амжилт үзүүлж байна. Энэ нь Монгол Улсын газар нутгийн онцлог, бэлчээрийн малын махаар хийсэн шим тэжээлтэй хоол болоод эмэгтэй хүний уян хатан чанар, сэтгэлийн асар их тэвчээртэй холбоотой гэж туршлагатай тамирчны хувьд онцолж байв.  

 

Москвагийн олимпоос атгаад алдсан үе 


Тамирчин бүхний мөрөөдөл, карьерынх нь оргил цэнгэлийн манлай олимп байдаг билээ. Ш.Лхагвын хувьд ч тэр олон жил их спортод зүрх сэтгэлээ зориулж, амжилт өөд тэмүүлж явахдаа олимпын наадамд оролцохыг чин сэтгэлээсээ хүсдэг байжээ. Яг тэр хүсэн хүлээсэн үе нь 1980 оны Москвагийн олимп аж. Тухайн үед Ш.Лхагва ч залуухан, ид эр бяр нь тэгширч, Монголын хүндийн өргөлтийн 52 кг-ийн жинд цойлж, босоо явсан үе. Олимпод явахын тулд улсын аварга, сорилго тэмцээн, олон улсын тэмцээнд гаргасан амжилтыг нь харж эрх олгодог байжээ. Ийнхүү 1980 онд тухайн гурван тэмцээнд Ш.Лхагва хол тасархай түрүүлээд байв. Нэгэнт олимпод явах нь тодорхой болсон тул бусад төрлөөр өрсөлдөх тамирчидтайгаа ижилсэх хувцсаа авчихаад сэтгэл дүүрэн нэгдсэн бэлтгэлээ хийж байсан үе.


Төв телевизийн сурвалжлагчид ч түүнийг онцлон ярилцлага авч, амжилт ерөөж байв. Гэтэл Москва руу нисэхийн яг өмнөх орой Төв хорооноос хүндийн өргөлтөөс Ш.Лхагва, байт харваанаас н.Дагвадорж нарыг хас гэсэн шийдвэр гарчээ.


Учир шалтгааныг нь асуухад хэн нь ч тоймтой хариу өгөөгүй гэдэг. Ингээд Москвагийн олимп ч болдгоороо болж, Ш.Лхагвагийн оронд явсан тамирчин “0” оноогоор ялагдаж, өөр нэг тамирчин наймдугаар байрт орсноор Монголын хүндийн өргөлтийн шигшээ баг амжилт тун тааруу иржээ. Тамирчин хүнд өөрийгөө мэдрэх, эрдэх үе гэж бий. Тухайн үед Ш.Лхагвад яг л тийм мэдрэмж төрж байсан гэдэг. Хэдийгээр олимпын наадмын эрхээс атгаад алдсан ч хэрэв олимпод явсан бол гэсэн бодол их олон жил цээжийг нь бачууруулж явсан гэдэг. Харин тухайн үеийн хүндийн өргөлтийн шигшээ багийн тогтолцоо нь нэг жинд хоёр тамирчны л орон тоотой.


Тухайн хоёр тамирчныг нь “Алдар” спорт хорооны Ш.Лхагва ялаад байхад л олон улсын тэмцээнд явуулаагүй тохиолдол олон гарсан байна.


Тэр ч бүү хэл олон улсын тэмцээнд явах эрхээ авчихаад байхад паспорт дээр нь өөр хүний зураг наагаад оронд нь явуулах оролдлого гарч, тэр нь баригдахад Төв хорооноос тухайн үеийн шигшээ багийн дасгалжуулагчийг ажлаас нь халсан тохиолдол хүртэл гарчээ. Юуны учир өөрт нь ингэж хатуу ханддаг байсан тухай Ш.Лхагваас асуухад “Эгэл малчны хүүхэд явж болдоггүй байсан юм байлгүй дээ. Би өөрийн хүч хөдөлмөр, бор зүрхээрээ л их спортдоо хүчин зүтгэж яваа хүн. Мөн шигшээ багт орон тоо гардаггүй байсан учир би их олон тэмцээнээс хоцорч, ард нь үлдсэн. Гэхдээ одоо бол огт харамсдаггүй. Би залуудаа тэмцээн уралдаанд хангалттай явж чадаагүй ч одоо бол ахмадуудын мастер тэмцээнд оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явна. Тамирчин хүнд үүнээс илүү жаргал юу байх вэ” гээд инээмсэглэсэн юм. Ш.Лхагваа гавьяатын хувьд ямар ч үед шантарч, бууж өгөлгүй өөрийн амжилтаа улам ахиулж, өдий насандаа тогтмол медаль хүртэж байгаа нь “Аль ч цаг үед би илүү байсан шүү” гэснээ батлах гэсэн чин сэтгэлийнх нь хүсэл ажээ.     

