sonin.mn

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ. Ээлжит зочноор Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Оюу Tолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй Ж.Таныг урьж ярилцлаа. Тэрээр хэвлэлд анх удаа дэлгэрэнгүй ярилаа.

 

-Бараг жилийн өмнө ярилцах санал тавьж байлаа. Тухайн үед таны хэлсэнчлэн Монгол дахь ажил, амьдрал нь нэлээд цэгцэрсний дараа тухтай ярилцах гэж байна. Нэг ёсондоо миний асуултаас бултахгүй хариулах нь гэж ойлголоо. 


-Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын сүүлээр буюу яг л жилийн өмнө би нөхөр, хүүгийн хамт эх орондоо ирсэн. Удалгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ надад Оюу Tолгой компанийн ТУЗ-д ажиллах санал тавьсан. Боловсролтой, туршлагатай, чадварлаг залууст итгэл хүлээлгэж төрийн хариуцлагатай өндөр албан тушаалуудад зориг гаргаж томилсны нэг нь би гэж ойлгож саналыг талархалтайгаар хүлээн авч энэ албыг маш хариуцлагатайгаар хаших ёстой гэснээс өөр зүйл бодогдоогүй. Харин өнөөдөр гүнзгий амьсгаа авахтай болж ямар ч байсан ажлын зарчим, үнэт зүйлдээ тууштай явна.  

 

ХАРВАРД РУУ ХӨТӨЛСӨН “СИДДХАРТА”


-Таны талаар товчхон танилцуулгаас өөр нээлттэй мэдээлэл ховор, хэвлэлд ч яриа өгдөггүй болохоор хувь хүн талаас нь асуухыг хүсэж байна. Юта мужийн "Васач Академи"-д бүрэн дунд сургууль дүүргэсэн гэхээр багаасаа л гадаадад байсан гэж ойлгож болох уу. Ер нь Монголтой хэр ойр өссөн бэ? 


-Манайх Булганы уугуул айл. Аав, ээж маань хоёулаа анхдагчийн өлгий нутагт төрж, өссөн. Аав дипломатч мэргэжилтэй, Гадаад харилцааны яаманд насаараа ажилласан төрийн албан хаагч. Аавын мэргэжлийн онцлогтой холбоотойгоор манайх жаахан байхаас л их нүүдэг айл байлаа.


Намайг дөрвөн настай байхад аав Лондонд ажиллахаар томилогдож бага сургуульдаа Английн системээр боловсрол эзэмших боломж гарсан юм. Томилолтын дөрвөн жил дууссанаар буцаад Монголдоо ирж нийслэлийн тавдугаар сургуульд суралцаж байгаад хэсэг хугацааны дараа дахиад л нүүх болсон.


Аав АНУ-д томилогдож дунд ангидаа суралцаж байтал аравдугаар анги төгсөх жил буцаад Монгол руу нүүхээр боллоо. Тухайн үед АНУ-д үлдэж суралцмаар байгаагаа аав, ээждээ хэлж өөрөө ч дотуур байртай сургууль судалж олсноор би үлдэж гэрийнхэн эх орондоо буцсан.  Таны хэлдгээр ихэвчлэн гадаадад байсан мэт харагддаг ч тухайн улс дахь Элчин сайдын яаманд амьдарна гэдэг яг л жижиг Монголоос өөрцгүй.


Гаднах орчин, сургууль соёлын хувьд гадаадад байгаа болохоос амьдралын хэв маяг, хөршүүд, харилцдаг хүмүүс бүгд монголчууд байдаг. Элчин сайдын яам бол эх орноосоо очиж байгаа зочдыг хүлээж авдаг хөл тасардаггүй Монголын жижиг хувилбар л байдаг. Тиймээс хүмүүжил, төлөвшлөөс эхлээд Монгол өв соёл, үүх түүхээ суралцаж танилцаж өссөн.


Дээр нь зуны амралтаас эхлээд боломж л гарвал Булган аймагт хөдөө эмээгийндээ ирнэ. Эргээд бодоход Монголтойгоо их ойрхон өссөн нь азтай. Ер нь гадаадад үлдэж ажиллаж амьдаръя гэдэг бодол төрж байгаагүй. Хэзээ явахаа мэдэхгүй ч удахгүй Монгол руугаа явна даа гэсэн эрмэлзэл санаанаас гардаггүй байв. Шинэ зүйл сурах, ажил хөдөлмөр хийх болгондоо Монголд очихоороо хэрэгжүүлнэ, тэгнэ, ингэнэ гэж төлөвлөдөг хандлага маань өсөж хүмүүжсэн орчинтой маань холбоотой байх. Одоо бол манай гэр бүлийнхэн Монголдоо амьдарч байна. 


-Бараг хориод жилийн өмнө Харвардын их сургуулийн цор ганц Монгол оюутан гэхээр олон хүний хувьд “Анхны танилцсан Монгол” байсан нь лав. Тэр болгонд ямар хандлага мэдэрдэг байв? 


