Монголд хийгдэж байгаа бүх алдаа, дутагдал бол үнэн мэдлэг, зөв мэдээлэл дутагдаж буйн гай, үр дагавар юм. Парламентын гишүүн, сайд гэх албыг хавсруулж, хууль тогтоох, хянах засаглалыг гүйцэтгэх засаглалтай хольж хутгах нь юунд хүргэдгийг Франц улс хангалттай хугацаанд туршиж үзээд, болдоггүйг нь нотлоод, үндсэн хуулиараа хориглосон юм.Ялангуяа Монголын нөхцөлд энэ нь бүр ч тохирохгүйг би сүүлийн 10 гаруй жилийн туршид өгүүлсээр, ухуулсаар ирсэн дээ... Гэхдээ энэ бол засаж болох алдаа. Энэ удаад засаж болохгүй, сүйрэлрүү хөтлөх алдаа, дутагдал, буруу бодлого, шийдвэрийн талаар цөөн зүйл өгүүлье. Энэ бол хөрс шороо, мод, ургамал, усны асуудал. Цэнгэг усны хомсдол, хөрс шорооны үгүйрэл, ой модны усталт, ургамлын төрөл, зүйлийн цөөрөлт, мөхлийн талаар өдөр, шөнөгүй л, өглөө, үдэшгүй л ярилцмаар байна. Усны тухай ярих, бодох нь тун ч чухал болчихлоо.
НЭГДҮГЭЭРТ, Малын тоо толгой хоёр гаруй дахин өслөө.
ХОЁРДУГААРТ, Хүний тоо (иргэд, зочид, жуулчид, дамжин өнгөрөгсөд г.м) ихэд олширлоо.
ГУРАВДУГААРТ, Барилга их барьж байна тэнд ус их хэрэглэгддэг.
ДӨРӨВДҮГЭЭРТ, Уул уурхай гүний ус хэрэглэх болов.
ТАВДУГААРТ, Автомашины тоо тун олон боллоо. Машин угаах нь их ус зарцуулж байна.
ЗУРГАДУГААРТ, Мод, бут, зүлэг их тарьж буй нь усны том хэрэглээ юм.
ДОЛООДУГААРТ, Хүн ам сууцанд амьдрах нь ихэд өргөжлөө. Ахуйн хэрэглээнд цэвэр ус их зарцуулагдаж байна.
НАЙМДУГААРТ, Усыг савлаж экспортолж эхэллээ.
ЕСДҮГЭЭРТ, Мөнх цас, мөсөн гол, мөнх цэвдэгт агуулагдаж байсан усны нөөц их хурдацтайгаар багасаж бараг л хагас нь алга боллоо.
АРАВДУГААРТ, Шиврээ борооны тоо цөөрч аадар борооны тоо ихэслээ. Борооны ус үерлэж, гол мөрөнд цутгаж, ихэнх хувь нь хил гараад явчихаж байна.
Ийм болохоор “Ус, Ус, Ус!” гэж чангаар дуугарахаас өөр арга алга. Цэнгэг усны нөөц дэлхийд ховордлоо. Цааш цаашдаа, бүр алс ирээдүйд алтнаас ч илүү ховор бодис цэнгэг ус л болох байх... Мөнх цэвдэг хайлж ойгүй болох нь, ургамлын төрөл, зүйл цөөрч билчээргүй (өвсгүй) болох нь, усны нөөц багасаж нутаг орон цөлжихнээ.
Ирэх хавраас эхлээд л томоор, далайцтайгаар хөдлөхгүй бол эх орон минь сүйрлийн зам дээр гарчихаад байна. 15 жилийн дараа гэхэд л ойн нөөц, хэмжээ 50 хувиар багасна. “Ойт хээр” гэх нэр зөвхөн хээр тал, говь хээр болж үлднэ.