 

“Төрийн дууллаа сонсоод, зүрхээ дарж зогсох хамгийн сайхан”


Сүүлийн жилүүдэд спортын бүхий л салбарт допингийн тухай асуудал хурцаар яригдах болсон. Хүндийн өргөлтийн тамирчдыг ч энэ асуудал тойрч гарсангүй. Саяхан манай нэг өргөгчөөс допинг илэрсэн гэсэн мэдээлэл цацагдсан. Тамирчин хүний амжилтыг хамгийн ихээр хойш татаж, цаг хугацааг нь алдуулдаг хүчин зүйл бол яахын аргагүй допинг юм. Ш.Лхагва гуайгаас энэ тухай ямар байр суурьтай явдаг тухай нь асуухад “Тамирчин хүн ходоод руугаа орж буй хоол хүнс, ууж байгаа өвчин намдаах эмээ хүртэл нарийн судлах шаардлагатай. Жишээлбэл би олон улсын тэмцээнд явахдаа хэзээ ч хажууд сууж яваа хүний хоолноос идэх юм уу, нийтийн хоолны газарт ордоггүй. Ихэвчлэн өөрөө хоолоо, борцоо бэлдээд аваад явдаг.


Допинг гэдэг уг нь тамирчин хүний өөрийн хариуцлагын асуудал шүү дээ. Олон улсын тэмцээнд явдаг хүн бүрд мэргэжлийн эмч нар юу хэрэглэж болохгүйг анхааруулдаг. Гэтэл зарим нь мэдсээр байж хэрэглээд байгаа нь харамсалтай.


Ялангуяа үндэсний бөхөд энэ асуудал хурцадмал байна. Нэг наадамд түрүүлэхэд л хэдэн зуугаар тоологдох мөнгөн шагнал, байр, машинаар байлчихдаг. Үүнийг авахын тулд юу ч хийж магадгүй нөхцөл байдал ажиглагдах л юм” гэв. Үүнээс гадна тамирчин хүний хамгийн ойрхон дайсан бол бэртэл, гэмтэл байдаг билээ. Гавьяат Ш.Лхагваагийн хувьд 1982 онд айхтар бэртэл авчээ. Тэрээр 28 насандаа гэр бүлтэй болж, анхны үрийнхээ зулайг үнэрлээд байсан үе. Туршлагагүй, залуухан ээж аавын хувьд шөнө орой хүүхдээ уйлахад сандарна. Ихэвчлэн хүүхдээ ээлжилж тэврээд нойргүй хононо. Ингээд өмнөх орой нь нойр дутуу хоносон аав ээлжит тэмцээндээ оролцохоор дэвжээнд гарав. Эхлээд 90 огцомдож, хоёр дахь оролдлогоор 95 өргөтөл гэнэт штангаа алдаж, гарыг нь арагш дараад уначихжээ. Хуруунуудаа хөдөлгөх гэсэн болдоггүй. Ингээд тэрээр гэмтлээ илаарштал их спортоо түр орхихоос өөр сонголт байгаагүй гэнэ. Энэ хоорондоо цэргийн сургуульд сурч, боловсролдоо анхаарснаар сургуулиа төгсөөд цэргийн ангид таван жил гаруй ажилласан байна. Ийнхүү зургаан жил гаруй завсарлаад их спортдоо эргэн ирэхэд нас нь хэдийнэ 30 гарчихсан учир мастеруудын ангилалд өрсөлдөх л сонголт үлдсэн байжээ.


Ш.Лхагва гуайгаас та 50 гаруй жил хүндийн өргөлтийн спортоор хичээллэж, нэг насны амьдралаа энэхүү спортод зориулж явна. Ямар үед өөрөөрөө, эх орноороо, хүндийн өргөлтийн спортоор хамгийн их бахархаж байв гэж асуухад “Би дэлхийн мастеруудын ДАШТ-д зургаан удаа түрүүлж, зургаан удаа Монгол Улсынхаа "Төрийн дуулал"-аа эгшиглүүлж, рекорд амжилтыг нь эзэмшиж явна. 