-Дунд сургуулиа төгсөхдөө нэлээд хэдэн их сургууль руу өргөдөл бичсэн. Харин 17 жилийн өмнө яг өдийд хэд хэдэн сургуулиас хариу ирсний нэг нь Харвард. Сурахыг мөрөөдөж байсны дээр хамгийн өндөр тэтгэлэгтэй нь Харвардын их сургууль байсан учраас сонгосон. Дэлхийн нэр хүндтэй сургуулиудын нэг онцлог бол шалгуурт нь тэнцсэн л бол ар гэр, санхүүгийн боломжийг нь харгалзаж үзээд шаардлагатай бүх зүйлээр нь дэмжиж заавал элсүүлж авах бодлоготой. Тиймээс миний хувьд Харвардын бүрэн тэтгэлгээр сурах аз тохиосон.Тэгээд намар нь эдийн засагч, Зүүн ази судлал мэргэжлээр элсээд дөрвөн жил суралцаж төгссөн дөө. 2007 он манайханд баруунд сурах боломж илүү нээгдэж байсан үе л дээ. Миний хувьд Харвардын их сургуулийн бакалаврт орсон анхны Монгол оюутан болсон. Тухайн үед “Миний танилцсан анхны Монгол” гэсэн үгийг хамгийн их сонссон. Зарим нь манай улсын талаар огт мэдэхгүй эсвэл таагүй ойлголттой хүмүүс ч таарна. Тэр болгонд улсынхаа талаар тайлбарлаж илүү их таниулахыг хичээх болсон. Монгол Улсынхаа талаар зөв, эерэг ойлголт өгөх нь миний хувьд маш хариуцлагатай ажил, үүнийг өөрөөрөө үлгэрлэх ёстой гэж бодож эхэлсэн цаг хугацаа юм. 


-17 жилийн өмнө мөрөөдлийн сургуульдаа бүрэн тэтгэлгээр суралцах үүд хаалгыг нээж өгсөн гол тохиол юу байв. Дэлхийн өнцөг булан бүрээс очсон жагсаалт дундаас Монгол хүн суралцах эрхээ авсан анхны захидал шүү дээ? 


-Том, жижиг цөөнгүй эсээ бичсэн. Агуулгаа санадаг ч эсээгээ олж чадаагүй. Миний хамгийн дуртай номын нэг бол Германы зохиолч Херманн Хессегийн бичсэн "Сиддхарта" бэсрэг роман. Есдүгээр ангидаа Англи хэлний хичээл дээр уншсан нь надад их гүн сэтгэгдэл үлдээсэн учраас байсхийгээд л аав, ээждээ ярьж өгдөг байлаа. Тэгээд нэг өдөр аав, ээж хоёр болон хэн ч байсан өөрөө л энэ номыг уншихгүй бол зохиолын утга санааг яг над шиг мэдэрч чадахгүй юм байна гэж бодоод орчуулж эхэлсэн. Тухайн үед би л Монгол хэл рүү орчуулахгүй бол өөр хэлбэрээр өөрийнхөө ойлгож мэдэрсэн хэмжээнд уншуулах боломж байгаагүй.


Зорилгоо яаж биелүүлэх вэ гэж бодсоны эцэст арваннэгдүгээр ангийнхаа зуны амралтаар төв номын санд суугаад орчуулсан. “Сиддхарта” зузаан ном биш л дээ. Хурдан уншиж дуусгана. Гэхдээ олон удаа уншмаар санагддаг тийм л өвөрмөц ном. Тухайн үед цомхон хүрээнд хэвлээд гэр бүл, найз нөхөд, ойр тойрныхондоо өгч байснаа санаж байна. 


Харвардын эсээндээ яагаад “Сиддхарта”-г орчуулмаар байснаа бичсэн. Гэхдээ аав, ээждээ уншуулахын тулд орчуулсан гэдэг нэг л хэсэг нь. Харин аав, ээжээрээ дамжуулаад Монгол хүн бүр заавал унших хэрэгтэй ном юм байна. Би Монголдоо хайртай, эх орноо гэсэн сэтгэлтэй гэдгээ эсээний агуулгадаа тусгахдаа зөвхөн бичих хангалтгүй, үйлдлээрээ харуулахыг хүссэн. Тиймээс надаас хэн нэгэн их сургуулийн эсээ бичих тухай асуувал юу хиймээр байгаагаа битгий бич, хүсэл зорилгынхоо төлөө юу хийснээ үйлдлээрээ харуулаарай гэж зөвлөдөг. АНУ-ын дунд ангийн сурагч “Сиддхарта”-г уншаад буддизмын философийн зах зухаас мэдэж авч, цааш нь илүү их сурч судлах сэдлийг надад төрүүлсэн. “Сиддхарта” олон зүйлд хариулт өгөхөөс илүү олон асуултыг үлдээнэ. Амьдралын утга учир, мөн чанар, юунд зорих чухал вэ гэдгийг бодуулна. Буддын шашин гэж юу вэ гэдгийг хэлж өгөхөөс илүү судлах ёстойг ойлгуулж, сурч мэдэх их сэдлийг надад заасан. 


