ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /Kyodo/. Японы хойд болон зүүн хойд нутагт долоо хоногийн өмнө 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа зарласан дахин газар хөдлөх тухай сэрэмжлүүлгийг даваа гаргийн шөнө дунд цуцалжээ.
Ингэснээр оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд бэлэн байхыг шаардахаа больж байгаа боловч гамшгийн бэлэн байдлын арга хэмжээ авах, яаралтай тусламжийн хэрэгслүүдийг нөөцлөхийг уриалсаар байна.
Японы Цаг уурын агентлаг дахин хүчтэй газар хөдлөх эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан Хоккайдогоос Токиогийн зүүн хэсэгт орших Чиба хүртэлх долоон мужийн 182 хотын захиргаанд хандан тусгай сэрэмжлүүлгийг анх удаа гаргасан юм. Өнгөрсөн долоо хоногт тус улсад томоохон газар хөдлөлт болоогүй боловч даваа гаргийн 14:00 цагийн байдлаар Японы долоон түвшний шатлалаар 1 ба түүнээс дээш түвшний хүчтэй 40 газар хөдлөлт бүртгэгдсэн гэж тус агентлаг мэдээлжээ. 12 дугаар сарын 8-ны шөнө Аомори мужийн зүүн эргээс холгүй 54 км-ийн гүнд 7.5 магнитудын газар хөдөлсний улмаас тус агентлаг Хоккайдо, Аомори, Иватэ мужуудын зарим хэсэгт цунамийн түгшүүр зарлахад хүрсэн юм.
Засгийн газрын мэдээлснээр, даваа гаргийн байдлаар байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нийт 46 хүн гэмтэж бэртжээ. Түүнчлэн “Kyodo” агентлагийн мэдээллээр, 9 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Газар хөдөлсний маргааш буюу 12 дугаар сарын 9-нд Мориока болон Шин-Аомори буудлуудын хоорондох шинкансен өндөр хурдны галт тэрэгний үйлчилгээг түр зогсоосон бол 300 гаруй сургууль нэг өдрийн турш хаагджээ. “Хоккайдо болон Санрикүгийн эрэг орчмын газар хөдлөлтийн дараах сэрэмжлүүлэг” гэх нэртэй сэрэмжлүүлгийн системийг 2011 оны гуравдугаар сарын 11-нд Японы зүүн хойд нутагт сүйтгэл дагуулсан 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн сургамж дээр үндэслэн 2022 оны 12 дугаар сараас ажиллуулж эхэлжээ. Энэхүү сэрэмжлүүлэгт урьдчилан сэргийлэх үүднээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг шаарддаггүй байна. Ерөнхий сайд Такаичи Санаэгийн засгийн газар 10 дугаар сард үүрэгт ажилдаа орсноосоо хойш авч хэрэгжүүлсэн анхны томоохон гамшгийн эсрэг хариу арга хэмжээ энэ байлаа. Сэрэмжлүүлэг гаргасны дараа “тухайн бүсийн оршин суугчид ийм нөхцөл байдалд хэрхэн бэлтгэхээ мэдэхгүй байсан” гэдгийг сөрөг хүчний нэгэн хууль тогтоогч онцолжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 12 сарын 16,
2025

Сэтгэгдэл0