Яс өөрөө нөхөн сэргэх жам ёсны механизмыг идэвхжүүлдэг био задрамтгай нано материалыг Австралийн Сиднейн их сургуулийн судлаачид гарган авчээ. Клиникийн өмнөх туршилтын явцад түүнийг хэрэглэснээр /туршилтад хамрагдаагүй амьтдынхтай харьцуулахад/ ясны эдийн шинэчлэлт 80 хувиар нэмэгдсэн байна. Түүнээс гадна, уг материал цус алдалтыг хурдан зогсоодог нь ясны хүнд гэмтлийг эмчлэхэд тус дөхөм болох юм. Энэхүү технологийн үндэс нь мезо сүвэрхэг кальци-алюминосиликат нано хэсгүүд юм. Тэдгээрийн бүтэц олон тооны маш жижиг нүх сүвнүүдээс тогтдог тул уг материалын гадаргуугийн идэвхтэй талбай өргөсөж, эргэн тойрон дахь эдүүдтэй харилцан үйлчлэлд ордог.
Технологийн хамгийн гол онцлог бол нано хэсгүүд нь зохиомлоор буюу инженерчлэлийн аргаар гаргаж авсан өсөлтийн фактор хэмээх уургуудыг агуулдаггүй явдал юм. Үүний оронд нано хэсгүүд нь ясыг нөхөн сэргээхэд шаардлагатай ясны дохионы молекулуудыг ашиглахад нь биемахбодид тусалдаг байна.
Шинэ нано материал нь эсийг өөрчлөгч өсөлтийн фактор болох β1 (TGF-β1)-ийг идэвхжүүлдэг. Энэ уураг нь ясны нөхөн сэргэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг боловч түүний нэлээд хэсэг нь идэвхгүй хэлбэрт байдаг ажээ. Нано хэсгүүд нь TGF-β1 гэдэг нуугдмал нэгдэлтэй харилцан үйлчлэлд орсноор түүний идэвхтэй хэлбэрийг сэргээхэд тусална. Ингэснээр өсөлтийн фактор болох уургуудыг гаднаас нэвтрүүлэхийн оронд биемахбодид өөрт нь байдаг нөхөн сэргэх механизмыг ажиллуулж эхэлнэ гэсэн үг.
Судлаачид уг материалыг амьтад дээр туршиж үзэхэд, 8 долоо хоногийн дараа туршилтад хамрагдаагүй бүлгийн амьтадтай харьцуулахад ясны эдийн шинэчлэлт 80 хувиар илүү байжээ. Нано материалын өөр нэг давуу тал бол цус алдалтыг түргэн зогсоодог гэдгийг дээр дурдсан билээ.
Тодруулбал, нано хэсгүүд нь цусанд нэвтэрснээс хойш 30 секундийн дараа бүлэгнэл үүсдэг байна. Ясны гэмтлийн үед цус алдах нь амь насанд аюултай тул нэн даруй цусыг тогтоох шаардлагатай байдаг. Үүний зэрэгцээ нано хэсгүүд нь үүргээ гүйцэтгэсний дараа өөрөө алгуур задардаг тул түүнийг мэс заслын аргаар биемахбодиос гадагшлуулах шаардлагагүй. Гэсэн хэдий ч уг материалыг хүмүүс дээр туршаагүй байгаа тул практикт хэрэглэх хүртэл хол байна. Хэрвээ үр дүнтэй нь клиник туршилтаар тогтоогдвол нөхөн сэргээх анагаах ухаанд шинэ хандлага, арга барил нэвтэрнэ. Өөрөөр хэлбэл, өсөлтийн факторын их хэмжээний тунг ясанд нэвтрүүлэхийн оронд биемахбодид өөрт нь байгаа молекулуудыг идэвхжүүлэх боломжтой болох юм. Судалгааны дүнг ACS Nano сэтгүүлд нийтэлжээ.
Б.Адъяахүү
Баасан - 09 сарын 04,
2026
Сэтгэгдэл0