-Одоо эргээд харахад буддын шашныг судалж таньж мэдэхээс гадна тэр олон асуултынхаа хариуг олсон уу? 


-Их сургуульд сурах үе бол улам олон асуултыг өөртөө нээх, түүнийгээ судлахын төлөө шатсан цаг үе. Аливааг төгс эзэмших юм уу хязгааргүй мэдлэгийг олж авахаас илүү сурах арга барил, ур чадвар эзэмших итгэл найдварыг олж авах нь чухал юм билээ. Энэ зан чанарыг надад суулгаж, шинийг сурах үүд хаалгыг нээж өгсөн гэж талархдаг. 

 

МАГИСТРАА ОКСФОРДОД ХАМГААЛЖ, МАККИНЗИД ТУРШЛАГА ХУРИМТЛУУЛСАН ОН ЖИЛҮҮД 

 

-Австралийн салбараас ажлын гараагаа эхэлсэн гэхээр Оюу Tолгойтой 2011 оноос холбогдсон гэсэн үг үү. Гэтэл одоо ч Оюу Tолгойн ТУЗ-д ажиллаж байна. Анхнаасаа зорьж байв уу? 


-Сургуулиа төгсөх дөхөж мэргэжил сонгох чухал цаг үедээ Монголд зуны амралтаараа ирсэн. Тэр үе 2009 онд таарч Оюу Tолгойн хөрөнгө оруулалтын гэрээ зурагдаж ер нь уул уурхайтай холбоотой хөдөлгөөн их байлаа. Тэр бүхнийг хөндлөнгөөс ажиглаж байхдаа уул уурхайн салбарыг сонирхож эхэлсэн. Улмаар төгсөхдөө Рио Tинто компанид ажиллах хүсэлтээ өгч, АНУ-ын Юта муж дахь салбарт ярилцлагад орж тэнцээд Австралид ажиллах сонголт хийж байв. Австрали бол уул уурхайн салбарт хамгийн сайн туршлага хуримтлуулж болох газар. Тэнд хоёр жил ажиллахдаа блокчлох аргаар гүнээс олборлох буюу Монгол дахь Оюу Tолгойн зэсийн уурхайтай төстэй Нортпаркс уурхайн төслийн талбайд ажилласан нь чамгүй туршлага болсон. Тэндээс Оюу Толгой руу шилжиж Монголдоо хоёр жил ажиллах хугацаандаа илүү бодлогын түвшинд, өөрчлөлт хийхийг хүссэн учраас магистрт сурахаар шийдэж мөн л дэлхийн топ сургуулиуд руу өргөдөл бичиж эхэлсэн. Тэр дундаас Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нэрэмжит бүрэн тэтгэлгээр Оксфордын их сургууль руу бизнесийн удирдлагын магистр хамгаалахаар явсан даа.


-Магистраа хамгаалчихаад дахиад л гадаадад ажиллахаар болсон. Чухам юу Монгол руу хөтөлсөн бэ?


-Магистрт суралцах явцдаа өөрийгөө нэг л салбарт ажилласныг ойлгосон. Тиймээс богино хугацаанд олон зүйлд мэдлэг, чадвараа сорих боломжтой менежментийн зөвлөх үйлчилгээний салбарыг сонирхож Маккинзи компанийн Казахстаны салбараас эхэлж сүүлд АНУ даяар зэсийн уурхай, төмрийн үйлдвэр гээд олон чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлсээр нэг мэдсэн таван жил өнгөрсөн байв. Энэ хугацаанд хэд хэдэн сургууль төгссөн мэт өдөр бүр шинэ зүйл сурч, өөрийгөө урьд өмнө сорьж дайчилж үзээгүйгээрээ хичээж завгүй ажилласан.


Хэдийгээр ачаалал өндөр ч тэр хэрээр маш их зүйл сурч мэдэж авдаг. Одоо санахад, өмнө нь санхүү, үнэлгээний модель хийж сурах гээд сар гаруй хугацааг зарцуулж байсан бол Маккинзид ороод дөрвөн хоногт хийх сорилтыг давж байлаа. Эндээс хүн хичээх юм бол юуг ямар ч хугацаанд хийж чадах, төсөөлшгүй их бүтээмж гардгийг ойлгосон доо.


