12 дугаар сарын 18-нд Хайнань чөлөөт худалдааны боомт бүх арлын хэмжээнд гаалийн хяналтын тусгай бүсэд албан ёсоор шилжиж, “Хятадын шинэ эриний гадаад нээлтийг манлайлах чухал гарц” болох зорилгодоо хүрэх түүхэн алхам хийлээ. Ингэснээр Хайнань нь худалдаа, хөрөнгө оруулалтыг илүү чөлөөтэй, хялбар болгох бодлого хэрэгжих гаалийн тусгай бүс болж, олон улстай харилцах саад тотгор багатай шинэ орчин бүрдэв.
Олон улсын шинжээчид бүх арлыг хамарсан “тэг тариф”-ын тогтолцоо нь Хятадын хөгжлийн шинэ загварыг бэхжүүлэхийн зэрэгцээ дэлхий нийттэй хөгжлийн боломжоо хуваалцах шинэ талбар болж байгааг онцолж байна.
12 дугаар сарын 18-ны өдрийг онцлон сонгосон нь бэлгэдлийн утгатай. 1978 оны энэ өдөр ХКН-ын XI сонгуулийн Төв Хорооны III бүгд хурал болж, Хятадын өөрчлөлт, нээлтийн бодлого эхэлсэн түүхтэй. Үүнээс 47 жилийн дараа, ганц талт үзэл, худалдааны ивээх бодлого хүчээ авч, эдийн засгийн даяаршил сорилттой тулгарч буй үед Хайнань бүх арлын хэмжээнд гаалиас чөлөөлөгдөх нь Хятад улс өндөр түвшний гадаад нээлтийг тууштай ахиулж буйг харуулсан бэлгэдэлтэй үйл явдал боллоо.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Хайнаний эл бодлого бүрэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөт, хялбар байдал эрс дээшилж, “тэг тариф”-д хамрагдах барааны нэр төрөл олширч, импортын зардал мэдэгдэхүйц буурна. Энэ нь дэлхийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг хүчтэй татахын зэрэгцээ Хятадын нээлттэй, хамтдаа хожих бодлогын тууштай байдлыг харуулж байна.
Гаалийн илүү таатай бодлого, худалдааны удирдлагын уян хатан байдал, нэвтрэх гарцын хялбаршил, өндөр үр ашигтай хяналтын систем зэрэг нь бодит үр өгөөж болж, аж ахуйн нэгж, хувь хүн төдийгүй дэлхийн эдийн засагт ч ашиг тусаа өгнө гэж олон улсын хэвлэлүүд үнэлжээ.
Аж ахуйн нэгжүүдийн хувьд “тэг тариф, бага татвар, хялбар татварын тогтолцоо” нь үйлдвэрлэлийн зардлыг бууруулах томоохон боломж нээж байна. Тухайлбал, Хайнаньд бүртгэлтэй, шаардлага хангасан компаниуд 2027 он хүртэл 15 хувийн орлогын татвар төлөх бол татвараас чөлөөлөгдөх барааны нэр төрөл 1900-гаас 6600 болж нэмэгдэн, нийт татварын ангиллын 74 хувийг хамрах юм. Ингэснээр хүн, бараа, өгөгдөл, хөрөнгийн урсгал илүү чөлөөтэй болж, бизнесийн саад бэрхшээл хамгийн доод түвшинд хүрнэ гэж шинжээчид дүгнэж байна.
Жуулчдын хувьд ч мөн Хайнаний бодлогын үр өгөөж тодорхой харагдаж байна. Татваргүй худалдаа, 86 орны иргэд визгүй зорчих нөхцөл зэрэг бодлогын дүнд Хайнань олон улсын хэрэглээ, аялал жуулчлалын төв болон төлөвшиж байна. Европын бизнесийн төлөөлөгчид Хайнанийг зөвхөн чөлөөт эдийн засгийн бүс төдийгүй, Хятадын өсөн нэмэгдэж буй дотоодын зах зээлд нэвтрэх чухал гарц хэмээн үнэлж байна.
Номхон далай, Энэтхэгийн далайг холбосон стратегийн байршлын давуу талаараа Хайнань нь “Хайнаньд суурилж, Хятадыг бүхэлд нь чиглэн, Ази–Номхон далайг хамрах” боломж олгож, бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ хөдөлгөгч хүч өгөх төлөвтэй байна.
Хайнаньд бүх арлын хэмжээнд гаалийн чөлөөт бодлого хэрэгжиж эхэлсэн нь шинэ эхлэл болж байна. ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны IV бүгд хурал болон Төвийн эдийн засгийн ажлын хуралдаанаас Хайнань чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг цаашид өндөр стандартаар, тогтвортой урагшлуулах зорилтыг тодорхойлсон. Иймд ирээдүйд Хайнань нээлтийн хүрээгээ тасралтгүй тэлж, дотоод, гадаадын “хоёр эргэлт”-ийг холбосон чухал зангилаа бүс болон төлөвших нь гарцаагүй гэж дүгнэж байна.
Мягмар - 12 сарын 23,
2025

Сэтгэгдэл0