Үржил шимтэй хөрс салхинд хийсэж, үерт угаагдсаар хэмжээ нь үлэмж багасна. Хөрсөн доорх, дээрх усыг уул уурхай, аж үйлдвэр, гүнийн уснаас хол хөрсөнд тарьсан мод, тоо толгой нь хэтэрхий өссөн мал хувааж хэрэглэсээр хуурайшилт гамшгийн хэмжээнд хүрч бүр сүйрэлрүү хөтөлнө. Эх газрын эрс тэрс уур амьсгалтай, өндөр, уулархаг, гадаад их далайгаас алс хол, их устай том гол, том нуур цөөнтэй Монгол оронд зөвхөн л мөнх цэвдгийн ус, чийг дагаж ой мод ургажээ. Хэрэв мөнх цэвдэг үүсээгүй, байгаагүй бол Монгол орон ой модгүй, хөвч тайгагүй байх байжээ. Энэ нь юу хэлж байна вэ? Ойжуулах боломж бага, бараг байхгүй, ойжуулъя гэвэл сайн судал, гарцаагүй хэрэгжих нөхцөлийг нь бодож ол, бүрдүүл, хөнгөн хоомой бүү хөдөл, “Тэрбум мод тарьж болно, тэрнээс чинь юу ч үлдэхгүй байж бас болно, хөрс, ус, гүний ус, ой болж үлдэх боломжийг нь тал бүрээс нь тооцоол” гэж байгаль өөрөө, өнгөрсөн түүхээрээ хэлээд байгаа бус уу? Чухам яагаад мөнх цэвдэгтэй газраас бусад нутагт ой мод, томоохон ой хөвч байхгүй байна вэ? Энэний учрыг олох, тайлах хэрэгтэй. Энэ ажлыг хэн хийж байна вэ? Өргөн уудам бэлчээртэй, цөөн тооны малтай, ямаа цөөхөн, ихэнх ургамал цэцэглэж, үр нь боловсорч дуусах боломжийг малын тоо толгойн хэмжээ олгож байсан болохоор л олон төрөл, зүйл ургамлаар бэлчээр маань баян байжээ. Ургамал цэцэглэж, үр нь боловсорч элдэв аргаар тарахаас өмнө мал бүгдийг нь идчих аваас эцэс сүүлдээ цөөн тооны, хогийн гэхээр шахуу хэдхэн өвс ногоо л үлддэг жамтай. Газар хагалж тариа, ногоо тарьдаггүй байсан болохоор л Монголд шим тэжээлтэй хөрс шороо зуунаас зуунд зузаарч, салхинд үл хийсэж, үерийн усанд автаж урсахгүйгээр хамгаалагдсаар иржээ. Газрын гүнд элдэв байдлаар ус нөөцлөгдсөөр байсан хэдий ч монголчууд гүний усыг бараг л ашиглаж байсангүй. Цас, борооны ус бэлчээрийн өвс ногоондоо хүрэлцэж, нуур ба голын ус хүн, малдаа хүрэлцсээр байв.
Дээр дурдсан нөхцөл, зохицол, харьцаа одоо бараг бүрэн хэмжээгээр алдагдаж, ой мод, өвс ургамал, үржил шимтэй хөрс шороо, цэнгэг усны нөөц бүгд багасах, алга болох, бүр сүйрэл, гамшиг нүүрлэх талдаа орчихлоо. Энэ бол хэтрүүлэг огт биш шүү!
Мөнх цас, мөсөн голууд, мөнх цэвдэг хайлж дуусахаар зөвхөн л цас, борооны ус л ой мод, өвс ногоог тэтгэх болно. Гэтэл цас, борооны усны ихэнх нь үер болон урсаж, голуудад цутган гадагшаа гарчихаж байна. Бүр дээр нь хар шороон хөрсийг маань хамаад аваад явчихаж байна. Одоо бид яах билээ? Би 2020 онд “Ус чандмань эрдэнэ, ус уух заяа – хүмүүний дээд заяа”, 2021 онд “Ус, Ус, Ус!”, 2022 онд “2023 оны намар судлаачийн бичсэн өгүүлэл (зөвлөмж, зөгнөл)” нэртэй өгүүллүүдийг бичиж боломжийн хэрээр тараасан юм (интернет, Сонин.мн). Цөөнгүй хүн намайг шоолж комент бичсэн байсан. Тэдний гэнэхэн, тэнэгхэн хандлагад гайхаж билээ... Давтаад хэлье Монгол орны ой мод бол зөвхөн мөнх цэвдгээ л дагасан байрлалтай. Хааяа нэг энд тэнд голын эрэг дагасан, нуурын хөвөө бараадсан цөөн тооны мод, бутнууд бий... Дулаарах процесс идэвхийжих хэрээр мөнх цэвдэг хайлж бага болсоор байна. Энэнийг дагалдаж ой хөвч маань үгүй болох аюултай. Газар нутаг маань ерөнхийдөө өндөр болохоор, уул нурууд ихтэй болохоор цас, борооны ус хөрсөнд шингэх нь бага, ихэнх хэсэг нь үер болон урсаж, голуудтай нийлж гадагшаа гарчихдаг. Иймээс одоо цаг алдалгүйгээр уулын ам болгонд, усны зам болгонд хиймэл нуур байгуулах хэрэгтэй. Цас борооны усны ядаж л 40-50 хувийг ийм аргаар хил дотроо үлдээмээр байна. Хиймэл нуурууд хөрсөнд ч ус өгнө, агаарыг ч чийгшүүлнэ, мал аж ахуй, газар тариаланд ч хэрэгтэй, үйлдвэрлэлийн бусад салбарт ч ашиглагдана.