Удалгүй баг удирддаг, менежментийн түвшинд ажилладаг болсноор миний хийж байгаа ажлын давтамж нэмэгдсэн. Ингэснээр шинээр сурах зүйл ч багасаад ирсэн л дээ. Тэр үед юу бодогддог вэ гэвэл, утга учир. Алхам тутамдаа шинэ зүйл сурч өөрийгөө хөгжүүлэх сорилтоос утга учир мэдэрч байсан бол нэг хэвийн давтамжтай ажил хийгээд ирэхээр одоо юу хийх вэ гэж бодож эхэлдэг. Харин тэр эрэл хайгуулын үзүүр, утга учир намайг Монгол руу хөтөлсөн дөө. Эх орондоо очиж ямар нэг зүйл хийх юмсан, энд толгой өндийх завгүй шаргуу ажиллаж сурч мэдсэнээ аль нэг хэрэгтэй салбарт нь зориулъя гэж бодогдоод байв. Яахав, дэлхийн том компанид удирдах албан тушаалд өндөр цалинтай ажиллаад байвал болно. Асуудалгүй. Гэхдээ утга учир хаана байгааг эрж хайж эхэлдэг юм билээ. Би дэлхийн хамгийн баян компаниудыг улам баян болгох дээр ажилласаар байх уу гэж бодогдоно. Ер нь миний утга учиртай ажил, амьдрал Монголд байгаа юм байна гэж шийдсэн. Тэр үед ээж болж таарсан нь ч эх орон руугаа буцахад хүчтэй нөлөөлсөн. Мөн АНУ-ын бас нэг таалагдаагүй зүйл нь бүх зүйл хурд, мөнгө, бүтээмж дээр суурилдаг нь амьдралын утга учир, хүн хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлдөг юм шиг санагддаг. 

 

ОЮУ ТОЛГОЙН ТУЗ-ИЙН ОЙЛГОМЖГҮЙ ТОГТОЛЦООГ ХЯЛБАРЧЛАХ ШААРДЛАГАТАЙ


-Оюу Tолгойд Монголын ард түмнийг төлөөлсөн гишүүдэд нийгэм тийм ч таатай ханддаггүй. Энэ сэтгэл зүйг ч мэдэрсэн байх. Тэр дундаа дэлхийн том гүрэнд хурд, бүтээмж дунд ажиллаж байгаад Монголдоо ирээд төрийн албанд шийдвэр гаргах түвшинд ажиллаж эхлэнгүүт ямар ялгаа ажиглагдсан бэ? 


-Сүүлийн таван жил дандаа шаарддаг, нэхдэг хурдтай орчинд ажилласныг ч хэлэх үү Монголд хэвшсэн хэд хэдэн соёл ажиглагдлаа. Нэгдүгээрт, маш удаан. Маккинзид ажиллахад баг, байгууллагын шат дамжлага болгонд шийдвэр гаргах эрх мэдлийг нь өгчихдөг. Нэг ёсондоо удирдлагаас надад юу хийхийг хэлэх биш юу хэрэгтэй байгаагаа асуу гэдэг зарчмаар ажиллаж ирсэн. Энэ нь бүтээмж өндөр байхаас гадна хүн бүр ажилдаа эзэн болж хариуцлагатай байх, ихэнхдээ давуулан биелүүлэх боломжийг олгодог. Харин Монголд ихэвчлэн дээрээс чиглэл хүлээдэг. Яах ёстойгоо мэдэж аваад ажлаа хийгээд дахиад дээш нь шиднэ. Дарга нь даргаасаа асуухгүй бол болохгүй гэх маягаар. Тэгж байтал дахиад аль нэг шатандаа гацна. Гэтэл нэг дарга тэр олон асуудлыг шийдэх боломж хомс шүү дээ. Ер нь ажил удааширч гацах тусам чанар муудаж эрсдэл нэмэгддэг. Аливаа байгууллагын шийдвэр хурдан гарах тусам илүү оновчтой байдаг гэсэн судалгаа бий. 


Хоёрдугаарт, ажил гүйцэтгэх процессыг баримталдаггүй. Шат шатандаа хэтэрхий эмх цэгцгүй. Хурлыг хэр хугацаанд товлох, хүн нэг бүр юу бэлтгэж ирэх, хэн юу ярих, ажлаа хэрхэн хуваарилах гэдэг бол амархан шийдэж болох зүйл. Гэтэл ийм соёл тогтоогүй. Гэнэт хурал зарлана. Цагтаа эхлэхгүй. Агуулга ойлгомжгүйн дээр хэн ч хамаагүй хэт их нуршиж ярьдаг. Тэгснээ даалгавар, үр дүн тодорхойгүй шууд тарчихдаг.


Эргээд хэзээ уулзаж юу хийхээ хэлдэггүй. Дараагийн хурлыг хүлээгээд зүгээр суух ёстой юм уу. Эсвэл юмыг яаж мэдэх вэ гээд ямар нэг зүйл хийх үү. Алинд нь төвлөрч хаана энергиэ хуваарилах вэ гээд ажил төлөвлөх үнэхээр хүндрэлтэй. Дараагийнх нь гадагшаа харагдах, тайлагнахдаа хэтэрхий их анхаардаг болохоор суурь агуулга орхигдох эрсдэлтэй. Хаа сайгүй чуулган, уулзалт хэлэлцүүлэг, форум хийж байна. Мэдээж хийх нь зөв. Гэхдээ дэлгэц, самбар, зураг, бичлэг гээд гадагшаа харагдах байдлыг дээд цэгт нь тултал анхаарч бэлдэж тэр хэрээр мөнгө зарцуулдаг. Харин гол анхаарах ёстой зүйл буюу илтгэлийн агуулга, уялдаа, хэрэгжүүлэх үр дүн дараагийн асуудал. Ийм арга хэмжээ болно илтгэл тавьж, панелистаар ороод өгөөрэй гээд өмнөх өдөр нь хэлэх жишээтэй. Бэлтгэх, судлах ямар ч хугацаа өгдөггүй. Миний бодлоор агуулга нэгдүгээрт, харагдах байдал дараагийнх байх хэрэгтэй шүү дээ. Энэ мэтээр гайхаж, бухимдаж, шоконд орох тохиолдол цөөнгүй гардаг. Ийм байдал төр, хувийн хэвшлийн аль алинд нь ажиглагддаг. 


