sonin.mn

Монгол Улс зах зээлийн замд орсон сүүлийн гучин жилд эдийн засгийн гэмт хэрэг эрс огцом өсөв. Банк тонож, бонд завшиж, санг хоосолсон хэргүүд шил шилээ даран гарч байлаа. Банкуудыг санаатайгаар дампууруулж, дундаас нь өчнөөн их мөнгө олж баяжиж байсан хэргүүд ч Монголд гарсан. Энэ удаа дампууруулсан банкны нэрийг л хэлье.


Дампуурсан банкнууд:


1.Ард банк

2.Хадгаламж банк

3.Анод банк

4.Монгол шуудан банк

5.Зоос банк.

6.ХОТШ банк

7.Сэргээн босголтын банк



Эдгээр банкуудыг дампууруулсан, үлэмж их мөнгө дундаас нь шамшигдуулсан гэмтэнгүүдэд Монголын төр засаг ямар ч хариуцлага тооцоогүй өнгөрсөн гэдэг. Монголд Засгийн газрын сангүүдыг эрх баригчид, олигархиуд хоосолдог болоод удаж байна. Нийгмийн даатгалын сан, ЖДҮ, Боловсролын зээлийн сан гээд яриад байвал барагдахгүй их юм болно.


Зөвхөн Боловсролын зээлийн сангийн тухай ярихад энэхүү зээлийг 1993 оноос эхлэн дотоодын суралцагчдад зээл, тусламж, тэтгэлэг, 1997 оноос эхлэн гадаадад суралцагчдад зээл тусламж тэтгэлэг олгожээ.


Нийтдээ 100 сая доллар буюу 360 тэрбум төгрөгийн зээлийг уг сангаас эрх баригчид болон тэдгээрийн хамсаатнууд хүүхдэдээ зориулан авч уг санг хоосолсон.  Анх Монголын улс төр - бизнесийн мафижсан бүлэглэлүүд өнгөрсөн зууны ерээд оны дунд үеэс эхэлж олон жилийн турш Монголын банкуудыг санаатайгаар дампууруулж байлаа, Монголын Засгийн газрын сангуудыг хоосолж байлаа. 


Засгийн газрын 20 сангийн ямар хэмжээний мөнгө сүүлийн 20 жилд яасан бэ гэвэл хариулах хүн олдох болов уу. 


Хөгжлийн банкны 1.5 тэрбум доллар хаачсан бэ хэмээн сүүлийн хэдэн жилд хэвлэл мэдээллээр шуугисан. Луйварчид Монголын банкуудыг тонож баяжаад дараа нь бонд авч баяжаад гучаад жил болж байна даа. Яасан ч ханаж цаддаггүй юм бэ. Эдгээр гэмт үлйдлийг зогсоох хүч Монголд байдаггүй бололтой. Төр засаг нь сохор юм уу, хаашаа юм, хамар дороос нь гучин жилийн турш хамаг валют, байгалийн баялгийг нь хулгайлж байхад юу ч мэдээгүй юм шиг сууцгааж байжээ. Сүүлийн арав гаруй жилд улс төр- бизнесийн бүлэглэлүүд олон бонд босгож түүнийгээ завшиж маш их баяжсан даа.


Монголд босгосон бондыг дурдвал:


2012 он: Сү.Батболдын үед 600 сая $-ын “Евро” бонд

2012 он: Н.Алтанхуягийн үед 1,5 тэрбум $-ын “Чингис” бонд

2013 он: Н.Алтанхуягийн үед 30 тэрбум иений “Самурай” бонд

2015 он: Ч.Сайханбилэгийн үед 1 тэрбум юань буюу 160 сая $-ын “Дим Сам” бонд 

2016 он: Ч.Сайханбилэгийн үед 500 сая $-ын “Мазаалай” бонд

2017 он: Ж.Эрдэнэбатын үед 600 сая $-ын “Хуралдай” бонд

2017 он: Ж.Эрдэнэбатын үед 800 сая $-ын “Гэрэгэ” бонд

2018 он: Хөгжлийн банкны 500 сая $-ын бонд

2019 он: Ипотекийн зах зээл дээр ажилладаг“МИК ОССК” буюу МИК-ийн 250 сая $-ын бонд … гэх мэтээр хөвөрч байна.


