СӨҮЛ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Kazinform/. Цагт 370 км зайг туулж чадах шинэ үеийн өндөр хурдны галт тэрэгний үндсэн технологийг боловсруулах ажил Өмнөд Солонгост дуусжээ.
Технологийг улам боловсронгуй болгосноор EMU-370 гэдэг нэртэй энэхүү галт тэрэгний дээд хурд нь 407 км/цаг болох юм.
Энэхүү төслийг Солонгосын төмөр замын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдлага дор 2022 оны дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсэн байна. Тээврийн яамны мэдээллээр, төслийг хэрэгжүүлэхэд нийт 22,5 тэрбум вон /15,23 сая ам.доллар/ зарцуулснаас 18 тэрбумыг нь улсын төсвөөс, 4,5 тэрбумыг нь хувийн хэвшлээс гаргажээ.
Хурдны галт тэргийг ирэх оноос үйлдвэрлэж эхлэх бөгөөд 2031 оноос хойш арилжааны зорилгоор олноор нь үйлдвэрлэнэ. Ингэснээр EMU-370 хурдны галт тэрэг нь хурдны хувьд дэлхийд Хятадын CR450 галт тэрэгний дараа хоёрдугаарт орох юм.
Одоогийн байдлаар Хятадын галт тэрэгний хурдыг 400 км/цагт хүргэх туршилт явагдаж байна.
Өнөөдөр Франц, Герман, Японд ашиглагдаж буй хурдны цахилгаан галт тэрэгнүүдийн дундаж хурд 320 км/цаг байгаа юм.
Б.Адъяахүү
Мягмар - 12 сарын 23,
2025

Сэтгэгдэл0