-ТУЗ-ийн гишүүнээр ажилласан нэг жилийн хугацааг юу гэж дүгнэх бол. Өндөр цалин аваад Монголын төлөө сэтгэл гаргадаггүй гэдэг шүүмжлэл үнэний ортой юу. Монголын төлөө ажиллах итгэл үнэмшил, эрх мэдэл хэр байна вэ? 


-Оюу Толгойн ТУЗ-д ажиллана гэдэг өндөр хариуцлага. Зүгээр нэг том компани гэж харахаас илүү Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмнийг төлөөлж суугаа гэдгээ ухамсарлаж энэ ажилд орсон. Оюу Толгойн ТУЗ-д ажилласан бараг гишүүн бүрийг шүүмжилсэн мэдээллийг уншсан л даа. Гаднаасаа бол Засгийн газрыг төлөөлж байгаа учраас Оюу Tолгойтой холбоотой бүх шийдвэрийг гаргадаг мэтээр ойлгодог. Харин дотор явагдаж байгаа процесс огт өөр. Нэгдүгээрт, Оюу Толгойн хувь нийлүүлэгчдийн хоорондох суурь асуудлууд нь Оюу Толгой компанийн ТУЗ-ийн хурал дээр биш Монголын Засгийн газар Рио Тинто компанийн хооронд хэлэлцэгдэнэ. Хоёрдугаарт, ТУЗ-ийн шийдвэр гаргах буюу засаглалын тогтолцоо дутагдалтай гэдгийг олж харсан. Жилд албан ёсоор дөрвөн удаа хуралддаг. Цаг үеэсээ шалтгаалаад ээлжит бус хурлуудыг зарлана. Хуралд орохын өмнө хэлэлцэх асуудал болгон дээр ямар шийдвэр гаргах вэ гэдэг удирдамжаа толгой компани буюу Эрдэнэс Монгол нэгдлийн ТУЗ-өөр батлуулдаг. Мэдээж Монголын талаас нэгдсэн байр суурьтай орох нь зөв. Гэхдээ шат шатанд шийдвэр гарах боломж эрх мэдэлгүй болохоор удирдамж баталж өгдөг хүмүүс нь өдөр тутамдаа асуудлаа анхаарч судлах хэмжээнд ажилладаг хүмүүс нь биш. Бидний саналыг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй эсвэл хойшлуулна. Нэг талаас Оюу Tолгойтой холбоотой ямар нэг шийдвэр гаргахаас айдаг. Аливаа шийдвэр гаргалаа гэхэд сүүлд нь асуудалд орно гэсэн айдас байна. Тиймээс яаж ийж байгаад дээш нь хандах буюу эрх мэдэлтэй хүмүүсээс чиглэл авахыг хүсдэг. Гэтэл Засгийн газар бүхэл бүтэн улсыг хариуцаж ажилладаг болохоор шийдэх асуудал маш олон. Байсхийгээд нэг компанийн асуудалтай танилцаад шийдээд байх боломжгүй шүү дээ. ТУЗ-ийн хуралд нэгдсэн байр суурьтай орох, улс төрөөс хамааралтай айдас байгааг, Засгийн газар төлөөлж буй учраас хариуцлагатай байх гээд бүгдийг нь ойлгож байгаа. Гэхдээ одоогийн энэ ойлгомжгүй тогтолцоог хялбарчлах шаардлагатай. Үгүй бол маш удаан, тодорхойгүй, үр дүнгүй байсаар л байх болно.


-Тэгвэл өөрчлөх гарц шийдлийг хэрхэн харж байна вэ. Яг одоо шууд барьж аваад шинэчилье гэвэл юунаас эхлэх вэ. Ялангуяа, Үндэсний баялгийн сангийн хууль яригдаж байгаа онцлог цаг үе таарлаа? 


- ТУЗ-ийн гишүүд мэдээлэлтэй хамгийн ойр буюу өдөр тутамдаа судалж шинжилж байгаа. Тиймээс ямар нэг байдлаар шийдвэр гаргах эрх өгөх хэрэгтэй. Мөн Эрдэнэс Монгол компанийн чиг үүрэг засаглалыг ойлгомжтой, хялбар болгох ёстой юм шиг санагддаг. Нэг боломж нь энэ цаг үед яригдаж буй Үндэсний баялгийн сангийн хуулиар зохицуулж болно. Баялгийн сангийн нэг төрөл нь болох хөгжлийн сан байгуулагдаж томоохон дэд бүтэц, хөгжлийн төслүүдийг санхүүжүүлээсэй гэж хүсдэг. Одоо байгаа бүтцээ харвал тэр нь Эрдэнэс Монгол нэгдэл юм болов уу. Тиймээс бүтэц, чиг үүрэг, засаглалын хэлбэрийг өөрчлөн сайжруулах хэрэгтэй. Нөгөө талаас харьяа охин компаниудынхаа бодлого, үйл ажиллагаанд ямар түвшинд оролцох, хэрхэн чиглүүлэх, ашиг орлогоо яаж төлөвлөж зарцуулах, аль шатандаа ямар эрх мэдэл хэрэгжүүлэх вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай.


