sonin.mn

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И энэ сарын 18-нд Камбожийн Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Прак Сокхонтой, мөн Тайландын Гадаад харилцааны сайд Сихасактай тус тус утсаар ярив. Камбож, Тайландын талууд Камбож–Тайландын хилийн мөргөлдөөний сүүлийн үеийн нөхцөл байдлыг Ван И-д танилцуулж, байдлыг намжааж, гал зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.


Ван И Хятад улс Камбож, Тайланд хоёрын найз, ойрын хөрш болсны хувьд хоёр тал зэвсэг барин мөргөлдөхийг огтхон ч хүсэхгүй гэдгийг онцолж, мөргөлдөөний улмаас энгийн иргэд хохирч байгаад гүнээ харамсаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр энэ удаагийн мөргөлдөөний хурц байдал өмнөхөөс хавьгүй өндөр бөгөөд хэрэв үргэлжилбэл аль аль талд ашиггүй, мөн АСЕАН-ы эв нэгдэлд сөргөөр нөлөөлнө. Иймд яаралтай шийдвэр гаргаж, нэн даруй гал зогсоон, хохирлыг бууруулж, харилцан итгэлийг сэргээх нь нэн тэргүүний зорилт гэдгийг онцоллоо.


Ван И мөн Хятадын тал Камбож–Тайландын хилийн маргааны асуудалд энх тайвныг уриалж, хэлэлцээг дэмжих, шударга, тэнцвэртэй байр суурь баримталсаар ирснийг тэмдэглэж, АСЕАН-ы зуучлалын хүчин чармайлтыг дэмжиж байгааг илэрхийллээ. Хятадын Гадаад харилцааны яамны Азийн асуудал хариуцсан тусгай элч Камбож, Тайланд руу ээлжлэн очиж харилцаа холбоо тогтоохоор замд гарсан бөгөөд Хятад улс цаашид ч зуучлан холбох гүүрийн үүрэг гүйцэтгэж, Камбож, Тайландын энх тайвныг сэргээхэд бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлов. Мөн хоёр улсыг Хятадын төслүүд болон иргэдийн аюулгүй байдлыг хангах үр дүнтэй арга хэмжээ авах, Хятад улс болон Камбож, Тайланд хоорондын найрамдалт харилцааг гутаан доромжлох худал мэдээлэл тараах оролдлогоос сэрэмжлэхийг уриаллаа.


Камбожийн Прак Сокхон, Тайландын Сихасак нар Хятадын тал объектив, шударга байр суурь баримталж, зуучлан эвлэрүүлэх, хэлэлцээг дэмжиж буйг өндрөөр үнэлж, Хятадын тусгай элчийн ээлжлэн зуучлах ажиллагааг сайшаан хүлээн авч байгаагаа илэрхийллээ. Тэд мөн Хятад улс байдлыг намжаах, энх тайвныг сэргээхэд илүү чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.