Энэ их валютыг улс орондоо импортыг орлож экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих зориулалтаар олон компаниуд зээлж авсан гэдэг. Гэтэл юу болов. Эдгээр 9 бондоор босгосон нийт 5 тэрбум 160 сая долларыг эрх мэдэлтгүүд өөрсдөө авч үлдсэнийг нь хамсаатнууддаа тараажээ. Энэ их валютыг 52 компани авсан сурагтай. Энэ их мөнгөөр импортыг орлож экспортод бүтээгдэхүүн гаргах үйлдвэр барьсангүй, улс оронд хэрэгцээтэй дэд бүтэц барьсангүй, ард түмэнд юу ч наалдсангүй. Засгийн газрын баталгаатай энэхүү үлэмж их хэмжээний валютыг авсан компани нь төлөхгүй бол Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлдэг ийм нэг хууль зөрчсөн шударга бус явдал газар авсан гэдэг.  


Ганц хоёр жишээ ярья. Нэгэн удаа ТВ-ээр болсон "Өөрөөр нь төлүүльe" хэлэлцүүлэг дээр “ Эдийн засгийн сайд "Фортуна" Батбаяр Хөгжлийн банкны солонгос захирлыг хөөж явуулаад оронд нь өөрийнхөө хамсаатан Мөнхбатыг тавьснаар банкны бүх хулгай ундарсан" хэмээн УИХ-ын гишүүн Т.Доржханд онцлон ярьж байлаа. 


Монгол Улсын Хөгжлийн банк анх 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Монгол Улсын Хөгжлийн банк, БНСУ-ын Хөгжлийн банк, Удирдлагын багийн хооронд 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаар БНСУ-ын Хөгжлийн банкны 5 солонгос мэргэжилтэн ирж хөгжлийн банк орчин үед яаж ажилладгийг нь яруу тодоор зааж сургаж өөрийн биеэр үзүүлсэн. Гэтэл хоёр жилийн дараа Монголын улс төр бизнесийн бүлэглэл эдгээр солонгос хүмүүсийг хөөж явуулаад оронд нь Мөнхбат гэгч залууг захирлаар нь томилжээ. Өнөөх Мөнхбат нь ард түмэнд үйлчилж харагдаач. Баруун солгойгүй валют цацаж зөвхөн өөрийг нь томилсон улс төр бизнесийн мафид үйлчлэх нь тэр. Хөгжлийн банкны захирал асан Мөнхбатын 2012-2014 онуудад олгосон зээлээс чанаргүй зээл нь 964 тэрбум төгрөг болжээ.


Мөнхбат захирал асан Оросын Петрбург хотноо олон улсын хуралд оролцохдоо нэг өдөрт 11 сая төгрөгийн томилолтын зардал гаргадаг их үрэлгэн цамаан захирал байжээ. Тэр үед Эдийн засгийн сайд асан Батбаяр “Монголыг 1000 үйлдвэртай болгоно” хэмээн мэдэгдэж, "Чингис" бондын 1.5 тэрбум долларыг бусдад тараасан хэмээн хэвлэл мэдээллээр шуугиж байсан.


Гэвч тэдний өөрсдийн хамсаатнуудад олгосон олон зуун сая долларын зээл усанд хаясан чулуу шиг алга болж Монгол Улс үйлдвэржсэн орон болсонгүй, ард түмний амьдрал ядуу хэвээр үлдэв. Тэрхүү бондын олон зуун сая долларын зээлийг Хөгжлийн банкны албан тушаалтнуудын 50.0 хувь нь өөрсдөө авчээ. Зээл авч хувьдаа завшсан хэргийн эзэд компаний захиралууд ямар ч ял шийтгэл авсангүй. Харин ихэнхи хэргийг нь шүүх, прокурор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаар хааж хэрэгсэхгүй болгодог байжээ. Эдгээр 1 тэрбум 160 сая долларын зээлээс ядаж хөдөөний сургууль, эмнэлэгт бага ч гэсэн зээл олгосонгүй. Эдүгээ хорин нэгдүгээр зуун гарчихаад хорин жил болоод байхад өвлийн хүйтэнд хөдөөний сургуулийн жаахан хүүхдүүд модон жорлонд бие засаж даарч хөрснөөс болж өвчин туссаар байна. Боловсон жорлон барих мөнгө хөдөөний сургуульд байхгүй, үдийн зоогны мөнгө хөдөөний сургуулиудад байхгүй байна. 


Хөдөөний эмнэлэгт барилга, тоног төхөөрөмж, боловсон хүчин хүрэлцэхгүй байна. Хөдөө орон сууц олдохгүй байна. Энэ их мөнгөний ганцхан хувиар Улаанбаатар хот утаа, түгжрэлээсээ салах боломж байлаа. Барилгын арматур үйлдвэрлэх боломж байлаа. Ядаж тарианы шприц, пластик уут үйлдвэрлэх үйлдвэр ч барьсангүй.


Зэс, ган, нефтний үйлдвэр барьсангүй. Зээл авсан компаний захиралуудын дунд зориулалтаар нь бүтээн байгуулалт хийсэн “МАК”, “Монполимет”, экспортод бүтээгдэхүүн гаргасан “Таванбогд” гэсэн гурав, дөрөвхөн компани байсан ажээ.


"Сод Монгол" компани 20.8 тэрбум төгрөгийн зээлээ төлчихсөн аж. Монполиметийн захирал Ц.Гарамжав хэмээх бүсгүй цементийн гурван үйлдвэр барьжээ. Билэгт хэмээх бүсгүй 300 ортой орчин үеийн эмнэлэг барьжээ. Энэ бол сайн хэрэг. Харин бусад компаниуд үлэмж их зээл аваад усанд хаясан чулуу шиг алга болжээ. Зарим зээл авсан компаниуд нь гэрчилгээнээс өөр үзүүлэх харуулах юмгүй, цаасан дээр байгуулсан компаниуд байх аж. "Чингис" бондын 1.4 их наяд төгрөгийн зээлийг 52 компанид ямар ч тендер, хөрөнгийн барьцаагүйгээр цацчихсан аж. Өнөөх үлэмж их зээл авсан компаниуд нь нэг ч төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгээгүй аж. Зээл авсан компаниудын захиралуудын ихэнхи нь зээлийг хувьдаа завшиж, зарим нь гадаадад казино тоглож их хэмжээний долларыг алдаж байжээ. Ер нь хэвлэл дээр гараад байдаг экс ерөнхийлөгч "Женкогийн бүлэглэл", экс ерөнхий сайд "Алтанхуягийн бүлэглэл", "Элбэгдоржийн бүлэглэл", "Миеэ. Энхболд-Бадамжунайн бүлэглэл" зэрэг улс төр- бизнесийн бүлэглэлүүдийн улс оронд учруулсан хохиролыг тогтоовол ямар их тоо гарах бол. Даанч тэдэнтэй хариуцлага тооцох субьект Монголд алга.


Монголд байгаа улс төр- бизнесийн бүлэглэлүүдийн гэмт хэргийг илрүүлж, хуулийн шийтгэл ногдуулах чадвартай шүүх, цагдаа, прокурор Монголд алга. Улсын Дээд шүүхийн 23 шүүгчийн 15 нь ноцтой гэмт хэрэгт холбогдож байсан бөгөөд эдгээр шүүгч нар одоо болтол ажиллаж байна хэмээн хэвлэл дээр мэдээлжээ. Шүүх засаглал нь авилгалд идэгдсэн улсад шударга ёс гэж мянга яриад ч хэрэггүй байдаг.


Харин сүүлийн хоёр жилд Монголын Засгийн газар авилга, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх талаар нилээд ахицтай ажиллаж байгаа нь сайн хэрэг. 


Засгийн газраас “Шувуу” ажиллагааны хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчрах ажиллагааг гадаадын 23 улстай эрх зүйн харилцан туслалцааны гэрээний хүрээнд эрэн сурвалжилж, эх оронд нь авчрах ажиллагааг зохион байгуулжээ. Энэ ажлын хүрээнд нийт 92 хүнийг авчрахаар зарласан бөгөөд өнгөрсөн хугацаанд 25 хүнийг Монголд буцаан авчирчээ. Шувуу ажиллагаагаар авчрах хүмүүсийн нэрс дунд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат нар АНУ-д, “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Б.Энэбиш Австралид, МАН-ын нөлөө бүхий хүн болох, УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд, хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунай, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал нар байв. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филлипин улсаас авчирч, хэргийг хуулийн байгууллага дээр шалгаж байгаа гэдэг боловч одоо болтол шүүх хариуцлага тооцож ял шийтгэл ногдуулаагүй байна. Бадамжунайн ач, зээ нарынхаа нэр дээр хүртэл хууль бусааар булаан авсан 30 гаруй орон сууц, хаусыг улс хурааж аваагүй л байна. Мөн энэ ажлын хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг дээрэмдсэн хэргийг шалгаж байгаа гэдэг боловч гадаадын хөрөнгө оруулагчдын олон зуун сая долларын хохирлыг нь барагдуулж чадаагүй л байна.


Гадаадын иргэн, хуулийн этгээдээс Монголд Улсад хөрөнгө оруулж хохирсон нийт 57 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч шүүх 20 хэргийг нь хааж, 15 хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Монголын иргэн, компаний захирал Буянтогтох гэгч этгээд Ирландын иргэн Макс Жонсоноос 19.0 сая доллар залилан авч, 2019 онд Монголын хилээр гарч, АНУ руу оргон зайлжээ.


Хохирогч Ирландын Вант улсын иргэн Макс Жонсон: “Би Монголын иргэн Н.Буянтогтох гэдэг хүнд Монголд хөрөнгө оруулж хамтран ажиллах зорилгоор 19.0 сая ам.доллар бэлнээр өгсөн. Гэтэл миний энэ мөнгийг Буянтогтох хулгайлсан. Миний мөнгийг хулгайлсан Буянтогтох гэдэг хүнийг Монголын шүүгч хилийн хоригийг нь цуцалж, АНУ-руу зугтаалгасан байсан.” хэмээн мэдүүлжээ. Монголын шүүх одоо болтол энэ гадаадын иргэний хохиролыг барагдуулж чадсангүй. Авилгачид хулгайчдыг барьдаг боловч арга хэмжээ авч шийтгэхгүй бол бариад ч яах юм билээ. Авлигатай тэмцэх газар өнгөрсөн 15 жилийн хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хоёр их наяд 800 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 2021, 2022 онд гадаадын орнуудаас 12 сая гаруй ам.долларын хөрөнгийг буцаан авчирч, улсын орлого болгожээ.


Хөгжлийн банктай холбоотой хэргийг шалгаж 1,6 их наяд төгрөгийн хохирлыг барагдуулж, тус банкны 500 сая ам.доллар, Самурай бондын 30 тэрбум иений өр хугацаандаа төлөгдөх нөхцөл бүрдүүлжээ.


Авилгын үлэмж их мөнгөөр Британий Лондон хотод худалдан авсан 4.3 тэрбум төгрөгийн үнэтэй байрыг Монгол Улсад буцаан авчирсан ажээ. Хэний байр вэ гэдгийг зарлаагүй байна. Энэ хугацаанд Засгийн газрын тусгай сангуудын 91,6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ. Боловсролын зээлийн сан 3,9 тэрбум, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 20,1 тэрбум, гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан 290,9 сая, Шинжлэх ухаан, технологийн сан 26,7 сая, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан 55,9 тэрбум, Хөдөө аж ахуйн корпорац 11,2 тэрбум төгрөгийг эргэн төлүүлжээ Энэ бол зөв эхлэл. Засгийн газар цаашид авилгачид, луйварчид, хулгайч нарт хуулийн хатуу хариуцлага тооцож, тэдэнд гишгэх газаргүй болтол нь хүчтэй цохилт өгөх хэрэгтэй. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Хэрэг гарсан л бол хариуцлага тооцох хэрэгтэй. УИХ-ын хяналт шалгалтын түр хороо сүүлийн хоёр жилд Хөгжлийн банкны хэрэг, Нүүрсний хулгайн хэргээр хоёр удаа сонсгол хэлэлцэж улс орон маань ямар их хулгай гэмт хэрэгт өртсөн талаар үнэн бодит мэдээлэл сонсож ард түмний нүд нээгдлээ. Одоо ард түмэн маань шударга ёс, шударга шүүх засаглалыг л ус, агаар мэт хүсэж байна. 



Доржийн СҮХБААТАР