Хамгийн гол нь улс төрийн өөрчлөлт гарахад тэр болгонд ганхаж сулрахгүйгээр урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдаатай байдлаар хөгжих хамгаалалтыг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тэр хэрээр баялгийн тэгш хуваарилалт, томоохон төсөл хэрэгжихээс эхлээд урт хугацааны хөгжлийн бодлогын суурь тавигдана.


Ингэснээр цаашид Оюу Tолгой шиг томоохон мега төслүүдийг үр дүнтэй явуулах, олон зүйлийг зөв голдиролд нь оруулах бат бөх суурь нь болж өгнө. Эхлэлийг нь Үндэсний баялгийн сангийн хуулиар тавих нь зүйтэй гэж харж байгаа. Үндэсний баялгийн сангийн хууль дээр маш нарийн судалгаа хийх хэрэгтэй. Норвеги, Сингапурын ч юм уу жишгийг харна гэдэг дөнгөж анхан шатны л судалгаа. Сангийн засаглал, тэр дотроо ТУЗ, удирдлага гээд хүн нэг бүрийн ажлын чиг үүрэг, хариуцлага, эрх мэдлийн хүрээг тодорхой болгох хэрэгтэй. Улс төрийн өөрчлөлт гарсан ч тогтвортой ажиллах, залгамж халаатай байхыг нарийн зааж өгөх ёстой. Үүнд хэчнээн цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүч зарцуулах нь хамаагүй. Яаруу сандруу хийх биш чанартай гүйцэтгэл, үр дүн хэрэгтэй болохоос олон нийтэд яаж харагдах, шүүмжлүүлэхээс айж эмээх бол асуудал биш гэж бодож байна. 

 

ОЮУ ТОЛГОЙГ ДЭЛХИЙН ЖИШИГ МОНГОЛ КОМПАНИ БОЛГОХЫН ТУЛД ХҮНИЙ НӨӨЦ, ЦАЛИНГИЙН БОДЛОГЫГ ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ 


-Өөрчлөлт хийхдээ ямар үйлдэл хийхийг хүсэж байна. Магадгүй дотроос нь тэмцэх, шүгэл үлээе гэж боддог уу. Эсвэл ямар ч итгэл үнэмшил төрөхгүй байна уу? 


-Монголдоо ажиллаж амьдрахыг багаасаа хүссэн. Тэр тусмаа улс орондоо ямар нэг байдлаар өчүүхэн ч болов хувь нэмэр оруулъя гэж мөрөөдөж өөрийгөө бэлтгэж, өөрчлөлт, шинэчлэлийнх нь нэг хэсэг болно гэж зорьж ирсэн. Энэ цаг үе бол мэдлэг боловсролтой олон залуус эх орноо зорьж ирсээр байгаа, тэдэнд өөрчилж шинэчлэх залуу үеийн дуу хоолой болох боломжийг нь одоогийн Засгийн газар урьд өмнөхөөс илүү олгож байгаа гэж харж байгаа. 


Нэгэнт зорьж хүссэн ажил маань учраас чадах, чадахгүй гэхээс илүү чадахын төлөө явах ёстой. Болохгүй бүтэхгүй гээд хойшоо суух биш шинэчлэхийн төлөө хичээх хэрэгтэй. Гэхдээ тэмцэнэ гээд бугшсан асуудлуудыг дэлгэж тавих нь зөвхөн эхний л алхам. Чанга дуугаар хашхирахаас илүү хэцүү зүйл бол судалгаа хийж, шийдэл дэвшүүлж, ажил хэрэг болгож, хуучин соёлыг үндсээр нь өөрчлөх тэр чимээгүй хөдөлмөр.


Тэр бүр олон нийтэд зарладаггүй ч өөрчлөлтийн төлөө чимээгүй хөдөлмөрлөх нь шинэчлэлийн гол цөм гэж боддог. Энэ ч утгаараа өөрчлөх, шинэ соёлыг бий болгохын төлөө чимээгүй хөдөлмөрлөх хүмүүсийн нэг нь өөрийгөө гэж боддог. Магадгүй хувь хүний онцлог зан чанар, ажлын арга барил, зарчимтай нийцнэ. Олны өмнө гараад “поп”-роод явах нь миний үнэт зүйлтэй нийцэхгүй. Ер нь дор бүрнээ хийж байгаа ажилдаа эзэн болоод явах шиг сайхан зүйл байхгүй. Хариуцсан ажлаа сэтгэл хангалуун, тултал хийж чадвал хүн бүрийн ажлын нийлбэр, бүтээмж хамгийн сайн байх болно. Ийм л зарчмаар ажиллахыг хичээдэг. 


-Оюу Tолгойд ажилладаг Монголчуудын цалин, нийгмийн баталгааны асуудал байнга хөндөгддөг. Гадаад, дотоод гэсэн хандлага, хөдөлмөрийн ялгаатай үнэлэмж үнэхээр бодитой оршсоор байна гэдэгтэй санал нийлэх үү? 


-Энэ албан тушаалынхаа хүрээнд өөрчлөхөөр хичээж байгаа зорилтын нэг хэсэг нь Оюу Tолгой компанийн дотоод асуудалтай холбоотой буюу хүний нөөц, цалингийн бодлогыг цогцоор нь шинэчлэх юм. Оюу Tолгой компанийн ТУЗ дөрвөн хороотой. Миний хувьд Хүний нөөцийн хороонд ажилладаг нь дэвшүүлж тавьж хийхийг зорьсонтой маань нийцдэг. Юуны өмнө Оюу Tолгой компанийн кэмпийн нөхцөл байдал сэтгэлд хүрээгүй. Хэдэн мянган залуусын ажиллаж амьдарч байгаа орчин тухгүй байж болохгүй. Богино хугацаанд сайжруулахын төлөө ажиллаж байгаа. Хоёрдугаарт, хүний нөөц, цалингийн бодлогыг шинэчлэх шаардлагатай. Хөдөлмөрийн зах зээл хурдтай өөрчлөгдөж байна. Оюу Tолгойг дэлхийн жишиг Монгол компани болгохын тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй. Үүний тулд залуусыг сургаж, чадварлаг боловсон хүчнийхээ хөдөлмөрийг нь үнэлэх ёстой. Олон нийтийн шүүмжлээд байдаг гадаад ажилтан өндөр цалинтай, гэтэл яг ижил ажил хийж байгаа монгол хүн яагаад бага цалин авдаг вэ гэдэг асуудлыг цогц хүний нөөцийн бодлогоор шийднэ. Үнэхээр монгол залуусын хийж чадахгүйг хийгээд байгаа учраас өндөр цалин авч байж болно. Тэгвэл залуусаа сургаж хөгжүүлж тэдний зэрэгт хүргэе. Нөгөө талаас Оюу Tолгойн бэлтгэгдсэн мундаг залуус гаднын салбарт ажиллах сонирхолтой, явцгааж байна. Тэнд илүү цалин авч байгаа хүн Монголд эргэж ирэх үү гэдэг эргэлзээтэй. Тиймээс боловсон хүчнээ алдаж буй энэ бодлогын гажуудлыг засах ёстой. Үүний тулд хүний нөөцийн бодлогын зарчим, стратегийг боловсруулахаас эхэлнэ. Зөвхөн Оюу Tолгой ч биш уул уурхайн салбарын боловсон хүчин, нөөцийн бодлогыг зангидах суурь зарчим болно. Аливаа байгууллагын хамгийн үнэ цэнтэй капитал бол боловсон хүчин учраас хүнээ дэмжиж, урамшуулж байж урагшилна, хөгжинө. 

 

НАМАЙГ ЮУ ГЭЖ ХЭЛЭХЭЭС ИЛҮҮ ШИНЭЧЛЭЛИЙН НЭГ ХЭСЭГ БОЛОХ ИТГЭЛ, АМБИЦ ТӨРЖ БАЙНА

 

-Ж.Таныг хувь хүний хөгжлийн блог болоод Монгол залуусыг тэтгэлэгт зуучилдаг гүүр гэдгээр нь илүү мэднэ. Яаж ч яарсан, завгүй байсан орой бүр тэмдэглэл хөтөлдөг. Хүнд хэзээ ч хаягддаггүй зөв зуршлууд байдаг гэсэн хэсгийг уншиж байснаа тод санаж байна? 


-Чадах хэмжээндээ залууст чиглэсэн сайн дурын ажил хийхийг хичээдэг. Монголын залуу эрдэмтэн буюу Mongolian Young Scholars Program хөтөлбөрөө санаачилж эхлүүлээд 14 жил болсон байна. 2011 онд Харвард төгсөхдөө хичээвэл хүнд ямар их боломж байдгийг мэдрээд төгссөн жилээ эхлүүлж байлаа. Гадагшаа сурах, шилдэг сургуульд тэнцэх боломжтой залуус олон ч яаж өргөдлөө өгөх, хэрхэн хандахаа мэддэггүй. Тиймээс тэдний мөрөөдлийн гүүр болохыг хичээдэг.


Энэ хөтөлбөр маань Зориг сангийн албан ёсны хөтөлбөрүүдийн нэг бөгөөд жил бүр 30 хүүхэд шалгаруулан сургалтдаа хамруулснаар одоогоор 360 хүүхэд төгсөж гадаадын шилдэг их, дээд сургуулийг зорих болсон. MIT, Харвардаас эхлээд топ сургуулиудад элссэн сурагчдаараа бахархдаг.