Дэлхий даяар дулаарлын процесст сөргүүлэн тавих, түүний нөлөөг зөөллөхөд хэрэгтэй төрийн бодлого хэрэгтэй байна. Хиймэл нуурууд байгуулж ус нөөцлөхгүйгээр энд тэнд мод тарьж, нөөц багатай усаа ууршуулж, хэмжээг нь улам багасгаж болохгүй.
Энэ талаар нарийн тооцоо, судалгаа, зөв аргачлал хэрэгтэй. Амьдрал уснаас л хамаардаг, ус дагаж л амьтан, ургамал үүссэн. Энэ шүтэлцээг хатуу дагах, тооцох ёстой. Цэнгэг усны нөөц бол Монгол банкан дахь валютын нөөцөөс ч чухал! Манай орны мөнх цэвдэг бол ой хөвчийг усаар тэтгэж, ургуулж, хэмжээ ба нөөцийг нь арвижуулж ирсэн гол хүчин зүйл юм. Гэтэл мөнх цэвдгийн бараг хагас нь 1980 оноос хойш хайлж, ууршиж үгүй болжээ. Дулаарал, цэвдгийн гэсэх, уурших хурд энэ янзаар үргэлжилбэл ердөө л 15 жилийн дараа гэхэд л манай орны ойн бараг хагас нь алга болох гэнэ. Ойт хээрийн бүс маань ердөө л хээрийн бүс, бүр говь хээрийн бүс болж ч мэднэ. Бид 2040 он хүртэл нэг тэрбум мод тарьж чадлаа гэхэд мөнх цэвдгийн хайлснаас болж олон тэрбум модоо алдах юм байна. Хөрсөн доорх гүний усны нөөцөө уул уурхайд ашиглаад, мөн говь цөлд мод тарьж ашиглаад дуусгачих, дундуурлачих аваас уг нөөц дахин сэргэхгүй. Олон төрлийн ургамал ургадаг, зузаан, амьд хөрс үгүй бол, мөн цас, борооны усыг нөөцөлдөг нуур, цөөрмүүд байхгүй бол газрын гүнд усны хуримтлагдах процесс зогсчихдог. Бэлчээр маань үржил шимтэй зузаан хөрстэй, аль болох олон төрлийн ургамалтай (20-30 төрлийн гэе) байх аваас л ус сайн шингэнэ, эвдрэл багатай, бэхжилт сайтай байна. Малын тоо толгой их болсноор ургамлын төрөл цөөрлөө, малын махны чанар ч муудлаа. Шинээр тарьж буй тэрбум модыг цаашид зөвхөн хэсэг хэсэгхэн ой болохоор л хөрс шороо, байрлалд тарих хэрэгтэй. Доороо хөрсний ус байхгүй буюу их доор байгаа газарт тарьсан мод гүнийн усыг үүсгэж чадахгүй.
Ингэхлээр багаахан ой болж хувирах ирээдүй үгүй. Ихэнхдээ л байнгын усалгаа шаардана. Говь, цөлд тарьсан модыг усалсаар цэнгэг усны нөөц, гүнийн усны нөөцөө дуусгаж ч мэднэ.