Яг тэр үед "Төрийн дуулал"-аа сонсоод, зүрхээ дарж зогсох л хамгийн сайхан байдаг” гэж хариулсан юм. Ш.Лхагва гавьяатын хувьд 2005 оноос хойш мастеруудын тэмцээнд өөрийн зардлаар оролцож, амжилт үзүүлсээр иржээ. Энэ цаг үед ахмадын төрөлд амжилт гаргаж буй хоёр, гуравхан ахмад байдаг. Эдгээр ахмадуудын хувьд тэмцээнд түрүүлээд ирэхэд ямар ч урамшуулал байдаггүй гэнэ. Тиймээс ч Ш.Лхагва гуай төр засгийн зүгээс ядахдаа замын зардлыг нь даадаг, жаахан ч болтугай урамшуулдаг болчихвол сайхан гэж бодож, хүсэж явдгаа нуусангүй. Үнэхээр өдий насанд амжилт гаргаж, дэлхийн рекордыг эзэмшинэ гэдэг бахархахгүй байхын аргагүй амжилт, нөр их хөдөлмөр юм.

 

Аав, хүү хүндийн өргөгчид


Хүндийн өргөлтийн ахмад тамирчин Ш.Лхагвын хувьд ижий аав нь Говь-Алтай аймгийн уугуул. Насаараа мал маллаж, эрдэнэт малынхаа үр шимийг хүртсэн хөдөлмөрч улс байжээ. Есөн хүүхэдтэй айлын тав дахь хүү нь Ш.Лхагва юм. Тэрээр багаасаа л хөдөлгөөнтэй, сэргэлэн цовоо, аливаад чин сэтгэлээсээ ханддаг байжээ. Аав ээж нь хүүхдүүддээ хүнд тустай, даруу яваарай гэж захина. Мөн аав нь эцэг эхээсээ, төрсөн нутгаасаа хол явж үз. Төрсөн гэрээсээ хол очиж амьдарч байж л амьдралын хатуу хөтүүг мэдэрнэ. Аав нь ямар ч үед арыг нь даана гэж хэлдэг байжээ. Ш.Лхагвын хувьд ч аавынхаа захиас ёсоор гэрээсээ хол амьдарч, улс дамнан уралдаан тэмцээнд оролцож явахдаа хүний мөн чанар болоод хүнтэй хэрхэн харилцах тухай амьдралын их ухааныг сурсан гэнэ. Үүнээс гадна эр хүний, ялангуяа тамирчин хүний амжилт ар гэр, гэргийгээс нь 100 хувь шалтгаална. Азаар Ш.Лхагва сайн ханьтай учирсан нь энэхүү спортод бие сэтгэлээ бүрэн зориулах, амжилт гаргах үндэс нь болжээ. Түүний хань В.Жаргалсайхан нь мөн л Говь-Алтай аймгийнх. Залуудаа гадаадад сургууль төгсөж ирээд Ээрмэлийн үйлдвэрт ажиллаж байсан гэнэ. Тамирчин хүнд тэжээллэг хоол хамгийн чухал. В.Жаргалсайхан гуай ч залуугаасаа л сайхан хоол хийдгээрээ алдартай, арвин гартай эмэгтэй байжээ. Нөхрийгөө тэмцээнтэй үед хэрхэн хоол цайгаар нь дэмжихээ хамгийн сайн мэднэ. Тэрээр Ш.Лхагва гуайд хоёр хүү, хоёр сайхан охин төрүүлж өгсөн одонтой ээж ажээ. Энэ айлын том хүү Л.Гансүх аавтайгаа адилхан хүндийн өргөлтийн спортоор хичээллэдэг юм байна. Тэрээр хамгийн хүнд буюу 90 кг-ийн жинд улсад 14 удаа түрүүлжээ. Өдгөө 43 настай Л.Гансүх аавтайгаа адилхан ахмадуудын мастерт ангилалд өрсөлдөж байна. Удахгүй есдүгээр сард болох ДАШТ-д оролцохоор аавтайгаа хамт бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Магадгүй удахгүй аав хүү хоёр дэлхийн дэвжээнд зэрэгцээд "Төрийн дуулал"-аа эгшиглүүлэхийг бид харах ч юм бил үү.  

 


Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин