sonin.mn

Энэ XXI зуун бол хурдны зуун, хурд нь сар жилээр бус цаг, минут, секундээр хэмжигдэж байна. Хөл толгойгүй энэ их хурдан дунд монголчууд хөлөө олж хамт хурдлан, хөгжлөө гэрлийн хурдаар босгогтун хэмээн би мөн ч их бичиж уриалж байна даа. Уншигчдад ерөнхийдөө таалагддаг бололтой. Эсэргүүцэн тэмцэж илээр над руу халдаагүй тул тэгж ойлголоо. Коментоор намайг юу гэж дайрч давшлахыг би үл тооно. Давшлаад хараагаад намайг дийлэхгүй. Энэ сэдвээ олон улсын өнцгөөс дахин хөндлөө. 

 

АНУ-ын улс төрч Сэм Нанн их хурдны ийм аюулыг сэрэмжлүүлж, даяаршлын үзэгдлийг шинжлэх ухааны уран зөгнөл, адал явдалт киноны алин нь ч биш, яг бодитой байгаа үнэн төрх нь хэмээн яг онож нэрлэж байж билээ.


XXI зуун их хурдны зуун гэдгийн бодит жишээ. Хурдаар дэлхийг нягтруулдаг болсон. Газар зүйн алслалт, цагийн зөрүү огтоос бэрхшээл биш болсон. Олон улсын олон талт үйл явцын хурд бол бүр сонгодог жишээ нь. Олон талт үйл явц гэдэг нь хамтын ажиллагаа, харилцан хамаарал, харилцан ажиллагаа, бүх нийтийн нэгдсэн аюул, гинжин хэлхээнд орсон дэлхийн санхүү, үнэ ханш, хувьцаа, арилжаа, нэгдсэн хэл (англи), евро мэтийн нэгдсэн валют гэхчлэн бүгд орно. Энэ XXI зуун бол мэдлэг мэдээллийн зуун. Мэдээллийн эрин. Мэдээлэл нь дэлхийн ертөнцийг асар хурдтайгаар нэгдэн нягтрууллаа. Ийм нэгдэл нягтралыг даяаршил хэмээн нэрлэх ба дэлхийд хуримтлуулсан, хуримтлуулж буй мэдлэг мэдээллийг хоёр үе шатаар ангилан авч үзнэ. Адамын үеэс дэлхийн II дайн хүртлэх хүн төрөлхтөний хуримтлуулсан олон мянганы тэр мэдлэг (1) мэдээллээс дэлхийн II дайнаас хойшхи 75 жилд хуримтлагдсан мэдлэг мэдээлэл (2) нь илүү их, өргөн, үл өгөөжтэй ажээ. Дэлхийн хаана ч хүмүүс хэт завгүй болсон нь эдүгээ хурдтай түгж тархаж буй мэдлэг мэдээллийг гүйцэх, үгүйдээ хол хаягдахгүй байх гэсэнтэй нь холбоотой. Мэдлэгийн цар хүрээний насны богиносолт гэж бас байна. Өвөрмөцөөр, маш энгийнээс гаргаж ирж тайлбарлаж болно. Жишээ нь 1960 онд ХААИС төгсчээ гэж бодъё, тэр нөхөр тэтгэвэртээ гаран гартлаа санаа амар ажиллаж амьдраад айх аюулгүй өнгөрдөг байж, саяхныг хүртэл. Манай Монголд бол одоо ч байна. Өөрийгөө хөгжүүлэх онцын шаардлага тулгарахгүй явсаар иржээ гэсэн үг. Учир нь мэдлэгийн цар хүрээ урт настай байснаас (1960 оны дээд боловсрол) тэр юм.


1970 онд техникийн их сургууль төгссөн хүн мөн нэгэн адил өөрийгөө хөгжүүлэх онцын шаардлага гардаггүй байв. Тэтгэвэртээ гартлаа зовлон багатай ажилланаа гэсэн үг. Манайд бол нүднээ ил харагддаг үзэгдэл шүү дээ. 1960-1970-аад оны дээд боловсрол нэр хүндтэй, гол байрыг эзэлсээр байгаа.


Гэтэл дэлхийд 1980-аад оноос мэдлэгийн нас богиносож эхэлжээ. Амьдралын баталгаа 45 нас хүртэл, цаашаа өөрөө өөрийгөө л хөгжүүлэхгүй бол явахгүй болжээ. Их хурдтай хямрал ойртож буйг 1980-аад он хүмүүст мэдрүүлж өгчээ. 1960 оных 60 хүртлээ, 1970 оных 50 хүртлээ, 1980 оных 45 хүртлээ ажиллаж болдог байсан бол 1990 оны мэргэжилтэн хичнээн онц төгсгөөд 5 жил ажиллав уу үгүй юү, өөрийгөө хөгжүүлэх ацан шалааны өмнө тулж очдог болжээ. Олж авсан мэдлэгийн чинь нас огцом богиносчээ гэсэн үг. Эдүгээ, яг одоо хэрэв Та өөрийгөө хөгжүүлэхгүй л бол их сургууль төгсгөөд 10 жил хүрэв үү, үгүй юү ажилдаа гологдож, 7-8 жилийн дараа өөр газар бараадсан нь дээр болдог үе иржээ. Ихээхэн хичээл зүтгэл гарга аа гэсэн үг шүү дээ. Монголд ч ялгаагүй тийм болж байна. Ажлын байрны шалгуурт англи хэл, компьютерийн программууд дээр ажиллах, багийн тоглолт гээд биччихсэн байдаг чинь санаандгүй юм биш байна шүү.