Дагалдаад таримал жижиг ойнууд ч алга болно. Мод тарих газруудаа энэхүү байдлыг тооцож сонгон авч байх учиртай. Энэ тун чухал! Харин байрлалаас нь үл хамааран баянбүрд нэг бүрийг ойжуулах хэрэгтэй. Тэдгээр газруудад ой модыг тэтгэх боломжтой гүнийн ус байгаа. Ойжуулчихвал тэдгээр гүнийн усны хэмжээ ч нэмэгдэнэ. Ер нь байгальд өөрт нь байгаа боломж, нөхцөлийг л түшиглэх нь зөв, шинжлэх ухаанч хандлага мөн. Мөнх цэвдэг хайлж, ууршиж дуусах аваас уулсын арын хазгай, налуу газарт ургасан ой мод усгүйдэж мөхөх болно. Цас, борооны уснаас хөрсөнд шингэсэн хэсэг нь навчит болон шилмүүст модны хэрэгцээг хангаж чадахгүй. Энэ учрыг бодолцож арга, гарц хайх, олох хэрэгтэй. Цэвдэг гэсэж дуусна гэдэг 40-50 жилийн дараа Монгол орон уламжлалт ой хөвчөөсөө үүрд хагацаж мэднэ. Энэнд хүмүүс бид нөлөөлж чадахгүй гэж үү? Ядаж л XXI зуундаа тогтоон барьж, явцыг нь сааруулах юмсан! Хүчтэй аадар бороо богино хугацаанд орох болсноос хаа сайгүй үер болж Алтайн нурууны ар, өвөр дэх олон өвөлжөө, хаваржааны өтөг бууц урсаж алга болсныг би энэ оны 9-р сард нүдээрээ үзэж харамслаа. Миний төрсөн бууцны (20 гаруй сантиметрын зузаан байсан) өтөг ч алга болчихжээ (Ховд. Манхан сум. Талын харын Хөх хадны өвөлжөө). Наад зах нь 100 гаруй жил хуримтлагдсан, тэссэн өтөг бууц юмсан! Юм ингэж л өөрчлөгдөж байна. Ашиг шим ихтэй үүлдэр угсааны 20-30 сая малтай байхад бэлчээрийн өвс ногоо сэргэж чадна. Мал аж ахуй дахь ажиллах хүчний тоо хэмжээндээ ч энэ нь нийцнэ. Бэлчээр, өвс ногоо, ус, МАА-н материал, техникийн бааз байж байж л бэлчээр-тэжээлийн мал аж ахуй оршин байх болно. Малын тэжээл тариалах боломж ч өргөснө. Хүний хүчээр тэрбум мод тарьж болно. Гэтэл байгалийн аясаар олон арван тэрбум мод, бут маань устах гээд байна шүү дээ. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, ан агнуур, аялал жуулчлалтай холбоо бүхий бүх хүн (дарга, мэргэжилтэн, судлаачид, малчид, тариаланчид) гол, ус, цөөрөм, нуураа, бэлчээр нутгаа, ой модоо, хөрс шороогоо хамгаалах тадаар нэн яаралтай, тун хүчтэй дуугармаар, хөдөлмөөр байна., ирэх хавраас л хийх боломжтой бүх ажлыг эхлүүлмээр байна.
Хүн цаасан мөнгийг бүх кармаандаа чихэж болдгийн адилаар Монгол орныхоо бүх хотгор, хонхор бүрд ус нөөцөлж авмаар байна. Боломжтой газруудад (хөрсний гүнд нөөцлөх боломжтой) хиймэл ой (холимог ой, бут) үүсгэж хөрсний доорх усаа тэтгэж, хэмжээг нь ихэсгэж баймаар байна.
“Ус бол чандмань эрдэнэ” гэх өвгөдийн сургаалын гүн утгыг жинхэнээр нь ойлгож, хатуу мөрдөж амьдрах хэрэгтэй. Энэ хэрэгт шууд болон дам холбогдох яамдын сайд нар толгойгоо ажиллуулаачээ, судлаачдын үгийг сонсоочээ, бусад орны жишээ, туршлагыг авч хэрэглээчээ, 5, 10 бүр 20, 40 жилийн төлөвлөгөө зохиогоочээ!Яамдууд бол тухайн тухайн салбарын хөгжих, дэвших, улмаар дэлхий дахины түвшинд хүрч өрсөлдөх чадавхтай болоход шаардагдах бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг нь хангаж байх ёстой. Энэ үүргийг нь биелүүлж чадах хэмжээнд бэлтгэгдсэн сайд, агентлагийн удирдлага, төрийн нарийн бичгийн дарга, хэлтсийн дарга, мэргэжилтэн, судлаачидтай байх учиртай. Өнөөдөр аль ямар яам ийм түвшинд ажиллаж чадаж байна вэ? Аль, ямар ерөнхий сайд кабинетаа шаардлагын түвшинд бүрэлдүүлж, чадварлагаар удирдаж чадаж байна вэ? Аль сонгуулийн үр дүн болсон УИХ, түүний байнгын хороод гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг хянаж, хуулиудыг ягштал сайн биелүүлж чадаж байв аа? Ийм баримт байгаа билүү?
Судлаач, профессор Д.Чулуунжав
Лхагва - 03 сарын 11,
2026
Сэтгэгдэл2
энэ өвгөн яах гэж энд тэндээс юм хуулаад тавиад байдаг юм бол бүр нэг солиотой ч юм шиг
Чулуунжав эмээ уу,,,,эх орныхоо гол Усан дээр боомт станц барина гэхээр,,,тан шиг путлерчууд эсэргүүцээд,,,,хөдөлгөхгүй байнаа,,,,,,