Ихэвчлэн сургуулиудад зарлагдаж цомхон хүрээнд явагддаг болохоор хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Энэ хөтөлбөр маань ашгийн бус учраас санхүүжилтээ босгох, гаднаас авчирч байгаа багш нараа сонгох, хичээлүүдийг нь бэлдүүлэх, сурагч хүүхдүүдээ сонгон шалгаруулах гээд ажил мундахгүй. Гэхдээ миний хамгийн хайртай ажил. Хэчнээн цаг зав, хөрөнгө мөнгө, энерги зориулсан ч харамсдаггүй. Бас хамгийн тууштай тогтвортой авч явахыг хичээдэг, чимээгүйхэн чамлахааргүй бодит өөрчлөлт гаргаад явдгаараа миний ажлын зарчмын илэрхийлэл юм болов уу. 


Цахимаар залуусаас надад ирж байгаа асуултын ихэнх нь сургуульд хэрхэн орох, хувь хүний хөгжлийн талаар нийтлэг ойлголт байдаг. Хүн болгонд чадахынхаа хэмжээгээр хэлж өгнө. Гэхдээ нэг хэсэгт биш илүү олон хүнд урам зориг өгөх нэг арга нь нээлттэй хүргэх гэдэг үүднээс Маккинзид ажиллах байхдаа Medium дээр блог нээсэн.


Тухайн үед мэргэжлээ хэрхэн сонгох, сургуульд орох өргөдлийн эсээгээ яаж бичих, ярилцлагад бэлтгэх талаар гэх мэт сэдвүүдээр өөрийн туршлагадаа тулгуурлаад нэлээн хэдэн нийтлэл бичиж байсан нь олон хүнд хүрсэн юм шиг байгаа юм. Хэн нэгэнд бага ч болов тус дэм болсон, хэрэгтэй мэдээлэл байсан шүү гэсэн урмын үг сонсох л надад хангалттай. 


-Та бас нийтлэлээрээ иргэд улстөржихгүй бол хэн улс төржих вэ зэргээр байр сууриа чөлөөтэй, тодорхой илэрхийлдэг. Одоо бол өөрөө тэр улстөржилтийн нэг хэсэг, бай болсон байж мэднэ. Ийм мэдрэмж төрдөг үү. Ялангуяа, анх ТУЗ-ийн гишүүнээр томилогдоход хэтэрхий залуу эмэгтэй гэсэн шүүмжлэл гарахад юу бодогдож байв? 


-Нийгэм ялгаатай олон төлөөллөөс бүрддэг. Энэ онцлогийг тусгасан шийдвэр гарч байж бүх хүнд ээлтэй, хүртээмжтэй байж чадах юм болов уу. Тиймээс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд, залуус, тусгай хэрэгцээт иргэд гээд нийгмийн ялгаатай олон өөр бүлгийн төлөөллийн дуу хоолойг хангалттай хэмжээнд оролцуулах хэрэгтэй. Үр дүнд нь нийгмийн асуудал бүрд биеллээ олох, хүндээ ээлтэй шийдвэр гарах учраас бодлогоор дэмжих ёстой гэж хардаг. 


Намайг Оюу Tолгойн ТУЗ-ийн гишүүнээр томилогдоход хэтэрхий залуу гэсэн шүүмжлэл гарсан. Яагаад ингэж бодож байна вэ гэвэл энэ албан тушаалд ахимаг насны эрэгтэй хүн байх ёстой гэсэн хэвшмэл ойлголттой явж ирснийх байх. Дэлхий даяар бол том компанийн ТУЗ-ийн гишүүн хөгшин, цагаан арьстай эрэгтэй гэсэн нийтлэг дүр хүлээдэг.


Гэтэл туршлага, сэтгэл, хичээл зүтгэл нь байхад яагаад залуу эмэгтэй байж болохгүй гэж. Миний мэдлэг, туршлага сонин биш залуу эмэгтэй, хэн нэгэн даргын хүүхэд гэдэг утгаар нь хүлээж авч шүүмжлээд байгаа нь гайхмаар санагдсан. Тиймээс ч олон нийтийн өмнө гарах биш урдах ажлаа л сайн хийе гэсэн зарчимдаа автоматаар шилжсэн. Өнгөрсөн нэг жил ажилдаа бүрэн дүүрэн төвлөрсөн хугацаа байлаа. Харин одоо бол бугшсан, тогтолцооны хувьд өөрчлөх асуудал их байна. Түүнийг өөрчлөхийн тулд зөв ойлголт өгөх, хэлж ярих ёстой юм байна гэж бодогдож итгэл бага багаар сэргэж байна. Шинэчлэлийг хүсэж, зорьж тэмүүлж яваа олон залуусыг хараад, намайг юу гэж хэлэхээс илүү өөрчлөлтийн нэг хэсэг болох итгэл, амбиц төрж байна. 




Сүрнээгийн УЯНГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин